Өглөөний наран (гитарын гоцлол)

"Өглөөний наран" (З.Хангал) гитарын гоцлолыг Монголын анхны поп-рок гитарчин, ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх цахилгаан хөгжимд зориулан найруулж (импровизаци буюу чимэг хөгжим нэмж хийж) гитар хөгжмөөр анх гоцлон тогложээ.

З.Хангалын "Өглөөний наран" гитарын гоцлол, С.Баатарсүх (21 настайдаа) гитараар гоцолж Мэдээлэл Радио Зурагт Радиогийн Улсын Хорооны (МРЗРУХ буюу одоогийн МҮОНРТ) дэргэдэх Цахилгаан хөгжмийн чуулга (одоогийн Улсын филармонийн "Баянмонгол" чуулга) хөгжимдснөөр 1969 оны 7-р сарын 23-нд Монголын Радиод анх бичигджээ. З.Хангалын "Өглөөний наран" гитарын гоцлолын Радиогийн энэхүү эх бичлэг 1990-ээд оны эхэн үе хүртэл өглөө бүр Монголын Радиогоор эгшиглэж ирсэн байдаг.

1996 онд мөн С.Баатарсүхийн гоцолж хөгжимдснөөр дуу бичлэгийн студид бичигдсэн З.Хангалын "Өглөөний наран" гитарын гоцлол:

  • 1997 онд Монголын Радиогийн Алтан сан хөмрөгт авагдаж радиогийн эфирт (ТШ Хангалын "Өглөөний наран" гитарын гоцлол, ТШ Хангалын зохиол "Өглөөний наран" гитарын гоцлол) эгшиглэж ирсэн.
  • 1998 онд С.Баатарсүхийн "Цэнхэр залаа" хуурцагт Б тал, #1, "Өглөөний наран" (З.Хангал) гэж орж хэвлэгдсэн.
  • 2016 онд С.Баатарсүхийн "Цэнхэр залаа" цомогт, #8, "Өглөөний наран" (Аялгууг зохиосон: З.Хангал) гэж орж хэвлэгдсэн байдаг.

Жич: Хангалын энэ сайхан аялгуу 1965-1966 оны үеэс анх Монголын Радиогоор эгшиглэж, төдөлгүй "Өвлийн үдэш" нэртэй дуу болж нийтэд түгсэн гэдэг.

Гоцлолын тухай С.Баатарсүхийн дурсамжаас[засварлах | кодоор засварлах]

Хангалын энэ аяыг сонсохоор сэтгэл нялхраад байдаг юм. Хангалын “Өвлийн үдэш” дууны бадаг дундуур би чимэг хийж найруулж гитарын гоцлол болгоод өөрт нь тоглож өгч сонсгоход Хангал “Үгүй нээрэн Баатар аа, чи нээрээн” гээд “Их гоё болж” гэсэн.

Хангалын энэ дууг тэр үед залуус маш их дуулдаг байсан, би бол гитар дээр соло тоглодог байсан. Миний хувьд 1955-1956 оны үед долоо найм орчим настай анх гитар сонирхож эхэлснээсээ хойш дууг гитар дээр оруулах болсон.

Гитарын гоцлол гэдэг ойлголтыг би 1960 онд Английн Шедоус хамтлагийн нэг пянзнаас олж авсан. Миний тоглож сурсан анхны гитарын гоцлол бол тэр пянзан дээр байсан “Апаче” гэдэг гитарын гоцлол. 1961-1962 он гэхэд би өөрт таалагдсан ая, аялгууг ганц сонсоод тогтоодог, тогтоосон аяа аман хуур, гитараар (соло) тоглож чаддаг болсон байсан.

Чимэг хийх, импровизаци хийх буюу аянаас ая зохиох дадал надад 1963 оны үед тогтсон. 1963 онд 8-р ангиасаа урлагийн үзлэгт хамтлагаараа орж хамтлагийнхаа охидын дуулах дууны бадаг дундуур чимэг хийж тоглодог болсон.

Сүүл рүүгээ би гадаадын хамтлаг чуулгын дууг дан аяар нь гитарын гоцлол болгож тоглодог, мөн тэдний тоглосон гоцлол гитарын бүтэн концертуудыг тоглож чаддаг болсон байсан.

МУИС-д 1966 онд ороод цахилгаан хөгжмийн хамтлаг “Оюутны цахилгаан гитарын чуулга” байгуулсан. Манай хамтлаг Хангалын энэ дууг дан аяар нь гитарын гоцлол маягаар тоглодог байсан.

Жич: Хангалын “Өглөөний наран” гитарын гоцлол бол анхны монгол гитарын гоцлол, энэнээс өмнө монголд ингэж гитараар гоцолж тоглосон ийм бүрэн хэмжээний дан хөгжмийн бүтээл - "гитарын гоцлол" байгаагүй. Хоёр дахь гитарын гоцлол нь Ж.Дорждагвын "Соёл-Эрдэнэ". Энэ хоёрт бол хоёуланд нь чимэг (импровизаци) хийж гитарын гоцлол болгосон. Харин гурав дахь "Цэнхэр залаа" бол иж бүрэн гитарын гоцлолоороо анх гарч ирсэн.

С.Баатарсүх гоцлолыг тоглосон тухай[засварлах | кодоор засварлах]

1.   1968 онд БНМАУ-ын Зэвсэгт Хүчний Залуучуудын 3-р их наадамд тоглогдсон.

  • Армийн тусгай анги салбаруудын бүсээс БНМАУ-ын Зэвсэгт Хүчний Залуучуудын 3-р их наадмын гоцлол хөгжмийн төрөлд байлдагч Самбуугийн Баатарсүх “гитар” хөгжмөөр гоцлон 1-р байр эзлэхэд тоглогдсон бүтээлүүдийн нэг.  

2.   1968-1969 оны хичээлийн жилд Нийслэлийн дээд, тусгай мэргэжлийн сургуулиудын урлагийн уламжлалт үзлэг, Монголын Залуучууд Оюутны 3-р их наадамд тоглогдсон.

  • Нийслэлийн дээд, тусгай мэргэжлийн сургуулиудын урлагийн уламжлалт үзлэгийн хөгжмийн төрлийн уралдаанд МУИС-ийн “Оюутны цахилгаан гитарын чуулга” 1-р байр эзлэхэд С.Баатарсүхийн гитар хөгжмөөр гоцлон тоглосон бүтээлүүдийн нэг.  
  • Монголын Залуучууд Оюутны 3-р их наадамд шалгаран оролцож 2-р байр эзлэхдээ МУИС-ийн оюутан С.Баатарсүхийн цахилгаан гитараар гоцолж тоглосон бүтээлүүдийн нэг.  

3.   1969 оны 3-р сард Нийслэлийн 5-р дунд сургууль байгуулагдсны 30 жилийн ойн жил тус сургуулийн хаврын үдэшлэг дээр тоглогдсон.  

  • МУИС-ийн “Оюутны цахилгаан гитарын чуулга”-ын ахлагч, гоцлол гитарчин С.Баатарсүх суралцаж төгссөн сургуулийнхаа үдэшлэг дээр өөрийн удирддаг цахилгаан гитарын чуулгын урлагийн тоглолтыг толилуулахдаа гитар хөгжмөөр гоцлон тоглосон бүтээлүүдийн нэг (Жич: Энэхүү тоглолтыг үзсэн тухайн үед 5-р сургуулийн 8-р ангийн сурагчдын нэг бол хожим 1974 оны 9-р сард С.Баатарсүхийн хүсэлтээр “Баянмонгол” чуулгад гоцлол гитарчнаар уригдан очиж ажилласан, Монголын шилдэг гитарчдын багш Бадамдоржийн Ганбат билээ)  

4.   1969 оны 6-р сард ЗХУ-ын Ташкент хотноо зохион байгуулагдсан Монгол-Зөвлөлтийн Найрамдалт III фестивальд тоглогдсон.  

  • Дэлхийн Пролетарийн Их Удирдагч В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойд зориулж Бүх Холбоотын Лениний Комсомолын Төв Хороо, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хороо хамтран 1969 оны 6-р сарын 1-9-ний өдрүүдэд ЗХУ-ын Ташкент хотноо зохион байгуулсан, 70 мянган хүн оролцсон Монгол-Зөвлөлтийн Залуучууд Оюутны Найрамдалт III фестивальд МУИС-ийн “Оюутны цахилгаан гитарын чуулга” хөгжимдөж С.Баатарсүхийн гоцлон тоглосон гитарын хоёр гоцлолын нэг. Жич: Ташкентэд тус чуулга тэндхийн орос цэргийн ангийн хөгжмөөр тоглосон.

5.  1969 оны 7-р сарын 23-нд Монголын Радиод бичигдсэн.

  • Радиогийн цахилгаан хөгжмийн чуулга (“Баянмонгол” чуулга) хөгжимдөж Герман улсад үйлдвэрлэсэн Musima фирмийн хар өнгийн De Luxe гитараар С.Баатарсүх гоцлон Монголын Радиод бичүүлжээ. (Жич: Энэхүү "алдарт" De Luxe гитараар С.Баатарсүх Л.Дагвадоржийн шүлэг, Г.Алтанхуягийн хөгжим “Нэгдэлч түмнээ дуулъя” дууг ритм дагаж байгааг МРЗРУХ-ны [1]дэргэдэх Цахилгаан хөгжмийн чуулгын 1969 оны 7 сарын 10-ны Улсын баяр наадмаар орон даяар нэвтрүүлсэн эфирын шууд бичлэгээс үзэх боломжтой)

Гоцлол "Өвлийн үдэш" нэртэй дуу байсан тухай[засварлах | кодоор засварлах]

Хангалын энэ ая анх дан аяараа Монголын Радиогийн эфирт эгшиглэсэн байдаг. 1965-1966 оны хичээлийн жилд 8-р ангидаа сурч байсан Самбуугийн Баатар найз Магваны Бямбадорж (Л.Батаагийн ая “Мөнгөн шөнө”, С.Баатарсүхийн ая “Нүдэн нуур” зэрэг дууг дуулсан), Жадамбын Очирсүх, Базарын Энхбат, Осорын Ганбат нарын хамт шүлгийн түүвэр номноос З.Хангалын энэ аянд тааруулан үг түүвэрлэж 3-4 бадаг бүхий "Өвлийн үдэш" нэртэй дуу болгожээ.

Өвлийн үдэш болзоондоо зогсоно

Өвч биеэ цантуулна

Өнөөдөр үгээ хэлье үү гээд

Өр зүрхээ шимшрүүлнэ

гэж эхэлдэг энэ дуу тухайн үеийн залуусын дуулах дуртай дуу болж эстрадын нэрт дуучин Хурлатын Төмөрийн дуулснаар нийтэд түгжээ.

С.Баатар нь Баатарсүхийн төрсөн дүү хийгээд тэрээр “Энэ дуу эхлээд дан аяараа Радиогоор явдаг байсан. Тэгэхдээ гитараар (гоцолж) бол яваагүй, өөр хөгжмөөр явсан. 1966 онд намайг 8-р ангид байхад манай хэдэн найз манай гэрт шүлгийн түүврээс харж байгаад энэ аянд тааруулж мөр мөрөөр нь билүү, бадаг бадгаар нь үг түүж гурав дөрвөн бадаг дуу болгосон. Тэр дууг Магваны Бямбадорж анх дуулсан. Харин намайг 10-р ангид байхад З.Хангалын 'Өвлийн үдэш' дуу гитарын гоцлол болсон” хэмээн дурсжээ.

С.Баатар Үйлдвэрчний Төв Зөвлөлийн дэргэд 1969-1970 онд байгуулагдсан цахилгаан хөгжмийн "Сансар" хамтлагт З.Зундарь (З.Хангалын төрсөн дүү), н.Ганболд, н.Наранбаатар, н.Батмөнх нартай хамтран аргил гитар тоглодог байсан.

Гоцлол болон гоцлол гитарчин С.Баатарсүхийн тухай[засварлах | кодоор засварлах]

"Айзам" хамтлагийн үүсгэн байгуулагч МУУГЗ Т.Нямдоржийн дурсамжаас:

Хангалын "Өвлийн үдэш"-ийг Баатарсүх гитараар маш гоё тоглосон. Хангал, Баатарсүх хоёр сайхан найзууд байсан. Би бол Хангалын дүү Зундарьтай найз байсан учраас эд нарын дараачийн үед орно. МУИС-д (1981-1986) оюутан байхдаа би С.Баатарсүхийн "Цэнхэр залаа"-г тэндхийн цахилгаан хөгжмийн хамтлагтайгаа тоглодог байлаа. Тэр цагаас эхлээд Баатарсүх манайхаар ирдэг, би Баатарсүхийнхээр очдог, бид сайхан найзууд болсон.

Жич: 2018 онд MN25 телевизийн "Урт цагааны гудамж" нэвтрүүлэгт тэд хамт оролцжээ. Гитарчид - С.Баатарсүх, И.Болоож, Нямдорж

“Хүүхдийн элч” хөгжмийн зохиолч МУУГЗ С.Батболдын дурсамжаас:

Баатарсүх ахыг “Баянмонгол” чуулгад гитарчин байх үед би хүүхэд байлаа. Энэ хүний тоглосон гитарын эгшиглэнт сайхан аялгууг радиогоор сонсоод шүтэн биширдэг байж билээ. “Өглөөний наран” гэдэг аялгуу нь бүр гоё. Тэр аялгуун дунд гитарын богинохон чамин аялгуу (импровизаци) байдаг. Гитарчин хүний тоглолтын техник шаардсан нарийн нандин тэр аялгууг Баатарсүх ах маш уран, гоё тоглосон. Түүний тоглосон “Сансрын хөлөг”, “Оддын дуулал” ("Долоон бурхан"), “Уянгалан дуулагч гитар” (Шедоусын) гэх мэт эгшиглэнт аялгууг сонсоод дагаж тоглож сурах гэсэн залуус маш их байсан.  

З.Хангалын ангийн Я.Бат-Очир:

Баатарсүхийг би эртнээс танина. Би хөгжмийн зохиолч Зундуйн Хангалтай нэг анги, хүүхэд байхаасаа Хангалынд очиж пянз сонсдог байлаа. Ингэж яваад би Баатарсүхтэй танилцсан. Хангал, Баатарсүх хоёр их сайхан найзууд байсан. Намайг цэргийн сургуулийн курсант байхад Баатарсүх манай тэндхийн 013-р ангид цэрэгт татагдаад очсон. Баатарсүх армийн урлагийн үзлэгт орж, нэгдүгээр байранд шалгараад шагнуулж байсан хүн. Цэрэгт Баатарсүх өсгөгчтэй гитар босгочихсон байсан. Баатарсүхийг хүрч ирээд гитар тоглоод өгөөч гэхэд Баатарсүх өсгөгчтэй гитараа барьчихсан Нэргүйтэй, бас нэг залуутай гурвуулаа хүрч ирээд казармын том зааланд цаг гаруй тоглохыг манай автын, холбооны 120 гаруй курсант, офицерүүд амтархан үзсэн. Цэргийн ангийнхан анх удаа л ийм гитар харж байгаа нь тэр. Тэртээ жаран найман оны үед цэргийн казармд ийм сонин юм болж байсан юм. Баатарсүх маань цэргийн казармыг үнэнхүү доргиож билээ.

Гоцлол сонсох[засварлах | кодоор засварлах]

С.Баатарсүх гитараар гоцолсноор:

  1. МҮОНР, 1969-07-23, З.Хангал, "Өглөөний наран" гитарын гоцлол (С.Баатарсүх гитараар гоцолж Радиогийн Цахилгаан Хөгжмийн Чуулга буюу одоогийн Улсын филармонийн "Баянмонгол" чуулга хөгжимдсөн)
  2. 1998 он, С.Баатарсүхийн "Цэнхэр залаа" хуурцаг, Б тал #1, "Өглөөний наран" (З.Хангал)
  3. 2016 он, С.Баатарсүхийн "Цэнхэр залаа" цомог, #8, "Өглөөний наран" (Аялгууг зохиосон: З.Хангал)
  4. МҮОНР, 2020-10-17, Монголын радиогийн “Хүн гараг” нэвтрүүлэг. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүхийн тухай “Гитар минь уянгалан дуул” хөрөг[11:06-12:53]
  5. SOUNDCLOUD, MNB, Mongolian National Radio, 2020-10-16, Гитар минь уянгалан дуул[[2]11:06-12:53[permanent dead link]]

Бусад сover:

  1. 2019-02-03, Батцэнгэл - Гитарын аяз (Battsengel - Guitar melody)[[3]56:23-59:07]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

"МОНГОЛ РОК-Н САЛХИЧ ШУВУУН", 2021 он, зохиогч: Б.Төмөрхүү