Гвинейн булан
Гвинейн булан (англи. Gulf of Guinea, франц. golfe de Guinée, испани. Golfo de Guinea, порт. Golfo da Guiné) нь Африкийн баруун өмнө талд Гвинейн эрэг дагуу орших, Атлантын далайн булан юм. Экватор болон Гринвичийн шугам хоёрын огтлолцол буюу уртраг, өргөргийн аль аль нь 0 болох цэг тус буланд оршино.
Баруун Африкийн өмнөд эрэг буюу Гвинейн булангийн хойд нутаг нь "Дээд Гвиней", Өмнөд Африкийн баруун эрэг буюу Гвинейн булангийн зүүн нутаг нь "Доод Гвиней" гэж нэрлэгдэж ирсэн. Гвиней гэдэг нэр өдгөө Африкийн 3 улсын нэрэнд орсон байдаг: Гвиней, Гвиней-Биссау, Экваторын Гвиней (Мөн Меланезид Шинэ Гвиней арал бий).
Тус булангийн гол боомтууд нь Абижан (Кот-д'Ивуар), Аккра, Тема, Такоради (Гана), Ломе (Того), Котону (Бенин), Лагос (Нигери), Дуала болон Криби (Камерун), Либревиль (Габон) юм. Гвинейн булангийн усаар дамжин олон тооны далайн тээвэр явагддаг бөгөөд өдөрт 1500 орчим ачааны хөлөг онгоц, загас агнуурын хөлөг онгоцууд явдаг байна.
Гвинейн буланд Нигер, Вольта зэрэг олон голууд цутгадаг. Тэдгээр голоор зөөгдөж ирсэн органик бодисууд Гвинейн буланд олон сая жилийн турш хуримтлагдсаар газрын тос болон хувирсан байна. Конго мөрний сав газар болон Ангол зэргийг оролцуулаад Гвинейн булангийн бүс нутгаас олборлох нефтийн хэмжээ 2015 он гэхэд Америкийн Нэгдсэн Улсын газрын тосны импортын дөрөвний нэгийг хангах төлөвтэй байна.