Ашабуха
Ашабуха (хятадаар: 阿沙不花, пиньинь галиг:Āshā bù huā) (1263-1309) нь түрэг угсааны канли аймгаас гаралтай Юань Улсын төрийн сайд юм. Түүний эцэг Яя нь канли аймгийн язгууртан байсан бөгөөд, Чингис хааны үед дагаар орж, монголын төрд зүтгэж эхэлсэн. Яя нь Гүюг, Мөнх хаадын үед хишигтэн цэрэгт багтаж байсан.
Товч намтар
[засварлах | кодоор засварлах]Ашабуха бээр 14 наснаасаа эхлэн Хубилай хааны албанд зүтгэж эхэлсэн. 1293 онд хунтайж Төмөрийг дагаж монгол нутагт цэрэг захиран ирж, Хайду ханаас сэргийлж Алтайн нуруунд цэрэг захиран суув. 1307 онд Өлзийт хаан тэнгэрт халисны дараа Булган хатан, Ахутай чинсан тэргүүтэй ихэс ноёд Аньши ван Анандийг их хааны сууринд өргөмжлөхөөр бэлдэж байхыг дархан ноён Хархасун чинсан, Ашабуха ноён, Аюурбарбад нарын ихэс ноёд эсэргүүцэн Булган хатан нарын хүмүүсийг баривчлан, шоронд хийж тус жилдээ Хархорумд байсан Хайсан ванг, их хааны сэнтийд залжээ. Хүлүг хаан, сууринд заларсны дараа Ашабухаг төвлөн засах яамны пинжан жэнши түшмэлээр томилж, тайвэй цол соёрхов. 1308 онд түүнийг Төвлөн засах яамны баруун гарын чинсангаар томилж, зарга шийтгэх яамны тэргүүлсэн сайдын үүргийг давхар хариуцуулж, цэрэг улс төрийн чухал албыг даатган, "кан гуо гүн" (康國公) цолыг хүртээв. Тус жилдээ нууц бичгийн яамны сайдаар томилж, хэшигтэн цэргийн канли харуулын мянгатыг захируулав. 1309 оны 11 сард 47 настайдаа нас барав.
1335 онд Тогоонтөмөр хааны зарлигаар Ашабуха ноёны төрд байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлж төрийн их сайд, кайфу итун сансы (開府儀同三司) хэргэм, төвлөн засах яамны баруун гарын чинсан (中書右丞相), дээд улсын түшээ (上柱國) гавьяат сайдын цол, шүннин ван (順寧王) цол, жун лиэ (忠烈) цолыг нэхэн өргөмжилжээ. Мөн түүний эхнэр Дахай тегинийг шүннин вангийн хатан цолоор шагнасан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Яя, канли аймгийн ноён
- Ах дүүс: Юань улсын судрын 136-р дэвтэр дэхь Ашабухагийн шастирд Яя нь зургаан хөвүүнтэй гэснээс Ашабуха, Тогтох гэх хөвүүдийн нэр тодорхой байна.
- Эхнэр: Дахай тегин овогтон (達海的斤氏)
- Бага эхнэр: Бэгэлүн овогтон (別哥倫氏)
- Хөвүүн: Божяна (伯嘉訥), бичгийн утгачийн хүрээлэнгийн түшмэл болсон.