Хөтөл
Хөтөл нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төв хот юм.
Хөтөл хот нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1984 оны 3 дугаар сарын 12-ны № 81 дугаар зарлигаар, тухайн үеийн тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал, орлогч дарга Н.Жагварал, нарийн бичгийн дарга Ц.Готов, тэргүүлэгч нар болох Б.Ламжав, Л.Түдэв, Ц.Намсрай, Л.Пагмадулам, Б.Лувсанцэрэн нар гарын үсэг зурснаар Цемент-Шохойн комбинатыг түшиглүүлэн Дархан хотын Хөтөл хороо нэрээр байгуулагдаж байжээ.
Монгол Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 4-ны 53 дугаар тогтоолоор УИХ-ын дарга Н.Багабанди Хөтөл хороог "Хөтөл хот" болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан байна.
Хотод цемент шохойн үйлдвэр, төмөр бетон дэрний үйлдвэр, гангийн үйлдвэр, гурил буудайн үйлдвэр, тэрчлэн томоохон ХАА, уул уурхайн компаниуд бий.
Хөтөл хотын оршин суугчид өдгөө 10,000 шахам бөгөөд анхны оршин суугчид нь 1970-аад оны сүүлээр илгээлтийн эзэд болон ирж байжээ.
Хөтөл хотод 3 цэцэрлэг, 2 ЕБС, мөн Соёлын төв өргөө бий.