Сэргэн мандалт (ренессанс)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт


Сэргэн мандалт буюу Ренессанс (фр. Renaissance, итал. Rinascimento; «ri» — «дахин » буюу «шинээр төрөн бий болсон» гэсэн утгатай) нь дундад зууны үеийн Европын соёл урлагийг шинэчлэн сэргээж шинэ цагийн соёл урлаг бий болсон эрин үе юм. Уг эрин үе XIV зууны эхээс XVI зууны сүүл үе хүртэл үргэлжилсэн гэж үздэг ба мөн XVII зууны эхний хэдэн арван жилүүдэд Англи, Испанид үргэлжилжээ.

Сэргэн мандалтын үеийн онцлог шинж чанар нь соёл урлагийн нийгмийн шинж ба түүний Антропоцентризм буюу “ертөнцийн төвийг хүн гэж үздэг” сургаал юм. Тухайлбал энэ үед хамгийн түрүүнд хүн, хүний үйл ажиллагааг онцлон судалсанд оршино. Мөн түүнчлэн эртний соёл урлагийг судлах болж түүний “сэргэн мандалт”-ийг нөхцөлдүүлсэн тул ийнхүү нэрлэж томъёолжээ. “Сэргэн мандалт” гэсэн нэр томъёог Жорж Вазари гэх мэт италийн хүмүүнлэгийн ухааны судлаачид ашиглаж байжээ. Уг нэр томъёог орчин үеийн утгын илэрхийллээр нь анх XIX зуунд Жюль Мишле хэрэглэжээ. Одоо үед “Сэргэн мандалт” гэсэн нэр томъёо нь соёл урлагийн хөгжил цэцэглэлт гэсэн зүйрлэл болж байна. Жишээлбэл, IX зууны Каролины Сэргэн мандалт.

Үндсэн тодорхойлолт[засварлах | edit source]

Соёл урлагийн шинэ парадигм (буюу түүний систем) нь Европын нийгмийн харилцааны нэн чухал өөрчлөлтүүдтэй холбоотойгоор үүссэн. Бүгд найрамдах улс болон хотуудын өсөлт нь феодалын харилцаанд оролцдоггүй буюу гар урлалчид, мүжаан, худаалдаачид, банкны эзэд гэх мэтийн үйл эрхэлдэггү йанги давхарга өсөхөд нөлөөлөв. Дундад зуунд үүссэн иерарх (шатлан захирах ёс)-ийн үнэ цэнийн тогтолцоо, ялангуяа сүмийн соёл, түүний догшин болон энгийн хандлага тэдэнд бүгдэд нь харийн, үл мэдэх тотолцоо байлаа. Энэ нь хамгийн дээд баялаг бол хүн бөгөөд хувь хүний чанар, эрх чөлөө, түүний идэвхтэй үйл ажиллагааг судалдаг нийгэм-гүн ухааны шинжлэх ухаан болох хүмүүнлэг ёс (гуманизм)-ыг үүсгэв.

Хотуудад сүмийн хяналтаас гадуур шашны бус үйл ажиллагаа эрхэлдэг, ертөнцийг үзэх шинэ үзэлтэй болсон шинжлэх ухаан, урлагийн төвүүд бий болж, ертөнцийг үзэх эртний үзэлээс хүмүүнлэг ёсны хязгааргүй олон жишээг олж харж байв. XV зууны дунд үед ном хэвлэн гаргах болсон нь ертөнцийг үзэх эртний үзлээс өвлөгдсөн зүйлүүд болон шинэ үзлүүд Европ даяар тархахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Сэргэн мандалт анх Италид XIII-XIV зуунд Пизано, Жото, Орканья нарын удам оршин байхад үүссэн бөгөөд зөвхөн XV зууны 20-иод оноос л жинхэнэ утгаар бий болж, Франц, Герман болон бусад орнуудад энэ нь харьцангүй сүүлд бий болжээ. XV зууны сүүлд дээд хөгжил цэцэглэлтдээ хүрч, XVI зуунд Барокын маньеризм үүссэнтэй холбоотой. Сэргэн мандалтын санааны хямралыг давж гарчээ.

Сэргэн мандалтын эрин үеийн үе шатууд[засварлах | edit source]

Сэргэн мандалтыг 4 үе болгон хувааж авч үзнэ:

  1. Сэргэн мандалтаас өмнөх үе (XIII зууны 2-р хагас — XIV зуун)
  2. Эхэн үеийн Сэргэн мандалт (XV зууны эхэн үе — XV зууны сүүл үе)
  3. Дээд Сэргэн мандалт (XV зууны сүүл үе —XVI зууны эхний 20 жил)
  4. Сүүл үеийн Сэргэн мандалт ( XVI зууны дунд үеэс —XVI зууны 90-ээд он)

Проторенессанс (Сэргэн мандалтаас өмнөх үе)[засварлах | edit source]

Сэргэн мандалтаас өмнөх үе (Проторенессанс) нь дундад зууны романск, готик уламжлалтай гүн гүнзгий холбоотой ба Сэргэн мандалтын бэлтгэл шат юм. Энэ үе нь хоёр дэд үеүдэд хуваагдана: Жиотто ди Бондонегийн үхлийн өмнөх үе, болон дараах үе (1337 он). Хамгийн чухал нээлтүүд болон гайхамшигт уран бүтээлчид нэгдүгээр дэд үед амьдарч ажиллаж байсан бол хоёр дугаар дэд үе Италид тархсан хар үхэл тахалтай холбоотой. Бүх нээлтүүдийг зөн совингоороо хийж байсан үе юм. XIII зууны сүүлд Флоренцид Арнольфо ди Камбиогийн бүтээл болох гол сүмийн барилга – Санта Мариа дель Фьоре дуган баригдаж, дараа нь түүний ажлыг Флоренцийн дуганы хонхыг урласан Жотто үргэлжлүүлжээ. Сэргэн мандалтаас өмнөх үеийн урлаг нь хамгийн түрүүнд Никколо болон Жованни Пизано, Арнольфо ди Камбио, Андреа Пизано нарын баримал дээр илэрч байлаа.

Эхэн үеийн Сэргэн мандалт[засварлах | edit source]

“Эхэн үеийн Сэргэн мандалт”-ын үе нь Италид 1420-1500 онуудад үргэлжилсэн. Энэ 80 оны турш эртний урлагаас их өөрчлөгдөөгүй боловч түүн дээр нэмж хөгжүүлэхийг оролдож байв. Хэдий бага багаар хөгжиж байсан ч амьдралын нөхцөл болон соёл эрчимтэй өөрчлөгдөх тусам зураачид дундад зууны суурийг бүр мөсөн халж өөрсдийн бүтээлийн ерөнхий үзэл санаандаа эртний урлагийн хэв маягийг шийдмэгээр хэрэглэж байв. Энэ үед Италийн урлаг эртний сонгодог хэв маягаар хөгжин дэвшиж байхад бусад орнуудад удаан хугацааны туршид уламжлалт готик хэв маягтай хэвээр байсан. Альпын нуруудаас хойд зүг рүү, мөн Испанид Сэргэн мандалт дөнгөж XV зууны сүүл хэсэгт эхэлж түүний эхэн үе нь дараагийн зууны дунд үе хүртэл үргэлжилсэн байна.

Дээд Сэргэн мандалт[засварлах | edit source]

Сэргэн мандалтын гуравдугаар үед хөгжил цэцэглэлт дээд хэмжээндээ хүрсэн тул “Дээд Сэргэн мандалт” гэж нэрлэжээ. Энэ үе Италид ойролцоогоор 1500-1527 онуудад үргэлжилсэн. Энэ үед италийн соёл урлагийн нөлөө Флоренцоос гарч II Юлий Ромын пап болсоноор Ром руу шилжжээ. II Юлий пап энэрэнгүй сэтгэлтэй, зоригтой, санаачлагатай байсан бөгөөд өөрийн ордондоо Италийн шилдэг зураачдыг цуглуулан маш чухал олон бүтээлүүдийг туурвиулж, уран зургийг хайрлах сэтгэлийг ард олонд өөрийн биеэр үлгэрлэн түгээж байлаа. Энэхүү папын болон түүний дотны албатуудын хүчээр Ром хот яг Периклийн үеийн шинэхэн Афин шиг болон хөгжсөн юм. Ромд олон тооны дурсгалтай барилгууд баригдаж, гайхамшигт баримлууд бүтээгдэж, одоог хүртэл үнэ цэнээ алдаагүй хөрөг зургууд зурагдаж байсан бөгөөд эдгээр урлагийн төрлүүд бие биетэйгээ харилцан үйлчилж нэг нэгнээ дэмжих замаар хөгжжээ. Эртний урлагийг илүү нарийн судалснаар урлагийн бүтээл бүрт сонгодог хэв маяг сууж, дундад зууныг санагдуулам шинжүүд бүр мөсөн арилжээ. Хэдий эртний урлагийн шинж байдлыг өөрчлөлгүйгээр давтаж байсан ч зураач нарын өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хязгаарлаж чадсангүй. Тэд авхаалж самбаа мөн төсөөлөн бодох чадвараа ашиглан эртний Грек-Ромын сонгодог урлагаас өөрт хэрэгтэй шинжийг сонгож чөлөөтэй бүтээлээ туурвиж байсан.

Хожуу үеийн Сэргэн мандалт[засварлах | edit source]

Хожуу үеийн Сэргэн мандалт Италид 1530 оноос 1590-1620 он хүртэл хамарчээ. Зарим судлаачид Хожуу үеийн Сэргэн мандалтад 1630-аад оныг хамруулдаг. Энэ нь урлаг судлаачид, түүхчдийн дунд маргаан үүсгээд байгаа юм. Энэ үеийн соёл болон урлагийг нэгдсэн нэршлээр нэрлэхэд төвөгтэй байсан. Учир нь тэдний үүсэл илрэл нь хоорондоо маш их ялгаатай байжээ. Жишээлбэл, Британника нэвтэрхий тольд: “Сэргэн мандалт нь түүхэн нэгдмэл үе байсан ба 1527 онд Ромын уналтаар төгсгөл болсон” гэж тэмдэглэсэн байна. Ертөнцийг үзэх үзлийн зөрчлүүд, мөн хямралын үеийн уналтаас үүдэн Флоренцод янз бүрийн нийлмэл өнгө болон муруй шугамаас бүрдсэн “тогтворгүй” урлаг - маньеризм газар авчээ. Коррежо ажиллаж байсан Пармад маньеризм урлагийг 1534 онд зураачийг өөд болсноос хойш дэлгэрүүлжээ. Венецийн урлагийн уламжлал өвд хөгжлийн өөрийн учир зүй байв: 1570 оны сүүл хүртэл тэнд Паллиадо, Тициан нар ажиллаж байсан бөгөөд тэдний бүтээл Флоренц, Ромын хямралын үеийн үйл явдлуудтай холбоогүй байжээ.

Хойд зүгийн орнуудын Сэргэн мандалт[засварлах | edit source]

Италийн Сэргэн мандалт 1450 он хүртэл бусад орнуудад бараг нөлөөлдөггүй байв. 1500 оноос хойш уг хэв маяг нь тив даяар тархжээ. Гэхдээ Барокын эрин эхэлтэл ихэнх хожуу үеийн готик нөлөө байр сууриа алдаагүй байсаар байв. Голланд, Герман, Францын нутаг дэвсгэрт Италийн сэргэн мандалтаас хэд хэдэн шинжээр ялгаатай өөр хэв маягийн урсгал бий болсон ба түүнийг “Хойд зүгийн орнуудын Сэргэн мандалт” гэж нэрлэжээ. Ялангуяа уран зургийн хэв маяг Италийнхаас ялгагдаж байлаа: уран зургуудад готик урлагийн уламжлал ба ур чадварыг голчлон анхаарч, эртний уламжлал мөн хүний биеийн бүтцийн мэдлэгт анхаарал бага хандуулж байжээ. Энэ үеийн алдартай уран бүтээлчид - Альбрехт Дюрер, Бага Ханс Хольбайн, Том Лукас Кранах, Том Питер Брюгель нар байжээ. Хожуу үеийн готик хэв маягаар уран бүтээл туурвидаг Ян ван Эйк, [[Ханс Мемлинг] нарын зарим бүтээлд мөн Сэргэн мандалтын өмнөх үеийн хэв маяг илэрч байв.

Шинжлэх ухаан[засварлах | edit source]

XIV—XVI зуунд ертөнц болон ертөнцөд хүний эзлэх байр суурийг төсөөлөн бодох хүний төсөөллөлд боловсролын хөгжил их нөлөөлжээ. Газарзүйн агуу нээлтүүд, Николай Коперникийн ертөнцийн нар төвтэй систем зэрэг нь хүмүүсийн Дэлхийн хэмжээний болон Галактикт орших Дэлхийн байрлалын тухай хүмүүсийн төсөөллийг өөрчилжээ. Харин Парацельс болон Везалиус нар анх удаа хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа, түүнд болж буй үйл явцуудыг судалж анагаах ухаан, анатомийн шинжлэх ухааныг судлах эхлэлийг тавьжээ. Нийгмийн ухааны шинжлэх ухаанд томоохон өөрчлөлтүүд гарчээ. Жан Боден болон Никколо Макиавеллигийн судалсан түүхэн ба нийгмийн үйл явцууд нь анх янз бүрийн бүлгийн хүмүүсийн хоорондоо болон тэдний сонирхлуудын хоорондоо харилцан үйлчилж буй хүчийн үр дүн гэж судлагдах болсон байна. Энэ үед “төгс” нийгмийн харилцааг бий болгох оролдлогыг хийж байсан (Томас Морын "Утопи арал", Томмазо Кампанеллагийн "Нарны хот").

Эртний соёл урлагийг судлах болсны ачаар эртний олон судар ном дахин бичигдэж, бараг бүх хүмүүнлэг ёсыг судлагчид сонгодог латин болон эртний грек хэлийг судалдаг болсон. Ерөнхийдөө, энэ үеийн бурханд итгүүлэн мэхлэн төөрөгдүүлэх зан үйл шинжлэх ухааны ололт болон хөгжилд муу нөлөө үзүүлж байлаа. Шинжлэх ухааны ололт амжилт, XVII зууны Шинжлэх ухааны хувьсгал нь Сэргэн мандалтын Реформац (шашны шинэчлэлт)-тай холбоотой.

Гүн ухаан[засварлах | edit source]

XV зуунд (1459) Флоренцид Карежи тосгон дахь Платоны академи байгуулагдсан. Сэргэн мандалтын үеийн философичид:

Уран зохиол[засварлах | edit source]

Сэргэн мандалтын үеийн уран зохиолын эхлэлийг анхлан тавьсан зохиолч болох Данте Алигери (1265—-1321) нь тэр үеийн хүмүүсийн байдлыг “Туульс” (сүүлд “Тэнгэрлэг туульс” гэж нэрлэгдэх болсон) хэмээх жүжигтээ тодорхой өгүүлсэн байдаг. Сүр жавхлант Дантег бүтээсэн уг нэрээр үр хойч нь хүндэтгэл бишрэлээ илэрхийлжээ. Сэргэн мандалтын үеийн уран зохиолд уг бүх талаараа хөгжсөн буюу чөлөөтэй, уран, бүтээлч мөн тэр үеийн хүмүүнлэг шинжүүд илэрч байлаа. Франческо Петраркийн (1304—1374) хайрын сонетууд хүний дотоод ертөнцийн гүнийг нээж, хүний сэтгэлийн илрэлийн баялгийг нээж өгөв. XIV—XVI зуунуудад Италийн уран зохиол хөгжин цэцэглэж Петраркийн шүлгүүд, Жованни Боккаччогийн (1313—1375) өгүүллэгүүд, Никколо Макиавеллигийн (1469—1527) нийгмийн тухай эрдэм шинжилгээний бүтээл, Лудовико Ариостогийн (1474—1533) мөн Торквато Тассогийн (1544—1595) зохиолууд бусад орнуудад түгэн тарж, эртний Грек, Ромын уран зохиолууд буюу сонгодог уран зохиолын тоонд багтжээ.

Дүрслэх урлаг[засварлах | edit source]

Сэргэн мандалтын үеийн уран зурагт мэргэжлийн зураачид байгаль, хүний анатоми, амьдралын мөн чанар, гэрлийн болон бусад үзэгдлүүдийн тусгалд анхаарсан байдаг. Сэргэн мандалтын үеийн уран зураачид уламжлалт шашны сэдэвтэй бүтээл туурвидаг байснаадүрслэх урлагийн шинэ арга барил хэрэглэх болж эзэлхүүний нарийн бүтэц, байгалийн уран зураг(пейзаж)-ийг арын фон болгон ашиглах болжээ. Энэ нь тэдний бүтээлийг илүү бодит, амьд болгож өмнө туурвидаг байсан шашны бүтээлээс огт өөр болгожээ.

Дуу хөгжим[засварлах | edit source]

Сэргэн мандалтын үед мэргэжлийн дуу хөгжим нь сүмийн соёл урлагийн шинжээ бүрмөсөн гээж, ардын хөгжимд илүү нөлөөлж байжээ. XIV зуунд «Арс Нова» («Шинэ урлаг») бүтээлүүд болох хоолойн ба хоолойн-хөгжмийн олон төрлийн дуу авианы урлаг дээд түвшинд хүртлээ Английн (XV зуунд), Голландын (XV—XVI зуунд), Ромын, Венециийн, Францын, Германы, Польшийн, Чехийн (XVI зуунд) болон бусад сургуулиудад судлагдан хөгжжээ. Шашны бус маш олон төрлийн хөгжмийн урлагийн төрлүүд бий болж байлаа: Италид — фроттол ба вилланел, Испанид - вильянсико, Англид -баллад, мадригал буюу Италид үүссэн (Лука Маренцио, Якоб Аркадельт, Жезуальдо да Веноза) боловч Францын найрал дуу болсон дуу зэрэг юм.