Jump to content

Сэлэнгэ сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Сэлэнгэ сум (Булган)-с чиглүүлэгдэв)
Сэлэнгэ сум
ᠰᠡᠯᠡᠩᠭᠡᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Булган
Газар нутаг
  Нийт4,634.29 км2 (1,789.31 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,355
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Сэлэнгэ (ᠰᠡᠯᠡᠩᠭᠡ) — Монгол улсын Булган аймгийн сум.

Социализмын үед Ингэттолгой сангийн аж ахуй тус суманд ажиллаж байв.Манай сум нь Булган аймгийн Хөдөлмөрчдийн депутатуудын хурлын тэргүүлэгчдийн 1959 оны 03-р сарын 02-ны өдрийн 07 тоот тогтоолоор сум байгуулахаар өргөн мэдүүлж, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1959 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн хуваарилалт хийхэд тэр үеийн Цонхлон сумын 3, 4-р баг, Сэлэнгэбүрэн сумын 2, 3, 4-р багуудыг харъяалуулан 482952 га нутаг дэвсгэрт 404 өрх, 1800-аад хүн ам, 30571 толгой малтайгаар байгуулагджээ. Сумын төвийг Монгол зөвлөлтийн найрамдалын нийгэмлэгийн нэрэмжит Ингэттолгойн САА-д төвлөрүүлэн Ингэттолгой гэж нэрлэсэн байна. Энэ үеэс эхлэн Ингэттолгой сумын төвйн САА-г Сэлэнгэ суманд харъяалуулсан байна.Тус сум нь хойд талаараа ОХУ-ын Буриад улстай 180 орчим км-ээр хиллэж Баруун ба баруун хойд талаараа өөрийн аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Бугат сум урд талаараа Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зүүн урд, зүүн талаараа өөрийн аймгийн Хангал, зүүн хойд талаараа Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг сумдтай хиллэн Хантай, Бүтээлийн нурууны ойт хээрийн бүсэд оршдог.

Байгаль газар зүй

[засварлах | кодоор засварлах]

Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт Сэлэнгэ мөрөн, Зэлтэрийн голын ай савын 100 гаруй горхи,булаг шанд урсан байдаг. Нутгийн хамгийн өндөр цэг нь Монгол орсын хил дээр байдаг далайн түвшнээс дээш 2027 метр өргөгдсөн Сарьдаг уул, хамгийн нам дор газар нь далайн түвшнээс дээш 700 метр өргөгдсөн Ингэттолгой болно.

Сэлэнгэ сум нь байгаль цаг уур, хөрс ургамлын хувьд ойт хээрийн бүсэд багтдаг. Цаг уурын хувьд өвөлдөө хүйтэн нь -25 -40 хэм, зундаа дулаан нь +25 +42 хэм, жилд орох хур тундас 290-400 мм байдаг.

Нийт нутгийн 75-78 хувийг ой мод эзлэж, хуш, хар мод, нарс, улиас зэрэг 10 гаруй модлог ургамал ерхөг согоовор, хялгана зэрэг өвслөг болон эмийн ургамал, самар, анис, нэрс, мойл, гүзээлзгэнэ зэрэг жимс элбэг, ойдоо баавгай, гахай, буга согоо, шилүүс, нохой зээх, хүдэр зэрэг ан амьтад олонтой, голдоо андотор, тул, зэвэг зэрэг 10 гаруй нэр төрлийн загас жараахайтай. Дух нарс, Талын хайлаас, Эг сэлэнгийн бэлчир, Далхвандад, Эхийн умай зэрэг түүх соёлын дурсгалт газрууд олонтой нутаг юм. Тус сумын засаг захиргааны 5 нэгжид 975 өрхийн 3362 хүн аж төрж байна. Нийт хүн амын 67.4% нь 0-35 насны залуучууд, 49.5% нь эмэгтэй, 50.5% нь эрэгтэйчүүд байна. Хөдөөгийн Тариахтай, Сэлэнгэбүрэн, Атар багууд нь Сэлэнгэ мөрний хойд талд сумын төвөөс 24-110 км зайтай оршиж хүний бага эмчийн салбар, хүүхдийн цэцэрлэг, алслагдсан Атар багт бага сургууль ажиллаж байна. Нийт хүн амын 40 гаруй хувьд төрийн үйлчилгээ үзүүлдэг хөдөөгийн эдгээр багууд төвийн эрчим хүчний системд холбогдсон, утсан харилцаатай, 6 сувгийн телевизийн антен, суурин утасны Инкомнет антен, гар утасны Скайтел, Мобиком, Юнителийн сүлжээ ашиглаж бүх багт Мобикомын сүлжээтэй байгаа нь орон нутгийн давуу боломжийг тодорхойлж байна. ... Булган аймгийн Хангал сумын нутагт байдаг ДУХ НАРС хэмээх уул нь түүх дурсгалтай хувьсгалын хувь заяатай нэр нь холбогддог уул билээ. Энэ талаар дурсаж дурьтгал бичсэн зүйл үгүй л байх юм. Энэ түүхийг мэдэх бараг нэг л хүн үлдээд байгаа ахмад дайчин 90 нас гарсан Дамдинжав гуай Дух нарс уулаа улсын хамгаалалтад авахуулах юмсан гэж халаглаж суух юм. Энэ уулыг нь хүмүүс хувааж аваад дуусах нь байна гэж ярьж сууна. Энэ хөгшнийг амьд сэрүүнд нь асуух мэдэх юмаа мэдээд авбал сайнсан. Дух нарс гээд ярихаар Тужийн нарс гээд яриад байдаг юм билээ. Энэ 2 уул чинь хоёр өөр газар байдаг хоёулаа хувьсгалын түүхтэй холбоотой пратизан нарын амь биеэ үл хайхран тэмцэж байсан газар. Дух нарс уулын урдуур Сэлэнгэ мөрөн урсаж байдаг түүгээр ус гаргадаг гарам байсан гэдэг.

Сумын төвд 560 гаруй хүүхэдтэй, 160 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр бүхий бүрэн дунд сургууль, улсын тэргүүний Ундраа цэцэрлэг, 10 ортой хүний их эмчийн салбар, Соёлын төв, Номын сан, Улсын үрийн нөөц, Холбоо шуудангийн салбар, Сэлэнгэ үүлдрийн үхрийн цөм сургийн үржлийн төв, цаг уурын станц зэрэг төр төсвийн байгууллагууд, халуун ус, үсчин, шатахуун түгээх станц, эмийн сан, Хаан болон Хадгаламж банк, зочид буудал, гурилын үйлдвэр, зэрэг худалдаа үйлчилгээний 13 цэг иргэддээ үйлчилж байна. Мал аж ахуй газар тариалангийн чиглэлээр 26 аж ахуй, 3 фермер, малчдын 5 бүлэг хөдөлмөрөө хоршин хамтран ажиллаж байна. Атар–3 тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд Ингэттолгой ХК, ИНТОСЭ ХХК, Хастав ХХК, Оргил Дэлгэр ХХК, Өрмөгтэй ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдан 1.4 тэрбум төгрөгийн техник тоног төхөөрөмжөөр парк шинэчлэл хийж 864 га-д усалгаатай тариалан эрхлэхээр тоног төхөөрөмж суурилуулан 2012 онд 668 га талбайд усалгаатай тариалан эрхэлсэн байна. Япон улсын Жайка байгууллагын дэмжлэгээр Ингэт агро хоршоо, Ингэт шижир өрх мал аж ахуй газар тариалан хослон эрхэлж загвар аж ахуйн жишигт хүрч ажиллаж байна. Сумын иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр эдийн засгийн үндэс болсон тариалангийн үйлдвэрлэл нийт 15153 га-д эргэлтийн талбайтайгаас 70%-ийг ААН, 30%-ийг иргэд эзэмшин жилдээ 10–14 мянган тонн үр тариа, 7500-8900 тонн хадлан тэжээл бэлтгэн авч гурил мах, төмс хүнсний ногооны сумын хэрэгцээг 100% хангаж Орхон аймаг, Хялганат тосгоны зах зээлд нийлүүлж байна. Сэлэнгэчүүдийн уламжлалт бог будаа тариалалтыг 2005 оноос эхлэн сумын бодлогоор дэмжиж 2010 онд энэ үйлдвэрлэлийг дагнасан Сайхан харзтай ХХК байгуулагдаж үйлдвэрлэлийн тоо хэмжээ, чанар жилээс жилд өсөн нэмэгдэж үлсын үндэсний тохирлын тэмдэг авч шилдэг 99 бүтээгдэхүүнд бүртгэгдээд байна. Сум бүрт байгуулагдсан Агропарк, ХХААХҮЯ-ны шийдвэрээр олгогдсон дундын үйлчилгээний техникүүд жижиг аж ахуй болон иргэдэд үйлчилж шинэ сортыг турших газрын ашиглалтыг сайжруулахад ач холбогдлоо өгч байна.

Ойн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ойн санг гэрээгээр хоёр аж ахуй нэгж, иргэдийн 27 нөхөрлөлийг байгуулан 75166 га талбайд ой зохион байгуулалт хийж гэрээ байгуулан байгаль орчноо хамгаалах нөхөн сэргээх ажлыг хийж байна. Сүүлийн жилүүдэд иргэдийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж гадаад дотоодын хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулан жимс, жимсгэний тариалалт, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн байнгын болон түр ажлын байрыг 200 гаруйг бий болгон ажиллаж байна.

Одоогоор Сумын хэмжээнд нийт малчин, мал бүхий 519 өрхийн 79042 толгой мал өсөн үржиж байна. 1950-аад оноос тус сум нь казакын цагаан толгойт 15 бухыг авчирч монгол үхэртэй үржилд оруулж махны чиглэлийн үхэр бий болгох эрдэм шинжилгээний ажлыг зоотехникч Цэвээн, ХАА-н дээд сургуулийн багш мал аж ахуйн шинжлэх ухааны доктор Р.Жавзмаа нараар удирдуулан урт хугацаанд явуулсны үр дүнд махны чиглэлийн “Сэлэнгэ” үхрийг бий болгож 1984 онд махны чиглэлийн хамгийн анхны үүлдрээр батлагдан үүлдрийн удирдагч ХАА-н дээд сургуулийн багш Р.Жавзмаа, сумын ерөнхий зоотехникч О.Мэдэхгүй, үржлийн тоо бүртгэгч П.Балгансүрэн, малчин Г.Банзрагч, Ч.Ойдов, нар Төрийн соёрхол хүртсэн байна. Өндөр ашиг шимт Сэлэнгэ үүлдрийн үхрийг өсгөн үржүүлэх цөм сүргийн Сэлэнгэ төвийн үйл ажиллагаа нь өсвөр үхрийг үржүүлж үүлдэр угсаа сайжруулагчаар ашиглахад чиглэгдэж байна.

Сэлэнгэ сум Монгол улсын Засгийн газар, аймаг, сумаас дэвшүүлж буй жил бүрийн зорилтуудыг орон нутгаа хөгжүүлэх өөрсдийн бодлоготой нягт уялдуулан ажилласнаар сүүлийн жилүүдэд аймагтаа 1-3-р байрт тогтмол шалгарч жил тутам 140 – 150 сая төгрөгийн зарлага санхүүжилтээр орон нутагт төрийн ажил үйлчилгээ явуулж, нийт зарлагад өөрийн орлогын эзлэх хувийг 80–90%-д хүргэн эдийн засгийн бааз сууриа өсгөх замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхээр орон нутгийнхаа боломжийг дайчлан ажиллаж байна.

Сэлэнгэ сум Ингэттолгойн САА-н хөдөлмөрчид эртнээс хөдөлмөрч дайчин уламжлалтай ард түмэн билээ. Түүхэн энэ хугацаанд Ардын хувьсгалын партизан 2 , ахмад дайчин 10 гаруй төрж Д.Баасандамба, Б.Галт-Очир, Л.Лхагва, Г.Дэмбэрэл нарын Хөдөлмөрийн баатрууд, Б.Норжин, Д.Тунсаг, Б.Ноосонхөх, Б.Цэрэн, Т.Цэдэндамба, Ё.Толя нарын 6 гавъяат, Ардын жүжигчин 1, Монгол Улсын Гавъяат Жүжигчин 5, Төрийн шагналт 6, Улсын алдарт уяач 3, Улсын аварга малчин тариаланч ногоочид 60 гаруй, аймаг сумын аваргууд 200 гаруй, Улсын начин Л.Хишигсүрэн болон цана, тэшүүр, гар бөмбөгийн 10 гаруй спортын алдартнууд нь өнөөдрийн Сэлэнгэчүүдийн бахархал болж байна.

Эдийн засгийн гол салбар болох газар тариалан, мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлж удаа дараа амжилт гаргасныг хөхүүлэн дэмжиж төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, МХЗЭ-ийн төв хорооны “Тэргүүний тариаланч” алтан медаль, МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөл, МХЗЭ-ийн төв хороо, МҮЭ-ийн төв зөвлөлийн туг дипломоор 8 удаа шагнагдаж байжээ.

Ардчилсан тогтолцоо бий болж эдийн засгийн бүтцийг зах зээлийн харилцаанд шилжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт тогтвортой амжилт гаргаж Монгол Улсын засгийн газраас зарласан “Тэргүүний сум” шалгаруулах болзлын шалгуур үзүүлэлтийг 2009, 2010 онд хангалттай биелүүлсэн тул 2011 онд “Улсын Тэргүүний сум”-аар шалгарч гэрчилгээ 100.0 сая төгрөгөөр шагнагдсан нь ард иргэд, Аж ахуй нэгжүүдийн идэвхийг улам өрнүүлэн олсон амжилтаа бататгахаар эрч хүчтэй эрмүүн зорилгоор ажиллаж байна