Jump to content

Зөгийн бал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зөгийн бал

Зөгийн бал нь зөгий цэцгийн балыг цуглуулан, үүрэндээ хадгалан бий болгодог чихэрлэг хүнсний зүйл юм.

Ерөнхий ойлголт

[засварлах | кодоор засварлах]

Зөгий нь цэцгээс цуглуулсан балыг биедээ шилжүүлэн ферментжүүлж задлан үүрэндээ хадгалдаг. Зөгийн үүр нь 35℃ температуртай байдаг бөгөөд ажилчин зөгийнүүд үүрэн доторх агаарыг үргэлж сольж цэвэршүүлж байдаг тул ус нь ууршиж, чихэрлэгийн хэмжээ 80%-д хүрнэ. Найрлагад нь глюкоз, фруктозоос гадна янз бүрийн витамин, эрдэс, амин хүчлүүд агуулагддаг. 1кг нь 2940 ккал хүрэх тун өндөр илчлэгтэй.

Зөгийн бал нь бага температурт талстжидаг. Энэхүү талстжисан хэсэг нь глюкоз, талстжаагүй үлдсэн хэсэг нь фруктоз байдаг. Халаахад буцаж анхны байдалдаа ордог бөгөөд чанар нь алдагддаггүй.

Зөгийн бал нь удаан хадгалах боломжтой. Египетэд пирамидыг малтаж байсан америкийн архелеогич T.M.Дэвис 3300 жилийн өмнөх зөгийн бал хадгалаастай шилэн сав олсон нь доторх зөгийн бал нь чанараа огт алдаагүй байсан нь тэмдэглэгдэн үлджээ.

Зөгийн баланд ботулинус хэмээх нянгийн үр хөврөл агуулагдах тохиолдол бий. Гэхдээ зөгийн балан дотор байхдаа өсч үржин хор хөнөөл тарих аюулгүй, хүний биед орсон хойноо ч өсч үржих чадваргүй гэгддэг. Харин хоол боловсруулах эрхтэн нь бүрэн хөгжиж амжаагүй нэг хүртэлх насны хүүхдэд зөгийн бал өгч болохгүй.

Хүнсэнд хамгийн өргөн хэрэглэдэг. Талх болон халуун бялуунд түрхэж идэхээс гадна бяслаг, сүү, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэх нь бий.

Кофе болон байхуу цай зэрэг ундаанд элсэн чихрийн оронд хэрэглэнэ. Зөгийн балыг бүрдүүлэгч гол бодис нь фруктоз буюу жимсний чихэр бөгөөд энэ нь бага температурт чихэрлэг амт нь сайн мэдрэгдэх боловч өндөрт температурт чихэрлэг амтаа алдана. Иймээс халуун бүлээн зүйлтэй холиход хэмжээг нь хэтрүүлэх магадлалтай.

Байхуу цайнд зөгийн бал хийвэл өнгө нь харладаг. Энэ нь байхуу цайнд агуулагддаг таннин хэмээх бодис зөгийн баланд агуулагдах төмөртэй урвалд орсноос шалтгаална.

Зөгийн балыг хүнснээс гадна эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг.

Мөн бага зэрэг шингэлээд, исгэж зөгийн балны архи хийдэг.

Зөгийн үүрнээс балыг нь авсны дараа үлдэх лаваар лаа, будаг зэрэг зүйл хийдэг.

Зөгийн бал нь цэцгийн төрлөөс хамаарч амт, өнгө, үнэр, найрлага нь ялгаатай байдаг.

  • Лянхуа
    • Бүдэг өнгөтэй, хурц үнэргүй.
  • Хар хуайс (Ерөнхийдөө хар хуайсны балыг хуайсны бал хэмээн зардаг байна)
    • Бүдэг хүрэн өнгөтэй, амт үнэрийн хувьд лянхуа цэцгийнхтэй ойролцоо.
  • Бэрсрүүт жүрж
    • Сүүлийн жилүүдэд бэрсрүүт жүрж буюу мандарины тоос хүртээхэд зөгийг ашиглах нь өссөнтэй холбоотойгоор үйлдвэрлэл нь өсч буй. Нимбэгэрхүү үнэртэй.
  • Хошоонгор
    • Дэлхийд хамгийн их хэмжээгээр үйлдвэрлэгддэг. Хурц чихэрлэг үнэртэй боловч амт нь сул.
  • Сагаг
    • Төмөр ихээр агуулдаг тул хүрэн элсэн чихэртэй төстэй амттай, өвөрмөц үнэртэй. Хар хүрэн өнгөтэй. Цус багадалтад сайн гэгддэг.
  • Туулайн бөөр
    • Гашуувтар, исгэлэндүү амттай. Европт их дэлгэрсэн.

Үйлдвэрлэлийн хэмжээ

[засварлах | кодоор засварлах]

2002 оны байдлаар дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй зөгийн балны нийт хэмжээ 1280 мянган тонн. Үүний 20.3% нь Хятадад үйлдвэрлэгдэж байна.

  1. Бүгд Найрамдах Хятад Ард Улс - 206 мянган тонн (20.3%)
  2. Америкийн Нэгдсэн Улс - 90 мянган тонн (7.1%)
  3. Аргентин - 85000 тонн (6.7%)
  4. Турк - 60000 тонн (4.7%)
  5. Украин - 60000 тонн (4.7%)

Дараа нь Мексик, Оросын Холбооны Улс, Энэтхэг, Канад, Испани улсууд орно. Монгол улсын хувьд Сэлэнгэ аймгийн нутагт зөгий үржүүлгийн газар бий боловч зөгийн балны хэрэгцээний ихэнх хувийг импортоор хангадаг.

2003 онд дэлхийн зөгийн балны нийт үйлдвэрлэл 1340 мянган тонн, 2004 онд 1350 мянган тонн болж өссөөр буй.

Гол өгүүллэг: Зөгий үржүүлэг

Хүн зөгий хоёрын харилцаа маш эртний түүхтэй. Испаний нутаг дахь Аланиа агуйгаас олдсон 10000 жилийн өмнөх сүг зурагт зөгийн үүрнээс балыг нь авч буй эмэгтэй дүрслэгдсэн байдаг. Месопотамийн дүрс бичигт зөгий үржүүлэгтэй холбоотой зүйлс бичигдэн үлдэж хоцорсноос гадна Эртний Египетийн сүг зурагт зөгий үржүүлгийн байдал дүрслэгдэн үлджээ.

Эртний Грекийн гүн ухаантан Аристотель "Амьтны аймаг" хэмээх бүтээлдээ зөгий үржүүлгийн талаар дурьдсан байдаг. Түүнд зөгий цуглуулдаг зүйл нь ургамалын тоос биш, цэцэгт хуримтлагдсан шүүдэр гэж бичжээ.

Хуучин гэрээнд Израйльчуудад амласан нутаг Канаан нь "Сүү, зөгийн бал урсч байдаг газар" гэж дүрслэгдсэн байдгаас зөгийн бал нь эртнээс нааш үржил шим, баялгийн бэлгэдэл болж ирснийг ойлгож болно.

Дундад зууны Европт гэрэлтгүүлгийн зориулалттай хэрэглэх лааны түүхий эд болгож лавыг хэрэглэдэг байсан тул сүм хийдүүдэд зөгий үржүүлдэг байжээ.

19-р зууныг хүртэл зөгийн балыг авахын тулд зөгийн үүрийг нь эвдэж, сүргийг нь устгахаас өөр арга байдаггүй байжээ. 1853 онд Америкийн Нэгдсэн Улсын иргэн Лангстрот (L.L.Langstroth) өөрийн "Үүр ба зөгий" ("The Hive and the Honey Bee") хэмээх бүтээлдээ зөгийн бал, лавыг авахад зөгийн сүргийг нь устгахгүйгээр авч үлдэж, дахин ашиглаж болох аргыг нээснээр орчин үеийн зөгий үржүүлгийн эцэг гэж нэрлэгдэх болжээ. Өдгөө түүний нээсэн аргыг үндсэндээ ашиглаж зөгий үржүүлж буй аж.

Зөгий
Гол өгүүллэг: Зөгий

Дэлхий дээр 9 төрлийн зөгий байдаг.

Зөгий нь цэцэг олвол бусаддаа бүжгээр бал байгаа чиглэл, зайг мэдээлнэ. Бал авчирсан ажилчин зөгий нь бал хадгалдаг зөгийнд балаа дамжуулдаг бөгөөд энэ үед чихэрлэг ихтэй бал авчирсан зөгийнөөс нь эхэлж авдаг тул чихэрлэг багатай бал авчирсан ажилчин зөгий хүлээх хэрэгтэй болдог. Иймээс сайн балтай газар луу ажилчин зөгийнүүд олноороо явдаг байна.

Зөгийн үүрний бүтэц

[засварлах | кодоор засварлах]
Зөгийн үүр (сархинаг)

Байгальд байдаг зөгийн үүр нь сархинаг гэж нэрлэгдэх бөгөөд зургаан талтуудаас тогтох босоо хавтгай хэлбэртэй. Сархинагийн тоо нь зөгийн төрлөөс хамаарч янз бүр байдаг.

Амьтад ба зөгийн бал

[засварлах | кодоор засварлах]

Зөгийн бал нь илчлэг ихтэй тул хүнээс гадна амьтад ч дурладаг. Зөгийн үүрийг сүйтгэж, балыг нь "дээрэмддэг" хамгийн гол амьтан нь баавгай юм.

Түүнчлэн бусад амьтдыг ашиглаж, бал олж иддэг шувууд бий. Голчлон Африкийн Сахарын цөлөөс урагш орших тоншуулын төрлийн шувуу (Indicator minor) зөгийн бал, лаванд маш дуртай. Хүн, баавгай зэрэг амьтдад зөгийн үүр байгаа газрыг мэдэгдэж, тэдгээр нь зөгийн бал авсны дараа эвдэрч үлдсэн зөгийн үүрнээс үлдэгдлийг нь иддэг байна. Үүнийг нь ашиглаж, уг шувууг дуудах тусгай шүгэл хүртэл ашигладаг бүс нутаг бий.