Jump to content

Орхон сум (Сэлэнгэ)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Орхон сум
ᠣᠷᠬᠤᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Сэлэнгэ
Газар нутаг
  Нийт1,306.27 км2 (504.35 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,253
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Орхон (монгол бичгээр орхон) нь Сэлэнгэ аймгийн сум юм.

Сумын төв нь Улаанбаатар хотоос 270 км, Дархан хотоос 75 км, Эрдэнэт хотоос 110 км, Сэлэнгэ аймгийн төвөөс 180 км алслагдсан, Дархан-Эрдэнэтийн төв засмал замаас 4 км, Улаанбаатар-Дархан-Эрдэнэтийн төмөр замын 42-р зөрлөгөөс 12 км зайд байрлана.

Орхон сумын одоогийн байгаа газар нутгийн хил хязгаар нь атрын 2-р аяны хүрээнд БНМАУ-ын СнЗ-н 1976 оны 11-р сарын 19-ны өдрийн 357-р тогтоолоор Номгон сум САА-г тус сумаас тусгаарласнаар бүрэлдэн тогжээ. Энэ тогтоолд дурдсан Орхон сумын хилийн цэс нь Дэл толгойноос Дэрст буланг дайруулан Овоот уул, Сэртэн толгой, Хөтөл нарс гэдэг газруудаар дамжин Мааньт уулыг хүртэл Сайхан сумтай, Мааньт уулаас урагш Цэц бунханы хөтлөөр дамнан Мэргэн шувуутын нуруу дагаж Шувуутын даваа, Муу салхитын даваа дамнан Шар хөтөл хүртэл Төв аймгийн Сүмбэр сумтай, Шар хөтөлөөс Бүрэгтэйн нуруу дагаж Долоон гэлэн уул хүртэл Төв аймгийн Жаргалант сумтай, Долоон гэлэн уулнаас Уургат уул, Өндөр цагаан уул дамжин Дуутын гозгороор давуулан Нарст толгой, Өгөөмөр уулаас Орхон гол уруудан Гүнжийн булан, Гурвалсан тохой хүртэл Баруунбүрэн сумтай, Гурвалсан тохойгоос Ар булан, Бороочийн ам, Чулуутын дов, Цант толгой, Цагаан эрэг зэргийг дайран Орхон голоор уруудан Дэл толгойн ар хормой хүртэл Сант сумтай тус тус хиллэдэг байна.

Орхон сум нь 130,600 гектар талбай бүхий газар нутагтай бөгөөд үүний 27,000 га талбай тариалангийн, 14,800 га талбай хадлангийн, 77,400 га талбай малын бэлчээрийн, 3,300 га талбай ой мод байна. Тус сум нь далайн түвшнээс дээш 750-800 метр өндөрт өргөгдсөн, температурын туйл нь хасах 38 хэмээс нэмэх 38 хэм, Орхон, Шийр, Хөндлөн булаг, Хавцал зэрэг гол горхитой.

Орхон сум нь Их, Бага Баярт, Үнэгт, Гурван сэртэн, Нарт хонгор, Цахиурт, Баюудай, Мэргэн шувуут, Ёл, Ар тарвагатай, Ар, Өвөр байц, Бүрэгтэй, Уургат, Их, Бага Ажинт, Хөх нүдэн, Их, Бага Өнгөт, Гурилт гозгор, Тайжийн гозгор зэрэг томоохон уул толгодтой. Ойдоо хус, хар мод, нарс, улиас, монос, жодоо, хайлаас, бургас зэрэг навчит болон шилмүүст мод, түүнчлэн мойл, үхрийн нүд, улаалзгана зэрэг жимс, гогод, мангир, сонгино, халиар, хөмүүл, чихэр өвс, бамбай, агь, ганга, тарваган шийр, хар цагаан мөөг, уулын болон голын цай, хүнсний болон эмийн ургамлаар нэн баялаг нутаг юм. Буга, гахай, солонго, нохой зээх, шилүүс, мануул, үнэг, чоно, өмхий хүрэн, дорго, чандага, туулай зэрэг ан амьтад, мөн хур, ятуу, хөхөө, өвөөлж, ууль, шар шувуу, бүргэд, тас шувуудаас гадна тоодог, тогоруу, ангир, галуу, нугас, хун зэрэг усны болон хээр талын шувуу зуны улиралд ирж үр төлөө бойжуулдаг юм. Орхон голдоо тул, хилэм, алгана, хайрс, цурхай загас элбэгтэй.

Түүхийн дурсгалт газрууд

[засварлах | кодоор засварлах]

Сумын төвөөс баруун урагш 3 км орчимд Гуулин (Солонгос) улсын үеийн цаасны үйлдвэрийн туурь үлдэц, Цант толгойн баруун урд өвөр дэх цохио хадан дээр сийлсэн “Люваан жалбо” бурханы хөрөг, Нарт уулын ар хөндийн сүг зураг бүхий хөшөө чулуу, Бороочийн аманд нэг дор хар мод, нарс, хус, хуш, гацуур, улийс, бургас, жодоо, монос зэрэг мод нэг нэг ширхэгээр зэрэгцэн ургасан байгалийн өвөрмөц сонин тогтоцууд, сонирхолтой дурсгалт газруудтай.

Нутгийн хөрс шороо өвс ургамал нь газар тариалан мал аж ахуй эрхлэхэд тун таатай. Монгол улсын өнцөг булан бүрээс ирж суурьсан 2000 гаран хүн амтай таван хошуу малаас бүрдсэн 70 гаруй мянган толгой малтай, жилдээ 5000-10000 орчим га талбайд үр тариа болон төмс хүнсний ногоо тариалж байна.