Монгол цирк
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Монголын цирк 1934 онд үүсгэн байгуулагдаад 90 орчим жил хөгжиж байна. 130 гаруй оронд монголын циркийн жүжигчид аялан тоглож, циркийн сургууль байгуулагдсанаас хойш 180 гаруй уран бүтээлчид төгсөж дэлхий даяар алдар нэр хүртжээ. 4-14 насны уран бүтээлчдийг бэлтгэдэг циркийн сургуулиас Монголын циркийн амжилтын үндэс тавигдсан байна. Дэлхийд байдаг циркийн урлагийн таван төрлөөр сургалт явуулж байжээ. Залуу уран бүтээлчид сургуулиа төгсөхдөө циркийн тоглолт номертой сургуулиа төгсдөг байна. Бусдаас ялгаатай нь Монголын цирк нь хөтөлбөртөө амьтдыг бараг ашигладаггүй (Монголд байдаг гэрийн тэжээмэл морь, тэмээ, сарлаг, чоно гэх мэт амьтдыг эс тооцвол), дийлэнх олонхи нь цэвэр акробат, жонглёр, хошин шог дээр суурилсан байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]16 дугаар зуунаас Монголд Энэтхэгийн факирууд тус улсын төр шашны удирдагчдын өмнө үзүүлбэр үзүүлж байжээ. Сүүлд хотын гудамжинд, дараа нь тусгай задгай талбайд Хятадын явуулын циркийн хамтлагууд өөрсдийн уран бүтээлээ үзүүлж байсан. Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаан, үндэсний бөх, сур харваа зэрэг үзүүлбэр үзүүлж, Монголын мэргэжлийн цирк Монголд Ардын эрх тогтсоноос хойш бий болж эхэлсэн.
1931, 1934 онд Зөвлөлтийн А.М.Волошин тэргүүтэй циркийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд алиалагч Антонов, Бартенев, жонглёрчин Бахстас, акробатчин ах дүү Сосинууд, нохой сургагч Каро, акробатчин Яловын гэр бүл нар БНМАУ-д аялан тоглолт хийжээ. Энэ хамтлаг монголчуудын дунд асар их амжилт олжээ. Монгол Улсын Боловсрол, эрүүл мэндийн сайд тусгай захидал бичихдээ “Циркийн бригад Монголын ард түмэнд урам зориг өгч, тэдний дунд өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Цирк нь үндэсний урлагийн хөгжлийг ахиулж, ард түмэн, нийгэмд соён гэгээрүүлэх үйлсэд түлхэц өгсөн. Цирк жил бүр манай улсад ирнэ гэж найдаж байна” гэжээ. Улмаар 1934 онд Улаанбаатар хотод Монголын уран бүтээлчдээс бүрдсэн спортын тусгай бүлэг байгуулжээ.
Хоёр жилийн дараа 1936 онд Оросын циркийн уран бүтээлчид дахин Монголд иржээ. Энэ удаа илүү олон бүрэлдэхүүнтэй хамтлаг ирсэн юм. Уран бүтээлчид ихэвчлэн задгай талбайд тоглолтоо хийж, нэгэн зэрэг жаран мянган үзэгчдэд үйлчилсэн байна. БНМАУ-ын ард түмний дунд циркийн урлагийг ихэд сонирхож байсан тул Монголын Засгийн газар өөрийн үндэсний циркийг зохион байгуулахаар шийдвэрлэж хэрэгжүүлсэн байна.
- 1935 онд МХЗЭ-ийн Төв Хорооны дэргэд Уран биеийн тамирын сургууль байгуулагдав.
- 1939 онд Улсын хөгжимт драмын театрт циркийн анги нээгдэв.
- 1940 оноос Циркийн сургууль хичээллэж эхэлсэн.
1936-1939 онд спорт хамтлагийн гишүүд болох Жамъяангийн Раднаабазар, Д.Гомбо, Л.Нацаг нар ЗХУ-ын Москва хот дахь циркийн урлагт анх суралцсан байна. Тэд БНМАУ-д буцаж ирээд Монголын анхны мэргэжлийн циркийн зохион байгуулагч, тэргүүлэх уран бүтээлчид болжээ. Циркийн урлагийг хөгжүүлэхэд ЗХУ-д үндэсний боловсон хүчин бэлтгэж, 1940 онд Улаанбаатарт циркийн сургууль нээгдсэн нь ихээхэн ач холбогдолтой болсон юм. Анх 1941 оны долдугаар сард Ардын хувьсгалын 20 жилийн ойн баярын үеэр циркийн үзүүлбэр үзүүлж байжээ. Дайны үед Монголын циркийн урлагийг хөгжүүлэхэд Зөвлөлтийн багш, мэргэжилтнүүд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 1941 онд циркийн тусгай зориулалтын барилга /Бөмбөгөр ногоон/ ашиглалтад орсон. Чухам энэ үед Монголын цирк хөл дээрээ босч, 1942 оноос хойш цирк нь байнгын үйл ажиллагаатай соёлын байгууллага болж, хот, хөдөөгийн олон мянган үзэгчдэд уран бүтээлээ толилуулж байжээ.
1942 онд анх монгол циркийн жүжигчид ЗХУ-д айлчлан тоглолт хийжээ. Дайны дараах жилүүдэд Монгол цирк улам бүр хөгжиж өргөжин тэлсэн юм.
Монголын уран нугаралт яагаад дэлхийд брэнд болов гэхээр дөчөөд оны сүүлч тавиад оны эхээр Төрийн шагналт, Ардын жүжигчин Тогоончулууны Цэнд-Аюуш, Ж.Эрдэнэцэцэг /Ирина/ нарын агуу гавьяагаар монгол эмэгтэйг уран нугаралттай холбож өгсөн. Монгол эмэгтэйн уян налархай, даруухан ааш аяг, тэр сайхан намуун аялгуу, бурхны суулт зэргийг уран нугаралттай холбосон юм.
1968 онд Монгол улсын Сайд нарын зөвлөлөөс 2000 хүний суудалтай цирк барих шийдвэр гарч 1971 онд Улаанбаатар хотод Румын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар баригдсан Монголын Улсын Циркийн шинэ байр ашиглалтад орсон. Түүний дүрс нь аварга том өргөө гэртэй төстэй, хоёр мянган хүний суудалтай, энд циркийн тоглолтоос гадна нийтийг хамарсан төрөл бүрийн тоглолт болдог байв. Сүүлийн жилүүдэд Монголын уран бүтээлчдийн тоглолтыг үзэх нь тун ховор болсон.
Монголын циркийн алдартнууд: Уран нугараач, БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын Жүжигчин, XX зууны манлай жүжигчин Бэгзсүрэнгийн Норовсамбуу, Б.Содном, Ж.Данзан, Дамдинсүрэн, Майя Норовцэрэн, Сандаг, Цэрэндулам, Минжин, Эрдэнэцэцэг, Х. Цэнд-Аюуш, Ц. Цэрэндорж, .., найруулагчаар -Ж. Дамдинсүрэн, Нямдаш, Ичинноров, Л.Нацаг, О.Машбат, Д.Зоригт, Н.Батмөнх, Ю.Хүрэлбаатар, Х.Хатанбаатар нар ажиллаж байлаа.
Монголын цирк 1970-1990 он хүртэл чансаагаараа дэлхийн тавцанд эхний тавд орж байв. Хятад, Орос, Солонгос, Ардчилсан Солонгос, тэгээд Монгол гэж яригддаг байв. Амьтан сургалт, уран нугаралт, акробат үсрэлтээрээ, алиаллаараа нэртэй учраас хаана ч циркийн уралдаан тэмцээн болсон Монголыг урьдаг байжээ. Ямар ч том тоглолт болсон монголын уран нугаралт, акробат, хүнд жингийн үзүүлбэрийг урьдаг байдал 1990 он хүртэл үргэлжилсэн байна.
Энэ үед цирк бүхэл бүтэн дөрвөн хөтөлбөртэй байв. Нэг хөтөлбөрт 30 гаруй уран бүтээлчтэй. Нийт 120-160 бүтээлч. Нэг хөтөлбөр нь тэр жилдээ хөдөө орон нутгаар буюу бригадуудаар явна. Нэг хөтөлбөр нь буюу гучаад хүн дараа жилийнхээ шинэ уран бүтээлийг туурвиж байна. Нэг хөтөлбөр нь дандаа гадаад явж байна. Нөгөө хөтөлбөр нь бэлтгэлээ хийнэ. Ингэж шилждэг дөрвөн хөтөлбөр байжээ.
Үндэсний циркийг 2007 онд хувьчилснаар Монголын цирк хэсэг бүлэг болж задарсан. Харамсалтай нь жүжигчид нь гадаад дотоод руу явж тарж бутарсан юм.
2016 онд Монголын циркийн 75 жилийн ойн баярын хүрээнд “Эргэн дурсагдах Монгол цирк” нэгдсэн тоглолт 7 сарын 6, 7-нд болж байсан юм. Энэхүү тоглолтод ахмад, дунд, залуу үеийн 200 гаруй циркч нэгдэн нэгэн манеж дээр анх удаа цуглаж байв. Тухайн үед 60 настай, тэнцвэрийн жүжигчин Л.Төмөрбаатар, алиалагч Н.Магсаржав нар оролцож байв. Циркийн ойтой адил тооны 75 уран нугараач нугарсан бөгөөд Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу гуай удирдаж, дэглэж байжээ.
Монгол циркийн амжилт
[засварлах | кодоор засварлах]Жил бүр цирк олон улсын янз бүрийн тэмцээнд багаа илгээдэг бөгөөд үргэлж шагналтай ирдэг байжээ. Монголын үндэсний цирк АНУ, Австри, Швейцар, Япон, Герман, Нидерланд, Итали, Франц, Норвеги, Их Британи, Өмнөд Солонгос, Израил, Орос, Хятад зэрэг дэлхийн олон оронд тоглосон. Монголын циркчид циркийн урлагийн олон улсын тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Акробатчин Лодойн Энхцэцэг анхны алтан медалиа 1983 онд Парист авч байжээ. Дараа нь акробатын эгч дүү Эрдэнэтуяа, Оюунчимэг нар 1986 онд Монте-Карлод болсон “Мөнгөн алиалагч” шагналыг хүртэж байжээ.
Одоогоор Монголын циркийн сургуулийн шилдэг сурагчид бол Монте-Карлод болсон Олон улсын хүүхдийн наадмын мөнгөн медальт, Улаан-Үд хотноо болсон циркийн урлагийн их наадмын Гран при шагналын эзэд болох уран нугараач охид юм. Мөнгөн загастай адил тэд маш уян хатан чанартай үзүүлбэрээрээ гайхагддаг.