Jump to content

Монгол ба Нэгдсэн Үндэстний Байгууллага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол Улс нь 1946 онд НҮБ байгуулагдсан Сан-Францискогийн энхийн гэрээ батлагдсан цагаас хойш НҮБ-д элсэхээр анх өргөдөл гаргаж байсан боловч тэр үеийн өрнөдийн орнуудын эсэргүүцлийг давж гаран, 8 удаа өргөдөл гаргаж байж 15 жилийн дараа 1961 онд л энэ байгууллагын өндөр босгыг алхжээ.

НҮБ-ын далбаа

Монгол Улсын санаачилгаар НҮБ нь 1970-аад оныг "Бичигтэн болох 10 жил" хэмээн зарлаж байв. Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлажээ.

Өдгөө Монгол Улсад ардчилалыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах талаар НҮБ-ын төрөл бүрийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр, Курт Вальдхайм, Кофи Аннан, Бан Ги Мүн (2009 онд) нар манай улсад айлчилж байсан түүхтэй.

Монгол улс НҮБ-д элссэн түүх

[засварлах | кодоор засварлах]

БНМАУ-ын Засгийн газар 1946 оны 6 дугаар сарын 21-нд НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ анх удаа гаргажээ. НҮБ-д гаргасан өргөдөлд, БНМАУ нь Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцсоноо дурдаад, нэгдсэн үндэстний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг Аюулгүйн зөвлөл, Ерөнхий Ассамблей анхааран үзэж, НҮБ-д элсэх БНМАУ-ын хүсэлтийг зөвшөөрнө гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэхийн хамт БНМАУ нь НҮБ-ын дүрмийн бүхий л заалтыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөхөө илэрхийлжээ.

Тийнхүү БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсангаас 1946 оны 6 дугаар сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли-д явуулсан бичигтээ:

«БНМАУ-ын ард түмэн нь өөрийн их хөрш ЗХУ-д эд материалын тус нэмрийг үзүүлэн, Нэгдсэн үндэстний талд орж, фашист улсуудын эсрэг тэмцэлд оролцсоныг Аюулгүйн Зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их хурлын анхааралд толилуулах нь зүйтэй хэмээн тус улсын Засгийн газраас үзнэ. БНМАУ нь 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Японд дайн зарлаад, энэхүү улсыг эсэргүүцсэн дайны явдалд оролцсон юм. Нэгдсэн Үндэстний нийтийн хэрэгт Монголын ард түмнээс үзүүлсэн энэхүү тус нэмрийн тухай Аюулгүйн Зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их хурал мартахгуй бөгөөд БНМАУ-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнд элсүүлэн авах тухай хүсэлтийг зөвшөөрөн авч үзэх болов уу хэмээн БНМАУ-ын Засгийн газар үнэхээр итгэж байна». гэсэн байв.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс томилогдсон НҮБ-д шинээр гишүүн элсүүлэх хороо Монголын өргөдлийг 1946 оны 8 дугаар сарын 6-нд хэлэлцжээ. Нью-Иорк хотноо болсон комиссын хурал дээр Дундад улсын төлөөлөгч Цзяо Тайчжи (Quo Tai-chi 1888-1952) "БНМАУ-ын өргөдлийг нэг жилээр хойшлуулья, учир нь зөвхөн ЗХУ-тай дипломат харилцаатай, манай оронтой Элчин солилцохоор тохирсон, бусад орнуудтай дипломат ба консулын харилцаагүй байгаа, цаг нь ирэхээр баяртай дэмжих болно" гэж байжээ. 1946 оны 8 дугаар сарын 28-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурал, НҮБ-ын гишүүн элсүүлэх комиссоос Албани, БНМАУ, Афганистан, Трансиордан, Ирланд, Португаль, Исланд, Швед зэрэг 8 улсын өргөдлийн тухай оруулсан илтгэлийг хэлэлцэж эхлэв.

БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх Аюулгүйн Зөвлөлийн гишүун 11 улсаас санал хураахад ЗХУ, Франц, Дундад улс, Польш, Мексик, Бразил зэрэг 6 улс Монгол улсыг «төлөө» санал өгч, АНУ, Англи, Голланд гурав татгалзаж, Австрали, Египет хоёр түдгэлзэв. Ийнхуү АЗ-ийн Байнгын хоёр гишуун НҮБ-д авахыг татгалзсан тул Монгол Улсын өргөдлийг хүлээн авалгүй хойшлуулжээ.

Х.Чойбалсангийн гарын усэгтэй хоёрдахь өргөдлийг 1948 оны 10-р сарын 25-нд илгээжээ. Үунийг 1949 оны 6-р сарын 16; 1951 оны 12-р сарын 19; 1952 оны 2-р сарын 1; 1952 оны 9-р сарын 5; 1954 оны 11-р cap; 1955 оны намар тус тус хэлэлцэж байжээ. Гуравдахь удаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг К. Хаммаршельдын (Dag Carl Hammarshild) нэр дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын гарын усэгтэй өргөдлийг 1956 оны 9-р сарын 14-нд гардуулсныг мөн оны 12-р сарын 12-нд хэлэлцүүлсэн байна. Энэ тухай «БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай асуудал»- нэртэй өгүүлэл «Үнэн» сонины 9-р сарын 4-нд нийтлэгдэж байжээ.

Сүүлчийн удаа 1957 оны 9-р сарын 1-нд ГЯЯ-ны сайд С.Аварзэдийн гарын үсэггэй өргөдлийг 1957 оны 9-р сарын 9-нд хэлэлцэж байжээ. Чан Кайшийн Хятад, АНУ, туунчлэн ЗХУ-ын ангич байр сууринаас шалтгаалан хойшлогдсоор байжээ.

Гэвч БНМАУ олон улсын хамтын нийгэмлэгт элсэх асуудал багагүй саад бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд манай улс тус байгууллагад элсэх хүсэлтээ дахин гаргав.

НҮБ-д элсэх асуудал удаа дараа хойшлогдож байсан боловч Монгол Улсын төр засаг, ард түмэн энх тайвны төлөө тэмцлээ үргэлжлүүлсээр байв. 1950 оны 4-р сард БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид Энхтайвны талынхны их хурлын байнгын хорооны анхаарал бичгийг зөвшөөрөн дэмжиж байгаагаа илэрхийлсэн тунхаг гаргав. 1949 онд Монголын Энхтайвныг хамгаалагчдын бага хурал, 1950 оны 10-р сард Энхтайвны талынхны бүх Монголын үндэсний анхдугаар их хурал хуралдаж, Энхтайвныг хамгаалах Монголын үндэсний хороог байгуулжээ. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдээс 1951 оны 2-р сард дайны тухай суртал нэвтрүүлэг хийхийг хориглосон “Энх тайвныг хамгаалах тухай хууль” гаргасан байна.  БНМАУ-ын зүгээс гаргаж буй энх тайванч санал санаачилга, идэвхтэй үйл ажиллагаа нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байлаа.

1955 онд НҮБ-д элсэхээр өргөдөл өгсөн 18 улсыг нэгэн зэрэг элсүүлэх тухай Швед зэрэг 28 орны саналыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжсэн байна. Гэвч Аюулгүйн зөвлөл уг асуудлыг хэлэлцэхэд Чан Кай Ши-гийн төлөөлөгч БНМАУ-д хориг тавьжээ. Харин 1961 оны 10-р сарын 25-нд Аюулгүйн зөвлөлөөр БНМАУ, Мавритан хоёр улсыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцэж, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 дугаар чуулганы 1043 дахь Бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: 1961 оны 10-р сарын 25-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн “Аюулгүйн зөвлөл”-ийн зөвлөмжийг хүлээн авч, мөн БНМАУ-ын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болохыг зөвшөөрөв гэжээ. Улмаар социалист 11 улс, мөн Энэтхэг, Индонез, Ирак, Египет зэрэг 23 орны төлөөлөгчдийн хамтран оруулсан тогтоолын төслийг Ерөнхий ассамблейн XXVI чуулганаар хэлэлцээд 1961 оны 10 дугаар сарын 27-ны 15 цагаас (Улаанбаатарын цагаар 10 дугаар сарын 28-ны өглөөний 04 цаг) БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн санамжийг Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар хэлэлцэв. Чуулганы даргаас БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлсэн гэж тооцох уу гэхэд чуулганы төлөөлөгчид алга ташин баталсанаар БНМАУ НҮБ-ын гишүүнээр батлагдав. НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарийн газрын Ёслолын хэлтсийн дарга чуулганы танхимд “МОНГОЛ” гэсэн хаяг тавьсан суудалд манай төлөөлөгчдийг урин суулгаснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн болж хууль ёсны байраа эзлэсэн түүхтэй (Улаанбаатарын цагаар 10 дугаар сарын 28-ны өглөөний 04 цаг 15 минутад). Энэ Ерөнхий Ассамблейн чуулганы төлөөгчидөөр Дондогийн Цэвэгмид-ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд (төлөөлөгчдийн тэргүүн), Баярын Жаргалсайхан-Элчин сайд, Буянтын Дашцэрэн-Гадаад яамны хэлтсийн эрхлэгч, О.Дамдиндорж-Гадаад яамны хэлтсийн эрхлэгч нар оролцсон байна.

1961 оны 11-р сарын 17-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 372-р тогтоолоор БНМАУ-аас НҮБ-д суух Байнгын төлөөлөгчийн газрын орон тоог 12 нэгжээр баталж, Баярын Жаргалсайханыг Байнгын төлөөлөгчийн Тэргүүнээр, О.Дамдиндоржийг 1 дүгээр нарийн бичгийн даргаар, Б.Орсоог 2 дугаар нарийн бичгийн даргаар, Цэрэн-Очирыг атташегаар тус тус баталаж байсан түүхтэй юм.

Монгол болон НҮБ-ын Харилцааны тухай товч танилцуулга

[засварлах | кодоор засварлах]

Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элсээд өнгөрүүлсэн жаран жилд НҮБ болон Монгол Улс хоорондын харилцаа нь батжин бэхжиж харилцан үр ашигтай түншлэлийн харилцаа болон төлөвшсөн. Монгол Улс дахь НҮБ нь ардчилсан засаглал, хүний ​​эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, улмаар дасан зохицох, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарыг хамарсан хөгжилд хувь нэмэр оруулж буй НҮБ-ын системийн 11 байгууллагаас бүрддэг. Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Тогтвортой хөгжлийн урт хугацааны баримт бичиг болох Алсын Хараа 2050-д тодорхойлсон хөгжлийн зорилгодоо хүрэхэд нь Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд дэмжлэг үзүүлж байна.

  • Элссэн он сар өдөр: 1961 оны 10 дугаар сарын 27-нд
  • Хамтын ажиллагааны чиглэл зорилго: НҮБ –ын Дүрмийн зорилго, зарчмуудыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, байгууллагад хуримтлагдсан оюуны чадавхи, мэдээллийг эдийн засаг, нийгмийнхээ хөгжилд ашиглах
  • Хамтын ажиллагааны хэлбэр: НҮБ-ын Ерөнхий Ассамблей (ЕА)-н чуулгануудад оролцож, Засгийн газрынхаа бодлого, байр суурийг илэрхийлж, тэдгээрийг зохицуулах, шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах.

Хамтран ажиллаж буй тодорхой чиглэлүүд

[засварлах | кодоор засварлах]

Ядуурлыг бууруулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах /Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх/

  • Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүрэг ролийг бэхжүүлэх
  • Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх
  • Далайд гарцгүй орнуудын байдлыг сайжруулах
  • Монгол улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах
  • Шинээр болон сэргээн тогтоосон орнуудын ардчиллыг дэмжих, хувь нэмэр оруулах.

Оролцож хэрэгжүүлсэн тодорхой үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Манай улс 2020 оны байдлаар олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, ардчилал, засаглалыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн олон асуудлаар Ерөнхий Ассамблейн нийт 90 гаруй тогтоол санаачлан хэлэлцүүлэн батлуулж, 500 гаруй тогтоол шийдвэрт хамтран зохиогчоор нэгдэж орсон байна.

НҮБ –ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулганд дээд, өндөр хэмжээнд оролцсон байдал (13 удаа)

[засварлах | кодоор засварлах]

НҮБ-аас зохион явуулсан өндөр, дээд хэмжээний томоохон хурал чуулганд оролцсон байдал

[засварлах | кодоор засварлах]
  • Хүрээлэн буй орчин ба хөгжлийн асуудлаарх Рио-де Жанейрогийн дээд

хэмжээний уулзалт (1992 он);

  • Хүн ам, хөгжлийн асуудлаар Каирийн бага хурал (1994 он);
  • Нийгмийн хөгжлийн асуудлаар Копенгагены дээд хэмжээний уулзалт

(1995);

  • Эмэгтэйчүүдийн асуудлаар дэлхий дахины IҮ бага хурал (1995)
  • Хүнсний асуудлаар дээд хэмжээний уулзалт (1999)
  • Хөгжлийн төлөөх санхүүжилтийн асуудлаар Монтеррейн олон улсын бага хурал (2002)
  • Тогтвортой хөгжлийн асуудлаар Йоханес бургийн дээд хэмжээний уулзалт

(2002)

  • Мэдээлжсэн нийгмийн асуудлаар дэлхийн дээд хэмжээний уулзалт (2003)

НҮБ-ын ЕНБД –ын зүгээс Монгол Улсад хийсэн дээд хэмжээний айлчлал

[засварлах | кодоор засварлах]

НҮБ-ын НБДГ-тай хамтран хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ

[засварлах | кодоор засварлах]
  • 1995 - АНДЭЗНК-ын Удирдах бүлгийн ҮIII хуралдаан
  • 1999 - Энх тайван, зэвсэг хураах асуудал эрхэлсэн Ази,
  • Номхон далайн бүсийн төвийн хурал
  • 2000 - Хүний аюулгүй байдлын асуудлаар олон улсын бага хурал
  • 2003 -Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын 5 дугаар бага хурал, Улаанбаатар хот

НҮБ–ын гол байгууллагуудад сонгогдсон байдал

[засварлах | кодоор засварлах]
  • Манай улс:

1973-1976 -НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн Зөвлөл

  • Манай төлөөлөгчид:
    • НҮБ –ын ЕА-н чуулганы орлогч даргаар 6 удаа;
    • Чуулганы хороодын илтгэгч, орлогч дарга, даргаар 14 удаа тус тус

сонгогдон ажилласан

  • Авсан туслалцаа:

1963 оноос эхлэн НҮБ, түүний системийн байгууллагуудаас нийтдээ 140 сая гаруй ам.долларын тусламж авсан. Ерээд оны эхээр Монголын эдийн засаг хямралд ороод байсан хүнд хэцүү үед НҮБ, түүний системийн байгууллагууд, ялангуяа НҮБХХ Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүсгэн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн хоёр жил дараалан Монголд нүүрлэсэн зудын гамшгийн хохирлыг даван туулахад туслах олон улсын арга хэмжээг явуулахад НҮБ хошуучилсан.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Монгол Улс нь НҮБ-ын идэвхтэй гишүүн бөгөөд нэг хүнд ногдох НҮБ-ын энхийг сахиулагчдын тоогоороо дэлхийн улс орнуудаас өндөр үзүүлэлттэй байна.

Монгол Улс 1990-ээд оны дунд үеэс НҮБ–ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг сонирхож ирсэн бөгөөд 1999 оны 9 дүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Түүнээс хойш ЗХЕШ -ын дэргэд Энхийг сахиулах алба (анхны даргаар хурандаа Г.Рагчаа ажиллаж байв.) байгуулагдан энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр бодиттой үйл ажиллагаа явуулж, гадаад дотоодын сургалтуудад хамрагдаж, бие бүрэлдэхүүнийг энхийг сахиулах ажиллагааны талаар мэдлэг дадлага олгохоор чармайж эхэлсэн. Монгол Улсын зэвсэгт хүчний албан хаагчдыг энхийг сахиулах ажиллагааны олон улсын (2000 онд Казахстанд, 2002 онд Бангладешид) сургалтад хамруулж байлаа. 2002 оноос хойш Монгол Улсын зэвсэгт хүчний хоёр албан хаагч БН Ардчилсан Конго Улс дахь "MONUC" НҮБ –ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч офицероор, түүнчлэн тэр жилдээ гурван албан хаагч Баруун Сахар дахь "MINURSO" НҮБ-ын сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгүүлж эхэлснээр Монгол Улс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах НҮБ-ын үйл хэрэгт бодит хувь нэмэрээ оруулж эхэлсэн түүхтэй. 2002 оноос 2024 он хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 21 мянга гаруй цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна. Монгол Улсын цэргийн алба хаагчид Ирак, Афганистан, Гүрж, Косово, Этиоп-Эритэри, Чад, Баруун Сахар, БНАКонго Улс, Судан Улсын Дарфур муж, Өмнөд Судан Улс, Судан Улсын Абейяа муж, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Ливан, Бүгд Найрамдах Кипр зэрэг 19 улс, тусгай мужид явагдсан энхийг сахиулах ажиллагаанд цэрэг эрсээ илгээж байжээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний офицерууд зөвхөн үүрэг гүйцэтгэх бус НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагч, цэргийн хүчний командлагчийн орлогч, нэгдсэн штабт хэлтсийн дарга, ажиллагааны удирдлагын дарга, штабын дарга, бүсийн командлагч, бүсийн командлагчийн орлогч зэрэг албан тушаалуудад үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Ажиллагааны удирдах албан тушаалд: 1.НҮБ-ын Өмнөд Судан дахь “UNMISS” ажиллагааны Хойд секторын командлагчаар бригадын генерал Д.Баярсайхан (2014-2015); 2. Тус ажиллагааны Хойд Секторын командлагчаар хурандаа С.Амарсайхан (2015-2016); 3. НҮБ-ын Өмнөд Судан дахь “UNMISS” ажиллагааны ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧийн орлогчоор бригадын генерал Д.Баярсайхан (2017-2019); 4. Тус ажиллагааны Жуба секторын командлагчаар бригадын генерал Б.Эрдэнэбат (2021-2022)тус тус үүргээ амжилттай гүйцэтгээд байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдаас хошууч генерал Б.Эрдэнэбат анх удаа Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар 2024 онд анх удаа сонгогдон үүргээ гүйцэтгэж байна.


Түүнчлэн, 2015 оноос НҮБ-ын төв штабын Энхийн сахиулах ажиллагааны газрын Цэргийн асуудал эрхэлсэн газар Монгол Улсын Зэвсэгт хүчний офицерууд НҮБ-ын зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцэн үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр офицерууд нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр ялангуяа цэргийн үүрэг гүйцэтгэлтийн талаарх бодлого боловсруулах, энхийг сахиулах ажиллагааны удирдлага, үүрэг гүйцэтгэлтийн талаар удирдлага, чиглэл боловсруулах зэрэг стратегийн бодлого боловсруулах түвшинд ажилладаг. 1. 2015-2017 онд хурандаа Г.Болор (2022 онд Бригадын генерал) НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын Цэргийн асуудал эрхэлсэн албаны Ажиллагааны удирдлагын хэлтсийн Энхийг сахиулахын асуудал эрхэлсэн офицер; 2. 2019-2023 онд хурандаа Д.Мягмаржав, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын Цэргийн асуудал эрхэлсэн албаны Цэргийн үүрэг гүйцэтгэлтийн үнэлгээний багийн Энхийг сахиулах, цэргийн асуудал эрхэлсэн офицер; 3. 2021-оноос хурандаа Н.Нямжаргал, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албанд Гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх багийн даргын албан тушаалд тус тус үүрэг гүйцэтгэж байна.

НҮБ–ын 2004 оны ерөнхий төсөвт 17 сая төгрөг төлсөн.

Манай иргэд НҮБ-ын НБДГ –т ажиллаж буй байдал

[засварлах | кодоор засварлах]

НҮБ, түүний системийн 10 гаруй байгууллагын НБДГ-т манай 20 орчим иргэн ажиллаж байна.

Монгол улсын төлөөлөгчдөөс санаачлан НҮБ-ын ерөнхий ассамблейд орууллаж батлуулсан тогтоолууд

[засварлах | кодоор засварлах]
  1. Зэвсэг хураах долоо хоногийн тухай /33-34, 37-44 дүгээр чуулган/
  2. Улс түмэн энх тайван орших эрхийн тухай /39-43 дугаар чуулган/
  3. Эдийн засгийн хөгжил ба байгалийг хамгаалах тухай /17 дугаар чуулган/
  4. Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд улсын секторын гүйцэтгэх үүргийн тухай /32-35 дугаар чуулган/
  5. Хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд үндэсний мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүргийн тухай /39-40 дүгээр чуулган/
  6. Чилид хүний эрхийг зөрчиж байгаа тухай /29 дүгээр чуулган/
  7. Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах тухай /31, 33 дугаар чуулган/
  8. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах тухай /37, 39, 40, 42, 44, 46, 48, 50, 52, 54, 56, 58 дугаар чуулган/
  9. Нийгмийн дэвшлийн үүднээс нийгэм-эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлт хийх үндэсний туршлагын тухай /36, 38, 40 дүгээр чуулган/
  10. Хоршооллын хөдөлгөөнийг дэмжих тухай /36, 44 дүгээр чуулган/, Нийгэм-эдийн засгийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай /48, 51, 54 дүгээр чуулган/,
  11. Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүргийн тухай /56, 58 дугаар чуулган/;
  12. Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх арга хэмжээ, хүч чармайлтын тухай /41, 42 дугаар чуулган/, Бүх нийтээр бичиг үсэгтэн болох НҮБ –ын 10 жилийн тухай /54, 56, 59 дүгээр чуулган/;
  13. Орон гэрээр хангах олон улсын жилийн тухай /40, 41 дүгээр чуулган/
  14. Орон гэртэй байх эрхийн тухай /41, 42 дугаар чуулган/
  15. Сансарт зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэрэмжлэх тухай /38 дугаар чуулган/
  16. Бүх нийтийн боловсрол /52, 54 дүгээр чуулган/
  17. Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай 53, 55, 57, 59 дүгээр чуулган/
  18. Олон улсын хэлэлцээ хийх зарчим, чиглэлүүд /52, 53 дугаар чуулган/
  19. Далайд гарцгүй орнуудын асуудал /52, 54 дүгээр чуулган/

НҮБ дэргэдэх Монгол Улсын Байнгын төлөлөөгч нар:

[засварлах | кодоор засварлах]
  1. Баярын Жаргалсайхан /1961-1964/- 1953-1956 онуудад ГЯЯ-ны сайд агсан.
  2. Лувсандоржийн Тойв /1964-1966/- 1962-1964 онуудад ГЯЯ-ны сайд агсан.
  3. Мангалын Дүгэрсүрэн /1968-1972/ - БНМАУ-ын ГЯЯ-ны сайд байсан.
  4. Ц.Нархүү /1979-1983/.
  5. Гэндэнгийн Нямдоо /1984-1988/ -Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүдийн нэг.
  6. Лувсангийн Эрдэнэчулуун /1991-1996/ - 2000-2004 онд Гадаад хэргийн сайд асан.
  7. Жаргалсайханы Энхсайхан /1996-2002/
  8. Очирын Энхцэцэг /2002-2006/
  9. Сүхээгийн Сүхболд /2016-2020/
  10. Воршиловын Энхболд /2020-/

Монгол улс, НҮБ-д элссэний 60 жил

[засварлах | кодоор засварлах]

2021 оны 10 дугаар сард Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдлэв. 2021 оны 10 дугаар сарны 25-нд Гадаад харилцааны яаманд "Монгол Улс - Нэгдсэн Үндэстний Байгууллагын хамтын ажиллагааны 60 жил: Цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал хийж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэлэв. Мөн гэрэл зургийн үзэсгэлэн гаргав.

(англи болон бусад хэлээрх НҮБ-тэй холбоотой холбоосууд)