Мажардай
Мажардай (ханз: 馬札兒台, пиньинь: Mǎ zhá er tái) (1285-1347) нь монголын мэргид овгийн Баян чинсангийн дүү бөгөөд Тогтох чинсангийн аав юм. Тогоонтөмөр хааны үед төвлөн засах яамны баруун гарын чинсангийн албан тушаалд томилогдож асан улс төрч юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Мажардай нь 1285 онд мэргид овгийн Жинжирийн бага хөвгүүн болж төрсөн. Хүлэг хааны үеэс төрийн албанд зүтгэж эхлэн хунтайж Аюурбарбадын шадар түшмэл байсан. 1312-1323 оны хооронд түшмэлийн яамны ланжун түшмэл, жигүүрийн сайд, цэргийн яамны сайд, заргачийн яамны заргач, Даду чөлгөөний даргач, нийслэл хотын цэргийн захирагч зэрэг албан тушаалд тус тус томилогдон ажиллаж явсан.
1327 онд Шанси муж дахь зарга шийтгэх яамны салбарт очиж ажиллахдаа өлсгөлөн болоход өөрийн хөрөнгөөр туслаж байсан. 1328 онд түүний ах Баян нь Тугтөмөр хааны талд зүтгэж гавьяа байгуулсан тул Мажардайг Шанду хотын сахигч түшмэл, Тайфу цин түшмэлээр томилогдов. 1334 онд Тогоонтөмөр хааны зарлигаар Зарга шийтгэх яамны сайд, курё-зүрчид-хятад цэргийн түмтийн ноён, далайн ам сахих цэргийн даргач, цэргийн явдлын хүрээлэнгийн хэрэг мэдэгч зэрэг албан тушаалд давхардуулан томилсон. 1337 онд тайбо болж тушаал дэвшин, монгол нутгийг сахихаар одсон. 1340 онд Баян чинсан төрийн эрх мэдлээ алдаж зайлуулагдсны дараа Мажардайг баруун гарын чинсангаар томилсон ч, тэр жилдээ өвчнөөр шалтаглаж огцорсон. 1341 онд жун ван (忠王) цол хүртэж, хөвгүүн Тогтох нь баруун гарын чинсан болсон. 1347 онд өвчнөөр Ганьсүд нас барсан. 1352 онд хааны зарлигаар дэ ван (德王) цол нөхөн өргөмжлөн, бичгийн утгачийн хүрээлэнгийн түшмэлд тушааж Мажардайд гэрэлт хөшөө босгуулсан.
Ахмад хөвгүүн нь Тогтох чинсан, удаах хөвгүүн нь Есөнтөмөр.[1]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Юань улсын судар/138-р дэвтэр: Мажардайн шастир". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-03-11.