Хишиг-Өндөр сум
Хишиг-Өндөр сум
ᠬᠢᠰᠢᠭᠥᠨᠳᠦᠷᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Булган |
Сумын төв | Мааньт |
Газар нутаг | |
• Нийт | 2,525.83 км2 (975.23 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,021 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Хишиг-Өндөр нь Булган аймгийн сум юм. Булган аймагтаа дэд бүтэц, хүн амынхаа нягтарлаар тэргүүлдэг сумдын нэг юм. Тус сум нь лаборатори бүрэн дунд сургууль, Сум дундын нэгдсэн эмнэлэг, Мэдээлэл соёлын төв, улсын тэргүүний "Бялзуухай" цэцэрлэг зэрэг төр төсвийн газруудаас гадна, ХААН ба Төрийн банктай 24 цагийн цахилгаанд холбогдсон. Сумын эдийн засаг, үйлдвэрлэлийн бааз суурь нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл ба бизнес худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, хатуу зөөлөн оёдол, дархан, засварын газрууд, жижиг үйлчилгээний цайны газрууд, дугуй засвар, зочид буудлууд дээр тогтож байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Булган аймгийн Хишиг-Өндөр сум нь анх Дайчин Вангийн хошууны Сундуй гүний хошуу нэртэйгээр байсан бөгөөд улмаар 1931 онд одоогийн Гурванбулаг, Могодыг нийлүүлэн Авзага сум нэртэйгээр засаг захиргааны нэгжид хуваарилсан ба удалгүй 1939 онд Мааньт, 1940 онд Хишиг-Өндөр сум хэмээн нэрийджээ. Хишиг-Өндөр суманд 1924 онд анхны сургууль байгуулагдаж, 1 багш 14 сурагчтайгаар үүд хаалгаа нээсэн байна. Энэхүү сургуулийн анхны захирал багш нь Монгол улсын эрдэмтэн доктор зохиолч Гаадамба гуайн аав Шанжмятав гуай байв.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Хишиг-Өндөр сум нь Дархан хаан, Бүрэнхаан, Хишиг-Өндөр гэх 3 уулаар хүрээлэгдсэн. Уулархаг бүсэд оршидог бөгөөд Хужирт болон Мааньт голын хөвөөнд байдаг. Сумын хойд хэсгээр Орхон гол урсан өнгөрдөг. 245,5 мянган га газар нутагтай, далай түвшингээс дээш дунджаар 1300 метр өргөгдсөн ойт ба тал хээрийн бүсэд багтдаг, цаг уурын хувьд зундаа дунджаар +21 C халуун, өвөлдөө дунджаар -23,5 C хүйтэрдэг ба жилийн хур тунадасны нийлбэр 250-300мм. Улаанбаатар хотоос 300км зайтай оршдогоос 60км шороон зам, 240км нь засмал зам. Булган аймгийн төвөөс 73км зайтай оршдогоос 35км нь шороон зам юм.
Засаг захиргааны нэгж
[засварлах | кодоор засварлах]- Банзар баг
- Хүрэмт баг
- Тээг баг
- Жаргалант баг
- Мааньт баг/сумын төв/
Газар нутгийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]- ХАА-н эдэлбэр газар 212,088 га ба 86,3%
- Ойн сан бүхий газар 32 300 га 13,1%
- Усан сан бүхий газар 92 га 0,037%
- Төв, суурин газар 427 га 0,17%
- Дэд бүтцийн газар 598 га 0,24%