Монголын үндэсний түүхийн музей
Үндэсний Түүхийн Музей | |
---|---|
Байгуулагдсан | 1924 он |
Байршил | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг |
Цуглуулгын хэмжээ | 60,000 гаруй |
Цахим хуудас | http://www.nationalmuseum.mn/ |
Монголын Үндэсний Түүхийн Музей - нь Улаанбаатар хотод байралдаг Монгол Улсын Соёлын яамны харьяа төрийн үйлчилгээний байгууллага музей юм. Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхим бүхий, сан хөмрөгтөө 50000 гаруй үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей билээ. Үндэсний түүхийн музей нь Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага болно.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Монголд орчин үеийн музей 1924 онд байгуулагдаж, музейн сан хөмрөгөө бүрдүүлж эхэлсэн билээ. Богд хааны ордонд анхны үзэсгэлэнгээ нээж байсан музей өргөжин тэлсээр 1956 онд “Улсын төв музей” болон монголын түүх, угсаатны зүй, урлагийн түүх, байгалийн түүх болон палеонтологийн холбогдолтой бүхий л үзмэрүүд хадгалагдаж байв. Түүнчлэн аймаг бүрт орон нутгийг судлах музей байгуулагдаж нутаг орныхоо түүх, байгалийн онцлогийг тусгасан цуглуулгатай бөгөөд өнөөдөр ч үйл ажиллагаагаа эрхлэн явуулсаар байна.
1980-аад оны сүүл 1990-ээд оны эхэн үед Монголчууд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилал шинэчлэлийн тогтолцоог сонгож, эдийн засгийн чөлөөт хэлбэрт шилжсэн юм. Энэхүү өөрчлөлт нийгмийн бүх салбарт нөлөөлж музей нь бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдсээр ирсэн юм.
1991 онд улсын томоохон музейнүүд цуглуулгаараа төрөлжсөн музей болон шинэчлэгдсэн бөгөөд Улсын төв музей, Хувьсгалын музейн археологи, түүх, угсаатны цуглуулгыг тус тус нэгтгэн Монголын Үндэсний Түүхийн Музейг байгуулжээ. 2008 онд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Монголын Үндэсний Түүхийн музей нь Монголын Үндэсний музей болон нэрээ өөрчилжээ. Монголын үндэсний музей нь монголчуудын түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллага юм. Тус музей нь монгол нутагт хүн аж төрж эхэлсэн нэн эртнээс өнөөг хүртэлх үеийн монголчуудын түүх, уламжлалт соёлын хүрээн дэх 50.000 орчим үзмэрийн цуглуулгатай.
МЭӨ 800.000 жилийн тэртээгээс XX зууны үед холбогдох түүх, археологи, угсаатны зүй, соёлын эд өлгийн зүйлсийг байнгын үзүүллэгийг дэлгэн олон нийтэд үйлчилж байна.
Түүхийн цуглуулга нь археологи, монголын дундад зуун, орчин үеийн түүхийн үзмэрүүд, гэрэл зураг, бичлэг, баримт бичгээс бүрддэг.
Угсаатны зүйн цуглуулга нь монголчуудын эдийн болон оюуны соёлын дурсгалын ай савд багтах баялаг эд өлгийн зүйлс тухайлбал, гоёл чимэглэл, хувцас, хөгжмийн зэмсэг, гал тогооны хэрэгсэл, монгол гэр, гэрийн тавилга, малын уналгын хэрэгсэл, бөө мөргөл, бурхан шашны эд өлгийн зүйлсээс бүрддэг.
Монголын Үндэсний музей (үүнээс хойш МҮМ гэж товчлон бичье) нь байнгын үзэсгэлэнгийн 10 танхим, түр үзэсгэлэнгийн 1 танхимтай. Хүний нөөцийн хувьд 6 хэлтсийн 80 гаруй ажилтан албан хаагчидтай. Мөн Монгол улсын Засгийн газрын ордонд шинээр байгуулагдсан Монгол төрийн түүхийн музей харьяа музейн зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг.
МҮМ нь гадаад, дотоодын музей, олон улсын сан, их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран судалгаа шинжилгээний олон төслийг амжилттай хэрэгжүүлдэг. Солонгосын Үндэсний Музей, АНУ-ын Смитсоны хүрээлэнгийн Байгалийн Түүхийн Үндэсний музей, Пенсильванийн Их сургуулийн Археологи болон Антропологийн музей, Зүүн Теннесси Их сургууль зэрэг олон байгууллагатай хамтарч эрдэм шинжилгээ судалгааны төсөл хэрэгжүүлж байна.
1990-ээд оноос хойш дэлхийн 18 оронд монголын түүхийн талаарх гуч гаруй тусгай үзэсгэлэнг зохион байгуулсан.
Монголын Үндэсний Музейн танхим
[засварлах | кодоор засварлах]Эртний монголын түүх
[засварлах | кодоор засварлах]Монгол дахь чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор 800.000 жилийн өмнө эхэлж, хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үе хэмээн хуваагддаг. Эртний хүний амьдарч байсан бууц суурины дурсгал эдүгээ монголын бүх нутгаас олдож байна.
Хуучин чулуун зэвсгийн үе буюу “Палеолит” МЭӨ 800000-12000 жилийн өмнөх хүмүүсийн гол багаж зэвсэг нь чулууг бутлаж хийсэн хутга мэт зүйл байв. Түүнчлэн яс, эвэр, том биетэй амьтны шүдээр ч зэвсэг хийж байжээ. Монгол дахь хуучин чулуун зэвсгийн хамгийн эртний дурсгал нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дахь Цагаан агуйгаас олдсон чулуун зэвсэг бөгөөд ойролцоогоор 800000 жилийн өмнөх үед холбогдоно. Хуучин чулуун зэвсгийн гол гол дурсгалууд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Өлзийт сумын Уранхайрхан уул, Ховд аймгийн Үенч сумын Үенчийн гол, Алтай сумын Барлагийн голын ойролцоо, Өвөрхангай аймгийн Гучин ус сумын Гучин ус, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх ба Ёроолын дурсгалууд музейн үзүүллэгт бий.
Дунд чулуун зэвсгийн үеийн дурсгалууд
[засварлах | кодоор засварлах]Дунд чулуун зэвсгийн үед (МЭӨ 100 000 - 40 000 жилийн өмнө) хүмүүс “галыг” нээсэн аж. Түүнчлэн эртний хүний уран дүрслэлт сэтгэлгээнийн илэрхийлэл хадны сүг зурагт шингэн үлджээ. Цаг уурын хувьд мөнх цэвдэг мөстлөгийн үе эхлэн аажмаар энэ цаг уурт амьд байгал шилжин зохицож байсан хийгээд орчин үеийн монголын газар нутгийн баруун ба хойд уулархаг бүс нутаг мөстлөгт өртсөн байна. Энэхүү хүйтнээс биеэ хамгаалахын тулд тэр үеийн хүмүүс агуй гэх мэт байгалын хоргодох газарт байрлан, агнасан амьтныхаа арьсаар энгийн хувцас хийж өмсдөг байлаа. Олон төрлийн багаж зэвсэг, хоёр талыг ирлэсэн, тэмдэг хэрчлээ гаргасан зэвсгүүдийг хийх болсон. Левалиуци ба засч янзлах техник гарсан нь эдгээр чулуун зэвсгүүдийг бүтээх бололцоог бүрдүүлжээ. Энэ үеийн дурсгалууд Монголын Ханбогд сумын Оцонмааньтын агуй, Баянхонгор аймгийн Их Богд уул, Өвөрхангай аймгийн Богд сумын Арцбогд, Хархорин сумын Мойлтын ам зэрэг газруудад илэрчээ.
1.Дээд чулуун зэвсгийн үе (МЭӨ 40000-12000 жилийн өмнө) Энэ үеийн төгсгөлөөр мөсөн голын зузаан нь багасаж орчин цагийн газар зүйн нутаг дэвсгэр үүсэн бий болжээ. Уур амьсгал нь өнөөгийхтэй төстэй болж хувирчээ. Чулуун зэвсгийн технологи нь өмнөх үеэсээ хөгжин иртэй зүйл, сумны жад, чулууны хэлтэс, тэвнэ гэх мэт нарийн багаж зэвсгийг чулууг бутлах замаар хийдэг болов. Ан ав хийх арга техник сайжирч, сонгож авах зэвсэг нь жад болжээ. Тэр үеийн хүмүүс агуйгаар орон гэрээ хийж байсан ч, өнөөгийн гэр буюу урцтай ойролцоо байгууламжийг мөн барьж эхэлсэн байна.
2. Дунд чулуун зэвсгийн үе: 12000-7000 жилийн өмнөх үеийг судлаачид хүн төрөлхтөний их нүүдлийн үе хэмээдэг хйигээд хүмүүс хойд зүг рүү нүүдэллэж байжээ. Тухайлбал, Сибир болон Алескыг дамжин төв азийн хүмүүс хойд америкт хүрсэн гэдэг. Хүмүүс холын тусгайлтай анхны зэвсэг нум сумыг сэдэж, болхи газар тариалан эрхэлж, зэрлэг амьтдыг гаршуулах болсон. Эхлээд нохойг тэжээн гаршуулжээ. Увс аймгийн Сагил сумын Можоод илэрсэн хадны зурагны судалгаагаар 5 хошуу малын нэг үхрийг тэжээн гаршуулсаныг батласан юм. Мөн чулуун зэвсэг ч нэлээд боловсронгуй болов. Дунд чулуун зэвсгийн үеийн архелогийн дурсгал болон эд өлөг нь монголд төдийгүй дэлхий дахинд тархсан байдаг ч ерөнхийдөө нэлээд ховор юм. Баянхонгор аймгийн Чихэн агуй, Дундговь аймгийн Дулааны говиос илэрсэн чулуун зэвсэг нь зэрэг дурсгал бий.
3. Шинэ чулуун зэвсгийн үе (МЭӨ 7000 - 3000 жилийн өмнө) Энэ үед эртний хүмүүс гэрийн эртний хэлбэр нүхэн сууц, оромж урц майханг барьж чаддаг болов. Үржил шимтэй голын эрэг хөвөөг даган багахан тариалан, загас, ан агнуур эрхлэн аж төрж байв. Энэ үеийн малтлагаар илэрсэн архелогийн дурсгалт зүйлсээс чулуун зэвсгээс гадна шавраар хийсэн ваарны хагархай, ясаар хийсэн чимэг зүүлтний төрлүүд, энгийн гоёл чимэглэлийн эдлэлүүд илэрчээ. Мөн нас барагсадаа тусгай зан үйлийн дагуу оршуулдаг болсон. Тэд үхсэний дараах амьдралд итгэдэг байжээ. Иймэрхүү оршуулгын газар нь Дорнод аймгийн Норовлин уул, Тамсагбулаг ууланд илэрсэн. Энэ үеийн чулуун зэвсэг нь чулууг бутлан хийдэг эртний арга техникээр зогсохгүй, нүх гаргах, өнгөлөх, ирлэх арга дэлгэрсэн. Анхдагч чулуун зэвсгийн үеийн чулуун зэвсэг нь улам хөгжиж, хуурайдах багаж, сэлэм, зэв мэтийн багаж дэлгэрсэн. Хатуулаг сайтай пийсүү, хаш чулуугаар багаж зэвсгийн чанарыг сайжруулжээ.
4. Хүрэл зэвсгийн үе (МЭӨ 3000- МЭ 300 жилийн өмнө) Монгол дахь хүрэл зэвсгийн үе нь МЭӨ 3000 оноос эхэлдэг. Хүн төрөлхтөн зэс хэмээх металлийг нээснээр чулуун зэвсгийн эрин үеийг хүрэл зэвсгээр сольжээ. Хүрэл зэвсгийн үед эртний нүүдэлчид мал аж ахуйг хөгжүүлж түүнтэй уялдан тухайн үеийн соёл, хувь хүн, өмчийн харилцаа аажим аажмаар өөрчлөгдөж эхэлсэн юм. Энэ үеийн дурсгалуудад дөрвөлжин хэлбэрийн булш бунхан, дөрвөлжин мөн дугуй хүрээгээр хүрээлэгдэж чулуугаар хучигдсан том булшны чулуу байдаг. Мөн төв азийн амьтны загварт урлагийн мянган дурсгал бүхий хадны зураг, хүрэл эдлэл, евроазид цөөн тоотой тархсан буган чулуун хөшөө хэмээх алдарт дурсгал бүтээгдсэн ажээ.
Эртний улсуудын түүх
[засварлах | кодоор засварлах]Тус танхимд Монголын нутагт оршин байсан эртний улсуудын түүхийг өгүүлнэ. Монголчуудын дээд өвөг Хүннү гүрэн (МЭӨ III - МЭ I зуун) хийгээд түүний дараа оршин тогтнож байсан Түрэгийн хаант улс, Уйгар, Хятан улсын (МЭ VI-XII зуун) түүх, соёл, аж ахуйг харуулсан археологийн олдворууд дэлгэгдсэн.
Хүннү гүрэн (МЭӨ III зуун - МЭ I зуун)
[засварлах | кодоор засварлах]Манай эриний өмнөх 2000 жилийн орчим өнөөгийн монголын нутагт талын нүүдэлчид овгийн холбоонд нэгдэн аж төрж байв. Хүннү аймгийн холбоо нь монгол, түрэг, хамниаган болон бусад талын нүүдэлчдийг нэгтгэн монгол нутагт анхны эзэнт гүрнийг байгуулснаар Хүннү гүрэн хэмээн алдаршжээ. Хүннү гүрэн нь хүчирхэг үедээ өмнө зүгт хятадын Цагаан хэрэм умар зүгт Байгаль нуур, баруун тийш Ил Тарвагатай дорно зүгт Солонгосын хойг хүртэлх газар нутгийг эзлэн оршиж байв. Эдүгээ монгол нутгаас олдож буй Хүннүгийн үеийн бууц, тахилын байгууламж, язгууртны болон жирийн иргэдийн булш бунхны дурсгалыг дэлхийн олон орны эрдэмтэд судлан шинжилж байна. Та бүхэн манай үзмэрийн танхимаас 20-р зууны археологийн шинжлэх ухааны нэгэн нээлт Хүннүгийн язгууртны булшны хосгүй нандин олдворууд, орчин үеийн судлаачдын шинжлэн судалж олны хүртээл болгож буй дурсгалуудыг үзэх болно. Хүннүгийн үед нүүдэлчид мал ахуй эрхлэн аж төрж гар урлал, газар тариаланг эрхлэн бурхны болон бөөгийн мөргөл бүхий соёлын өвөрмөц орчинтой байсан нь одоо судалгаагаар батлагддаг. МЭ 5-р зууны үед Хүннү гүрэн задран хоёр хэсэгт хуваагдсан хийгээд умард хүннү нарын зарим хэсэг баруун тийш нүүдэллэн Хар тэнгис орчимд хүрчээ. Тэд Хүннүгийн удмын хаант улс байгуулан сүр дуулиантай томоохон байлдаануудыг хийсэн нь өрнийн түүх сударт тэмдэглэгджээ. Догшин байлдаанч Аттилла хаан бурхны ташуур хэмээн алдаршиж байлаа. Хүннүгийн эзэнт гүрэн мөхсөний дараа Сяньби ба Жужан гэсэн гүрнүүд (I-V зуун) оршиж байжээ.
Түрэг хаант улс (МЭ VI-VII зуун)
[засварлах | кодоор засварлах]Хөх Түрэгүүд МЭ V зууны эхэн хагаст түүхийн тавцнаа тодрон гарсан хийгээд 552 онд Буман Хааны үед төр улсаа байгуулжээ. Хааны хүү Истэми газар нутгийнхаа баруун хэсэг болох Он Оклари-г удирддаг байлаа. Буман хааныг таалал төгссөний дараа, Мо-хан Хааны үед /552-572/ төрт улс нь хүчирхэгжсэн юм. Мо-хан хааны үед өмнөд хөрш Хятадуудтай харьцаа сайтай байсан бөгөөд түүхэнд анх удаа алс холын Бизсантай харилцаа тогтоож байлаа. Түүний дараагаар ирсэн зонхилогчдын ур чадваргүй байдлаас шалтгаалан МЭ 630 онд Хятадын эрхшээлд орж 50 жилийн турш дарлалд автсаны дараа Хөх Түрэгийн сурвалжит Бөрү-гийн гэр бүлээс Көтүлүг Тигин Түрэг угсаатныг дахин нэгтгэж Түрэгийн сүр жавхлант улсыг байгуулсан юм. Көтүлүг Тигиний энэхүү алдар гавьяаг үнэлж Элтэрэс хаан буюу “Улсыг Хураагч” цол олгосон байна. Элтэрэс хааны амжилтанд алдарт жанжин Тоньюкукийн хүчин зүтгэл их байсан юм. Элтэрэс хаан 691 онд таалал төгсөхөд түүний хүүхдүүд балчир байсан учраас заншил ёсоор түүний дүү Капаган ор залгажээ. Капаган хааны үед Хөх Түрэг улсын алтан үе байлаа. Энэ үеийн Хөх Түрэгийн хаант улс нь дорнодод Хятадын тэнгис, өрнөдөд Кавказ, өмнөдөд Түвд, умардад Сибир хүртлэх нутгийг эзэлж байсан бөгөөд энэхүү өргөн уудам нутаг дахь Түрэг угсаатныг нэгэн далбаан дор нэгтгэж чадсан юм. 716 онд Хөх Түрэгийн хаант улсыг Билэг хаан удирдсан бөгөөд түүний дүү Көлтигин болон төрийн жанжин Тоньюкук нарын үед Түрэгийн ард түмэн амар амгалан амьдарч байлаа. Тоньюкук болон Көлтигинийг таалал төгссөнөөс хойш төр улсад үймээн самуун дэгдсэн бөгөөд 734 онд Билэг хааныг насан эцэслэсний дараа хаан ширээнд суусан хаад хуучин төрт улсаа хэзээ ч байгуулж чадсангүй. Ийнхүү Түрэгийн хаант улс мөхөх шалтгаан болсон юм.
Уйгур Улс (МЭ 741-840 он)
[засварлах | кодоор засварлах]Хөх Түрэгүүд нэг талаас Хятад нөгөө талаас өөрсдийн Докуз Огуз /Есөн Огуз/, Карлук болон Басмыл гэх мэт Түрэг овог аймгуудтай дайтсаны улмаас хүчин мөхөстсөн билээ. Орхон болон Сэлэнгийн сав нутгаар нутаглаж байсан Уйгарууд өөрсдийн 3 дахь Түрэгийн хаант улсаа байгууллаа. Уйгарууд Хөх Түрэгийн нэгэн үндэстэн байсан бөгөөд Хөх Түрэгүүд Уйгар болон бусад Түрэг овог аймгуудыг нэгэн далбаан дор нэгтгэж чадсан юм. Уйгарын хаант улс нь худалдаа наймааг чухалчлан үзэхийн зэрэгцээ Хөх Түрэгийн зан заншлыг үргэлжлүүлэн хадгалжээ. Худалдаа наймаа хөгжихийн хэрээр Манихейн сүм хийд байгуулагдан худалдааны төв болон өргөжиж, улмаар албан ёсны шашин нь Манихейзмын шашин болсон юм. Эрэлхэг дайчин Уйгарын ард түмний соёл урлаг, худалдаа наймаа хөгжсөн хэдий ч цагийн эрхээр хүчин буурч хойд хөрш Кыргиз Түрэгүүд Уйгарын нийслэл рүү довтолсноор Уйгарын хаант улс мөхсөн юм. Ийнхүү хөдөө аж ахуй эрхэлдэг Уйгарын ард түмэн баруун бие хэсэгт Туркистаны нутгаар амьдрах болжээ. 1229 онд Монгол угсаатнууд Уйгар угсаатныг түүхийн тавцнаас унагасан юм. Монголчууд Уйгаруудыг итгэл найдвартай зөвлөгч хэмээн тооцож төрийн дээд албанд ажиллуулсаар иржээ.
Хидан гүрэн (X-XI зуун)
[засварлах | кодоор засварлах]Энэ үед Киданчууд нүүдлийн ба суурин соёлыг хослуулан аж төрж байв. Уламжлалт нүүдлийн амьдралын зэрэгцээ газар тариалан эрхэлж, гар урлал, металл төмрийн боловсруулах технологи, худалдаа арилжааг хөгжүүлж байлаа. Цайз, тосгон, хот суурин, сүм хийд, дуган, чулуун гүүр хүртэл хурдтай баригдсан байна. Киданд Хятадын дүрс үсэгт үндэслэсэн их үсэг ба уйгар үсэгт үндэслэсэн бага үсэгний аль алийг нь хэрэглэж байв. Уран зохиол, судар номууд орчуулагдаж, аялагч эрдэмтэд аян замын тэмдэглэлээ эдгээр бичгээрээ бичиж үлдээжээ. Хөрөнгө чинээтэй язгууртнууд Кидан, Хятад, Энэтхэг, Солонгос зэрэг орнуудын арвин номын баялагтай номын сантай байжээ. Мөн Кидан нь ойролцоох хөрш зэргэлдээ орнуудтай бэлэг болгож номыг солилцдог байв.
Монголын уламжлалт хувцас, гоёл чимэглэл
[засварлах | кодоор засварлах]Монгол хувцасны төрөлд 400 гаруй төрлийн дээл, 100-аад төрлийн малгай, 20–иод төрлийн гутал, бүс 30 орчим төрөл байдаг. Дээл нь эсгүүр загвар ба зориулалтаараа ялгаатай. Эрэгтэй эмэгтэй өдөр тутмын хувцас, өвөл зуны хэрэглээ, мөн баяр, ёслол, онцгой хэргийнх гэх мэт. Монголчуудын малгай нь угсаатны бүлэг бүрээр ялгаатай мөн нас, хүйс, онцгой ба өдөр тутмын, улирлын хувьд өөр өөр байдаг. Малгайны шовх хэлбэр нь тэнгэрийн орон, хөгжилт цэцэглэлт, элбэг баян зэргийг зөгнөсөн сэтгэлийг бэлгэддэг. Малгайг ихэд хүндэтгэн үздэг монгол хүн малгайгаа гэрийнхээ хоймор залж дээш нь харуулахгүй хүндэтгэлт ёс ч бий.
Монгол гоёл нь ахуй хэрэглээний эдлэлээ үнэт эрдэнээр бүтээж, уламжлалт угалж, хээ чимгээр баяжуулан өдөр тутамдаа хэрэглэдэг өвөрмөц онцлогтой юм. Монгол эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл нь олон төрөлтэй, алт, мөнгө үнэт чулуугаар урладаг нандин чамин хийцтэй. XVII-XIX зууны монгол эхнэрүүдийн толгойн боолт, хавчаар чимэглэл туйлын өвөрмөц хийгээд Гарьд /Домогт өгүүлдэг шувуу/-ын далавчтай адилхан хэлбэрээр гэзгээ зассан домогтой. Толгойн боолтын оройвч нь дундад эртний монгол хатдын богтаг малгайн уламжлалыг хадгалсан дээрээ жижиг дугуй тойрогтой, оройвчийг мөнгө, алтаар хийж шүр, сувд шигтгэн чимэглэсэн гоёл юм. Түүний залгаа үсний мөнгөн хавчаар байх хийгээд дээр өгүүлсэн үсний дэргэр хэлбэрийг хадгалах, чимэглэл зүүсгэлийн гоёмсог бүрдэл болно. Мөн дэрийлгэж наасан үсний дорх сул гэзгийг сүлжин хос дугтуйд хийх ба үүнийг үсний гэр ч гэдэг. Үсний гэрийг торго хамба, алт мөнгө, сувд шүрээр чимэглэж үзүүрт нь мөнгөн зүүлт унжуулна. Түүнчлэн гинжин хэлхээ бүхий олон салаатай, навч, зоос зэрэг хээ чимэгтэй сийх ээмэг, цул алт, мөнгөн бөгж, эрдэнийн чулуун болон мөнгөн бугуйвчийн аль нэгийг донж маягийг тааруулан гоёно. Ташаанаас хос мөнгөн бэл унжуулах нь хэрэглээ хийгээд гоёлын шинжээ хамтатгасан өвөрмөц сайхан гоёл болно. Зарим нутагт аяганы алчуур хэмээх олон өнгийн торгон чимгийг уужны хоёр хажуугаас зүүнэ. Мөн ёслол хүндэтгэлийн зүүсгэлд арын гуу буюу нурууны чимэг зүүлт дагалдана.
Монгол эрэгтэйчүүд дээлэндээ мөнгө, сувдан товч хадаж, гаанс, тамхины уут, хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн аяга, аяганы уут сэлтээ бүснээсээ зүүн гоёно. Гаансны толгойг мөнгөөр урлаж, их биеийг хаш, пийсүү, ган зэргээр хийнэ. Хөөргийг мана, хаш, гартаам, оюу, усан болор, молор, мод, яс, шаазан гэх мэт үнэт зүйлээр хийдэг байжээ. Хөөрөгний толгойг голдуу шүрээр хийх ба халбагыг нь яс, модоор хийнэ. Хамрын нунтаг тамхи нь хатуу, зөөлөн, гаатай, энгийн зэрэг олон төрөлтэй. Хөөрөгний даалинг гоёмсог торгоор хийж, хатгамал болон зээгт наамлыг урладаг байв. Монгол эрэгтэйчүүд бүснийхээ баруун талд хэт хутгаа зүүдэг. Энэхүү хэт хутгыг улаан мод, ган, яс, арьс, мөнгө зэргээр хийдэг. Хөөрөг солилцох нь уламжлалт мэндчилгээг илэрхийлэх маш чухал ёс заншил юм.
Монгол гутал нь нүүдэлчдийн амьдралын маягт ихэд зохицсон байх төдийгүй хэв загварын олон төрөлтэй юм. Арьс, ширээр эх биеийг хийж улийг нь товшин ширж, түрүү, зуузай, харааг нь уламжлалт хээ чимгээр гоёсон, ээтгэр хоншоортой байна. Гутлын дотуур эсгий оймс давхар өмсөнө.
Монголын эзэнт гүрэн (XIII- XIV зуун)
[засварлах | кодоор засварлах]Тус танхим нь Монголын түүхийн сэргэн мандлын үе эзэнт гүрний түүхийг өгүүлэх бөгөөд ханлиг улсын үе, Их Монгол улс, Эзэнт гүрэн хэмээх сэдэв дор багтаан эд үеийн түүхэн үзмэрийг байрлуулсан. Монголын эзэнт гүрэн үзүүллэгийн танхим дахь үзмэрүүд нь монголын эзэнт гүрний үеийн гайхамшигт түүхийн гэрч болсон археологийн олдворууд, цэргийн хувцас хэрэглэл, эртний хотын тууриас олдсон эд өлөг, олдвор, хаадын дипломат харилцааны баримт, болон тухайн үеийн Их Монгол улсын нийслэл хотыг сэргээн хийсэн загвар зэрэг олон сонирхолтой үзмэрээс бүрдэнэ. Эдгээрийн түүхэн өгүүлэмжийг дор товчлон толилуулж байна. Ханлиг улсын үе: X-XII зууны үед Монгол угсаа гаралтай янз бүрийн овог аймгууд өмнийн их говиос Байгаль нуур хүртэлх өргөн уудам газар нутагт тархан амьдарч байв. Тэд нутаг орон, аж ахуйн хэвшлээрээ “талын иргэд”, “ойн иргэд” хэмээн ялгарч байв. Талын иргэд мал ахуй, гар урлал, тариалан эрхлэн аж төрж байсан ба ойн иргэдээс нийгэм болон соёлын хөгжлөөрөө илүү байв. Хамаг монголын ханлиг бусад дундаа нэр хүндтэй зонхилогч байв. Хараахан нэгдэн нягтарч амжаагүй талын нүүдэлчдийг Хамаг монголын ханлигийн хан Есүхэйн хөвүүн Тэмүжин бусад итгэлт нөхдийн хамтаар нэгтгэж эхлэв. Ийнхүү хүн төрөлхтөний түүхэнд алтан үсгээр бичигдэх их түүхийг монголчууд бүтээж эхэлсэн ажээ. Тэмүжин 1189 онд Хамаг монголын ханаар өргөмжлөгдөн Чингис хэмээх цолыг авав. 1206 онд их бага 32 ханлиг аймгийг нэгтгэн нэгэн төрийн жолоонд оруулж Их Монгол улсыг төвхнүүлэв. Чингис хаан түүний байлдааны урлагийн гайхамшигт ур, арга, төлөвлөгөө үргэлж ялалт авчирч байлаа. Чингис хаан дэлхийн цэргийн урлагийн шалгарсан жанжин, аугаа их улс төрч байжээ. Тийм ч учраас хожмын хүмүүс түүнийг мянганы хүн, суут дөрвөн жанжны нэг хэмээн тодруулжээ.
Монголын арми тухайн үеийнхээ дэвшилтэт технологийг эзэмшсэн байнгын арми байв. Хятад ба Ислам дархадын ур ухааныг армийн зэвсэг хэрэглэлийг боловсронгуй болгоход ашиглаж байв. Энэ үеийн монгол цэргийн байлдааны хэрэглэл, арга, төлөвлөгөө бусад үндэстэн угсаатныхаас хавьгүй илүү байсан гэдэг. Чингис хааны үеийн Их Монгол Улс умардад Байгаль нуур, өмнө зүгт хятадын Цагаан хэрэм, дорно зүгт Хянганы нуруу, өрнө зүгт Алтайн нуруу хүртлэх өргөн уудам нутгийг эзлэн оршиж байлаа. Чингис хааны үе залгамжлагчдын үед Монголын эзэнт гүрэн нь дэлхийн талыг байлдан дагуулсан аугаа эзэнт гүрэн болов. Монголын эзэнт гүрэн нь бүрэлдэхүүний хувьд таван үндсэн хэсэгт хуваагдаж байв. Чингэс хаанаас эхлэн 1259 онд Мөнх хааныг таалал төгсөх хүртэлх төв хэсгийн Монголын эзэнт гүрэн, Хубилай хаанаас эхэлсэн Хятадын Юань гүрэн, Персийн Ил хааны улс, Оросын алтан орд, Төв Азийн Цагаадайн хаант улс. Монголын эзэнт гүрэн нь дэлхийн олон үндэстэн, шашин, түүх, хэл соёлоороо ялгаатай улс орнуудыг эрхшээлдээ оруулж дорно өрнийг холбосон ба эдгээр улсуудын улс төр, эдийн засаг, соёлын хөгжил дэвшилд чухал нөлөөг үзүүлж байв. Монголын байлдан дагуулагчдын гүйцэтгэсэн гол үүрэг роль нь, анх удаа өрнө ба дорныг холбосонтой уялдаад хүн төрөлхтөн, тэдгээрийн улс төр, эдийн засаг, худалдаа арилжаа, шашинтай холбоотой нийгмийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан явдал хэмээн судлаачид тэмдэглэдэг. Хубилай хааны хаанчлалын үед монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд Японы арлаас бусад дорно зүгийн газар нутаг үндсэндээ харьяалдаж байлаа.
Хубилай хаан 1264 онд нийслэл хотоо одоогийн Бээжинд шилжүүлсэний дараа өмнөх нийслэл Хархорины нөлөө аажмаар суларчээ. Судлаачид, Хубилай хааныг бойжиж боловсорсон талын язгууртан байсан хэмээн үнэлдэг. Тэрээр Юань гүрнийг 34 жил удирдсан бөгөөд 1294 онд тэнгэрт хальжээ. Хубилайн хааны дараа төр барьсан хаад эзэнт гүрний улс төрийн хямралыг намжааж чадалгүй байсаар 1368 онд Юань гүрэн мөхжээ.
Ил хааны улсыг Хүлэг хаан /1256-1265/ Перс, Ирак, Анатоли зэрэг улсыг байлдан дагуулсны дүнд байгуулсан нь түүхийн тавцанаа 100 орчим жил оршин тогтнов. Чингис хааны хөвүүн Цагаадай зүүн Уйгар улсаас баруун Бухар болон Самарканд хүртлэх эзэмшил газрыг өвлөн авсан нь уламжлан түүхнээ Цагаадайн хаант улс хэмээгдэх болсон. Төв Ази дахь Монголчуудын хаант засаглалтай байсан Цагаадайн улс нь 125 жилийн турш оршин тогтножээ. Монголын эзэнт гүрэн нь нэгдсэн хаант засаглалаар өөр өөр соёлтой, олон улс орон, Евроазийн эх газрын ихэнх хэсгийг захирч байжээ. Монголын эзэнт гүрний үед монголчууд дэлхийн тэн хагасыг нэгтгэн нэгэн төрийн жолоонд захирч байсан нь хүн төрөлхтний түүхэн дэхь анхны бөгөөд эцсийн тохиол байлаа. Монголчуудын байлдан дагуулал асар их гарз хохирлыг дагуулсан ч дорно өрнийн соёл, эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, ард түмнүүдийн харилцааг идэвхжүүлсэн эерэг талууд ч цөөнгүйг эрдэмтэд тэмдэглэжээ.
Уламжлалт соёл
[засварлах | кодоор засварлах]Монголын соёлын уламжлалт өвийг энэ танхимд дэглэн олны хүртээл болгож байна. Тус үзүүлэгийн танхимд уламжлалт тоглоом, гар урлалын бүтээлийн дээжис, ном хэвлэлийн технологи, хөгжим, хөгжмийн зэмсгийн төрлүүдийг дэглэсэн. Мөн монголчуудын шашин, мөргөлийн хэлбэр, эд хэрэглэлийг энэ танхимаас харна. Нүүдэлчин монголчуудын эртний мөргөл бөөгийн мөргөл уламжлалт зан үйлийн утга агуулга, мөн чанар, өнөөдөр ч хүмүүс бөө, тэнгэр, өвөг дээдсийн сүнс сүлдийг шүтэх уламжлалаа хадгалсаар буйг харах билээ. Тэрчлэн монгол орноо гурвантаа дэлгэрсэн бурхны шашин монголчуудын оюуны амьдралд хэрхэн нөлөөлсөн, шашны урлагийн бүтээл, хожуу дэлгэрэлтийн үе 16-19-р зууны шарын шашин дэлгэрэлтийн үед монгол урчуудын ур ухаан, гараар баригдсан олон тооны сүм хийдийн талаар болон бусад мэдээллийг багтаасан үзүүллэг тус танхимд байдаг.
Уламжлалт аж ахуй
[засварлах | кодоор засварлах]Дэлхий дээр нүүдлийн сонгодог хэв маягийг эдүгээ хүртэл тээж ирсэн монголчуудын гэр сууц, уналга ачлагын тоног хэрэгсэл, ан агнуур, газар тариалангийн багаж зэрэг уламжлалт аж ахуй, соёлын тухай үзүүллэгийг энэ танхимаас үзнэ.Эмээл хазаарын төрөл сав суулга гэх мэт.
Манжийн эрхшээлийн үеийн Монгол Улс XVII-XX зууны эхэн
[засварлах | кодоор засварлах]Монгол орон XVII-XX зууны эхэн үе хүртэл Манж Чин улсын эрхшээлд 200 гаруй жил оршин тогтнож байсан. Энэ үед хэрэглэгдэж байсан тамга тэмдэг, зоос, эрүү шүүлтийн хэрэгсэл зэрэг түүхэн үзмэрүүд энэ хэсэгт бий...
Богд хаант Монгол орон
[засварлах | кодоор засварлах]XX зуун бол монголчуудын хувьд эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, өөрчлөлтөөр дүүрэн байлаа. Монголын ард түмэн үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж, шашин төрийг хослон барьсан хаант төрийн хэлбэрээр төрт улсаа сэргээсэн түүхийг энэ танхимд харуулж байна. Та бүхэн монгол орны улс төр, нийгэм-эдийн засагт гарсан өөрчлөлт дэвшлийг илтгэхүйц сонирхолтой үзмэрүүд, төрийн зүтгэлтнүүдийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлтэй танилцана.
Богд хаант үеийн Монгол Улс (1911-1920)
20-р зуун гараад Монголчууд манжийн эрхшээлээс ангижрах үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийсэн юм. Тухайн үед монголчууд “шинэ засгийн бодлого” гэгчийг газар бүр эсэргүүцэж Манжаас салан тусгаарлах үзэл санаа нийгэм даяар өрнөж байлаа. Үүний дүнд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж 1911 оны 12-р сарын 29-нд Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулсан тухай тунхаглан зарласан юм. Шашны тэргүүн VIII Богд гэгээн Жавзандамба хутагтийг Богд хаанд өргөмжилж, төрийн 5 яамтай засгийн газраа байгуулжээ. Богд хаант Монгол улсын Гадаад хэргийн яамнаас нь тусгаар тогтнолоо зарлаж, олон улсаар батламжлуулах нот бичиг илгээж байв. Энэ тухайд 1913 онд Монгол-Төвөдийн гэрээгээр Олноо өргөгдсөн Богд хаант улсыг хүлээн зөвшөөрсөн ганц гэрээ юм. Энэ үеийн монголын улс төрчдийн бодлого үйл ажиллагааны талаар түүхэн баримт, төрийн бэлгэдлийн зүйлс туг, далбаа, түүхэн хүмүүсийн лаан баримал, тухайн үед оросоос тусламжаар ирсэн зэвсэг зэрэг ховор сонин үзмэр олон бий.
Ингээд 1913 онд Орос, Дундад иргэн улс хоёр Гадаад Монголын автономийн тухай илтгэн гаргах бичиг” тунхаглалд гарын үсэг зурж хоёр гүрэн монголын тусгаар тогтнолыг хавсадан цуцлаж Ар монголыг ДИУ-ын харъяат автономит эрхтэй байлгахыг удирдамж болгожээ. Хэдийгээр өөртөө засах эрх бүхий улс болсон ч улсын дотоод хэргийг түвшитгэх, боловсрол, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх тал дээр анхааран улсын суруультай болоход туслаж, хуурай замын цэргийн байгууламж, сонин, гэрэл цахилгаан, цахилгаан холбооны газрыг нээхэд зориулан Оросын хаант улсаас зарим эдийн засгийн тусламжийг нийлүүлж байжээ. Дэлхийн 1-р дайнд айл хөрш Орос, Хятад улсууд аль аль нь татагдан орж, дотоод улс төрийн байдал нь нэн тогтворгүй болж, нийгмийн анги бүлэг, улс төр, цэргийн хүчний хоорондын тэмцэл хурцдаж, Орос оронд хувьсгал гарсан нь Монголын дотоод, гадаад байдалд ихээхэн нөлөөлжээ. Удалгүй ардуудын дунд улаан Оросын большивек намтай холбоо тогтоох, бүлгэм дугуйлан байгуулах, сэм уулзан нам байгуулах, хаант засгийг халах зэрэг асуудал өрнөсөөр 1921 онд Монгол оронд Ардын хувьсгал манджээ.
Социализмын үе (1921-1989)
[засварлах | кодоор засварлах]Хятадын харгислал Унгерний дэглэмээр солигдсон ч Унгерний босгосон автономит засаг нь улс болон тогтож чадахгүй нь илт байлаа. Энэ эгзэгтэй үед Богд гэгээний засгийн газар нөхцлийг хүлээжнэж байсан нь умар зүгт үйл явдал түргэн өрнөхөд нөлөөлөв. 1920 онд эх орноо чөлөөлөх тэмцэлд олон түмнийг уриалан босгох бүлгэмүүд хуралдаж Монгол Ардын Нам /МАН/-ыг хамтран байгуулсан ажээ. МАН 1920 оны 7-р сард төлөөлөгчдөө Зөвлөлт Орос Улс руу улс руу илгээв. Эхлээд С.Данзан, Х.Чойбалсан нар мордож, араас нь Д.Бодоо, Д.Чагдаржав хоёр мөн Д.Сүхбаатар, Д.Догсом, Л.Лосол нар Богд хааны тамгатай бичгийг авч явжээ. МАН нь засгийн газар ба цэрэг армийг зохион байгуулж С.Данзан намын тэргүүн, С.Сүхбаатар цэргийн удирдагч болов. 1921 оны 7 сарын 23-нд Ардын засгийн газар нь төрийн хэрэгт хааны эрх мэдлийг хязгаарлаж, засгийн эрхийг Ардын засгийн газарт төвлөрүүлснийг зарлажээ.
1924 онд Богд хааныг таалал төгсөж 1921-1924 онд ардын эрхтэй хэмжээт цаазат хаант засгийн хэлбэрээр оршиж байсан шилжилтийн үе дуусаж, монгол оронд анх удаагаа сонгуулийн бүгд найрамдах засаг тогтоох үйл ажил эхэлжээ. Улсын анхдугаар их хурал хуралдаж 1924 оны 11 сарын 26-нд Үндсэн хуулийг баталжээ. Ийнхүү Үндсэн хуулийг баталсан нь 20-р зууны монголын түүхэнд онцгой чухал үйл явдал болсон юм.
1925-1953 онуудад Монголын засгийн газраас үндэсний ардчилсан зорилтийг хэрэгжүүлэх оролдлогыг хийж бие даасан байдлаа хадгалахыг чармайж байв. Коминтерний “ардын дайсан” гэсэн нэр томъёог гарган ирж, улмаар Монголын Хувьсгалт Намыг өөрчлөхийг ятгах болов. 1932 онд ЗХУ-аас, лам нарыг үймээн самуун гаргаж байгаа хэмээн буруутгаж, засгийн газар бүх сүм хийдүүдийг хааж эхэлжээ. 1937 онд засгийн газраас улсын дайсан болох буддын шашны сүм хийд ба эрдэм мэдлэгтэй хүмүүсийг оролцуулан тэдгээр хүмүүсийн эсрэг хэлмэгдүүлсэн гашуун түүх өрнөсөн ажээ. Хувийн өмчийг нийгэмчилж, сүм хийдүүдийг нурааж сүйтгэв. Бүрэн бус мэдээгээр 36000 хүн хэлмэгдүүлэлтийн золиос болсон хэмээдэг. Дэлхийн 2-р дайны үед монголын төрийн бодлогод коммунист үзэл онол хүчээ авч МАХН үндэсний ардчилсан үзэл бодол, үйл хэргээсээ социалист үзэл баримтлалд шилжин улс үндэсний эрх ашиг, сонирхол орхигдоход хүрсэн ажээ. Ингээд 1953-1965, 1965-1989 онуудад БНМАУ-д Социалист өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн.
Ардчилалын үеийн Монгол Улс, 1990 оноос эдүгээ
[засварлах | кодоор засварлах]1989 оны үед дэлхий нийтэд коммунизмын үзэл баримтлал уналтад орж эхэлсэн бөгөөд гадаад орчноос гүн хамааралтайгаар монгол орон энэ өөрчлөлтөд татагдан орсон юм. Эрх чөлөө, ардчилалыг хүсэмжилсэн залуучууд Монголын ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэт холбоо зэрэг эвсэл холбоод байгуулагдсан нь ардчилсан хөдөлгөөн бүх орон даяар өрнөх үндсэн нөхцөл болжээ. Улмаар олон намын тогтолцоотой болов. Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөн эрчимжиж тэмцлийн хурц хэлбэр улс төрийн өлсөглөнг зарлав. МоАХ-ныхон 1990 оны 3-р сард Сүхбаатарын талбайд төрийн эрх баригчид, Засгийн газрыг огцруулах шаардлагыг тавьж өлсгөлөн зарласан юм. МАХН-ын 8-р бүгд хурал хуралдаж Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, намын удирдан чиглүүлэх үүргийн тухай Үндсэн хуулийн заалтаас татгалзах шийдвэр гаргав. 7-р сард бүх нийтийн сонгууль явуулж МАХН нийт саналын 60%, бусад шинэ намууд 40% санал авав.
Шинэ засгийн газар нэн яаралтайгаар ажил хэргээ эхлэж дараагийн байнгын тогтвортой засгийн газрыг байгуулахын тулд Шинэ үндсэн хуулийг батлах ажлыг хийсэн билээ. Жил гаруй толгой өөд татах завгүй ажиллан, асуудлыг хэлэлцэн 1992 оны 1-р сарын 25-нд Шинэ үндсэн хуулийг баталжээ. Улс орон феодалын нийгмээс коммунизмд, 1990 оноос ардчилсан ба зах зээлийн нийгэмд шилжсэн. Гэсэн ч өмнөх чиг хандлага нь маш хэцүү байдалтай байсан. Засгийн газрыг дахин эмхлэн байгуулахтай зэрэгцээд монголд оруулсан оросын тусламжийн зээллэг хүнд цохилт болсон. Тэр нь ойролцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний 1/3-тэй дүйцэх хэмжээтэй байжээ. Үйлдвэрүүд зогсож, хэрэгцээтэй бараа материал хомсдож, архи, хонины мах, талх зэрэг хүнсийг картаар олгох болсон. Картаар хүнс олгох тогтолцоо 1991-1993 он хүртэл үргэлжилжээ. Монгол орныг хөгжил дэвшлийн замд оруулсан 1990 оны ардчилсан шинэчлэлт нь Монгол дахь өөрчлөлт шинэчлэлтийг эргэлт буцалтгүй болгож, ардчилсан нийгэм байгуулах явцыг түргэтгэсэн 20-р зууны Монголын түүхэн дэх улс төрийн томоохон үйл явц болох 1911-1912 он, 1921 оны түүхэн үйл явдлын шууд үргэлжлэл нь байв.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор “Монголын Үндэсний Түүхийн музей”-г улс, орон нутгийн музейг эрдэм шинжилгээ-судалгааны болон мэргэжил-арга зүйн удирдлага, мэдээллээр хангах чиг үүрэгтэй “Монголын Үндэсний Музей” болгон өөрчлөн зохион байгуулж, бүтэц бүрэлдэхүүнд нь зохих шинэтгэл хийсэн байна.
Цуглуулгын хувьд Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг буюу 60 000 орчим нэгж үзмэрийг хадгалан хамгаалж, судлан шинжилж, дэлгэн үзүүлдэг судалгаа, сурталчилгааны төв байгууллага бөгөөд нийт үзмэрийн 10 гаруй хувийг байнгын үзүүллэгийн танхимаараа дамжуулан үзэгчдийн хүртээл болгож байна. Монголын Үндэсний музей нь эдүгээ 60.000 гаруй үзмэр цуглуулгатай, 2673 м2 талбайтай байнгын үзүүллэгийн 9 танхим, түр үзэсгэлэнгийн 1 танхим, номын сан, сургалтын танхим, 15 албан өрөө, 12 сан хөмрөг бүхий музейн зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж байна.