Орхон сум (Булган)

Орхон сум
ᠣᠷᠬᠤᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Булган
Газар нутаг
  Нийт3,985.56 км2 (1,538.83 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,364
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Орхон (ᠣᠷᠬᠣᠨ) нь Булган аймгийн сум юм.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Орхон сум нь 1959 онд байгуулагдсан. Нутаг дэвсгэрийн хувьд 421.7 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай.

Засаг захиргааны нэгж дараах 5 багтай:

  • Арбулаг
  • Халиун
  • Бүхт
  • Мааньт
  • Мандал

Эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй, газар тариалан. Ой хээрийн бүсэд оршдог, нутгийн гуравны нэгийг навчит болон шилмүүст ой эзэлдэг. Тус сум нь Бүрэгхангай, Хишиг-өндөр, Могод, Сайхан, Хутаг-өндөр, Булган, Бугат, Хангал, Орхон аймаг, Сэлэнгэ аймгийн Орхон туул зэрэг сумуудтай хиллэдэг.

Далайн түвшингээс дээш 1650-2098 метр өргөгдсөн Халиун, Мээж, Булган зэрэг өндөр уулстай. Орхон,Сээр, Бийр, Шувуут, Могой, Залуу, Зүйл зэрэг голууд. Өрөм, Хүйс зэрэг нууртай. Буга, үнэг, бор гөрөөс, тарвага зэрэг ан амьтантай, тоодог, тогоруу, хун, ангир, галуу, нугас, зэрэг шувуудтай. Тул, цурхай, зэвэг зэрэг загас элбэгтэй. Байгалийн баялагын хувьд болор, чулуун нүүрс, шохон чулуу, шороон будаг зэрэг байгалийн баялагтай.

Булган аймгийн төвөөс 22км, нийслэл Улаанбаатар хотоос 296 км алслагдсан. Нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдсон.

Засаг захиргаа[засварлах | кодоор засварлах]

Сумын засаг даргаар Н.Амартүвшин ажиллаж байна.

Сургууль, цэцэрлэг[засварлах | кодоор засварлах]

Сумын сургууль нь 1958 онд байгуулагдсан. 9-н жилийн дунд сургууль 150 гаруй сурагч, 40 гаруй хүүхэд дотуур байранд амьдардаг. Цэцэрлэгт 70-аад хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

Төрийн ба төрийн бус байгууллагууд[засварлах | кодоор засварлах]

Сумын хүн эмнэлэгт 1 их эмч, 7 бага эмч, 12 ортой, бүх багуудад бага эмч ажилладаг. Халиун багт 2 ортой бага эмчийн салбар ажиллаж байна.

Суманд ХААН банк, Төрийн банк, Эмийн сан, дэлгүүр, зоогийн газар, дугуй засвар, ШТС-ууд ажилладаг.

  • “Орхон мандал” компани-Гурил
  • Орхон сумын-Гэрийн цуулбар мод
  • “Орхон эсгий” хоршооны- Эсгий, эсгий эдлэл
  • Орхон сумын- Хангай үүлдрийн хонь
  • Орхоны- Цагаан идээ зэрэг 5 төрлийн бүтээгдэхүүнийг сумын шилдэг брэнд бүтээгдэхүүнээр зарлаж сумын нэрийн хуудас болгон ажиллаж байна.

Бүтээн байгуулалт, тохижилтыг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор суманд эсгий-эсгий эдлэл, модон эдлэл, гэрийн хээтэй цуулбар модны цех, сүү- сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхөрлөл амжилттай ажиллаж ард иргэдийн хэрэгцээг хангаж байна.

Сумын алдартнууд[засварлах | кодоор засварлах]

Орхон сумаас төрөн гарсан алдартнууд:

Хөдөлмөрийн баатар - Д.Жаргалсайхан, Л.Полоо, С.Ганбаатар

Гавьяат механикжуулагч - М.Хажидмаа

Гавьяат циркчин - Ж.Раднаабазар (Орчин үеийн циркийг үндэслэгч)

Гавьяат жүжигчин - Д.Лхамжав, Л.Чулуунчимэг, Л.Ганчимэг

Урлагын гавьяат зүтгэлтэн - Данзан

Үндэсний бөхийн улсын цолтонгууд:

Улсын заан М.Гомбодорж, улсын харцага Ж.Бор, Улсын начин Б.Түмэндэмбэрэл, Улсын начин Э.Сумъяабат

Гавьяат багш - Д.Сүрэн, Д.Жанчив, Д.Дагвадорж

Гавьяат эдийн засагч - Дашдэндэв

Хүний гавьяат эмч - Д.Лхагвасүрэн, Р.Лхагвасүрэн

Гавьяат барилгачин - С.Жигжид, Д.Намсрай,

Эрдэмтэн доктор - Ч.Лхагважав

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор - Л.Дамдинсүрэн, Д.Энхтуяа

АИХ-ын депутат - С.Лхамжав

Улсын аварга малчин - П.Үртэнбямба, Д.Авирмэд

Улсын аварга механикжуулагч - Ж.Батбаяр, улсын залуу аварга С.Бариашир нарын үе үеийн олон арван алдартнууд төрөн гарсан.

Тус сумаас сүүлийн жилүүдэд 2001 онд Халиун тариа ХХК “Улсын хошой”, Орхон Мандал ХХК улсын “Тэргүүний тариаланч”-хамт олноор, 2002 онд Л.Гүндсамбуу “Улсын сайн малчин”, 2003 онд Ч.Юулай “Улсын тэргүүний ногоочин”, 2004 онд С.Пүрэв “Улсын сайн малчин”, 2006 онд Ж.Чулуун” Улсын сайн малчин”-аар, Ю.Баасанжаргал “Улсын тэргүүний ногоочин”-оор, Л.Нарантуяа захиралтай Орхон-Мандал ХХК Улсын тэргүүний тариаланч хамт олноор, 2009 онд Ч.Отгонбаяр Улсын сайн малчнаар, 2009 онд Д.Дэлгэрцогт, 2010 онд Н.Баттулга, 2011 онд Ш.Баянжаргал, Б.Батчулуун нар аймгийн Аварга малчнаар тус тус шалгарсаны зэрэгцээ 1-р багийн уяач С.Жамсранбат, В.Наранпүрэв, 3-р багийн уяач Ч.Дамдин, Д.Чулуунбаатар нарын улс аймгийн аваргууд төрж манлайлсан байна.