Jump to content

Жонду дурал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жонду дурал ноён бол Монголын их хаан Дарайсүн гүдэн хааны хоёрдугаар хөвгүүн. Хиад яст боржигин овогтон. Цол нь Дурал ноён. Дарайсүн гүдэн хаан түүнд Цахарын Хуучид аймгийг өмч болгожээ. Түүний эзэмшил нутаг нь Хянганы нурууны зүүн хэсэгт, Тайнин харуул, Фуюй харуулын нутагт байв. Жонду дурал ноён өөрийн ах Түмэн засагт хаан болон бусад ноёдын хамтаар Мин улсын Ляодун, Хэбэй мужийн хотууд руу олон удаа довтлон дээрэм тонуул хийж байв. 1579 онд Түмэн Засагт хаан, Буян сэцэн тайж, Хөхэчүдэй мэргэн тайжийн хамтаар 12 түмэн цэргээр Мин улсын Ляодуны хязгаарыг довтлов. 1580 онд Түмэн хааны хамтаар Шанхайгуань руу довтлов. 1584 онд Буян сэцэн тайж, Багабаатар тайж нарын хамтаар Шэньян хот руу довтлов. 1587 онд Гуаннин, Жинжоу, Ижоу зэрэг хот балгад руу 10 түмэн цэргээр довтлов.

Тэрбээр Дэгэлэй эрдэнэ хэмээх хөвгүүнтэй. Дэгэлэй эрдэнэ ноён Заан дүүрэн ноён, Болд эрдэнэ жүн ван, Бабун түшээт ноён хэмээх гурван хөвгүүнтэй.

Заан дүүрэн ноён Гармаа хэмээх ганц хөвгүүнтэй. Гармаа ноён 1653 онд Чин гүрэнд дагаар орж, засаг төрийн жүн ван болж, Хуучид баруун хошууны засаг ноён болов.

Болд эрдэнэ жүн ван 1646 онд Чин гүрэнд дагаар ороход, засаг ноён төрийн бэйл цол соёрхож, Хуучид зүүн хошууны засаг ноён болов. 1650 онд засаг төрийн эрдэнэ жүн ван хэргэм соёрхож, үе улирах болгов.