Jump to content

Жа лам Дамбийжанцан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Жа ламыг устгасан нь-с чиглүүлэгдэв)
Жа Лам
Жа лам Дамбийжанцан
Жа лам Дамбийжаа
Жа лам Ховдыг чөлөөлсний дараа
ТөрсөнДамбийжанцан
1862 он
Оросын Хаант Улс, Астархан
Нас барсан1922 он
БНХАУ, Маажинсан Уул буюу Мичидийн нуруу
Үхлийн шалтгаанБуудуулсан
Яс үндэсХалимаг
ҮндэстэнМонгол
Аль хотын суугуулАстархан
Төлөөлөгчавантюрист
Юугаараа алдаршсанБаруун монголд дөрвөн ойрадын улсыг байгуулах болон казахын дээрэмчдийг бут цохисон ба ховдыг чөлөөлөх үйлст оруулсан гавъяагаараа, мөн хувь хүний онцгой чадвараар
Олон танигдсан бүтээлхүний зүрхийг амьдаар нь сугалах, арьсыг нь амьдаар нь өвчих зэрэг тамалгаагаар
Төрөлх хотАстархан
ХэргэмҮнэн хүчин төгөлдөр номун хан ноён хутагт
ШүтлэгБурханы шашин
Шашны бүлэгШарын шашин
Жа лам. А.Бурдуковын авсан гэрэл зураг
Жа ламыг буудаж устгасан Нанзад баатар
Маажинсан ууланд байгуулж байсан Жа ламын цайз
Оросын Эрмитажад хадгалагдаж байгаа Жа ламын толгой

ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийн хуудсанд өөрийн ул мөрөө тодхон үлдээсэн харь улсын гаралтай нилээд хүмүүс байдгаас Оросын Хаант Улсын харьяат Жа лам хэмээн олнаа алдаршсан монгол үндэстэн халимаг Дамбийжанцан юм. Жа лам нь манжийн дарлалыг эсэргүүцэгч, Баруун монголд дөрвөн ойрадын улсыг байгуулахын төлөө дэврүүн үзэлт (авантюрист), Ховдыг чөлөөлөх байлдааны нэг гол удирдагч, 1910-д онуудад монголын баруун хязгаарт зэвсэгт дээрм хийж байсан Казахын дээрэмчидыг бут цохин устгасан гарамгай баатар, цэргийн чадварлаг удирдагч, хүмүүсийг сэтгэхүйн хувьд зэмдэн дагуулагч, хүнийг тамлан тарчлааж үйлдлээрээ таашаал авагч гээд хувь хүнийхээ хувьд таагдашгүй олон тал бүхий хүн бөгөөд Монголын түүхэнд ялангуяа Манжийн дарлалын сүүл үе, Богд Хаант Монгол Улсын түүхийн үе, Ардын хувьсгалын жилүүдийн түүхэнд шигтгээ болсон онцгой хувь хүн юм.

Дамбийжанцан 1862 онд Улиастайгаас Хаалган орох замд байх Түшээт хан Аймгийн Бадрах гүний хошуу\одоогийн Дорноговь Аймгийн Мандах сумын нутаг\ Ашиг Хоргийн чулуунд Төмөр гэдэг хүний хүү Даваа болон төржээ. Энэ тухайгаа А.В Бурдуковт ярьсан нь түүний "Хуучин ба шинэ Монгол"-д бий. Хүүхэд ахуй насандаа Долоон нуурын дацанд, идэр насандаа Төвөдийн Гоман дацанд тус тус шавилж бурханы шашны мэдлэгийг эзэмшиж, улмаар хөрш айлынхаа ламыг егүүтгэсэн хэргээр Төвөдийн Лхасаас хөөгдсөн гэж судлаачдын бүтээлд тэмдэглэжээ.

Монголд ирсэн нь

[засварлах | кодоор засварлах]

1889 онд тэрбээр хаанахын, хэн болох нь тодорхойгүй байсан учир албаны түшмэд түүнийг баривчилж Улиастайн манж жанжины газарт аваачин байцаахад, хятадуудын гарт орхгүйн тулд ”Би Оросын харьяат боловч монгол хүн, Монголын газарт явахад бичиг буй, үгүй нь юуны хамаа. Би бол Амарсанаагийн ач, Монголын хувь заяаг зөв замд оруулах тавилантай төрсөн хүн” гэх зэргээр мөчөөрхөж байгаад суллагдсаныг Улиастай дахь орос худалдаачин Элеский буюу А.В.Бурдуков зэрэг хүмүүс батлан бичжээ. Өөрийг нь мөрдөж байцаасан монгол түшмэдэд Дамбийжанцан хандаж “Манай Монгол одоо тусгаар улс болох цаг үес тохиолдсон. Гэтэл та нар Монгол юугаан хэргийг хайхрахгүй манжийн тэжээвэр болж байх нь хөөрхий” гэж өгүүлсэн ажээ. Энэ нь Манжийн эрхшээлийг үл тэсвэрлэн занаж хорсохын туйлд хүрсэн монголчуудын бодол оюунд тодоос тод ул мөр үлдээсэн ба Монголын баруун хязгаарын зарим нутгийн ард олон Дамбийжанцанг авралын од хэмээн бурханчлан шүтэж эхлэхэд хүргэжээ. Ингэж монголчуудын дунд өөрийн байр сууриа олж эхэлсэн Дамбийжанцан бээр Нарбанчин, Зая бандид, Ламын гэгээн буюу Эрдэнэ бандид хутагт зэрэг Монголын бурхан шашины ихэс дээдэстэй биечлэн уулзаж, мөн Халхын төв рүү орж Их Хүрээнд хэдэн сараар саатжээ. Дараа нь Монголын дорно захын Лхаваанрэгзэн бэйсийн хошуунд очиж хэдэн жил сууж “шинэ лам” нэртэй болж яггүй барилддаг шөрмөстэй бөхийн нэг гэгдэж яваад өөрийгөө Даваа шабрун гэж нэрлэн хавчиг үүрэгтэй бадарчин болж, Цастын орныг зорин хөдөлж сааталгүй явсаар Засагт хан аймгийн Юм бэйсийн хошууны Амарбуянт хийдэд сар хиртэй суугаад цааш одсоноос хойш хэдэн жил сураггүй болсон байна. Түүний монголд байсан эхэн үеийг Ю.Н.Рерихийн мэдээлснээр бол Дамбийжанцан Улиастайн манж жанжины газарт байцаагдаж байхад нь тэнд байсан оросууд манж хятадуудтай ярилцаж суллуулсан гэнэ. Үүний дараа тэрбээр Улиастайгаас шууд Ховдод очоод тэнд хэдэн сар болж дахин Улиастайгаар дамжиж Их Хүрээ орж, хэдэн жилийн дараа Орос цэрэгт баривчлагдан Хиагтад хүргэгдээд сураггүй болсныхоо хойно 1900 онд Төвөдийн Кам муж руу явж байсан П.К.Козловын шинжилгээний ангид хөлсний ажилчин болж явахдаа өөрийгөө Шарав лам хэмээн нэрлэж байжээ. Уул шинжилгээний анги Төвөдийн нутгийн захад хүрэхэд тэндэхийн эрх баригчид хориглон саатуулж цааш явуулахгүй болохоор П.К.Козлов Дамбийжанцанг илгээж төвөдүүдтэй хэлэлцээ хийх зөвшөөрөл олж ирэхийг даалгасан боловч тэрбээр Дорнод Туркестанаар хэсч нэлээд хугацаа өнгөрсний хойно Ховдыг чиглэн Монгол руу яваад бас л сураг алдарч байгаад 1910 оны орчим дахин Харшаарт ирэхдээ лам дээлийн дотуур европ цэргийн дүрэмт хувцас өмсөж үс сахлаа хусаж зүсээ нэлээд хувилгасан байсныг орос худалдаачин Кряжин үзсэн ажээ.

Богд хаант Монгол улс байгуулах үйлст оролцсон нь

[засварлах | кодоор засварлах]

1911-1912 оны заагаар Дамбийжанцан нэгэн ламын хамт хос тэмээтэй Харшаараас Ховдыг чиглэн хөдөлж, Захчин, Өөлдийн нутгийн захад ирж Торгуудыг дамжин тэр хавийн газар орноор хэдэн сар сууж элдэв аргаар нутгийн олныг өөртөө бишрүүлж чадсан байна. Энэ зуур Нийслэл хүрээнээс цэрэг ирж Ховдыг манж хятадын цэргээс чөлөөлөх,амбанг үлдэн явуулах гэж буйг явуулын хүмүүсээс удаа дараа лавлан мэдэж, тэр хавиас хэсэг эрчүүдийг цуглуулан Ховдын ойролцоо очиж цэрэг нэмэн элсүүлж, хүнс, агт уналга базааж байгаад Жалханз хутагт Дамдинбазар, Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн нарыг очмогц тэдний цэрэгтэй нийлж, харилцан зөвлөж Ховдыг чөлөөлөхөд багагүй гавьяа байгуулсан нь түүнийг хүндлэн бишрэхэд томоохон түлхэц болжээ. Ховдыг хэрхэн чөлөөлсөн талаар Дамдинсүрэн, Магсаржав, Наваанцэрэн, Дамдинбазар нараас Олнаа өргөгдсөний хоёрдугаар он долоон сарын арван таван буюу 1912 он 8-р сарын 17-нд Монгол улсын хаан Богд Жавзандамба хутагтад өргөн толилуулсан айлтгалдаа, Ховд хотын манж сайд, түшмэд эв эеийг эрхэмлэн тайван замаар Ховд хотыг орхин гарахыг удаа дараа шаардсан боловч үл ойшоосныг дурьдаад ”... боолчууд бүгдээр зөвлөлдөж шууд дайлаар орохыг тогтож Номун хан Жалханз хутагт Дамдинбазараар тэрсүүд дайсны санааг номхотгож олон амьтныг амар жаргуулахын хутагийг гуйж дээд гурван эрдэнэд даатган залбирч олон лам нар лугаа ном уншиж, сайд Зоригт бэйс Наваанцэрэнгийн хамт авч суусан ба Дамдинсүрэн, Магсаржав нар оролдсон тушаал сахилгыг хүндэтгэж олон аймаг хошуудаас хуралдсан бүх түшмэл цэргүүдийг яаравчлан жагсааж Их Монголын Эрдэнэ бишрэлт засаг лам Дамбийжанцангийн хамтаар энэ оны долоон сарын шинийн наймны үхэр цагт цэргийн хорооны газраас мордож мөн цагт Ховдын хотыг хүрээлэн тойрч Зоригт баатар тайж Тогтохын цэрэг Гэндэн, Найданжав, Насантогтох, Баргын Пунцаг, Сэргэлэн, Доржпалам, Гэлэнгүнж нарын хамт боол Дамдинсүрэн ганцаар огт аймшиггүй тугийг бариулан тэргүүлэн орж буудалцсан ба Магсаржав, Дамбийжанцан, Мянбуу нар олон цэргүүдийг сайнаар дарангуйлан захиран тушааж хашин хөөж тасалдуулахгүй залгалдуулан довтолгож явуулсаар бэхэлсэн худалдааны хотыг эвдэж орж байлдуулан хядуулж сөнөөн дийллээ...” хэмээжээ. Дээр өгүүлсэн айлтгалын дараа мөн 1912 сарын 8-р сарын 17-нд Дамдинсүрэн, Магсаржав нараас Ховдыг байлдан эзлэхэд онц гавъяа байгуулсан хутагт, лам, сайд нарыг хөхиүлэн шагнах тухай Богд хаанд өргөсөн айлтгалдаа “Шавь боол Дамдинсүрэн, Магсаржав нар сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь шинэ төр байгуулахад эрхлэн татгалзаж даруй дагахгүйд хүрсэн хойд хязгаарын олон хошуудыг соён элсүүлж дагаар оруулсны дээр мөнхүү тэдний тулгур дагаж орсон улсаас зэвсэг бүрэн, морь сайн, идэр чийрэг цэрэг тус тус үлэмжхэн томилон гаргаж тэрсэлсэн дайн халдаар ирэхэд хавсран туслуулсан ба басхүү хязгаарын самуун байдлыг урьдаас төсөвлөн нарийвчлан мэдэж шууд гурван мянган цэрэг томилж урьдан санаа төрүүлэн дайсны зүг мордож хол ойрын цэргийг шаардан хөөлгөж дайсныг сөнөөхөд түргэн тус болоход хүргүүлсэн ихээхэн хутагт, лам, сайдууд ба дагалдаар одож зүтгэсэн бичиг, цэргийн түшмэдийг нэр дараалан сайшаан хөхиүлж тулгур байгуулсан төрийн хэргийг чухал болгох бөгөөд хойшид дууриан хөгжих гүн бодлогыг илэрхийлүүлэх явдлыг зүй нь хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр айлдахыг гуйхын учир шавь боолчууд хянаваас ... Их Монголын Эрдэнэ бишрэлт засаг лам Дамбийжанцан болбоос удаа удаагийн байлдах хэрэг тутамд түрүүлэн явсан ба бас ч Алтайн Урианхайн хошууд, захчины зэрэг долоон хошууг элдвээр сэнхрүүлэн сургаж нэгмөснөөр шинэ төрд багтаан дагуулж тэрхүү дагаж орсон хошууны зарим этгээдээс зэвсэг бүрэн морьтой цэрэг тавь илүүг дайчлан томилуулж хүчин туслуулж нэгэнтэйгүүр баруун хойд хязгаарын аймшигтай мэдээг сар дараалан гурван удаа нааш мэдээлэн мэдүүлгэхээр тушааж хүлээлгэсэн ач ийм бөгөөд энэхүү Дамбийжанцанг эрхбиш хэтэрхий сайшаан хөхиүлэхийг үзүүлбээс зохимой...” гэжээ. Ховдыг чөлөөлөхөд гарамгай үүрэг гүйцэтгэсэн олон хүнийг Богд эзэн хааны зарлигаар хөхүүлэн шагнасны дотор мөнөөх Дамбийжанцанд “Эрдэнэ бишрэлт хүчин төгөлдөр ноён хутагтын хэргэм” хүртээж Баруун хязгаарын олон монгол аймгийг дагуулан тохинуулах сайдаар томилсны дараа тэрбээр Ховдын сайд зоригт бэйл Наваанцэрэнгийн хамт 300 цэргийг захиран өрнө хязгаарыг сэргийлэн суух болсон байна. Хэдхэн сарын дотор өндөр нэр хүндийг олсон Дамбийжанцан 1912 оны эцэс 1913 оны эхээр Ховдын баруун урд захын Цагаан Түнгэ хэмээх газар сэм нэвтрэн ирсэн хятад цэргийг сүр үзүүлэн буцааж олон хүний амь хохироогоогүй нь нийтэд сайшаагдан дээдсийн таалалд нийцсэн учир Монгол улсын эзэн хаан Богд Жaбзaндамба хутагт бээр соёрхон таалж, зарлиг буулгажээ. Уг зарлигт “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд хааны зарлиг, Дамбийжанцан болбоос миний биеийг их сууринаа сууж, шашин төрийг хослон барьж монгол язгууртныг нэгэн хамт болгон амгалан жаргаланд жолоодох цагийг тохиолдуулан умар зүгийн адгийн хязгаараас үнэн санаагаар баруун хойд монгол аймагт ирж тэдний сэтгэлийг тохинуулан дагуулж чармайн зүтгэсэнд би ихэд сайшааж Эрдэнэ бишрэлт Дамбийжанцан чамд хишиг хүртээж Үнэн хүчин төгөлдөр номун хан ноён хутагт, улбар шар жолоо нэмэн шагнаж, сайд талбиад басхүү Эрдэнэ бишрэлт үнэн хүчин төгөлдөр номун хан ноён хутагтын тамга олгуулав. Чи миний дотно хишгийг хүртсэнийг тулд шашин төрийн үйл хэрэгт номын ёсчлон чин үнэнээр зүтгэж олон монгол аймгийг сайхнаар тохинуулан гадаадын дайсныг номхотгогтун битгий осолдтугай хэмээн сургаж хойч өдөр гавъяаг илэрхийлэх эрдэнэ дарсан шар торгоны өргөмжлөл шагнан олгуулбай. Олнаа өргөгдсөний гуравдугаар он.” хэмээжээ. Мөн сайд ноён хутагт Дамбийжанцанд Халхын баруун хоёр аймаг, Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгаас шавь ардыг олноор өргөж, улмаар Монгол улсын Засгийн газраас түүнд шавь хошуу байгуулах эрх олгож, уг шавь хошууг сайд ноён хутагт Дамбийжанцангийн хүсэлт ёсоор Бат ерөөлт Далай хан Галсаннамжилын хүү гүнгийн зэрэг тэргүүн зэрэг тайж Түмэнбадам-Аюурзанаар захируулж, Түмэнбадам-Аюурзанад улсад туслагч гүнгийн хэргэм, шавь хошууг захиргах тамга үйлтгүүлэн олгуулжээ.

Казахын дээрэмчдийг бут цохисон ба орост цөлөгдсөн нь

[засварлах | кодоор засварлах]

Энэ үед монголын баруун хязгаарт шинжаанаас Казахын дээрэмчид халдан удаа дараа дээрэм, аллага хийж байсныг Жа лам цэрэглэн хөдөлж бут цохисон байна. Тэгэхдээ 2 удаа томоохон тулаан хийсэн нь тэмдэглэгдсэн байна. Ингэхдээ Монголд дагаар орсон бөгөөд Богд хаант газар гуйж өгсөн өргөдөлдөө үнэнч байсан казах ноёдыг өршөөн өөрийн хамгаалалтанд авсан ба амлалтаа зөрчин зэвсэглэн дээрэм хийсэн казахуудыг алж устган амьдаар нь зүрхийг сугалах зэргээр айлган сүрдүүлэх ажлыг цуг хийж байжээ. үүний үр дүнд казахын дээрэмчдийн дээрэм зогсож, баруун хязгаар амгалан тайван болжээ. Дамбийжанцан одоогийн Увс аймгийн Өмнөговь сумын нутагт тэр хавийн хэд хэдэн хүрээг нүүлгэн аваачиж Шажинбадрахын хүрээ буюу “Их Монгол улсын хан орд” гэгчийг байгуулж өөрийн шавь нарыг долоон отог болгож үлэмж баяжиж хөлжсөн байна. Гэвч тэрбээр улам бүр сувдаглан шуналхийлж зүй бусаар аашлах болж улмаар өөрийн нэр хүндийг түргэн зуур унагасны зэрэгцээ Ховдын консул А.Вальтер Дамбийжанцан нар хурцаар маргалдах болсон. 1914 оны 2-р сарын 20 буюу Олнаа өргөгдсөний гуравдугаар илүү арван хоёр сарын хорин зургаанд Ховд дахь орос консул сайдын газраас Монгол улсаас санаа урваж тэрслэн оргож Оросын хязгаар Хөшөө мод хэмээх газар орсон казахуудыг хүчлэн хураалгах хэрэгт томилон гаргасан гэх ахмад Булатовын захирсан гурван түшмэлтэй тавиад орос цэрэг ирж, мөн маргааш өдөр нь буюу 2-р сарын 21-нд хоёр түшмэл зуугаад цэрэгтэй нэмэн ирээд сайд ноён хутагт лугаа уулзах хэрэг буй хэмээн хэлж гурван түшмэл цэргүүдийн талыг нь авч Хатан баатар бэйстэны хамтаар сайд хутагтын суусан газарт хүрч гэнэт цэргээр бүслэж, Дамбийжанцанг Цагаан хааны зарлигаар барин авч явсан гэж архивын баримтанд тэмдэглэсэн байна. Чухам Дамбийжанцангийн баригдах гол шалтгаан бол Хөшөө мод гэдэгт очсон казах нар тус хотын эрх баригчдад түүний талаар гомдол зарга мэдүүлсэн болно. Дамбийжанцанг Бийскээр дамжуулан Томскт хүргэж ял унаган Эрхүүгийн ойролцоох Александровскийн төв шоронд хорьж байгаад Якутад цөлж 1916 онд Астрахань мужид нутаг заан суулгаад хоёр жил болж байтал Октябрийн хувьсгал гарчээ.

Монголд дахин ирсэн нь

[засварлах | кодоор засварлах]

Октябрийн хувьсгалын дараа улс төрийн хоригдлуудыг сулламагц тэрбээр 1918 оны зун Засагт хан аймгийн Ахай бэйс Цэдэндоржийн хошууны нутгаар дахин Монгол улсын хилийг давж, Жалханз хутагтын хүрээнд ирж “Намайг Орос улсын Засгийн Газар элдвээр дарлан зовоовч тэсвэрлэн агсаар атал дотроо самуун гарч шинэ хувьсгалд орж бас дайн байлдаанд туслалцан байлаа” гэж ярьжээ. Харин түүний үгэнд итгэх хүн бараг үгүйд тэрбээр тэндээсээ шууд явж Засагт хан аймгийн Сэцэн бэйс Жалчиндалайнамжилнаваандоржийн хошуунд очиж Жалханз хутагтын нэрийг барьж тусламж хүссэнд тус хошууны эрх мэдэлтнүүд Монголын Гадаад, Дотоод Яаманд мэдүүлэн түүнийг хэрхэх тухай лавласанд Богд хаан танилцаад “Хэрэг түвэг өдүүлэхгүй сууваас түүнийг хөөн явуулах хэрэггүй”, ”Хүндэтгэн үзэх явдалгүй” гэжээ. Нэгэнт түүнийг хөөн явуулахгүй нь тодорхой болмогц хошуу ноён урд Казахын дээрэмдсэн малын буцаан авчирсан ач тусыг нь бодолцож өөрийн албатаас 10-иад өрх өгч Монголын баруун өмнө хилийн ойролцоо Маажинсан ууланд суухыг нь зөвшөөрсөн байна. Гэвч Дамбийжаа Маажинсан уулын Цонжит толгойн булаг буюу Гонфожан хэмээх газраа суурин байгуулж замын хүмүүсийн ачаа хөсгийг дээрэмдэх, монгол нутгийн ард олныг айлган шоглох замаар түргэхэн зуур бэхжсэн байна. Тэр үед нь Монголын Засгийн газраас аймаг, их шавь, Ховд, Улиастай, Хиагтын эрх баригчдад тушааж “Дамбийжанцанг хуучин удаагаар хүндэтгэн хэрэглэж үл болохоос гадна ийн тушаасан хойно” зөрчиж үл болохыг мэдэгджээ. Энэ тухай Дамбийжанцан сонсож өөрийнх нь үйл хэрэг буруудахад хүрч болзошгүйг түргэн ухаарч хэсэг зуур жирийн байдлаар гэмгүй суух болсон байна. Ардын хувьсгалын дараа Ардын Түр Засгийн Газар 1921 оны 4 дүгээр сарын 6- нд Дамбийжанцанд хүргүүлэх тусгай бичгийг үйлдэж түшмэл Хасбаатар нараар илгээсэн байна. Уг бичигт, Дамбийжанцанг баруун хязгаарын монголчуудыг хамгаалан тохинуулах их түшмэлийн тушаалд тохоон тавьсныг мэдэгдэж, Баруун хязгаарын цэргийг захирах жанжны яам байгуулж хамаарсан нутгийн харьяат нарын залуу идэр эрчүүдээс сонгон суулгаад дотоодын аливаа хэргийг цэргийн хуулиар таслах боловч басхүү ард олны амийг дэмий дуусгахгүй өөрийн амь мэт хайрлан өршөөвөөс зохих ба зодож занчих зэрэг хүнд эрүүгээр ард олныг зовоохгүй байхыг онцлон анхааруулсан байдаг. Мөн түүнчлэн Ардын Түр Засгийн Газраас Дамбийжанцанд түмэн ардын зовлон зүдгүүрийг аль болохоор хамгаалан амар жаргалангийн үйлсэд зүй зохисоор жолоодон, Дөрвөд, Засагт хан, Танну, Урианхайн аймгуудаас болох зохих аргаар цэрэг элсээж дайчлан баруун хязгаар дахь олон монголчуудыг боолчлон дарлаж бүхий цагаан намын орос ба тэдний цэрэг түшмэл жич, халдаар ирсэн оршин суугаа гамин иргэдийг шүүрдэн сөнөөж цэвэрлэн газар орон юугаан амар тайван болгохын төлөө чармайн хичээхийг тушаасан байдаг. Ардын Түр Засгийн Газраас хүргүүлсэн уг бичгийг Дамбийжанцан хүлээн аваад хариу өгсөн эсэх нь тодорхойгүй боловч тэрбээр Ардын хувьсгалыг талархан угтаагүй нь мэдээж биз ээ. Харин зарим нэгэн дам мэдээгээр бол тухайлбал Улиастайн сайд Ламжаваас Намын Төв хороонд бичсэн захидлаас үзвэл Дамбийжанцан Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч “найрлын гэрээ” гэгчийг байгуулах аястай байжээ.

Жа ламыг устгасан нь

[засварлах | кодоор засварлах]

Жа ламын балмад харгис, овжин зальхай, шунаг сувдагт монголчууд нийтээрээ дургүй байсны сацуу тэрбээр өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх бололцоо олдвол баруун монголд бяцхан боловч хаант улс байгуулж өөрөө эзэн суух гэсэн олон жилийн санаархлаа огт орхиогүй ба ялангуяа баруун өмнө хязгаарын хэд хэдэн хошууны ардаас өөртөө шавь болгож Ганьсу мужид дагаар орсон зэрэг нь Ардын засгийн бодлогод илэрхий сөргөлцөх болсныг харуулдаг. Түүний энэхүү байдалд эгдүүцсэн Ардын засгийн газрын шийдвэрээр Дотоодыг Хамгаалах Газрын дарга Дашийн Балдандоржоор удирдуулсан тусгай хүмүүс болох цэргийн дарга Нэрингийн Дугаржав, Дамирангийн Нанзад, бага даргын сургуулийн цэрэг Даш хэмээн алдаршсан Дашзэгвэ, цэрэг Дамдингийн Содномдаржаа, Манинбуугийн Лувсандамба, дуугүй хэмээх цэрэг Даваа нарыг илгээж тусгай үйл ажиллагаа явуулан Дамбийжанцанг устгасан. Тэд нар Жа ламын хүрээнд ирсэн боловч түүний хамгаалалт маш нарийн чанд, өөрөө маш их сонор сэрэмжтэй байсан тул урьдчилан түүнийг сайд болгоно гэж хууран өөрсдийн байрласан гэрт ирүүлсний дараа сэрэмж алдуулан гэнэдүүлж буудаж алсан. Энэ ажиллагаанд Нанзад баатар биечлэн оролцож, түүнийг буудан алсан байна.

Монголын Баруун хязгаарт суурьшин газар нутаг таслан авч, ард иргэдийг үймүүлж хувилгаан хэмээн өргөмжлөгдсөн халимаг Дамбийжанцанг Монгол Улсын Баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилох гэж байгаа тухай цуурхал тарааж, туслагчийн хүчээр “Жа ламтан”-ы өөрийнх нь сонорт хүргэжээ.

Дараа нь гүн С.Ламжав, Дилав хутагт В.Жамсранжав нараар “Таныг Баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилох санал Засгийн газарт буй бололтой” гэсэн утгатай захидал бичүүлэн хүргүүлж, удалгүй Засгийн газраас томилогдсон халхавчаар Н.Дугаржав, Д.Нанзад, Х.Сандуйжав, цэрэг Д.Даваа, Д.Содномдаржаа, Даш, М.Лувсандамба нарыг бараа бологчоор дагуулан Маажинсан уулнаа очиж, Дамбийжанцанд хэд хэдэн удаа бараалхаж, бэлэг сэлт өгөх зэргээр сэжгийг арилган, итгэлийг олсны эцэст үүргээ амжилттай биелүүлжээ.

Засгийн газар, Бүх цэргийн зөвлөлөөс 1922 онд Дамбийжанцанг устгахаар гаргасан шийдвэрийн дагуу “нууцаар хядан сөнөөхөөр битүүлэг хэрэглэл бэлтгэх аргыг зүйлчлэн хэлэлцээд”, оролцох хүн хүчин, хүлээх үүрэг, явах зам, цаг хугацаа зэргийг нарийвчлан төлөвлөсөн байна. Энэхүү цэрэг-тагнуулын арга хэмжээний төлөвлөгөөнд Улиастайн сайд гүн Лхамжав, Дилав хутагт Жамсранжав, Засгийн газрын ба Бүх цэргийн зөвлөлийн төлөөний сайд бэйс Н.Дугаржав, хороон дарга Нанзад, Засгийн газрын төлөөний түшмэл бөгөөд ерөнхий дарга Д.Балдандорж нар тус тусын гүйцэтгэх үүргийг тодорхойлж, төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Жа ламыг устгасны дараах үйл явдал

[засварлах | кодоор засварлах]

Жа ламыг устгасаны дараа Жа ламын бараа бологчид ямар ч эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Учир нь муу санаатай Жа лам бүх муу зэвсгийг хурааж аваад тусгай газар хадгалдаг, хэрэг болоход тарааж өгдөг байж. Буу зэвсэггүй хүмүүс эсрэг хөдөлж чадсангүй. Бууж өгөх нь бууж өгөөд, зугтаах нь зугтаагаад, Жа ламын цэрэг сарниж ямар ч хор хохирол учруулалгүй устаж үгүй болсон байна. Ингээд ойрхон байсан Балдандоржийн суман бэхлэлтийг амархан эзлээд, Жа ламын дагуулуудаас нэн их гэм буруутай хятад Түмэнбаяр, Дарьгангын тоодгор гавьж Чойжин-Нямбуу, лам Наваан, Мөнхнасан, Содномдаржааг баривчлан бусдыг нь тавьж явуулжээ. Жа ламын бүх эд бараа, буу зэвсгийг хураан аваад, 2000 гаруй хонь малыг энд боолчлогдож байсан хүмүүс болон нутгийн ядууст тараан өгсөн байна.

Хуурамч Жа лам нар ба тэдгээрийг устгасан тухай

[засварлах | кодоор засварлах]

1914 оны цагаан сарын үеэр Хаант Орос Улсын цэргийн дарга цэргийн хамтаар ирж Баруун хязгаар сайд ноён хутагт Дамбийжанцанг Орос улс руу барин авч явсаны дараахан удалгүй гэнэт өөрийгөө сайд ноён хутагт Дамбийжанцан гэж нэрийдсэн нэгэн лам Сайн ноён хан аймгийн Цогтой түшээ гүн Дашдоржийн хошуунд гэнэт тодрон гарч иржээ. Тэр лам хэрцгийн зан авир гаргаж, ард иргэдийг айлгаж ичээн, хүмүүсийг зодон занчиж байв. Сайн ноён хан аймгийн Ухаант сайн Чин сүжигт номун хан Эрдэнэ хамба ноён хутагтын шавь нарыг захирах шанзудба Рашнаваанбалдангаас Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яаманд мэдүүлсэн бичигтээ тэрхүү Сайд ноён хутагт Дамбийжанцангийн харгислал, мөн түүнийг жинхэнэ эсэхийг магадлахыг хүсчээ. Үүний хариуд ч Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамнаас Хатан баатар Магсаржавт ”...тушаах учир, эдүгээ Сайн ноён хан амйгийн Цогтой түшээ гүн Дашдоржийн тамгын хэрэг шийтгэгчдээс тус хошуунд нэгэн бадарч лам ирж байсаар эдүгээ сайд ноён хутагт Дамбийжанцан мөн болох учрыг гаргаж өргөсөн үүнд манай яамд зөвлөлдөн түний бие мөн бусыг урьдаар лавтлан таниулж гүйцэтгэн шийтгэвээс зохихын тулд үүнийг бэйл Магсаржавт элч бичиг довтолгон тушаагаад хүрсээр зөвхөн улаа хэрэглэн мордож довтолгон явж гүн Дашдоржийн тамгын газар хүрч тэрхүү лам лугаа уулзаж сайд ноён хутагт Дамбийжанцан мөн болбоос түргэлэн мэдүүлэн ирүүлж, заан тушаах хүртэл хамт хүлээвээс зохимой. Хэрэв бус болхул харьяат тохиолдсон хошуу лугаа хамт нийлж барин харгалзуулан хүргэн ирүүлэх явдлыг хянан шийтгэсүгэй хэмээн уг хэргийн бичгийг тусгай бичүүлж хүргүүлэн тушаасугай үүнийг басхүү Цогтой түшээ гүн Дашдоржийн тамгын туслагч түшмэдэд гэдрэг тушаагаад нэгэн адил хянан шийтгүүлэхээс гадна үүнийг Бүгд Ерөнхийлэн Захирах Яам, Сайн ноён хан аймгийн хамаарсан чуулганы дарга нарт тус бүр явуулан тушаагаад байцаан үзүүлсүгэй үүний тул өргөн илгээв, тушаан илгээв..”[1]хэмээн үүрэг болгожээ.

Хатан баатар Магсаржав Цогт гүн Дашдоржийн хошуунд хүрч очин, өнөөх ламыг биш болохыг мэдээд, тэрхүү ламыг баривчлан Шүүх яамнаа хүргэн явуулжээ. Тэрхүү ламын Шүүхийн яаманд өгсөн мэдүүлэгтээ “... миний нэр Дамбийжанцан, энэ жил хорин таван нас, би Сайн ноён хан аймгийн Далай чойнхор ван Цэдэнсономын хошууны ар хамжлагын өндөр хэмээх Нацаг агсаны хоёрдугаар хөвгүүн, ах гэлэн Пунцаг, эгч хүүхэн Пагам, зээ хүүхэн Цэенрэнцэнгийн хамт Хөнжилийн Хар чулуу хэмээх газар нутаглан суумой харъяат хошуунаас Баруун хязгаарын газраа дайчлан мордуулсан түшмэл цэргүүд, сайд ноён хутагт Дамбийжанцангийн зан ааль, байдал төлөв ба Оросод баригдсан зэргийг хэлэлцэхийг сонсож мэдсэн билээ. Энэ жил цагаан сард нутгаас гарч мөргөл ба өглөг гуйхаар явах замд гэнэтхэн ашиг олохыг санаж, сайд хутагт Дамбийжанцангийн нэрийг зааж, хуурмаглан мэхлэх санаа төрж өмссөн гутлыг хөсөр орхиж, тэрлэг өмсөж, толгой нүцгэнээр явж, нэгэн аймаг Цогтой гүн Дашдоржийн хошууны нутгаар сэлгүүцэн хэсүүчлэн явахад, олон хүн нар хүйтэн жихүүн цас бүхүй цагт даарахгүй явахад эргэлзэн гайхаж хэрхэн учрыг асуусанд, би Их Монголын сайд ноён хутагт Дамбийжанцан мөн, Баруун хязгаарт байлалдаж алсан хятад, казах, дөрвөн түм гаруй болжээ. Ноднин жил Оросын түшмэл цэрэгт баригдаж дөнгөн Ангар хотын газраа хүргэгдэн очиж мөсний цоорхойд уяуулсан ба төмөр байшинд хөөрөгдүүлж нэгэнт хярвас болгон хаяхад дахин амьдарч нааш явсаар энд ирэв хэмээх зэргээр хуурмаглан хэлсэнд тэдний хошууны түшмэл ард нар үнэхээр үгширтэл үнэмшиж сүжиглэн бишрэхэд урьд сонссоноор сайд ноён хутагт Дамбийжанцангийн байдал төлвөөр авирлаж хэсүүчлэн явахад сайд хутагтын язгуурын шанзудба равжамба Жамсран хэмээгч чухам харъяат хутагт мөн бусыг магадлаж мэдэхээр малгай, эмээл, дээл, бууны зэргийг авч таниулахаар айсуй хэмээхийг урьд дам сонсож байтал тэрхүү шанзудба равжамба гэнэт ирж уулзахад, чи миний малгай, буу, эмээл зэргийг авирав уу хэмээн илтэд мэдсэнээр тулгур хэлсэнд тэр надад итгэмжлэн мэхлэгдэж чингэв хэмээн биширч, очир жинстэй малгай нэг, бие мөнгө нэг зуун хорин лан, хурган дотортой торгон дээл нэг, мөнгөн чимэгтэй бүрэн эмээл нэг, гуулин чимэгтэй сур ногт нэг, эвэр хайрцагтай тонгорог хоёр хэсэг, орос буу нэг, хадаг гуравтай өгснийг хүлээн авсны хойно миний биеийг дагалдуулан гүн Дашдоржийн тамгын газраа очиж, энэ лам манай багш ноён хутагт мөн хэмээн хэлэхэд тус хошуунаас гэр хоёрыг тусгай бэлтгэж суулгасан дараагаар сайд Дайчин чин вантны хошууны Дамдинбишрэлт хэмээх нэгэн лам хүүхэн нэгийг дагалдуулан авч тэмээ гурвыг ачсан, морьд хэрэглэлтэй явсан лугаа учирсанд тэрхүү дамдинбишрэлт надад нэгэн улаан туг өгснийг хүлээн авсан билээ. Түүн лүгээ нам нийлж төвөглөсөн зүйл үгүй гагцхүү миний нэгэн бууг бие үгүйд хэлсэнгүй гэрээс авч явжээ. Сурвалжилваас цааш явсан чимээ буй. Энэ зуны цаг Баруун хязгаарыг тохинуулахаар одсон сайюд чин ван ламаас Чин сүжигт номун ханы шавь Донров нарыг зарж миний бие зарлуулсанд, би чамд зарлагдах хүн бус хэмээх зэргээр хэлж эс очсон ба Чин сүжигт номун хан ламд мөнгө хорин лан, хадаг хоёртой ялдарын хүнээр амар эрж хүргүүлсэнд хариу хадаг өгөхөөр урьд ламын зарлагаар ирсэн тус шавийн Донров дахин ирж хэлсэн нь харьяат хутагтаас амар эрсэн хадаг өгч манай хутагтаас сайд хутагтын Дамбийжанцангийн ааш зан адил боловч царай байдал өөр хэмээх учир урвуулалгүй болгон олонд танигдуулбаас итгэмжлэх бишрэхэд сайн буй за хэмээн хэлсэн хэмээхэд, би уурсаж, намайг сайд хутагт Дамбийжанцан бус хэмээх үү, танай номун ханы тамга хэний тамга, тэр миний тамга, маргааш номун ханынд очиж барьмой. Эсвээс намайг бариул, алин боловч чадлыг үзэлцэе хэмээн догшин аашилж зарагдан исэн Донровыг занчиж буцаасан ба гүн Балбавууг цэрэг захируулахаар харьяат Цэргийн яам, жанжины газраас зарлага элч тогтох нар зарлан ирэхэд би явуулахгүй харьяат аймгаас энэ зэрэг нэгэн хүнийг дур мэдэж дагалдуулан явмой хэмээн хөндөлдөн аашилж уг зарагдсан Тогтохын жинсийг мултлан хурааж түүнийг нударгалан занчсан. Бас Дайчин ван Гүргэмжавын хошууны гэлэн Донровыг пансан цамцтай явав хэмээн түүний дүү Насанбат нарын хамтад занчиж сайд ноён хутагтын авар байдлыг тийнхүү дууриан дүрслэж мөргөл тавьж хадаг морины зэрэг аар саар юм авч гүн Дашдоржийн хошууны тайж Баранз, банди Эринчингийн зэрэг хүмүүсийг дагалдуулан авч хэсүүчлэн өргөн хүндлүүлж явтал сая санамсаргүйд тушаалаар гаргасан Хатан баатар Магсаржав нарт сэжиглэгдэн баригдаж шүүгдэхэд нэгэн удаа үнэн учрыг хэлсэнгүй, сайд ноён хутагт мөн болох төлвөөр өчиж хүргэгдэн ирэв. Өчүүхэн хүн ашиг олохыг нэгэн цагт мунхагдан санаж тийнхүү сайд ноён хутагтын нэрийг зааж олон хүнийг түйвээлэн гэнэдүүлж дарлан зовоон явсан ба угаас сурч судалсан эрэдм чадал үгүй, олон хүн мэргэлүүлэх хэмээхэд дэмий л худлаар зоос гүйлгэх ба өнгө бүрийн багачууд чулуу нуун түүн авч бэлтгэн аманд үнс үмхэх янз үзүүлж чулуу гаргаж гэнэтхэн сүжиглүүлж дураар улаа хэрэглэж хуурмаглан явсан нь чин үнэн билээ...” гэж хэлсэн байна. Шүүх таслах яам уг хэргийг хянан хэлэлцээд “..:хэргийн эзэн банди Дамбийжанцанг халдсан олон зүйл хэргийн дотроос хүнд нэгэн зүйлийг дагаж цаазны бичгийн түшмэл хэмээн хуурмаглан явж дарлан зовоосон хууль ёсоор түүний ял хийсэн газарт нэгэн сарын дөнгө дөнгөлж ойрх хязгаарт илгээж цэрэг болгох ял унагаж илгээхийг хэлтрүүлж далан өдөр дөнгө дөнгөлж, өдөр дүүрсний хойно зуун ташуур занчсугай. Харъяат захирах засаг Далай чойнхор ван Цэдэнсоном түүнийг дураар хэрэн одуулж олныг дарлан зовоосны тул байцаахыг алдсан хууль ёсоор тавин туйван занчих албаны ялд есөн сарын засгийн пүнлүү хассугай. Газар орны засаг Цогтой түшээ гүн Дашдорж Дамбийжанцанг харьяат хошуунд дураар эзэрхүүлж агуулан олныг дарлан зовооход хүрүүлсэн нь мөн байцаахыг алдсаны тул хууль ёсоор шийтгэвээс зохивч түүний бие тэр тухайд Нийслэл хүрээн дэх харьяат аймгийн жасааны албан хааж явсны тул ял хэлэлцэхийг хэлтрүүлж гагцхүү түүний засаг тамгын хэргийг эрхлэн шийтгэсэн түшмэлийг байцаахыг алдсан тавин туйван занчих албаны ялуудад есөн сарын пүнлүү хасваас зохивч пүнлүүгүй түшмэл болох тул хууль ёсоор зохихыг үзэж гурван сар цөөтгөж, зургаан сарын пүнлүү хасах ялд нэгэн есний мал торгож тус тус цээрлүүлэн шийтгэсүгэй...” гэж Богд эзэн хаанд айлтгаж Зарлиг гуйсанд, Богд хаан бээо “Зарлигийг гуйсан ёсоор болгогтун” хэмээснийг дагаж шийтгэжээ.

Жа ламын толгой

[засварлах | кодоор засварлах]

Жа ламын толгойг огтолж аваад Улиастайн зах дээр олны хөлийн газар өндөр шонд өлгөсөн байсныг хүмүүс үзээд, цагаан толгой гэдэг байж. Түүнийг хожим нь формалинтай том лонхонд хийгээд Өргөөд аваачсан бөгөөд тэнд хэсэг хугацаанд гар дамжин явдаг байснаа нэг мэдэхэд алга болжээ.Жа ламын толгойг тухайн үед монголд байсан монгол судлалын оюутан В. А. Казакевич авсан байсан ба 1925 онд монгол дах Зөвлөлтийн дипломат удирдлагуудын тусламжтайгаар элчингийн тусгай ачаанд гааль болон хилийн хяналтгүй онцгой эрх бүхий ачаа болгон тухайн үеийн Ленинград одоогийн Санк Петербург хот дахь Кунсткамерт байрлах Угсаатны зүй болон Хүн судлалын музейд авчиржээ. Одоо энэ толгой нь тус музейн фондод № 3394 («Череп монгола») гэсэн дугаартай хадгалагдаж байдаг байна.

Сонирхолтой баримтууд

[засварлах | кодоор засварлах]
  • Жа ламыг Хаант орос улсын дараа нь Зөвлөлт оросын тагнуул байсан гэж зарим судлаач нар үздэг бөгөөд тэдгээр судлаачид оросууд баруун монголыг монголоос салан тусгаарлаж өөрийн нөлөөнд оруулахын тулд Жа ламыг ашиглаж байгаад дараа нь шаардлагагүй болсон тул устгахыг санал болгосон гэж үздэг байна.
  • Архивын баримтаар сайд ноён хутагт Дамбийжанцан нь Монголын төрд зүтгэхдээ Жалханз хутагт Дамдинбазар, Манлай баатар Дамдинсүрэн, Хатан баатар Магсаржав нарын зэрэг төр хийгээд бурханы шашны зүтгэлтнүүдтэй ихээр дотносож багш шавь, анд нөхдийн барилдлагыг тогтоосон байдаг.
  • Жа лам нь зураач Цагаан Жамбалаар хэд хэдэн зураг зуруулсны дараа "Чи сайхан зурдаг хүн байна. Одоо дахиад зурахгүй" гэж хэлээд хоёр нүдийг нь ухуулсан байдаг.

Урлагийн бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
  • "Ичээнд нь" Уран сайхны кино.
  • Л.Түдэв. Уулын үер. Роман.
  • Ломакина Инесса. Голова Джа-ламы. Серия «Восток на западе», ЭкоАрт, Улан-удэ — СПб., 1993. ISBN 5-85970-007-5
  • Бурдуков А. В. В старой и новой Монголии. — М., 1969
  • Рерих Ю. Н. Джа-лама, воинственный священник // По тропам Срединной Азии / Пер. с англ. А. Н. Зелинского. — Хабаровск, 1982.
  • Bawden, Charles R. THE MODERN HISTORY OF MONGOLIA, The Praeger Asia-Africa Series, Frederick A. Praeger Publishers, New York, NY (1968).
  • Bormanshinov, Arash. A Notorious West Mongol Adventurer of the Twentieth Century, p. 148, Opuscula Altaica: Essays Presented In Honor of Henry Schwarz; Edward H. Kaplan and *Donald W. Whisenhunt, Editors, Center for East Asian Studies, Western Washington University, Bellingham, WA (1994).
  • Owen Lattimore. The Desert Road to Turkestan, Little, Brown and Company, Inc., New York, NY (1929).
  • Ossendowski, Ferdinand A. Beasts, Men and Gods, E.P. Dutton & Company, Inc., New York, NY (1922).
  • Znamenski, Andrei. Red Shambhala: Magic, Prophecy, and Geopolitics in the Heart of Asia, Quest Books, Wheaton, IL (2011). ISBN 978-0-8356-0891-6
  1. МУҮТА, Х-А3,Д-1,ХН-591 4-р бичиг