Jump to content

Баянцагаан сум (Баянхонгор)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баянцагаан сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠴᠠᠭᠠᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Баянхонгор
Сумын төвБаянбулаг
Газар нутаг
  Нийт5,395 км2 (2,083 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,533
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Баянцагаан (ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠴᠠᠭᠠᠨ) нь Баянхонгор аймгийн сум юм.

Баянцагаан сум нь 1923 оноос өмнө Засагт хан аймгийн Жонон вангийн хошуу, 1923 оноос Баян-Өндөр уулын хошуунд харъяалагдаж иржээ.

Улсын бага хурлын 1931 оны 2 сарын 7 өдрийн тогтоолоор Хантайшир уулын аймгийн Жавхлант уулын хошуунаас Говь–Алтай аймгийн Баянцагаан сумыг байгуулсан байна. Баянцагаан сум 1934 онд Завхан аймагт, 1940 онд дахин Говь-Алтай аймагт, 1942 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сум болон шилжсэн түүхтэй.

Баянцагаан сум нь Улаанбаатар хотоос 960   км аймгаас 247 км-т оршдог, хүн амын тоогоор аймагтаа 3-р байранд ордог Баянхонгор аймгийн тал хээрийн бүсийн төв юм.

Баянцагаан сум нь анх Харын шанд, Хүрэн дэл, Далан түрүү гэдэг газруудад төвлөрч байгаад 1957 оны газар хөдлөлтийн дараагаар 1958 онд Баянбулагийн дэнжид төвлөрсөн байна. Монгол-Алтай нурууны төгсгөл Гичгэнэ уул, Говь-Алтай уулсын эхлэл Баянцагаан уул, түүний салбар уулс, тал хөндийд 539513,0 мянган га дэвсгэр нутагтай, хилийн нийт урт нь 400 км  орчим бөгөөд өөрийн аймгийн Бууцагаан, Баацагаан, Жинст, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр Говь-Алтай аймгийн Чандмана сумуудтай хил залгаа оршдог.

Байгалийн баялаг

[засварлах | кодоор засварлах]

Бахар уул, Холбоогийн гол, Аргалант уулын өвөр, Баянцагаан уулын ар, өвөр, Гичгэнэ уулын урд үзүүрт алтны хайгуулын ажил хийж, нутаг дэвсгэрт илэрц байгааг олж тогтоосон.

Барилгын засал чимэглэл гоёлын цагаан гантиг болон шохойн чулууны арвин их нөөцтэй. Сумын төвийн орчимд байгаа шохойн чулууг хээрийн аргаар боловсруулан дээд хэмжээний чанартай шохойг ашигладаг. Хулангийн шандны нүүрсний ордоос гар аргаар олборлон айл өрх албан газрууд хэрэглэж байна. Алтан дэвшийн гол, Бунхантын хужир шүүгээр угаалгын нунтаг, Улаан эрэгнийн цайны хужраар хүнсний сода, Хар үзүүрийн зосоор төрөл бүрийн будаг үйлдвэрлэх боломжтой.

Баянцагаан сумын нутагт нэн ховор амьтан болох аргаль, янгир, ирвэс, хар сүүлт мөн ан агнуурын зориулалтаар ашиглаж болох чоно, үнэг, хярс, мануул, тарвага, туулай элбэг тохиолдоно. Таван салаа, царван, зээргэнэ, зэрлэг цахилдаг, алтан гагнуур, гоёо, соорол зэрэг ургамал аль ч уул тал, хөндийд элбэг.

Баянцагаан уулан дахь Явуутын рашааныг ходоод, элэг, цөсний өвчинд олон жил ууж хэрэглэж иржээ. Явуутын рашааныг түшиглэн Бэлийн нарангийн суварга, Баянцагаан уулан дахь Хатан ноёны  бунхан, Хүнгэнэхийн амны том хэрэгсүүр, Адгийн хөшөөгийн цэрэг хөшөө, Алаг бунхан, Бага амны сүмийн туурь зэрэг түүхийн дурсгалт газар, Цагаан бургас, Дөрөө шуудаг, Шар мухрын хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газарт амралт, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой.

Анхны дарга нь Махбариад гэдэг хүн байсан ба Баянцагаан уулын хойд үзүүрт, өвөр Харын шанд орчмоор нутаглан гэрээрээ сумын захиргааны үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Махбариад нь тангад, монгол бичиг мэддэг түүхийн сэдэвтэй судар, ном их уншдаг тэр үеийн нэлээд боловсролтой төрийн ажилтан байсан байна.

Сум байгуулагдсан эхэн үеийн хүн ам, мал тооллогын баримтаас үзэхэд 1933 онд баг 4, өрх 329, хүн ам 1200, таван хошуу малын толгойн дүнгээр 43 мянга 1941 онд өрх 344 хүн ам 1231 мал бүгд  66,9 мянган толгой байжээ.

Тус сумын даргаар 1931 онд Махбариадаас одоогийн Засаг дарга А.Баянжав хүртэл 26 хүн ажиллажээ.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал .1989 оноос тухайн үед эрх барьж байсан МАХН-ын дарга нь тэргүүлэгдийн дарга байхаар шийдвэр гарч В.Лундаа орон тооны бус даргаар, Г.Ундрах орон тооны зааварлагчаар ажиллаж эхэлсэн. 1990-1992 онд Л.Дашдондог, 1992-1996 онд Х.Сүрэнжав нар орон тооны бус даргаар, 1996 оноос ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга орон тооны болж Л.Дашдондог 2000 оноос 2004 он хүртэл М.Жадамбаа  ажиллаж байжээ. Одоо Н.Шагдарсүрэн ажиллаж байна.

Тус сум нь 1974 онд 125998 толгой мал тоолуулж 100000 талын баяр хийж 5 хошуу малын баримал бүхий хүндэтгэлийн баганааар шагнуулж байсан бол түүхэндээ хамгийн олон малыг 1998 онд 202574 толгой мал тоолуулж байсан байна. Харин 2002 онд байгалийн гэнэтийн аюулд өртөн мал сүргийн тоо толгой 36000 болтол буурсан юм.

Баянцагаан сумаас Дамдины Жанар Хөдөлмөрийн баатар, Ёндонгийн Сүрэндулам Гавьяат нэгдэлчин, Жанцангийн Ишгэнхүү барилгачин Хөдөлмөрийн баатар, Гомбын Манхан хоньчин Хөдөлмөрийн баатар, Жигмэдийн Халтмаа Монгол улсын үндэсний бөхийн хүндэт засуул Халтмаагийн Баттулга Монгол улсын гавьяат тамирчин, Өвгөний  Жүгдэр анагаах ухааны дэд доктор, дэд профессор нар төрөн гарчээ.

Ажлын амжилтаараа Улсын аврага цолыг хоньчин Д.Жанар,  Ё.Сүрэндулам, Г.Манхан, Л.Төмөрсүх, Б.Лхагва,  Д.Халзан, С.Дорж, Ц.Цэен-Ойдов, тэмээчин Ж.Молом, ямаачин Ш.Отгоншар /хошой/, Л.Ганбаатар,  Ж.Казах,Ж.Дамдинсүрэн, зоотехникч  Г.Саарал нар хүртэжээ.

1960 оноос нутгийн хонийг ноосны чиглэлээр сайжруулан үржүүлэх аймгийн бодлогыг хэрэгжүүлж Хивсний үйлдвэрийн чухал түүхийн эд болох уртлаг үстэй Байдраг үйлдрийн хонины аж ахуйг эрхлэн 3-р багийн нутагт төвлөрүүлэн, хэсэг фермийн даргаар Б.Дагвадорж, Лүхдэгсүрэн нарын дээд боловсролтой зоотехникч нар удирдан зохион байгуулж байсан. Энэ үед ХБА-аар дамжуулан 50 гаруй тн ноосыг хивсний үйлдвэрт нийлүүлж байлаа.

Нутгийн хонин сүрэгт амьдрах чадвараар бусдаасаа илүү, төлөрхөг, биеэр нилээд товир, зунгаг ихтэй ноостой хонь байгааг Хөдөлмөрийн баатар хоньчин Д.Жанар олж мэдэн, өөрийн хотонд байгааг зүсэлж бүртгэж, шинэжлэх ухааны үндэслэлтэй хандахыг, удирдлага болон мал үржлийнхээ албанд хандсанаар Баянцагаан нутагт дээр үеэс нэг нуруу, нэг хавирга илүү хонь байсныг илрүүлэн тогтоосон юм. Эдгээр хонийг тусгай суурилж, гарвалын түүхийг хөтөлж биологийн болон ашиг шимийг тодорхойлж, “Баянцагааны илүү нугаламт хонь” гэсэн хэвшлийг батлуулжээ. Энэ ажлыг тус суманд ерөнхий зоотехникчээр олон жил идэвх санаачлага, үр бүтээлтэй ажилласан Бууцагаан сумын харъяат Г.Саарал удирдан зохион байгуулсан юм. Г.Саарал 1991 онд Монгол улсын аварга, мал аж ахуйн мэргэжилтэн болсон байна.

Бүсийн төв байх онцлог нь сум дундын эмнэлэг, 11 жилийн дунд сургууль, холбооны өргөтгөсөн зангилаа байрладаг өргөн уудам нутаг дэвсгэртэй сум юм. 11 жилийн сургуульд  тойргийн сумууд болон Говь-Алтай аймгийн Бигэр, Чанадмань сумаас хүүхдүүд ирж суралцдаг. Нийт 943 сурагчтай.

2002 оноос Хүний их эмчийн салбарыг сум  дундын эмнэлэг болгон өргөтгөв.

Баянбөндөр, Цэцэн-Ээж, Их буянт, Улаан булаг Далайбанди зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж талх нарийн боов, худалдаа үйлчилгээ, дархан мужаан, мал эмнэлгийн үйлчилгээг сумын иргэдэд хүргэж  байна.