Махатма Ганди

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хадмал толь
гужарат મહાત્મા ગાંધી
хинди महात्मा गांधी
латин Mahatma Gandhi
Махатма Ганди
Бүтэн нэр મોહનદાસ કરમચંદ ગાંધી
Мохандас Карамчанд Ганди
Төрсөн өдөр 1869 оны 10 сарын 2 (1869-10-02)
Төрсөн газар Британийн Энэтхэг, Порбандар
(өнөөгийнхөөр Энэтхэг, Гужарат)
Улс орон Британийн Энэтхэг (анх)
Flag of India.svg Энэтхэг (хожим)
Өнгөрсөн өдөр 1948 оны 1 сарын 30
(78 насалсан)
Өнгөрсөн газар Энэтхэг, Дели, Шинэ Дели
Ажил үйл улс төрч
Хоч нэр Махатма Ганди
(хүндэт Ганди)
Бапу (эцэг)

Маха́тма Га́нди хэмээн алдаршсан Моханда́с Карамча́нд Га́нди (1869-1948; 78 насалсан) — Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, улс төрч байв. Түүний нөлөөгөөр Энэтхэг Британийн эзэнт гүрнээс 1947 онд тусгаар тогтносон.

Гандийн иргэний хүчирхийлэлгүй тэмцэл нь дэлхийн дахинд иргэний эрхийн төлөө тэмцлийн жишиг жим зурж, дэлхийн колоничлолын задралд нэмэр болжээ. Энэтхэгт түүнийг «Махатма» (хүндэт), «Бапу» (эцэг) гэж авгайлсан.

Бага залуу нас[засварлах | edit source]

Мохандас Карамчанд Ганди 1869 оны 10 сарын 2-нд Британийн Энэтхэгийн Катявар бүсийн (өнөөгийн Гужарат мужийн) Порбандар хотод хиндү шашинт, худалдаачин ангийн айлд төржээ.

1876 он. 7 настай
1902 он. Ганди эхнэрийн хамт

Түүний өвөг Уттамчанд, эцэг Карамчанд (1822–1885) нар Порбандар нутгийн ноён (рана)-ы сайдаар ажиллаж байв. Карамчанд дөрвөн эхнэр авсан ба эхний хоёр нь нас залуу өөд болж, гуравдугаар нь үр хүүхэд төрүүлсэнгүй.

Харин Карамчанд Гандийн дөрөвдүгээр эхнэр Путлибай (1844–1891) гурван хүү, нэг охин төрүүлсэний отгон нь Мохандас Ганди байв. Мохандас Ганди 1876 онд сургуульд элсэн суралцсан ба англи хэлнээс бусад хичээлд сайн дүнгүй байв.

1883 онд 13 насандаа Мохандас Ганди 14 настай Кастурбатай тус нутгийн заншил ёсоор эцэг эхийн тохируулсанаар гэрлэв. Тэр хоёр Харилал (1888 онд төрсөн), Манилал (1892), Рамдас (1897), Девдас (1900) нарын дөрвөн хүүтэй болсон.

1888 онд ерөнхий шалгалтанд орж 800 сурагч шалгаруулсан дотор багтаж Самалдасын дээд сургуульд орсон ч өвчин ороож, нэг жил хэртэй сураад сургуулиа төгсөлгүй гэрээ санаад Порбандарт буцан иржээ.

Англид очсон нь[засварлах | edit source]

1888 онд Мохандас Ганди төрөлх нутгаа орхин далайн чанадын Англид очив. Хууль, эрх зүйн чиглэлээр суралцаж, өмгөөлөгчийн ажилд дадлагажсан. Англи соёл суралцаж, хиндү, буддын шашны судрыг орчуулалцаж шашныг сонирхон судалжээ. Мөн цагаан хоолтны нийгэмлэгт оролцжээ.

1891 онд Энэтхэгт буцаж Бомбейн хууль шүүхийн газар ирж ажилласан боловч санасан үйл нь амжилттай бүтээгүй. 1893 онд Энэтхэгийн Дада Абдулла компанитай гэрээ байгуулж Британийн Натал колони (Өмнө Африк) руу ажиллахаар явсан.

Өмнө Африкт хүний эрхийн төлөө[засварлах | edit source]

1900 он. Энэтхэг сайн дурын түргэн тусламжийн баг

Ганди 25 настайдаа 1894 онд Өмнө Африкт ирэв. Натал колонид Их Британийнхан элсэн чихэр тариалуулдаг байсан бөгөөд Энэтхэгээс ажиллах хүчин ихээр татаж авчирсан. Энэтхэгээс ирсэн хүмүүс хиндү шашинт ажилчин, лал шашинт баян гэсэн хоёр давхраанд хуваагдсан байв. Ганди хэдийгээр лал шашинт худалдаачин баяны хуулийн зөвлөхийн ажил хийхээр ирсэн боловч энэтхэгчүүдийг нэг цул болгон бодох болжээ. Ганди эхэндээ хүний эрхийн хувьд цагаан арьстны дараа энэтхэг, дараа нь нутгийн уугуул зулу гэх мэт байна гэж бодсон боловч арьс өнгөний ойр байдлаар энэтхэгчүүд энд ихээр дарлагдаж байлаа. Ганди 1894 оноос «Наталын энэтхэг хурал» гэсэн байгууллага үүсгэн энд байгаа энэтхэг хүний эрхийн төлөө ажилладаг болсон.

1909 он. Өмнө Африкт байсан үе

Гандийн улс төрийн үзэл санаа, улс төрийн манлайлал Өмнө Африкт байсан жилүүдэд тогтсон бөгөөд хүчирхийлэлгүй тэмцлийн аргуудыг сонгон хэрэглэх болжээ. Колонийн захирагчид энэтхэгчүүдийг сонгуульд санал өгдөг болгохыг хүссэн захидал бичиж, цагаан арьст цагдаа, бөөн олонд зодуулсан ч хүч хэрэглэн эсэргүүцэхгүй байж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, шударга бус байдлын эсрэг Өмнө Африкийн хууль ёсны хүрээнд үгээ хэлсээр байв.

1900 оны Британи-бурын дайн, 1906 оны Британи-зулугийн дайнд Ганди сайн дурын дамнуургачны энэтхэг баг байгуулж шархдсан Британийн дайчдад тусламж үзүүлж байсан нь энх тайвны төлөө, энэтхэгчүүдийн сонгуульд оролцох эрхийн төлөө сэтгэл хөдөлгөм үйлдэл байв.

Хэдий тэмцэл шаардлага нь шийдвэртэй үр дүнд хүрч чадаагүй ч уур амьсгалыг өөрчилж Өмнө Африкийн засгийг тэргүүлж байсан Ян Смэтс Гандийг авч уулзаж байв.

Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө[засварлах | edit source]

Дэлхийн нэгдүгээр дайны үе[засварлах | edit source]

1918 он. 49 настай

1915 онд Ганди 46 настайдаа Чарлес Эндрью зөвлөснөөр, Гопал Гохалын урилгаар Энэтхэгт эргэн ирэв. «Энэтхэгийн үндэсний хурал» намын хурлын даргаар Ганди томилогдов. Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн аядуу тал Гохалын либерал үзлийг Ганди дэмжсэн.

Дэлхийн нэгдүгээр дайны үед Энэтхэгээс цэрэг дайчлахад дэмжихийг Энэтхэг дэх Британийн амбан захирагч хүссэнийг Ганди хүлээн авав. Энэ үед тэрээр хүчирхийллийн бус гэдэг үгнээсээ буцав уу гэж шүүмжлэгдэж байв.

Гэвч 1918 онд тэрээр өөрийн нэр хүндээ өсгөж чадсан. Ганди Чампаран, Хедад тариачдыг татвар төлөхгүй байх (хүчирхийллийн бус) тэмцэлд нийтээр нь оруулсанаар засгийн газар өлсгөлөнд нэрвэгдсэн газраас татвар авахыг больжээ.

Лал шүтлэгтний дэмжлэгийг олсон нь[засварлах | edit source]

Турк дэх Османы эзэнт гүрэн дайнд ялагдаж халиф байхгүй болсонд Британийн Энэтхэг дэх лал шашинтнууд үгээ нэгтгэж хөдөлгөөн өрнүүлэв. Ганди тэдний төлөөлөгч, илтгэгч байснаараа лал шашинтнаас өргөн дэмжлэг хүртсэн ба Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө хиндү, лал шашинтныг нэгэн талд оруулан хөдөлгөв. Ганди олон соёлын дэмжлэг хүртсэн үндэсний манлайлагч болж 1920 онд намын гол хүн болов.

Үл хамтрах хөдөлгөөн[засварлах | edit source]

1909 онд хэвлэгдсэн «Хинд Свараж» (1909) гэсэн алдарт номдоо Ганди «Энэтхэгчүүд хамтран тусалж байгаагаас Британи Энэтхэгийг ноёрхож байна. Хэрвээ энэтхэгчүүд хамтрахаас татгалзах аваас Британийн ноёрхол унаж, Энэтхэг өөртөө засаглах болно» хэмээжээ. 1920 оноос үүнд нийт ард түмнийг дагуулах нэр хүндтэй болов. Амритсарын тайван тэмцлийг британичууд 1857 оны зэвсэгт бослогыг дарсан шиг цус урсган дарсан нь нийт олны зэвүүг хүргэжээ.

1920-иод оны адаг.
Утас ээрч буй Ганди

1921 онд Энэтхэгийн үндэсний хурал «Өөрийгөө засаглах» (свараж) зорилго бүхий шинэ үндсэн хууль баталжээ. Үл хамтрах үзэл санааны хүрээнд Британи гэх мэт гадаадын бараа хэрэглэхгүй, Британид үйлдвэрлэсэн даавууг хэрэглэхийн оронд гэртээ хийж өмсөх гэх мэт «Өөрийгөө хангах» (свадеши) гэсэн эдийн засгийн тэмцэлийг уриалав.

Британийн хууль шүүхийн газрыг эсэргүүцэх, Британийн өгсөн цол хэргэмээс татгалзах гэх мэтийг мөн ухуулав.

«Үл хамтрах» хөдөлгөөн Энэтхэгийн ард түмний өргөн дэмжлэгийг хүртсэн бөгөөд зарим хурцадсан газар хүний амь хохирч байв. Ганди хүчирхийллийн бус аргаар тэмцэхийг байнга уриалах бөгөөд нийтийг хамарсан тэмцлийг уриалж байв.

1922 оны 3-р сард Гандиг үймээн самуун өдөөсөн хэмээн 6 жилийн хорих ял оноов. Хоёр жилийн дараа 1924 оны 2-р сард Ганди мухар олгой авахуулах болж шоронгоос суллагдав. Түүнийг шоронд байх хугацаанд Энэтхэгийн үндэсний хурал хоёр үзэлд хуваагдаж, хиндү-лал шашинтны хамтрал суларчээ. Сөргөлдөөнийг эвлэрүүлэх, ялгаатай байдлыг нэгтгэн тусгаар тогтнолын төлөө чиглэхийг сануулж Ганди 1924 оны 8-р сард гурван долоо хоног өлсгөлөн зарлаж багагүй амжилт олов.

Давсны татварын эсрэг жагсаал[засварлах | edit source]

Давсны татварын эсрэг жагсаалын дүрс

Ганди намын хэргээс түр хөндийрч архидалт, ядуурал, боловсролгүй байдлын эсрэг анхаарч байв. Британийн засаг нэг ч энэтхэг гишүүн оролцуулалгүйгээр шинэ үндсэн хуулийн өөрчлөлт хийв. Энэтхэг улс төрийн намууд үүнд хориг тавьж, Ганди 1928 онд эргэн ирж Галигдаагийн их хуралд оролцов. Тус хурлаар Ганди Британийн засагт Энэтхэгийг доминион (өөртөө засах улс) болгохыг шаардсан бол Субас Бос, Жавахарлал Неру зэрэг залуу удирдагч нар шууд тусгаар тогтнолыг хүсч нэг жилийн хугацаа заажээ.

Британи хариу өгөхгүй байв. 1930 оны 1-р сард Энэтхэгийн үндэсний хурал Лахорт цуглаж, Энэтхэгийн тусгаар тогтнолын өдөр гэж тэмдэглэв. Орон даяар байгууллагууд тэмдэглэв. Ганди давсны татварын эсрэг хүчирхийлгүй тэмцэл (сатяграха, үнэний төлөө) явуулав. 3 сарын 12-наас 4 сарын 6-ны хооронд Ахмедабадаас Данди хүртэл 388 км жагсан алхлаа. Олон мянган хүн далайн эрэг хүртэлх энэ жагсаалд оролцжээ. Алдарт жагсаалд Британи 60,000 хүнийг шоронд хорьж хариу барьжээ.

Ганди эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дугарч байв. Нүүрээ гивлүүрээр халхлах, бага насандаа гэрлэх зэрэг олон зүйлийг буруутгаж «эмэгтэй хүн өөрийгөө мэдэх цаг ирсэн» гэж байв. Ганди шинэ шашин үүсгэгч мэт олон дагалдагчтай, ард олонд шүтэгджээ.

Британийн төлөөгч Ирвин 1931 онд Гандитай хэлэлцээр үйлдэж, иргэний тэмцэл хөдөлгөөнөөр хоригдсон улс төрийн хоригдлыг суллав. Ганди Энэтхэгийн үндэсний хуралыг төлөөлж ганцаар Британийн Лондонд дугуй ширээний уулзалтад оролцсон ба Европын орнуудаар аялан уулзав. Ирвиний залгамжлагч Уиллингдон үндсэрхэг тэмцлийн хөдөлгөөнийг дарахыг чармайв. Гандиг баривчлан хорив. Шоронд байх хугацаанд өлсгөлөн зарлаж, ард нийт шахамдуулснаар Гандиг суллан Лондонд хоёрдугаар удаа дугуй ширээний уулзалтанд оруулав. Ганди «каст» хэмээх нийгмийн давхарга ангийн тогтолцоог халах, хүний тэгш эрхийг хангахын төлөө тэмцэж байлаа.

1934 онд Ганди намын гишүүнээс татгалзав. Гэвч ганди коммунист, социалист, худалдаачин, оюутан, шашныхан, бизнесийнхэн гэх мэт өргөн хүрээний дэмжлэгтэй хэвээр байв. Ганди Неруг толгойд гарсан 1936 онд улс төрд эргэн оролцов. Гандиг хэтэрхий уян, удаан байна гэж шүүмжилсэн Субхас Бостой үзэл зөрчилдөж байсан ба Гандийн нэр дэвшүүлсэн Паттаби Ситараяма 1938 оны сонгуульд Бост ялагдсанд Ганди өөрөө ялагдсан мэт болжээ.

1942 он. Ганди Неру хоёр

Энэтхэгээс гар хөдөлгөөн[засварлах | edit source]

1939 онд Дэлхийн хоёрдугаар дайн үүсэж Ганди Британийг хүч хэрэглэхгүй, ёс зүйн хувьд дэмжинэ гэв. Олон хэлэлцээр хийсэн ч Ганди Энэтхэг дайнд зэвсэг барин оролцохгүй, харин ардчилсан эрх чөлөөнийхөө төлөө тэмцэнэ гээд Британид хандан «Энэтхэгээс гар» гэж шаардсан хөдөлгөөн өрнүүлэв. Британийн эсрэг байдаг, Британийг дэмждэг аль аль тал Гандиг буруутган шүүмжлэв. Тэд «Нацист Германы эсрэг тэмцэж буй Британийг дэмжихгүй гэдэг нь ёс зүйгүй» хэмээжээ.

Ганди болон намын хорооны гишүүд 1942 оны 8-р сард Британийнханд баривчлагдав. Гандиг Пуне хот дахь Ага Ханы ордонд хорьсон бөгөөд нарийн бичгийн дарга Махадев Десай, эхнэр Кастурба хоёр нь хоригдох хугацаандаа өвчнөөр өөд болов. Гандийн бие ихэд муудсанд үхүүлэхээс айсан Британийн Энэтхэгийн засгийн газар 1944 оны 5-р сард суллажээ. Дайн дуусахад Британи Энэтхэгээс гарна гэдгээ мэдэгдэж 100,000 гаруй улс төрийн хоригдлыг шоронгоос суллажээ.

1944 он. Ганди Жинна хоёр

Хоёр тусгаар улс[засварлах | edit source]

1944 онд Ганди Энэтхэгийн лал шашинтны удирдагч Мухаммад Жиннатай уулзаж нэгэн улс байхыг ятгасан боловч амжилтад хүрээгүй. 1947 онд Британи Энэтхэгийг орхихдоо шашны байдлаар Энэтхэг, Пакистан хэмээх хоёр улс болгон тавьжээ. Үүнд нийтийн эмх замбараагүй байдал үүсч хагас сая хүн алагдаж, 10-12 сая хиндү, сик, лал шашинт хүмүүс хил дамнан дүрвэж, нүүцгээв.

Ганди улс орон хуваагдахын эсрэг байсан бөгөөд аллагагүй эв зүйгээ олохыг сануулан өлсгөлөн зарлав. Үүний үр дүнд Энэтхэг-Пакистаны хэлэлцээр болж хурцадмал байдлыг намжаах, хүний амь бага үрэхийг чухалчилжээ.

Алагдсан нь[засварлах | edit source]

Мохандас Карамчанд Ганди 1948 оны 1 сарын 30 буюу өлсгөлөн зогсоосноос 12 хоногийн дараа Шинэ Дели дэх Бирла харш (одоо музей) буюу гэртээ алагдав. Хиндү махасаба намын долоон алуурчин 20-нд тэсрэх бөмбөг амжилтгүй шидэж, харин 30-ны орой Натурам Годзе гурван удаа буудан Гандийн амийг хөнөөжээ. Годзе хэт хиндү үндсэрхэг үзэлтэн байсан бөгөөд Гандийн хүч үл хэрэглэх үзэл санааг нь эсэргүүцсэн, Пакистаныг зөөлөн тавьж орхисон гэсэн шалтгаан дурдсан гэдэг.

78 насандаа хорвоог орхисон Гандийн үхэл улс орныг харуусалд автуулж 2 сая хүн жагсан эцсийн замд нь үджээ.

Хэлсэн үгс[засварлах | edit source]

  • "Цөхрөх үедээ би түүхийн бүхий л явцад хайр энэрэл ямагт ялж байсан гэдгийг санадаг. Хүчирхэг алуурчид, тирантууд байж, тэд цаг үедээ ялагдашгүй мэт байсан. Гэсэн ч эцсийн эцэст тэд дандаа ялагдаж, унаж байсан юм. Ямагт энэ талаар бод"
  • "Галзуу эвдрэл сүйтгэл учруулж л байвал нас нөгчсөн хүнд, өнчирсөн хүүхдүүдэд, орон гэргүй болсон хүмүүст тэр нь тоталитаризм гэнэ үү либерти гэсэн ариун нэртэй байна уу, юуны ялгаа байна?"
  • "Нүдийг нүдээр сольбол бүх дэлхий сохор болох болно"
  • "Олон үйл хэргийн төлөө би үхэхэд ч бэлэн байна. Харин ямар ч үйл хэргийн төлөө би аллага үйлдэхгүй"

Өв, залгамж[засварлах | edit source]

Бразилын Сан-Паулу дахь Гандийн хөшөө

Гадаад холбоос[засварлах | edit source]

Викимедиа зургийн сан:
«Махатма Ганди»