Jump to content

Хөх Түрэгийн хаант улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түрэгийн Ханлиг
552–603
ТөлөвХанлиг (Нүүдэлчдийн эзэнт гүрэн)
Нийслэл
Нийтлэг хэл
Шашин
Тэнгэр шүтлэг
Ард түмний нэршилТүрэгүүд
Хаан 
• 552
Буман хаан (анхны)
• 599–603
Тарду хаан (сүүлчийн)
Ябгу 
• 552–575
Истеми (анхны)
• 575–599
Тарду (сүүлчийн)
Түүх 
• Жужан улсын эсрэг Буман хаан бослого гаргав
542
• Байгуулагдсан
552
581
• Богино дахин нэгдэл
603
603
Газар нутаг
557[8][9]6000000 км2
Өмнө нь
Дараа нь
Нирун улс
Цагаан хүннү
Зүүн Түрэгийн хаант улс
Баруун Түрэгийн хаант улс
Эхэн үеийн Түрэг улс, 552-572 он
Зүүн, баруун Түрэгийн хаант улс, Төвд, Суй улс
Төв Ази дахь эрх мэдлээ алдаж эхэлсэн бөгөөд 630 он төрийн тусгаар тогтнолоо алдаж Тан улсад харьяалагдсан[10]

Түрэгийн хаант улс (551-744) нь 552 онд нүүдэлчин түрэг аймгууд Нирун улсыг бут цохисны дараа Алтайн түрэгийн удирдагч Буманы тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан нь удалгүй Баруун Түрэгийн хаант улс, Зүүн Түрэгийн хаант улс гэж хоёр хуваагджээ. Зүүн Түрэгийн хаант улс 745 онд Уйгур улсад цохигдох хүртлээ Монголд оршин тогтнож байв.

Түрэг аймгийн зонхилогч Буман Нирун улсын харьяанд байсан олон овог аймгийг нэгтгэж, биеэ "Эл" хаан хэмээн өргөмжилжээ. Tүрэг аймгууд нь эрт цагт Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад Тан улсын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ. VI зууны сүүлчээр Түрэгийн язгууртнууд Кутулуг, Тоньюкук нараар удирдуулсан том бослого гарч, Түрэгийн хант улсыг сэргээн байгуулсан байна. Тэр цагаас хойш Түрэгийн хант улс тусгаар тогтнолоо хамгаалж, Хятадын Тан улстай өрсөлдөн тэмцсээр байжээ. Гэвч 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр Уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг мөхөөжээ.

Түрэгийн түрүү хаант улс

[засварлах | кодоор засварлах]

Анх 500 өрхөөс бүрдсэн Ашиначууд эрт үеийн түрэгүүдийн гол цөм байв. Түрэгүүд нь Нирун улсад голдуу дархадын үүрэг гүйцэтгэж байжээ. Түрэгийн ахлагч Буман өөрийн дээд эзэн болох хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч Нирунчууд түүний тусыг албатын гүйцэтгэх үүрэг хэмээн үзэж Нирунчууд тоомжиргүй хандсан байна. Ийнхүү Буман охинтой нь гэрлэж чадаагүйнхээ төлөө, Нируны дайснуудтай холбоо тогтоож 552 онд тэдний дарлалыг авч хаяж чаджээ. Түрэгийн холбоотнуудаас Хойд Хятадад оршиж байсан Тоба Вэй улс чухал үүрэг гүйцэтгэсэн. Буман хаан Хойд Хятадад тогтож байсан Баруун Вэй улсын Вэньди хааны Чанлэ гүнжийг авч ургийн холбоо тогтоон гадаад байдлаа бэхжүүлж авсан нь Нирун улсыг эвдлэн бутаргах талаар Вэй улсын баримталж ирсэн бодлоготой яв цав нийцэн, дайнд амжилт олох таатай нөхцлийг бүрдүүлжээ. Ингээд 552 онд Буман, Нируны эсрэг аян дайнд мордож тэдний цэргийн хүчийг хиартал цохив. Нируны Анахуань хаан амиа хорлон, түүний хүү Яньлочен, өөрийн холбоотон Умарт Хятадын Ци улсад зугтан гарснаар Төв Ази дахь Нируны ноёрхол төгсч, түрэгүүд, тэдний харьяанд байсан олон овог аймгийг захиргаандаа авч их улс байгуулах эхлэлийг тавьжээ. Буман, Нируны зонхилогчийн «хаан» цолыг авч биеэ «ил-хаан» хэмээн өргөмжилсөн нь, цаашид түрэгийн зонхилогчид хаан цол хэрэглэхийн эхлэл болжээ. Нируны улсыг ялан дарж эзэмшил нутгийг нь эрхэндээ оруулснаас хойш тун ч удалгүй Алтайн түрэгүүдийн байгуулсан хаант улсын төв нь Монголын төв нутаг Орхон голын савд шилжсэн байна. Төв Азид мандан хөгжсөн аливаа улс бүхэн Хангайн нуруу, Орхоны сав газраар төвлөн нутаглахыг эрмэлздэг байсан нь байгал-газарзүйн онцлог хийгээд эртний түүхэн уламжлалтай холбоотой тул алтайн түрэгүүд ч энэхүү зүй тогтлын дагуу анх тодрон гарсан газар нутгаасаа ихээхэн зүүншилж, нүүдлийн мал аж ахуйн зэрэгцээ газар тариалан, суурин амьдрал эрхлэх таатай нөхцөл бүрдсэн тэрхүү нутагт төвлөрөн суухыг эрмэлзсэн байна. Буман өөрийн ах Истесимд өрнөд хэсгийн газар нутгаас өгч түрэгийн эзэнт гүрнийг байгуулсан аж. Буман хаан 552 оны сүүлээр таалал төгсч түүний хүү Коло, хаан ширээг Исиги хаан цолтойгоор залгамжилсан боловч удалгүй нас нөгчжээ. Ингээд Кэло хааны дүү Кигинь, Мукан цолтойгоор хаан ширээнд заларчээ. Энэ хааны үед Tүрэгүүд нэлээд амжилтай дайтаж гадаад байдлаа ихээхэн бэхжүүлсэн байна. Тухайлбал Хятадын цэрэгтэй хүч хавсран сяньбийн угсааны тогон тугухунь нарыг бут цохисноос гадна умар зүгт Татаби, Кидан, Гучин Татар зэрэг Монгол угсааны аймгуудыг эзлэн захирч хил хязгаараа тэлжээ. Түрэгүүдийн баруун зүгт хийсэн аян дайныг Буман хааны дүү Истеми толгойлж Баруун Арал тэнгисийн умард биеэр нутаглах Хионит (Xionites), Вар, Огор, зэрэг аймгуудийг эзлэн Ижил мөрөнд тулж очсон ба Урал хавийн тал нутгийг эрхэндээ оруулжээ. Тэрвээр ябгу цолыг хүртэж хаант улсын баруун хэсгийг захирах болсон нь улмаар Түрэг улс баруун, зүүн хэмээн хоёр хуваагдахын эхлэл болсон юм. Энэ бүх байлдан дагуулалтын үр дүнд түрэгийн нутаг дорно зүг Кугүрёгоос Баруун тэнгис хүртэл 10000 ли, элсэн цөлөөс Умарт тэнгис Байгал нуур хүртэл 5000-6000 ли хүрэх болжээ. Ийнхүү Бүх Азийн тал нутгийг хамарсан хүчирхэг их улс бүрэлдэн буй болсон нь Хятад, Византи, Иран зэрэг тэр үеийн томоохон гүрнүүдтэй өрсөлдөх хүчин болж, тэдний улс төрийн бодлогод бэрхшээл учруулах болов. Тухайн үед Хятад оронд тогтож байсан Бэй Ци, Бэй-жоу улсын аль аль нь түрэгийн цэрэг зэвсгийн хүчийг харгалзан үзэхээс өөр замгүй болж, ураг барилдан найрсаг харилцаа тогтоохыг эрмэлзэж байлаа. Тухайлбал Умард Жоу улс жил бүр 100 000 толгой торгоор алба барьдаг байжээ. 572 онд Мукан хаан нас барж түүний дүү Таспар, хаан орыг залган авчээ. Энэ үед Түрэгүүд, цэрэг зэвсгийн хүчинд тулгуурлан Ци, Жоу улсын аль алинтай нь холбоо тогтоон жил бүр алба татвар авдаг байв. Удаа дараагийн байлдан дагуулалт, Хятадаас авах алба татварын хүчинд Түрэг улс ихэд хүчжиж бэхжсэн боловч феодалжиж буй язгууртан бэгүүдийн бие даан орших эрмэлзэл хүчтэй болж улс гүрэн дотроосоо задран бутрах аюул тулгарч, харин Хятад орон Сүй улсын захиргаанд дахин нэгджээ.

Зүүн, баруун Түрэгийн хаант улс

Зүүн Түрэгийн хаант улс

[засварлах | кодоор засварлах]
Зүүн Түрэгийн хаант улс

Харин Шиби хааны үед (609-619) Дорнод Түрэгийн хаант улс, Сүй улсын дотоодод гарсан хямралыг ашиглан түр зуур сэргэж дайн байлдааны ажиллагаа өрнүүлэх болжээ. Тэр үеийн тухай нангиад сурвалжид, цэргийнх нь тоо сая хүрч байсан ба умар зүгийн нүүдэлчид хэзээ ч ийм хүчирхэг байсангүй гэж тэмдэглэсэн нь бий. Энэ нь маш их хэтрүүлсэн тоо бөгөөд Түрэгийн байлдааны амжилт нь цэргийн тооны олонд биш, Сүй улсад будлиан хямрал үүсч дотоод байдал нь доройтсонтой холбоотой юм. Сэли хааны үед (620-630) түрэгүүд цэрэглэн хятад лугаа олон удаа байлдсан билээ. Энэ хугацаанд Түрэгийн хаад, Хятадын дотоод тэмцэлд идэвхтэй оролцож Сүй улс мөхөж Тан улс 618-907 мандахад багагүй үүрэг гүйцэтгэжээ. Тан улс дөнгөж үүсч тогтосныхоо дараа хараахан бэхжиж амжаагүй байсан тул Түрэгийн довтолгооны эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй байсан тул бэлэг сэлтээр аргацаан тогтнож байв. Гэвч Тан улс удалгүй дотоод байдал нь бэхжиж хүчийг олмогц түрэгийн эсрэг хандаж эзлэн түрэмгийлэх бодлогыг шургуу явуулж эхлэв. Тан улсыг үүсгэн байгуулагч Ли Ши Минь хятад цэрэгт шинэтгэл хийж байлдааны хүч чадал, зохион байгуулалтыг ихэд сайжруулсан байна. 626 онд Ли Ши Минь Тайзун цолтойгоор Тан улсын хаан сууринд сууж, “гадаадын дайн байлдаанаар дотоодын амгалан тайван байдлыг хангах” бодлого явуулж эхэлжээ. Тан улс, Түрэгийн дотоод тэмцэл самууныг ашиглаж, ялангуяа Түрэгийн хаадын хүчээр нэгтгэн захирах бодлогод дургүйцсэн олон аймгийн зонхилогчийг өөгшүүлэн биедээ татаж, нэгдмэл улсын хүчин чадлыг дотроос нь сарниулахад голлон анхаарав. Түрэгийн харьяанд байсан олон аймаг бослого гарган харьяаллаас гарч Хятадад дагаар орох боллоо. Дотроосоо тарж бутран, гадны хүчинд эсэргүүцэл үзүүлэх чадалгүй болсон Түрэгийн үлдэгдэл хүчийг Тайзун хаан 630 онд цэрэг хөдөлгөн бут цохиж Сэли хааныг, үлдсэн хүн ард, мал сүргийнх нь хамт олзлон авч их говь хүртлэх нутгийг бүрэн эрхшээлдээ оруулжээ.

Тан Улсын эрхшээл дэх Түрэг орон

[засварлах | кодоор засварлах]

Ийнхүү тусгаар улс гүрэн байгуулж оршин тогтносоор ирсэн түрэгийн ард түмнийг эрхэндээ оруулах гэсэн нангиад хаадын эзлэн түрэмгийлэх бодлогыг Тан улс гүйцэлдүүлж түрэгийн ард түмэн 50 орчим жил хятадын эрхшээлд орсон байна. Говиос хойш Байгал нуур, Алтай, Хинганы хоорондох нутаг Сеяньто аймгийнхны мэдэлд орж олон тооны түрэг нар Сеяньтог дагажээ. Гэвч Сеянтог хожим Тан улсын Уйгурууд устгасан. Тан улсын захирагчид, Түрэгийн цэргийг алс холын аян дайнд нэмэлт хүч болгон ашиглах, тайван цагт, хил хязгаарыг сахин хамгаалах алба гүйцэтгүүлэх болов. Түрэгийн ард түмэн Тан улсын ноёрхолыг хүлцэн тэсвэрлэхгүй тусгаар тогтнолыг мөрөөдөн аятай цагийг хүлээсээр байсан нь Орхоны хөшөөний бичээст тод тусгагджээ.

Хамаг түрэгийн харц иргэн өгүүлрүүн: 
Эл улс бөлгөө би. 
Эл улс маань хаана байна. 
Хэн дор улсуудыг дагуулнам билээ би. 
Хаантай улс билээ би. 
Хаан маань хаана буй? Ямар хаанд сэтгэл хүчээ өгнөм билээ би. Тийн хэмээгээд нанхиад хаан дор дайсан болж хуучин нутагтаа хүчийг тэжээсүгэй хэмээн нүүж эчвэй. 

Түрэгүүд харийн дарлалыг тэвчин сууж үл чадан бослого хөдөлгөөн гаргаж тэмцсээр байсны тодорхой жишээ нь 679 онд гарч хоёр жил үргэлжилсэн Ашина Фунан тэргүүтэй томхон бослого юм. Хятадын засгийн газар ихээхэн цэрэг зэвсгийн хүчээр 680 онд уг бослогыг дарсан байна.

Түрэгийн хожуу хаант улс

[засварлах | кодоор засварлах]
Билгэ хааны онгон, Орхоны хөндийн соёлын дурсгал

Түрэгчүүдийн түрүүчийн бослого дарагдаад жил ч өнгөрөөгүй байхад Нангиадын эсрэг дахин том бослого гарч нэн эрчимтэй өрнөв. Энэ бослогыг Түрэгийн язгууртны нэгэн төлөөлөгч Кyтyлyг, Нанхиадын эрхшээлд хүмүүжин боловсорсон зөвлөх түшмэл Тоньюкук нар удирджээ. Сурвалжид тэмдэглэснээр Кyтyлyг бол Сэли хааны холын садан бөгөөд Ханьли-Юаньи овгийн ноён, үе улирах Түдүн цолтой байжээ. Фуняний бослого дарагдсанаас хойш Цүньцай уулын дэргэд суурьшиж Хэйшя хотыг барьсан нь тэдний тоо 5000 хүрч байжээ хэмээн сурвалжид тэмдэглэсэн байна. Кyтyлyгийн бослого эхнээсээ амжилт олсон шалтгаан нь тэрбээр бослогын эхлэл цаашдын явцыг маш нарийн төлөвлөн, өөрийн бодит хүчинд зөв зохицуулсанд оршино. Тэр эхлээд шууд Хятадын эзэн хааны цэрэгтэй тулалдахын оронд ямар ч ажиггүй байсан Есөн овгийн Уйгурыг гэнэдүүлэн дайрч, цаашдын дайнд зайлшгүй хэрэгтэй адуун сүрэг олзлон авчээ. Юуны өмнө их хэрмийн дагуух Ордосоос зүүнших нутгийн хилийг бэхэлсэн шугамуудыг гэнэтийн дайралтаар устгав. Энэ үес Хятадад төрийн эргэлт гараад цаг төр тайван бус байснаас гадна Түвэдтэй хийж байсан дайнд ихээхэн цэргийн хүч оролцож, Түрэгийн бослогыг дарах сөхөөгүй байв. Ийм нөхцөлд Түрэгүүдийн эрх чөлөөний төлөө тэмцэл амжилтыг олж, Нангиадын 50 гаруй жилийн дарлалаас гарч, Кyтyлyгийг Элтэрэс хаан буюу улсыг хураагч хаан цол өргөмжлөн төр улсаа байгуулсан байна. Кyтyлyгийн байгуулсан улс нь Монголын төв нутаг Хангай уулын хавиар төвлөрч байжээ.

Капаган хааны үе

[засварлах | кодоор засварлах]

693 онд Элтэрэс хааныг таалал төгсөхөд түүний дүү Можо (Капаган) хаан (691-716 он) орыг залгажээ. Түүний хаанчлалын үед Түрэгийн хоёрдахь хаант улсын цэрэг улс төрийн хүчин чадал туйлдаа хүрэхийн хамт бууран доройтохын эхлэл тавигджээ. Умард Хятадын цэргийн хүчин болон эргэн тойрны овог аймгууд лугаа олон удаа амжилттай дайн хийж, газар нутгаа тэлжээ.

693-706 онд Капаган хааны цэрэг Шар мөрнийг (Хуанхэ) зургаан удаа гатлан Умард Хятадын нутаг руу гүн нэвтэрч байжээ. Хятадын цэрэг Түрэгийн довтолгоог олигтой эсэргүүцэн тулалдаж чадахгүй байлаа. Хатан хаан У Хоу Капаган хаанд их хэмжээний дайны төлбөр өгч байнга их бэлэг сэлт илгээдэг байсан нь үнэн чанартаа алба барьсан хэрэг байв. 696-697 онд Киданыг эрхэндээ оруулснаар Хятадын цэрэг зүүн хойт зүг Хянганы өмнөд биеэр давших явдлыг зогсоож, улсынхаа дорнод хил хязгаарыг төвшитгөлөө. Мөн баруун зүгт цэрэг зэвсгээ хандуулж 701 онд Тардушын шад Могилян 16 настай дүү Күльтегиний хамт цэрэг удирдан довтолж Чүйн овгуудыг эзлэн Түрэгийн захиргаанд авчээ. 703-706 оны үес Түрэг, Хятадын хооронд найрсаг харилцаа тогтоод байхад Уйгур, Киби, Сыгэ, Хунь овгийнхон Хятадад даган орсон байна. Энэ үеэр Могилян, Күльтегин нар Байгаль орчмоор нутаглаж байсан Баыркү овгийн бослогыг даржээ. Үүгээр Хэрлэнгийн эх Байгаль нуур хүртлэх нутгийг эрхэндээ оруулав. Түрэг улсын умард болон өрнөд хил хязгаар нь 699-708 оны үед Тагнын уул Алтай, Тарвагатай орчмоор байжээ. 709 онд Түрэгийн цэрэг Енисейн эхийг зорьж, тэр нутгийн Чик Азуудыг эзлэн аваад улмаар мэргэн Тоньюкукын удирдлагаар Киргизийг эрхэндээ оруулав. 710-711 онд Тюргеш нарыг ялан дийлж Долоон гол орчмын нутгийг эзлэв. Тоньюкук буруулан бүхий Тюргеш нарыг мөрдөн явсаар Сыр-Дарьяа мөрнийг гаталж Тохарын улсын хил хязгаарт тулж очсон байна. Гэвч Самаркандын дэргэд Арабын цэрэгтэй тулалдах үед ар талаасаа тасран салсан Түрэгийн цэрэг ихээхэн хэмжээний гарз хохирол амсаж дөнгөн данган буцаж Алтайд хүрч иржээ (713-714). Тэндээсээ Бэйтин буюу Бешбалык хотыг бүслэн байлдсан их цэрэгтэй нийлжээ. Гэвч энэ довтолгоо амжилтгүй болж Түрэгүүд зургаан удаагийн тулалдаанд ялагдан бүслэлтээ орхихоос өөр замгүйд хүрчээ. Энэ үес Төв Азийг эзэрхэн захирах гэсэн Хятадын бодлого ихээхэн хүчтэй болсноос гадна Түрэгийн захиргаанд орсон олон овог аймаг үймэн тэмцэх нь их байв. Долоон ус, Тэнгэр уул хавийн баруун Түрэгүүд ч босч тэмцэв. Татаби, Кидан аймгийнхан Хятадад даган орж Токуз, Огузууд бослого гарган Түрэгүүдийн хувьд байдал тун хүнд болжээ. Гэвч авьяаслаг жанжин Күльтегиний цэргийн ур чадварын хүчинд босч тэмцсэн Уйгур, Карлук, Байркү аймгуудыг цэрэглэн дарж дахин эрхэндээ оруулсан байна. Түрэгийн цэрэг дайны бодлого ийн амжилттай болсон нь хэд хэдэн учир шалтгаантай юм. Капаган хааны удирдлагаар тэд хил хязгаарын асуудлаа ихэд анхаарч чухам энэ зүг хандуулсан бодлого баримталсан бөгөөд энэ нь өшөө хорслоо тайлахад чиглэж байв. Тэд 50 жил Нанхиадын эрхшээлд байхдаа Хятад гүрний дотоод бүтэц зохион байгуулалтыг дэндүү сайн мэдэх болжээ. Түрэгийн цэргийн гол удирдан захирагч Тоньюкук Хятад газар төрж, нанхиад ёс заншлын дагуу өсч хүмүүжин боловсрол мэдлэг олж авсан хүн байлаа. Түүнчлэн чухам ийнхүү Түрэгүүд хүчийг олж, тал нутгийг бүхэлд нь эзэмшин байх энэ үес Хятадад төрийн эргэлт гарч, Тан улсын төрийг хатан хаан У Хоу зүй бусаар булааж авсан үе байжээ. Капаган хаан нас өтөлж зан авир нь догширч, харьяат аймгуудаа харгислан дарлах нь нэн хэтэрснээс олон овог аймаг түүнд захирагдан дагахаа больж эхлэв. Түүнчлэн дайн байлдааны азгүй явдлуудаас үүдэн дагаж орсон олон овог аймаг босч тэмцэх болжээ. Кидан нар салан тусгаарлаж Карлукууд бослого гаргасан ба Токуз, Огузийн овгууд мөн тэднийг дагалдав. Токуз, Огуз нар 5 удаагийн тулалдаанд дарагдсан ч тэдний бослого үргэлжилсээр байжээ. 716 онд Баыркү аймаг босон тэмцэж Туулын хөвөөн дэх Капаган хааны орд өргөөг дайрсан ба довтолгоог няцаасан ч хаан өөрөө отолтонд орж алагдсан байна. Түүний толгойг Хятадын элчид дамжуулан өгч нийслэлд хүргүүлжээ.

Капаган хааныг үхвэл залгамжлах хүн нь 698 оноос Тардушын шад цол зүүсэн Эльтерес хааны ууган хүү Могилян, түүнийг дүү нь болох Күльтегин залгамжлах ёстой байжээ. 716 он гэхэд тэд хоёул алдар цуутай цэргийн эрхтэн болсон байлаа. Гэвч Капаган хааны шадар туслагчдийн дэмжлэгтэйгээр түүний хүү Бегю хаан орыг залгажээ. Ийнхүү хууль ёс зөрчсөнд хилэгнэсэн цэрэг дайны нэрт баатар Күльтегин Түрэгийн бүх овог аймгийн дэмжлэгтэйгээр орд өргөөг дайрч Бегю хааныг алж өөрийн ах Билгэг (716-734) хаан ширээнд залсан байна. Күльтегин зүүн жигүүрийн ноён, бүх цэргийн жанжин болжээ. Билгэ хаан, эцгийнх нь байгуулсан төр улс мөхлийн ирмэгт тулаад байсан хүнд хэцүү цаг үед хаан ширээнд суусан ажээ. Харьяанд нь байсан аймгууд бослого гарган тэмцэж байлаа. Түрэгийн үндсэн аймгууд ч үймээн хямралд оров. Билгэ хаан энэ бүх байдлаас бэрхшээж хаан ширээнд дүү Күльтегинийг суулгахыг санал болгосон ч тэрээр хаан ор залгах уламжлалт ёсыг зөрчихийг бодсонгүй. Ингээд Билгэ хаан шийдвэртэй арга хэмжээ авч эхлэв. Билгэ хаан суусан боловч үнэн хэрэгтээ бүх эрх мэдэл Күльтегиний гарт байжээ. Күльтегиний тушаалаар өмнөх Капаган хааны ураг төрлийнхөн түүний ойр шадар хүмүүсийг албан тушаалаас нь огцруулж, хүйс тэмтрэн устгав. Эдний дундаас гагцхүү Тоньюкукыг хөндсөнгүй. Учир нь Тоньюкук Билгэ хааны хадам эцэг байснаас гадна ард нийтээр түүнийг хүндэтгэн эмээдэг байсныг харгалзсан ба хэсэг хугацааны дараа Тоньюкукыг мөн төрийн зөвлөх болгожээ. Ингээд Билгэ хаан, Күльтегин нар Уйгурыг довтолж бут цохисноор Токуз, Огузын аймгийн эсэргүүцлийг зогсоож, их хэмжээний олз омгийг олсон байна. 718 оны зун Киданыг бут цохиж, Хянган хавийг дахин эзэллээ. 716 оны өөр хоорондын дайн хямралын үед Хятад руу дүрвэж гарсан Түрэгийн овог аймгууд 718 онд дахин Билгэ хааны захиргаанд эргэж ирлээ. Цэргийн хүчин зузаадан бэхэжсэнээр Билгэ хаан өмнө зүг Хятад руу дайлахыг эрмэлзсэн боловч Тоньюкукын чармайн зөвлөснөөр үүнээсээ татгалзаж харин найрамдлын гэрээ байгуулах элчийг илгээжээ. Энэ үед Түвэдтэй найрамдлыг олоод байсан эзэн хаан Сюаньзун Түрэгийн бэхжиж амжаагүй сул дорой байдлыг ашиглан хялбархан ялж болно хэмээн найдаж энэхүү саналыг эрс няцаасан байна. 720 онд Басмыл, Кидан зэрэг холбоотны морин цэргээр цохилтын гол хүч нь бүрдсэн Хятадын их цэрэг Өтүкений уулсын зүг хоёр замаар довтолжээ. Түрэгүүд Тоньюкук сайдын зөвлөснөөр байлдааны уран нарийн арга хэрэглэж эдгээрийг ээлж дараалан бут цохисон байна. Тоньюкукын толгойлсон цэрэг Басмылыг бут цохиод үлдэн хөөх замдаа Бешбалыкыг эзлэн авчээ. Улмаар Ганьсуд нэвтрэн орж Лянчжоу тойрог дахь Хятадын цэргийг устгажээ. Билгэ хааны толгойлсон хэсэг тэндээс дорно зүг эргэж Кидан нарыг бут цохив. Найрамдал байгуулах тухай Билгэ хааны саналыг Сюаньцзун хаан дуртай хүлээн авчээ. Энэхүү 720-721 оны дайн нь Түрэгийн хаант улсаас Хятад гүрэнтэй хийсэн сүүлчийн дайн байлаа. Хятадын эзэн хаан найрамдалт харилцаагаа эвдэхийг хүсээгүйгээс гадна Билгэ хаан өмнөх Капаган хааны чиг бодлогоос татгалзсан байжээ. Билгэ хаан Хятадтай худалдааны харилцааг аажмаар өргөтгөж эзэн хааны гэр бүлтэй ургийн харилцаа тогтоон хэн хэнийхээ дотоод хэрэгт оролцохгүй байхыг чухалчилж байв. Сюанцзун хаан ч умарт хилээ тайван намжуу байлгасныхаа төлөө их хэмжээний шан харамж хүртээж байжээ. Зөвхөн 727 онд гэхэд л Хятадын эзэн хаан Билгэ хаанд уламжлал ёсоор 30 агт барьсных нь хариуд 100 000 толгой торго бэлэглэж байв. Зөвхөн 724 онд Хятадын цэрэг Кидан Татаби нарын зөрчилдөөнд Татабийн талд тусалсных нь хариуд дорнод хилийнхээ аюулгүй байдлыг сэргийлэх зорилгоор Татабийн эсрэг дайтаж ялсан юм. Харин Хятад, Түрэг цэргийн шууд мөргөлдөөн гарч байсангүй. 723-724 оны өвөл цаг Түрэгүүдийн хувьд тун хүнд хэцүү байсан бөгөөд зудаас болж олон малаа алджээ. Хавар нь Огуз ба Татартай дахин байлдаж эхэлсэн нь өмнөх жилүүдийн ололт амжилтыг алдах аюулд хүргэв. Асар их хүчин чармайлт гаргасны хүчинд босогчдыг дарж дотоод байдлаа төвшитгөж чадлаа. 727 онд Билгэ хаан Түвэдээс дэвшүүлсэн цэргийн холбоо байгуулах явдлаас татгалзсаныхаа шанд Хятадтай хилийн худалдаа өргөтгөх боломж бүрдүүлжээ. Энэ үеэс эхлэн Түрэгийн хаанд жил бүхэн их хэмжээний торго бэлэглэх болжээ. 731 онд Күльтегин нас нөгчив. Билгэ хаан ихэд гашуудан түүний дурсгалд сүр төгөлдөр тахилын онгон байгуулсан ба энэ явдалд Хятадын хаанаас тусгай элч томилон илгээж гашуудлын үг хүргүүлэхийн хамт чулууч урчууд гарган тахилын сүм цогцолж үзэмжтэй сайхнаар чимэглэн хөшөөний үг сийлүүлжээ. Билгэ хаан ч төдий л удаан насласангүй, 734 онд шадар хүмүүсийнх нь нэг болох Мэйлучжо гэгч хорлон алжээ. Хаан амьсгал хураахын өмнө хорлогчийг цаазаар авч ураг төрлийнхнийг нь бүгдийг хүйс тэмтрэн устгаж амжжээ1. Хятадын эзэн хаанаас энэ явдалд мөн л дээрхийн адил хүндэтгэл үзүүлсэн байна. Түрэгийн түүхийн энэхүү догшин ширүүн дуулиант он цагийн түүхийг бүтээлцэж явсан ах дүү хоёрын тахилын онгон эдүгээ Орхоны Хөшөө Цайдамын хөндийд он жилийн уртыг давж хадгалагдан үлдсэн нь өөрсдийн түүхээ өөрсдийн гараар туурвин үлдээсний биет дурсгал болон мөнхөрчээ.

Түрэгийн хожуу хаант улсын мөхөл

[засварлах | кодоор засварлах]

Билгэ хааны орыг залгасан түүний хөвгүүд Ижань хаан (734-739) ба Тэнгри хаан (740-741) эцгийнхээ бодлогыг үргэлжлүүлэхийг зорив. Гэвч 741 онд хаант улсын задрал эхэлсэн бөгөөд харьяат нутгуудыг захиран суусан Ашина овгийн засаг ноёд төв засгийн газартаа захирагдахаа больж эхлэв. Насан балчир Тэнгэри хааныг түүний авга ах Кутлук ябгу хороож хааны эрхийг булаан авсан байна. Уйгур, Басмыл, Карлукын холбоотой дайн эхлэж энэ дайнд Кутлук ябгу амиа алджээ. Ийнхүү 745 онд Түрэгийн хаант улс эцэслэн мөхөв. Газар нутгийнхаа зарим хэсгийг хадгалан үлдсэн Түрэгийн аймаг овгууд хожмын түүхэн үйл явдалд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэж чадсангүй. Билгэ хааны авч явуулсан арга хэмжээнүүд нь Түрэг улсыг түр зуур сэргээн эдийн засаг улс төрийн хүнд байдлаас гаргасан юм. Энэ үеийн төрийн бодлогод Түрэг улсын гурван хааны төрийн зөвлөх асан мэргэн Тоньюкук их үүрэгтэй байжээ.

Тоньюкукын дурсгалд зориулан бүтээсэн хоёр том гэрэлт хөшөө бүхий онгон тахилын сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.Тоньюкук нь тухайн үед Түрэг улс Хятадаас Буддын болон Бомбын шашин авч Түрэгийн хүн ам номхрон зөөлөрч хятадчилагдахаас тун их сэргийлж байсны зэрэгцээ тэдний цэрэг зэвсгийн хүчийг бодитой зөв үнэлж шууд халдан довтлохоос зайлсхийн найрамдлын гэрээ байгуулахыг зөвлөж байлаа. Тухайн үед Түрэг улс хүчирхэг байсныг Билгэ хааны үнэнч шударга эевэргүү сэтгэл, Күльтегиний цэргийн ур чадвар, Тоньюкукын эр зориг, туршлага ухаантай холбон үздэг байна. Улс төрийн эдгээр мэргэн бодлоготнуудын үйл ажиллагааны дүнд Түрэг улс нэгэн үе сэргэн эдийн засаг, улс төрийн хүнд байдлаас гарч чадсан авч цаашид удаан насалсангүй. Зэвсгийн хүчээр нэгтгэн авсан овог аймгуудад эдийн засгийн холбоо тогтоож чадаагүй, язгууртан ноёд дайны хөлөөр улс төрийн эрх, хүчин чадлаа эрс нэмэгдүүлсэн нь тэднийг тусгаар тогтнох бодлого явуулахад хүргэсэн, тэрчлэн эзлэгдсэн аймаг ястнуудын эрх чөлөөний хөдөлгөөн зэрэг нь Түрэг улс унахын гол шалтгаан болжээ.

Түрэгийн аж ахуй

[засварлах | кодоор засварлах]
Монгол Улс, Төв аймаг дахь Шороон бумбагарын дурсгал, Хөх Түрэг, МЭ 7-р зуун[11]

Түрэгүүд нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг байжээ. Хятад сурвалжид тэднийг майхан, эсгий гэрт сууж өвс усны аяыг даган нэг газраас нөгөө газарт нүүдэллэдэг, мал аж ахуй, ан гөрөө эрхлэн махаар хооллож айраг уух ба арьс ноосон хувцас өмсдөг хэмээн өгүүлжээ. Түүнчлэн эртний түрэгийн хөшөөний бичээсэнд түрэгийн баян язгууртан хүн хэд хичнээн адуутай байсан тухай ч бичсэн зүйл бий. Үүнээс үзэхэд нүүдлийн мал аж ахуй тэдний эрхлэх гол ажил байсан ба энэ нь эртний судлалын олдвороор ч нотлогддог юм. Үүнд, эртний түрэгийн үеийн булшинд, унаж явсан морийг нь эмээл, хазаар, тоног хэрэгслийн хамт дагалдуулан тавьдаг нийтлэг заншил харагддаг билээ. Түрэгүүд Алтайгаас анх гарах үес газар тариалан эрхэлж байсан ба хожим Орхонд төвлөн суухдаа энэхүү уламжлалаа үргэлжлүүлэн бүр өргөн хэмжээгээр тариалах оролдлого ч гарч байжээ. Тухайлбал, Можо хаан Хятадаас 100 000 ху үр, 3000 тариалангийн багаж зэвсэг шаардаж байсан мэдээ бий. Түрэгийн дурсгал малтан судлахад тарианы ажлын багаж, сав суулгын зүйлс олддог. Гэвч нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлж үргэлж нүүж байдаг, цаг үргэлжийн дайн тулаан хийгээд орон нутгийн байгал, газар зүйн онцлогоос шалтгаалан газар тариалан нь мал аж ахуй шиг нийтийг хамран өргөн хэмжээгээр хөгжиж чадаагүй байна. Түрэгийн аж ахуйн туслах чанарын нэг салбар нь ан гөрөөний ажил байв. Тэр үеийн булшнаас буга, янгир, хандгайн эврээр хийсэн эдлэл хэрэглэлийн зүйл олддог нь хүнс тэжээлийн зарим хэрэгцээг ан гөрөөгөөр хангаж байсныг гэрчилдэг. Гөрөөлсөн ан амьтныхаа махыг нь идэж арьс ширийг нь хувцас хийх, гэр орноо бүрэхэд хэрэглэдэг байжээ. Түүний хамт үнэт үслэг ангийн арьсыг хувцсанд хэрэглэх, алба татвар авах, худалдаа арилжаанд гаргах зэргээр ашигладаг байв. Нийт Төв Азийн нүүдэлчин аймгуудын нэгэн адил ав гөрөө нь аж ахуйн ач холбогдолтойгоос гадна дайн байлдааны бэлтгэл сургууль болдог байжээ. Манай оронд буй хадны зургийн дотор нум сумаар гөрөөс авлаж байгааг дүрсэлсэн зүйл байхын хамт булшнаас ан амьтны яс элбэг олддог билээ. Түрэгүүд Y зууны үед Алтайгаар нутаглан Нируны харьяанд байх үеэсээ төмрийн хүдэр малтан боловсруулж, төмөр эдлэлээр алба барьдаг байсан ба эртний булш оршуулгаас, төмрийн дархны ажил хийж байсныг гэрчлэх биет хэрэглэгдэхүүн их олддог. Түрэгийн төмөр хайлах ажлын чанар, төвшинг, тэр үеийн булшнаас олдсон төмөр эдлэл, зэр зэвсгийн зүйлсээс тоймлон мэдэж болох юм. Байлдааны зориулалттай олон төрөл зэвсэг үйлдвэрлэж байснаас, зөвхөн сумын зэв гэхэд л хорь гаруй төрөл, түүнчлэн илд, сэлэм, жад, чичлүүр хутга, байлдааны сүх гэх мэт олон төрөл зэвсэг, мөн ялтсан хуяг, бамбай, морины хуяг, шөрөг төмөр зэрэг хамгаалалтын чанартай зэвсгийг уран чадмаг хийдэг байв. Тухайлбал, Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт буй Өнгөтийн хөшөө хэмээх дурсгалаас, дайсан довтлох үед тараан хаяж саатуулах зорилготой, газарт хаяхад дөрвөн үзүүрийн нэг нь заавал дээш харж унадаг, шөрөг хэмээх хамгаалалтын зэвсэг олон гарсан нь тэр үед төмөр хайлах ажил эрчимтэй хөгжиж, дайн байлдааны зэр зэвсэг хийхэд голлон чиглэж байсныг харуулдаг.

Түрэгийн соёл, Худалдаа

[засварлах | кодоор засварлах]

Түрэгийн холбогдолт эртний дурсгалт зүйлсийн дотор исгэрэх зэв, нарийн хийцэт нум, төмөр дөрөө, хазаарын амгай зуузай, эмээлийн гох дэгээ, бүсний үнэт товруун чимэглэл, унжлага зэрэг зүйлс элбэг тохиолддог нь зөвхөн төмрийн дарх төдийгүй мөн уран дархны ажил бузгай сайн хөгжсөнийг гэрчилж байна. Сурвалж бичгийн мэдээнээс үзэхэд, түрэгүүд нүүдлийн мал аж ахуй голлон эрхлэх боловч тодорхой хэмжээгээр хот орон байгуулж байсан нь мэдэгддэг. Тухайлбал, түрэгийн хөшөөний бичээсэнд «миний эцэг хаан анх 7 эрийн хамт мордлоо. Түүний зах нутагт явсныг хотуудад суугсад сонсоод хотоос угтан гарч, ууланд суугсад уулнаас угтан бууж, бүгд нийлэн 70 эр болов» хэмээн өгүүлдэг. Тэрчлэн Дундад улсын түүхэнд, «Түрэгийн ханьли юаньи овгийн ноён Гудулу/Күтүлүг-ийн харьяат түрэгүүд Цун Цай уулын дэргэд суурьшиж, Хэй-Ша хотыг барьсан байна. Тэдний тоо 5 000 хүн болж байсан» гэж 682 онд тэмдэглэжээ. Хэдийгээр, эртний судлалын шинжилгээгээр одоо хир Түрэгийн гэгдэх хот суурины дурсгалыг илрүүлэн судалсан зүйл үгүй боловч дээрх мэдээ баримтаас үзэхэд түрэгүүдийн дунд хот суурин барьж байгуулах ажил хөгжиж байсан нь илэрхий байна. Үүнийг нотлох биет баримт бол тэдний бүтээсэн тахил шүтээний барилга байгууламж болно. Эдгээрийг, тоосгоор барьж дээврийг тосгуур, нүүр ваараар чимэглэн, гаднах хэрмийг тойруулж усан татаал хийдэг байснаас гадна ус гүйлгэх тусгай шатаасан шавар хоолой ашиглаж байсан нь хот орон барих арга ухаан хөгжиж дэлгэрснийг харуулдаг билээ. Мөн чулууны ур дарх сайтар хөгжсөн нь тэдний бүтээсэн хүн чулуу, арслан, хонь зэрэг цоолбор дүрс, гэрэлт хөшөө урлан хийж байсан баримтаас тодорхой мэдэгддэг. Түрэгүүдийн дунд дотоодын арилжаа өрнөж овог аймгууд хоорондоо худалдаа солилцоо хийж байснаас гадна Хятад, Дундад Азийн улсуудтай ч харьцаж байжээ. Нангиад сурвалж бичигт түрэг, хятадын хооронд хилийн худалдаа хөгжүүлж зах зээл нээж байсан мэдээ бий. Монгол нутгаас, түрэгийн үед холбогдох Тан улсын зоос элбэг олдохоос гадна тухайн үеийн булшнаас хятадын торго зэрэг эдийн үлдэгдэл гардаг байна. Эдгээр нь зөвхөн дайн тулааны олз төдий бус мөн арилжаа худалдаагаар орж ирсэн зүйлс болно.

Түрэгийн хаант улс нь төв азийн бусад нүүдэлчдийн нэгэн адилаар нүүдлийн мал аж ахуйг тэр дундаа адууг эрхэмлэн өсгөдөг байжээ.Нэгэн язгууртан Уюк Тураны хөшөөнд “Би зургаан мянган адуунаасаа салж одов” гэсэн байдаг бол өөд бологсдоо унаж явсан морь, эмээл хазаартай нь хамт оршуулдаг ёс заншилтай байжээ.Эмэгтэй хүн оршуулсан булшнаас гар тээрмийн чулуу, хүн чулуут булшнаас анжисны төмөр хошуу гарсан нь түргүүд газар тариалан эрхэлдэг байсныг гэрчилнэ. Хятадын сурвалжид тэднийг майхан, эсгий гэрт сууж, өвс усны аяыг дагаж нэг газраас нөгөө газарт нүүдэллэдэг, МАА, ан гөрөө эрхлэн махаар хооллож, айраг уух ба арьс ноосон хувцас өмсдөг хэмээн өгүүлжээ. Алтай хавийн нутаг,долоон усны сав газрын Түрэгүүд газар тариалан эрхэлдэг байсан. Тариалангийн ажил Можо хааны үед нилээд хөгжсөн бөгөөд тэрээр хятадаас 10000 ху будааны үр, 3000 гаруй багаж хэрэгслийг худалдан авч байсан баримт бий. Ойн бүсээр суудаг иргэд нь цаа буга маллаж, ачлага уналгадаа ашиглах, мах сүүгий нь хүнсэндээ хэрэглэх, арьс ширээр нь хувцас хунар хийх, гэр орноо бүрэх зэргээр амьдардаг байв. Ан гөрөө туслах аж ахуйн хэлбэрээр хөгжиж хар булга, хэрэм зэрэг ангын арьсаар алба авдаг байв. Түрэгүүд байлдааны зориулалттай олон зэвсэг үйлдвэрлэдэгээс зөвхөн сумны зэв гэхэд л 20 гаруй төрөл түүнчлэн илд, сэлэм, жад чичлүүр хутга, байлдааны сүх зэрэг олон төрөлийн зэвсэг мөн ялтас хуяг, бамбай, морины хуяг, шорог, төмөр зэрэг хамгаалалтын чанартай зэвсгийг уран чадамгай хийдэг байв. Тэд төмрөөр төдийгүй алт, мөнгө, зэс, туглагаар эд, эдлэл,гоёл чимэглэлийн зүйлсийг чадварлаг хийдэг байжээ. Түрэгүүд дотооддоо арилжаа наймаа хийхийн зэрэгцээ Хятад, Дундад Азийн улс орнуудтай худалдаа хийж байсан тухай мэдээ байдаг. Түрэгийн хаант улс нь торгоны замд ноёрхлоо тогтоож байсан. Түрэгийн гол шүтлэг нь бөө байсан бөгөөд тэд галыг тахиж, дөлөөр нь жилийнхээ өнгийг шинждэг байсан гэдэг. Түрэгүүд YII зууны дунд хүртэл талийгаачдаа шатааж, тэднийхээ сүнсийг галын дөл, утаагаар дамжуулан тэнгэрт илгээж байв. Чандарыг шавар саванд хийж газар булан морь, зэр зэмсэг, эдэлж байсан бусад зүйлийн хамт оршуулж дээр нь дөрвөн чулуу тавьж гортиг татдаг байжээ. Энэ бүхэн урлагийн бүтээлд бүрэн тусгалаа олсон байдаг. Гэвч тэд 7-р зуунаам хойш шаоилыг чандарлалгүй оршуулах болсон байна. Энэ тухай хятад сурвалжид тэд эцэг өвгөдийнхөө ёс заншлыг гээж тэднийг доромжилж байна гэж бичжээ.

Нийгмийн давхрага

[засварлах | кодоор засварлах]
Шинжаан дахь Түрэгийн үеийн барималууд

Түрэгүүд төр улсаа байгуулан түүхийн тавцанд мандан гарсан үеэсээ өөрийн улсыг Эл улс хэмээн нэрлэж ирсэн байна. Энэхүү Эл хэмээх үгийн утгын талаар тайлбарласан олонхи эрдэмтдийн саналыг үзэхүл энэ нь гарал угсаа нэгтэй олон аймгийн зохион байгуулалттай нэгдэл гэж үзүүштэй байна. Түрэг улсын анхны хаан Буман өөрийн биеийг Эл хаан хэмээн цоллосон нь улсын хаан гэсэн утгыг агуулжээ. Тэрчлэн Орхон-Енисейн бичээст олонт гардаг Бүдүн хэмээх үг бол нийт ард түмэн, иргэн гэсэн утгыг илтгэсэн бололтой. Түрэгийн төр улсын толгойлогч нь хаан (каган) байв. Үүний зэрэгцээ мөн хан хэмээх цолыг ч хэрэглэдэг байжээ. Энэхүү хаан, хан цолыг түрэгүүд өмнө оршиж байсан Нирун улсаас уламжлан авсан гэх бөгөөд хожим нь монгол, түрэг угсааны бүх нүүдэлчдийн дунд өргөн тархан хэрэглэгдэх болжээ. Төр улсын дотор хааны дараа орох албан тушаал бол ябгу байв. Энэ цолыг Баруун Түрэгийн хаант улсын захирагчид хүртэж, угсаа залгамжлан эдэлж байжээ. Ябгу нь хаан төрийн залгамжлагч биш, харин угсаа залгамжлагч хунтайз нь эрхлэх албан тушаалаас үл хамааран тегин цол авдаг байжээ. Хаан угсааны засаг ноёдод шад цол олгодог. Эдгээрээс дооших тушаалыг Ашина овогт үл хамаарах язгууртнууд авдаг, гэхдээ бүх албан тушаал нь үе залгамжилдаг байв. Буюрук хэмээх мөн нэгэн томоохон албан тушаал байсан бөгөөд түүнийг зарим эрдэмтэн тушаал олгогч, шийдвэр өгөгч гэсэн утгатай хэмээн тайлбарладаг. Түүнчлэн тархан хэмээх цол байсан нь алба татвар хураагч түшмэдийн нэр гэдэг. Мөн үүнийг алба гувчуураас чөлөөлөгдсөн тусгай эрхтэй хүмүүст өгөх цол гэх зэргээр тайлбарладаг. Түрэгийн нийгмийн доторхи сурвалжит язгууртан нарыг нийтэд нь бег хэмээн нэрлэж байв. Дээр дурдсан ябгу, шад болон буюрук, тархан хэмээх цолтонгууд нь бегүүдийн дундаас гавьяа зүтгэл буюу угсаа гарлаараа тодрон гарсан том сурвалжтанууд болно. Эд цөм бегүүдийн давхаргад багтаж байсныг батлах зүйл гэвэл, Күльтегиний хөшөөний бичээст буюрук, тархан нарын цолыг тавихдаа бег гэдгийг нь хамт бичсэн байдаг. Сурвалж бичигт өгүүлснээр Түрэгийн нийгэмд цэрэг иргэний 28 зэрэг дэв байсан гэдэг. Ямарваа зэрэг хэргэм, өндөр угсаа сурвалжгүй эгэл жирийн чөлөөт иргэнийг кара бүдүн гэж нэрлэдэг байжээ. Түрэгийн нийгэм нь зүүн, баруун жигүүр болон хуваагддаг байсан нь цэрэг дайны зохион байгуулалттай холбоотой юм. Зүүн жигүүрийг төлөс, баруун жигүүрийг тардуш гэдэг байжээ. Эзлэгдсэн орны язгууртан сурвалжтаныг устган үгүй хийж, тэнд захиран суух албан тушаалтныг Түрэгийн бегүүдийн дундаас сонгодог байсан.

  1. "The tamga of the royal clan of the first Turkish empire was a neatly drawn lineal picture of an ibex", Kljastornyj, 1980, p. 93
  2. Sinor 1969, p. 101.
  3. Peter Roudik (2007). The History of the Central Asian Republics. p. 24.
  4. Golden, Peter B. (2011). Central Asia in World History.
  5. Roux 2000, p. 79.
  6. Smirnova 1952.
  7. Vovin 2019, p. 133.
  8. Turchin, Peter; Adams, Jonathan M.; Hall, Thomas D. (December 2006). "East–West Orientation of Historical Empires". Journal of World-Systems Research. 12 (2): 222. ISSN 1076-156X. Татаж авсан: 16 September 2016.
  9. Taagepera, Rein (1979). "Size and Duration of Empires: Growth-Decline Curves, 600 B.C. to 600 A.D.". Social Science History. 3 (3/4): 129. doi:10.2307/1170959. JSTOR 1170959.
  10. Түрэг улс
  11. ШОРООН БУМБАГАРЫН ДУРСГАЛ
Өмнөх
Нирун улс
Хөх Түрэгийн хаант улс
552-582
Дараах
Зүүн Түрэг
Баруун Түрэг
Өмнөх
Хөх Түрэгийн хаант улс
Зүүн Түрэг улс
590-630
Дараах
Тан улс
Сеяньто
Өмнөх
Зүүн Түрэг улс
Хятадын ноёрхолын үе
630-682
Дараах
Хожуу Түрэгийн хаант улс
Өмнөх
Тан улс
Уйгур
Хожуу Түрэгийн хаант улс
682-745
Дараах
Уйгурын хаант улс