Jump to content

Өрөгтөмөр хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өрөгтөмөр хаан
Монгол улсын хаан
Хаанчлал1402-1408
Өнгөрсөн огноо1408
ӨмнөхГүнтөмөр хаан
УдаахӨлзийтөмөр хаан
Эцэгтодорхойгүй
Ургийн овогБоржигин
Төрсөн нэрЁлтөмөр
Гүйличи[1]

Өрөгтөмөр (Перс: اورک تیمور)[2] юмуу Ёлтөмөр, Гүйличи (зөвхөн хятадын сурвалж бичигт дурддаг) нь 1402 оны Хар морин жил хаан ширээг булаан авч 1408 оны хар хулгана жил алагджээ.

Өрөгтөмөр хаан байсан эсэх талаар 17-р зууны монголын түүхийн бүх сурвалж бичигт 1403-1408 онд ийм нэртэй хаан байсан тухай нэг ч мэдээ байдаггүй, зөвхөн 1403-1410 онд Өлзийтөмөр хаан, хаан болж найман жил монголыг захирч байсан гэж тэмдэглэдэг. Зөвхөн хятадын Мин улсын түүхэнд ойрадын эзэн Үгэчи хасаха 1402 онд Гүнтөмөр хааныг хороож, Гүйличи цолтойгоор хаан ширээнд сууж, 1408 он Асудын Аругтай тайшд хөөгдөх хүртэл хаанчилсан[3] гэх ойлголт байна. Төмөрийн улсад эмхэтгэсэн янз бүрийн түүхийн материалаас үзэхэд, 1415-1425 онд монголын зарим хэсгийг захирсан Ойрадай хааны аав нь Аригбөхийн удмын ойрадын ноён байсан Өрөгтөмөр хаан[4] гэжээ.

Хятадын Мин улсын сударт Гүйличи хаан, хаан болсны дараа «Юан» хэмээх улсын цолоо халж «Дадань» (Татар) гэж цоллосон.[3] Тэрээр хаан болоод Мин улсын хаан Юнлөд захидал илгээж, харилцаагаа хэвийн болгохыг оролдож байжээ. Гүйличи нь Асуд аймгийн Аругтай, Мархасан нарыг чинсангаар тус тус томилж, төрийн хэрэгт туслуулжээ. Эрх мэдлийн хуваарьлалтаас Батулад оногдоогүйд уурлаж, төдхөн хэсэг Ойрадыг толгойлон, Гүйличитэй тулалдаж дийлэх янзтай болж байхад 1408 онд Асуд аймгийн Аругтай тайш урваж, Гүйличи хаанаа огцруулж нутаг руу нь хөөн зайлуулсан. Гүйличи нутагтаа очоод удалгүй нас барсан.[3]

Гэтэл 17-р зуунд бичигдсэн монголын түүхийн сурвалжид Үгэчи хашаха Дэлбэг хааныг нас барсны дараа "хөхөгчин хонин жилд (1415 он) муу сэтгэн, урьдын өшөөгөөр Хуухай тайюугийн хөвгүүн Батула чинсанг албай. Тэнд даруйд Үгэчи хашха үхвэй. Түүний хойно мөн тэр хөхөгчин хонин (1415 он) жилээ, Үгэчийн хөвгүүн Эсэхү нэрт хөхөгчин хонин (1415 он) жилээ хаан орноо сууж"[5][6] 1425 он хүртэл захирсан гэж бичдэг. Ингэхээр Өрөгтөмөр, Үгэчи хашаха хоёр нь нэг хүн мөн эсэх дээр нилээн маргаантай сэдэв юм.

1430-аад онд Перс хэлээр бичигдсэн "Шажарат ал-Атрак" нэртэй түүхийн номонд Гүнтөмөр, Өлзийтөмөр хаадын завсарт Өгөөдэй хааны удмын Актөмөр гэгч хаан болсон гэж тэмдэглэжээ.[4] Хэрэв хятадын баримтыг үнэнд ойр гэж үзвэл Өрөгтөмөр хаан, Аругтай, Мархаза тайшийн хамтаар ойрадын эсрэг байлдаж, Хами-г эзэлсэн ажээ. Өрөгтөмөр, Аругтай нарын хэн хэн нь хүчээ бэхжүүлэхийн тулд хамтарч байв. Өрөгтөмөр хаан Аругтай тайш нарын хоорондын маргалдааны дараа 1408 оны орчимд алагджээ.[7]

Өмнөх
Гүнтөмөр хаан
Монголын Их Хаан
1402-1408
Дараах
Өлзийтөмөр хаан
  1. Мин улсын сударт бичигдсэн «Гүйличи» (Хятад: 鬼力赤) хоч гэдэг нь гуйлгачин гэсэн утгатай.
  2. ""Монгол бахархлын өдөр" ба Монгол хаад". Эх хувилбараас архивласан: 2022-10-06. Татаж авсан: 2022-10-06.
  3. 3.0 3.1 3.2 Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Түүхийн Хүрээлэн (2003). Монгол Улсын Түүх. Vol. 3 (1 ed.). Улаанбаатар. pp. 33–34.
  4. 4.0 4.1 Shajrat Ul Atrak: Or The Genealogical Tree Of The Turks And Tatars P.219:“Seventeenth Ak Timoor Kaan, the son of Nubeea or Boneea, the son of Kurak Ooghul, the son of Ooktaie…
  5. Их Шар тууж (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. 2006. pp. 62–63.
  6. Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч. Translated by М, Баярсайхан (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. pp. 107–108.
  7. Буяндэлгэр. The Lineage and Political Situation of the Northern Yuan Khans Before the Middle of the 15th Century, Volume 6, Research on Mongolian History