Стефан Цвейг
Стефан Цвейг (герман. Stefan Zweig - Штефан Цвайг; 1881 оны 11-р сарын 28-нд Вена хотод төрсөн —1942 оны 2-р сарын 22-нд нас барсан) - австрийн алдарт зохиолч, сэтгүүлч. Тэрээр олон үргэлжилсэн өгүүллэг, тууж, жүжиг, шүлэг, зохиомол намтар туурвисан байна.
Стефан Цвейг нь Зигмунд Фройд, Ромен Роллан, Томас Манн зэрэг алдартай хүмүүстэй найз байжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Стефан хүү Вена хотод чинээлэг еврей гэр бүлд төрсөн байна. Эцэг Мориц Цвейг (1845—1926) сүлжмэлийн үйлдвэртэй байсан, эх Ида Бреттауэр (1854—1938) еврей банкируудаас гаралтай нэгэн байжээ. Бага нас бусдаас онцгойрох юмгүй өнгөрсөн байна.
С.Цвейг 1900 онд гимнази төгсөөд Венийн Их сургуульд философийн ангид сураад 1904 гонд докторын зэрэг хүртсэн байна. Сурч байхдаа 1901 онд («Мөнгөн чавхдас» (Silberne Saiten) шүлгийнхаа анхны түүврийг өөрийн хөрөнгөөр хэвлүүлж байжээ.
Венийн Их сургуулиа төгсөөд Цвейг Лондон, Парис (1905) хот явж, дараа нь Итали, Испани орноор (1906) аялж, сүүлд нь Энэтхэг, Энэтхэг-хятадын хойг, АНУ, Куба, Панам (1912) улсаар аялсан байна. Дэлхийн нэгдүгээр дайны сүүлчээр Швейцарт (1917—1918) амьдарч байгаад дайны дараа Зальцбург орчим төвхнөсөн ажээ.
1933 онд Германд Гитлер төрийн эрхэнд гарсаны дараа Цвейг Австрийг орхиж Лондонд амьдарч байгаад 1940 онд эхнэрийн хамт Нью-Йорк руу нүүгээд удалгүй мөн оны 8-р сарын 22-нд Рио-де-Жанейро хотын ойролцоох Петрополис хотод суурьшисан байна. Тэр 2 жилийн дараа буюу 1942 оны 2-р сарын 22-нд сэтгэл санааны уналтанд орж гэртээ эхнэрийн хамт хор ууж нас барсан байна.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Стефан Цвейгын -«Амок» (Der Amokläufer, 1922), «Сэтгэл хөдлөл» (Verwirrung der Gefühle, 1927), «Номч-Мендель» (1929), «Шатрын тууж» (Schachnovelle, 1941), «Танихгүй эмэгтэйн захидал» (Brief einer Unbekannten, 1922) болон «Хүн төрөлхтөний од шүүрсэн үеүүд» (Sternstunden der Menschheit, 1927) түүхэн өгүүллүүд түүний нэрийг дэлхийд даяар алдаршуулжээ.
Түүний зохиолууд тансаг яруу үг хэллэгтэй, сэтгэл хөдөлгөм үйл явдлууд нь цагийн цагт ч хуучирдаггүй онцлогтой. Тэрээр зохиолууддаа эмэгтэй хүнийг эрхэмлэн дээдэлж, сэтгэлийг нь нарийн мэдэрч бичсэн байдаг билээ. Ялангуяа түүний 'Танихгүй эмэгтэйн захидал' хэмээх зохиол тун сэтгэл хөдөлгөм бөгөөд уншигчид ч гараасаа тавилгүй уншсаар дуусгадаг гайхалтай бүтээл билээ.