Jump to content

Жаргалант сум (Архангай)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жаргалант сум
ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Архангай
Сумын төвБаянцагаан
Газар нутаг
  Нийт2,832.8 км2 (1,093.8 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,383
  Нягтрал1.5/км2 (4/бээр2)
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Вэб сайтhttp://jargalant.ar.gov.mn/

Жаргалант (монгол бичгээр жиргалангту) нь Архангай аймгийн сум юм.

Жаргалант сум нь 5 багаас бүрддэг: Эрдэнэ-Уул, Хоолт, Зуслан, Асайт, Баянцагаан. Дулаанхан уулын хормойд орших сумын төвийн дундуур Улиастайн гол урсдаг. Чулуутын гол тус сумын нутгаар дайран өнгөрдөг. Сумын хамгийн өндөр уул нь Пэрэнлэйлхүндэв.

Нийслэл Улаанбаатар хотоос 562 км-ийн алсад оршдог тус сум нь ур ухаан, уран гартны өлгий нутаг гэгддэг бөгөөд, цагаан модон эмээлээрээ алдартай нутаг юм. Самар, жимс элбэгтэй. Байгалийн үзэсгэлэнт газар, түүх дурсгалын олдвор, түрэгийн үеийн хүн чулуу, хадны сүг зураг, ан амьтан араатан жигүүртэн, ховор эмийн ургамалтай, сүрлэг сайхан уул усаар хүрээлэгдсэн сум юм.

Сайн ноён хан аймгийн эетэй засгийн хошууны үүсгэл, нутаг дэвсгэр:   Суут Богд Чингис Тэмүжин хааны арван дөрөвдүгээр үеийн үр Батмөнх Даян хаан хөвгүүддээ нутаг дэвсгэрээ хуваан өмчлөн захируулахад отгон хөвгүүн Гэрсэнзэд Халх түмэн ногджээ. Гэрсэнзийн эцэг нь алтан ургийн боржигин овогт хаан, эх нь Жалайр аймгийн хатан байсан тул Монголын түүхийн сурвалж бичгүүдэд түүнийг Гэрсэнз жалайр хун тайж хэмээн тэмдэглэдэг. Гэрсэнз 1513 онд төрж, 1549 онд 36 настайдаа нас нөгчжээ. Гэрсэнзийн үед Халхын нутаг дэвсгэр нь зүүн зүг Хянганы нуруунаас баруун зүг Алтай уул, өмнө зүг элсэн говиос хойд зүг Орос улсын хил хүрч байв. Гэрсэнзийг нас нөгчсөний дараа түүний их хатан Хатунгай Халхыг долоон хөвгүүнд нь хуваан захируулснаар “Халх долоох хошуу” үүсчээ. Халхыг хуваан захируулахад гуравдугаар хөвгүүн Онохуйд Горлос, Хэрэгүүд отог ногджээ. Горлос нь язгуурын монголчуудын Дарлигины бүлэгт багтаж байсан эртний аймаг. ХII зууны үед Горлос нь Хянганы нуруугаар нутаглаж, Хамаг Монголын Хадаан баатар, Хотула хаан нарын эзэмшил байгаад 1203 онд Тэмүүжиний эрхшээлд орсон.

1206 онд Их монгол Улс байгуулагдахад Горлос нь Өүлэн эх, Хавт Хасарын эзэмшилд очиж, зарим нь баруун тийш нүүдэллэж Узбекийн холбоонд багтсан. Өүлэн эхийн эзэмшилд очсон Горлос нар нь Монголын хаадын үр хойчист захирагдан явсаар ХҮI зууны дундуур Халхын долоон отгийн бүрэлдэхүүнд багтаж, ХҮII зууны сүүл үеэс Хэрэгүүд нарын хамт Түшээт хан аймгийн бүрдүүлжээ. ХҮI –ХҮII зууны үед Горлосын гол хэсэг нь Хангайн нуруунаас Хэрлэн гол хүртэл Орхон, Туулын бэлчирээр нутаглаж байсан. Хавт Хасарын эзэмшилд очсон Горлос нар нь түүний удмын ноёдод захирагдаж явсаар Өвөр монголын Жиримийн чуулганы Горлос хоёр хошуу болсон.  Хэрэгүүд нь Хиргис гаралтай эртний овог. Енисей мөрний эхэн урсгалаар нутаглаж явсан Хиргис нар нь IХ зууны дунд үед Монгол нутагт түрэн орж ирж төр улс байгуулан 50 орчим жил монгол нутагт ноёрхож байсан. ХIII зууны эхээр Хиргис нар монголын эзэнт гүрний захиргаанд орж, хожим хэдэн зуун жил болоход халхжиж ХҮI зуунд Хэрэгүүд нь Ар халхын 13 отгийн нэг болсон. Ар Халхын долоон хошуу нь дотроо баруун, зүүн гар болон хуваагддаг. Зүүн гар нь Гэрсэнзийн гуравдугаар хөвгүүн Онохуй үйзэн, дөрөвдүгээр хөвгүүн Аминдурал, тавдугаар хөвгүүн Дарь нарын эзэмшлээс бүрдэнэ. Дарь тайж үргүй тул түүний хувь эзэмшил Аминдуралд шилжжээ. Зүүн гарын нутаг дэвсгэр нь Хангайн уулсаас Халх гол хүртэлх нутгийг хамарч Онохуй үйзэн, Аминдурал нарын эзэмшил нутаг нь Хэрлэн голоор зааглагдаж байв. Онохуй үйзэн ноёны орд өргөө нь Туул гол, Эрдэнэзуу орчмын газарт байрлаж байжээ.

Онохуй үйзэн ноёны дөрөвдүгээр хөвгүүн нь Түмэнхан Хөндлөн ноён болно. Түмэнхан хөндлөн ноёны арван гурван хөвгүүдийн Харъяат нар нь Сайн ноён хан аймгийн эх үүсвэрийг тавьжээ. Түмэнхан ноён, түүний хөвгүүдийн орд өргөө нь Онгийн голын Гуюрихын газарт байжээ.

Түмэнхан Хөндлөн ноён улааны шашны урсгалын эсрэг шарын шашны урсгалыг дэмжсэн учир Банчин богдоос “Сайн ноён” цол хүртжээ. Тэрбээр ХҮII зууны эхээр Төвдөд гарсан улаан, шар малгайтын хоёр урсгалын тэмцэлдээний үеэр шар малгайтанд туслахаар Лхаст хүрэлцэн ирж, Баруун зууд Далай Блама-гийн шарилын сүм бүтээх зэргээр ихээхэн эргэл мөргөл үйлдэж, өргөл барьц өгсөний учир Банчин Богдоос “Номун хаан, Хөндлөн цөхүр” цол, мөнгөн тамгаар шагнагджээ. Түмэнхэний зүтгэл чармайлт, нэр сүрийг алдаршуулж, түүний ач хүү Данзан лам гэгч нь Халхын феодалуудын дотроос анх удаа өвөг эцгийнхээ “Номун хаан” хэмээх шашны цолыг залгамжлан авч, улмаар Онохуй үйзэн ноёны эзэмшлээс салж, тусгай биеэ даасан эзэмшил болжээ. Түмэнхэний суурийг тавьж,Данзан ламын тэтгэсэн шарын шашны үйл ажиллагаа нь яван явсаар их хүч нөлөө орж, хожим нь Халхын гурван аймгаас “Сайн ноён” аймаг салбарлан гарахын нэгэн шалтгаан болжээ. 1691 онд Манж Чин Улс Халх Монголыг албан ёсоор нэгтгэх ёслол хийсэн Долоннуурын чуулганаар Халхын хошуудыг олшруулан 34 хошуу болгоход Түшээт ханд 9, Сэцэн ханд 11, Засагт ханд 7, Сайн ноёнд 7 хошуу байгуулжээ. Долоннуурын чуулганаар Сайн ноёны 7 хошууг Түшээт ханд захируулсан боловч, хожим 1725 онд тусгай аймаг болгосон.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буулгасан Богд хаантаны Хишиг тархаах зарлигаар Сайн ноён Төгс-Очирын Намнансүрэнд үе улиран хан, ногоон жууз, шар хүрэм, улбар шар жолоо, Итгэмжит Эетэй дайчин цол шагнан хүртээснээр Халх монгол нь 4 хантай болж, Сайн ноён аймаг нь Сайн ноён хан аймаг хэмээн нэрлэгдэх болсон.

Түмэнхан Хөндлөн ноёны арванхоёрдугаар хөвгүүний нэр Хүүхэн, цол нь Базар, түүний хөвгүүн Цэдэн, цол нь Цогт хэмээмүй. Цэдэн цогтын хөвгүүн Зинамид Цогт ахай нь хожмын Сайн ноён хан аймгийн Эетэй засгийн хошууны анхны засаг ноён болно. Эетэй засгийн хошууг анх итгэмжит Эетэй эрх дайчин хошой чин ван Шамбын хошуунд хавсаргаж байгаад, Энх-Амгалангийн 48 дугаар онд /1709 он/ Зинамидыг засаг тэргүүн зэрэг тайж өргөмжилж, өөр нэгэн хошуу болгожээ. Ийнхүү Сайн ноён хан аймгийн Эетэй засгийн хошууны эх үүсгэл тавигдсан.[1]

Хошууны угсаа залгамжилсан ноёд

[засварлах | кодоор засварлах]
  1. Цэдэнгийн Зэнэмэд /Жалайр хунтайж/ 1709-1724 он
  2. Зэнэмэдийн Тэгш /Таваг засаг/ 1724-1750 он
  3. Тэгшийн Убаш /Чин бишрэлт засаг/ 1750-1788 он
  4. Убашийн Бодьсүрэн /Бодь засаг/ 1789-1804 он
  5. Убашийн Гомбодорж /Го засаг/ 1805-1843 он
  6. Гомбодоржийн Галсандорж /Га засаг/ 1843-1850 он
  7. Гомбодоржийн Жанчивдорж /төр бариагүй/ 1851
  8. Жанчивдоржийн Ринчиндорж /Эрдэнэ засаг/ 1852-1859 он
  9. Ринчиндоржийн Даянжалбуу /Дархан гүн/ 1897-1916 он
  10. Даянжалбуугийн Ванчиннамжил /Сайн дурын засаг/ 1916-1918 он
  11. Жамсрангийн Намсрайжав /Даринчулуун/ 1918-1924 он

Сумын дарга нар

[засварлах | кодоор засварлах]
  1. Н. Ядамсүрэн 1924-1925 он
  2. Ц. Түмэнбаяр 1925-1926 он
  3. Ч. Содномцэрэн 1926-1927 он
  4. Ж. Намсрайжав 1927-1928 он
  5. Н. Ванчинсамбуу 1929-1930 он
  6. З. Сосор /эмэгтэй/ 1930-1932 он
  7. Ж. Өлзийбадрах 1932-1933 он
  8. Н. Шагдар 1933-1940 он
  9. Б. Баатарбүргэд 1940-1943 он
  10. С. Гэлэг 1943-1945 он
  11. О. Гүржав 1945-1946 он
  12. Х. Түдэв 1946-1948 он
  13. С. Гэлэг 1948-1952 он
  14. Б. Готов 1952-1954 он
  15. Г. Шинэдэнцэл 1954-1955 он
  16. Б. Готов 1955-1959 он

Сум, нэгдлийн дарга нар

  1. Б. Жанлав 1959-1962 он
  2. Р. Пүрэв 1962-1968 он
  3. Ш. Пандибалжир 1968-1974 он
  4. Э. Дамдинсүрэн 1974-1977 он
  5. Д. Чимэдцэрэн 1977-1987 он
  6. Ө. Нямцэрэн 1987-1991 он
  7. Ж. Арилдсүрэн 1991-1992 он

Сумын засаг дарга нар

  1. Ж. Цэрэннадмид 1992-1996 он
  2. С. Нинжчамба 1996-2002 он
  3. Б. Батхангай 2002-2004 он
  4. Ж. Батчулуун 2004-2008 он
  5. С. Нинжчамба 2008-2009 он
  6. Ч. Батболд 2010-2012 он
  7. Б. Эрдэнэбаатар 2012-2016 он
  8. Л. Батсайхан 2016-2020 он
  9. П. Алтанхуяг 2020 оноос

Алдартай хүмүүс

[засварлах | кодоор засварлах]
  • Саятан жолооч Лувсанпунцагийн Самбуу-Ёндон -1971 он
  • Ямаачин Дандарын Банзрагч – 1976 он
  • Хоньчин Ваанчигийн Лүндэн-Очир – 1989 он

Монгол улсын гавьяат цолтнууд

[засварлах | кодоор засварлах]
  • Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Дамдинрагчаагийн Цэрэндорж – 2001 он
  • Гавьяат багш Төгсцогтын Нямдорж – 1989 он
  • Үйлчилгээний гавьяат ажилтан Батсүрэнгийн Долгоржав – 1986 он
  • Гавьяат нэгдэлчин Гомбын Балдан – 1991 он
  • Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Бямбын Жигжид – 2005 он
  • Гавьяат багш Лундаагийн Батмөнх – 2006 он
  • Гавьяат барилгачин Данзангийн Цэрэнбат – 1981 он
  • Хүний гавьяат эмч Жунайн Бадрал – 2010 он
  • Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбын Дэлгэр – 2002 он
  • Соёлын гавьяат зүтгэлтэн Саландарын Цогтбаяр – 2011 он
  • Эрдэнэ мэргэн бандид ханчин хамба Сүрэнхорын Жамъянгарав – 1906 он
  • Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн академич, шинжлэх ухааны доктор Дамдинрагчаагийн Цэрэндорж – 1975 он
  • Шинжлэх ухааны доктор профессор Чагнаагийн Пүрэвдорж /Асайт/– 1982 он
  • Түүхийн ухааны дэд эрдэмтэн Пүрэвийн Пэрэнлэй /Асайт/ – 1980 он
  • Химийн ухааны дэд эрдэмтэн Готовын Базар /Зуслан/ – 1981 он
  • Техникийн ухааны дэд эрдэмтэн Ринчингийн Лхагвасүрэн – 1991 он
  • Физик математикийн ухааны дэд эрдэмтэн Лундаагийн Батмөнх – 1989 он
  • Техникийн ухааны дэд эрдэмтэн профессор Ринчиндоржийн Бүүвэйбаатар – 1991 он
  • Газар зүйн ухааны дэд эрдэмтэн Нямсүрэнгийн Батнасан – 1998 он
  • Цэргийн ухааны доктор, профессор Пүрэвдоржийн Алгаа – 2003 он
  • Боловсролын ухааны доктор Самбалхүндэвийн Хаш-Эрдэнэ – 2003 он
  • Химийн ухааны доктор дэд профессор Намжилпунцагийн Гүрдагва – 2004 он
  • Анагаах ухааны доктор Бүүвэйбаатарын Болормаа – 2005 он
  • Техникийн ухааны доктор, МУ-ын зөвлөх инженер Долгорын Даваадорж – 2006 он
  • Түүхийн ухааны доктор, профессор Цэрэндагвын Энхээ – 2008 он
  • Анагаах ухааны доктор Тайванхүүгийн Тэрбиш – 2008 /Зуслан/
  • Байгалийн ухааны доктор, профессор Ланжаагийн Баясгалан – 2008 он Асайт
  • Биологийн ухааны доктор Ишваанжилын Баярбат -2009 он Асайт
  • Төрийн захиргааны менежментийн доктор, профессор Пэрэнлэйн Доржсүрэн -2010 он
  • Удирдахуйн ухааны доктор Батмөнхийн Батбаатар – 2010 он /Баянцагаан/
  • Эдийн засгийн ухааны доктор Буяндалайн Цацралт – 2010 он /Асайт/
  • Төрийн захиргааны менежментийн доктор Цэрэндагвын Наранцэцэг – 2011 он /Эрдэнэ-Уул/
  • Химийн ухааны доктор Цогтбаатарын Ганзориг – 2010 он /Баянцагаан/
  • Анагаах ухааны доктор Бямбын Дашлхүмбэ – 2012 он /Асайт/
  • Техникийн ухааны доктор Няндагийн Бат-Эрдэнэ -2017 он / Баянцагаан /
  • Түүхийн ухааны доктор Няндагийн Сувд-Эрдэнэ -2017 он / Баянцагаан /

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн

[засварлах | кодоор засварлах]
  • Чойнарангийн Жүгдэрнамжил
  • Чүлтэмийн Үл-Олдох

Улсын цолтой бөхчүүд

[засварлах | кодоор засварлах]

Улсын аварга малчин

[засварлах | кодоор засварлах]
Хошой аварга
  • Хоолт багийн хоньчин Ваанчигийн Лүндэн-Очир – 1979, 1989 он
  • Хоолтын багийн малчин Далхын Ядамсүрэн – 1979, 1985 он
Аварга
  • Хоолт багийн малчин Шаравын Хас – 1978 он
  • Гомбын Сүмбэрэл Хоолт – 1982 он
  • Дэлгэрийн Чарив Хоолт – 1984 он
  • Баасангийн Пүрэвдорж Эрдэнэ-Уул – 1987 он
  • Дамдингийн Дэмбэрэл Хоолт – 1989 он
  • Бямбын Сэдбазар Асайт – 1992 он

Улсын аварга хадланч

[засварлах | кодоор засварлах]
  • Жамбалдоогийн Гэндэн /Эрдэнэ-Уул баг/ – 1981 он
  • Гэлэгийн Цэдэв /Хоолт баг, эмэгтэй/ – 1983 онд

Тус суманд алтан гадас одонгоор шагнагдсан 33, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан 44, Их монгол улсын 800 жилийн ойн медалиар шагнагдсан 28, сумын хүндэт иргэн 10, мөн 22 салбарын тэргүүний ажилтан цолоор шагнагдсан 118 хүн байдаг. 

Зүүлтийн холбоос

[засварлах | кодоор засварлах]
  1. Б. Амартүвшингийн “Эрдэнэцогцолсон Жаргалант нутаг” номд дурдсанаар…