Юнлэ Дадянь

Юнлэ Дадянь номын нүүр

Юнлэ Дадянь (уламжлалт ханз: 永樂大典; хялбаршуулсан ханз: 永乐大典; пиньинь: Yǒnglè Dàdiǎn; Уэйд Гильс: Yung-lo Ta-tien) бол хятадын Мин улсын гуравдугаар хуанди Юнлэгийн зарлигаар 1403 оноос 1408 оны хооронд бичигдсэн томоохон хэмжээний цогц бүтээл юм. Анх бичигдэх үедээ 11095 дэвтэр, 22937 бүлэгт хуваагдаж байснаас орчин үед 400 орчим боть, 800 гаруй бүлэг нь өвлөгдөж ирсэн. Бээжин хотын хааны ордон олон удаагийн дайн тулаан, үймээн самуун, байгалийн гамшиг тохиож байсан нь тус хотод хадгалагдаж байсан уг бүтээлийн ихэнх хэсэг нь галд шатахад шууд нөлөөлж, өнөө цагт 400 орчим боть үлдэж хоцорчээ.

Тойм[засварлах | кодоор засварлах]

Юнлө хуандигийн зарлигаар хятадын түүх, утга зохиол, урлаг, толь бичиг, буддизм, күнз болон даогийн сургаалиуд, мэргэ төлөг, одон орон, газар зүй, анагаах ухаан, хууль дүрэм, шинжлэх ухаан, философи зэрэг сэдвийн саланги тусдаа байсан ном судрыг нэгтгэн бичих ажлыг бичгийн утгачийн хүрээлэнд тушааж, 100 гаруй түшмэдийг ашиглан эхлүүлсэн. 1405 оноос бичээч түшмэдийн тоог 2169 хүртэл нэмж ажиллуулснаар 1408 онд Наньжин хотод бичиж дууссан нь нийт 22937 бүлэг 11095 боть бүхий болсон. 1421 онд Юнлө хаан нийслэл хотоо Бээжин рүү нүүлгэхдээ тус бүтээлийг авч явсан. 1557 онд Жяжин хааны үед Хориотой хот шатах үеэр Юнлэ Дадянийн зарим хэсэг нь галд өртжээ. 1562 онд Жяжин хааны зарлигаар тус бүтээл элэгдэж муудсанаар хуулбарлах ажлыг эхлүүлж, 1567 онд дуусжээ. Анхны эх нь дараах 3 удаагийн үйл явдлаас болж алга болсон гэж таамагладаг.

  • Жяжин хаан 1567 онд Юнлэ Дадянийг хуулбарлаж дууссны дараа эх бүтээлийг шатаасан гэх таамаг байдаг.
  • 1644 онд Мин улсын нийслэл Ли Зичэнгээр удирдуулсан тариачдын бослогын цэрэгт эзлэгдсэн. Хэдэн сарын дараа У Сангүй, Доргон нарын удирдсан манж, хятад цэрэгт ялагдаж, Бээжингээс зугтах үедээ Хориотой хотыг галдсанаар Юнлэ Дадянийн зарим нь галд шатсан.
  • 1923 оны 6 сарын 27 нд Цяньчин ордныг хааны ордны тайганууд шатаасан.

Жяжин хааны хуулбарласан Юнлэ Дадянь нь 1860 оны хар тамхины хоёрдугаар дайн хүртэл бүрэн хадгалагдаж байгаад, Англи-Францын цэргүүд Бээжин хотыг эзлэх үеээр ихэнх нь шатаж, цөөн хэсгийг нь дурсгал болгож нутаг руугаа явуулжээ. 1875 онд Чин гүрэнд 5000 орчим боть үлдсэн байсныг Ихэтуанийн бослогоор найман улсын цэрэг Хориотой хотыг эзлэх үеэр Бичгийн утгачийн хүрээлэнг галдах үеэр, хэдэн зуун ботийг өөрийн улс руу илгээж, ихэнхийг нь шатаасны дараа Чин гүрний талд ердөө 60 гаруй боть хуулбар эх үлджээ.

Орчин үед Бээжин хотод Хятадын Үндэсний Номын Санд 221 боть, Тайпэй хотод Тайваний Үндэсний Хааны Ордон Музейд 62 боть, АНУ-ын Конгрессын номын санд 41 боть, Калифорниагийн Сан Марино хотод Хантинтоны Номын Санд 2 боть, Корнеллийн Их Сургуулийн Номын Санд 6 боть, Их Британийн Нэгдсэн Вант Улсад 51 боть, Германд 5 боть тус тус хадгалагдаж байна. 2020 оны 7 сарын 7-нд Парис хотод болсон нэгэн дуудлага худалдаагаар Юнлэ Дадянийн 2 ботийг 8 сая еврогийн үнээр худалдсан явдал болжээ.

Холбоотой зүйлс[засварлах | кодоор засварлах]