Тектоник хавтан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дэлхийн тектоник хавтангууд

Тектоник хавтан (Грек: τέκτων+plate, барилгын хавтан) нь 1960-аад онд боловсрогдсон, Дэлхийн литосферийн хөдөлгөөнийг (шилжих буюу нүүх) тайлбарладаг, Геологийн шинжлэх ухааны онол юм. Энэхүү онол нь 20-р зууны эх болон 1960-аад оны үед боловсрогдсон, тивүүд нүүх, далайн ёроол тэлэх таамаглалууд дээр тулгуурлан бий болсон онол юм.

Тектоник хавтангууд (дэлгэмэл зураг)

Дэлхий бүслүүрлэг тогтоцтой бөгөөд хамгийн хамгийн гадна талын, харьцангуй хатуу хэсэг нь литосфери ба астеносфери гэсэн 2 үеэс тогтоно. Дэлхийн царцдас, мөн дээд мантийн дээд хэсэг болох "царцдасын дэвсгэр үе" гэж нэрлэгддэг 2 үеийг нийлүүлээд Литосфери гэнэ. Литосферийн доод талд астеносфери (дээд мантийн хэсэг) байрлана. Астеносфери нь дэлхийн царцдас болон царцдасын дэвсгэр үеийг бодвол зууралдага багатай, геологийн урт хугацааны туршид урсаж, шилжих боломжтой байна. Мантийн илүү гүнд орших бусад хэсгүүд нь өндөр даралтын нөлөөгөөр астеносферээс илүү хатуу төлөвт байна.

Литосфери нь тектоникийн хавтангууд гэж нэрлэгдэх хэсгүүдэд хуваагдсан (эвдэрсэн) байдаг ба нийтдээ 7 том хавтан, олон тооны жижиг хавтангууд байна. Эдгээр литосферийн хавтан нь астеносфери дээгүүр нүүнэ (хөвнө). Хавтангууд бие биентэйгээ харьцангуйгаар өөр өөр чиглэлд шилжих (нүүх) ба үүнээс улбаалан хавтангуудын үндсэн 3 төрлийн хил - ойртох буюу мөргөлдөх зааг (конвергент), холдох буюу тэлэх зааг (дивергент), идэвхигүй заагийг (трансформ) ялгана. Газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, уул үүсэх зэрэг үйл явцууд хавтангийн хил заагуудын дагуу явагдана. Хэвтээ чиглэлд, хавтангууд жилд дунджаар 0.66 - 8.50 см хурдтайгаар нүүдэг байна.

Үндсэн ойлголт[засварлах]

Дэлхийн хамгийн гадна талын хэсэг болох литосфери ба астеносферийг тэдгээрийн механик ба дулаан дамжуулах шинж дээр үндэслэн ялгасан байна. Литосфери нь илүү хүйтэн, хатуу бол, астеносфери нь халуун, зууралдлага багатай, механик бат бөх шинжээр сул байна. Литосфери нь дулаанаа алдаж байдаг бол астеносфери нь дулааны алдалгүй, эргэлтийн нөхцөлд байх ба бараг адиабат температурын градиенттэй байна. Энэхүү литосфери ба астеносфери гэсэн ангилалыг Дэлхийн дотоод химийн найрлага дээр тулгуурлан ангилсан цөм, манти, дэлхийн царцдас гэсэн ангилалтай хольж ойлгож болохгүй. Литосфери нь дэлхийн царцдас ба мантийн зарим хэсгийг агуулна. Мантийн тодорхой хэсэг нь температур, даралт, уян харимхайн шинжээсээ хамааран литосфери, эсвэл астеносфери болж болно. Плит тектоникийн хамгийн гол ойлголт нь литосфери нь тектоникийн плит гэж нэрлэгдэх хэсгүүдэд хуваагдсан байх ба шингэнтэй төстэй шинж бүхий астеносфери дээр байрлана. Плитүүдийн хөдөлгөөн жилд хэдэн миллимметрээс (мм жил-1) 160 мм хүрнэ (Наска плит - Перу орчим, Өмнөд Америкийн Номхон далайн эрэг). Дунджаар плитүүд 10-40 мм нүүдэг байна (Атлантын далайн голч нуруу)[1][2].

Литосферийн манти ба түний дээд талд байрлах эх газрын ба далайн царцдастай нийлээд плитүүд ойролцоогоор 100 км зузаантай байна. Гэхдээ эх газрын царцдасын зузаан дунджаар 50 км, харин далайн царцдасын зузаан 5 км орчим байдаг (далайн царцдасыг эртний ном зохиолд "сима" - энэ нь цахиур ба магнийн найрлагатай, эх газрын царцдасыг "сиал" - цахиур, хөнгөнцагааны найрлагатай гэсэн утгатай үгээр тэмдэглэсэн нь байдаг).

Нэг плит нөгөө плиттэй уулзах хилийг плитийн зааг гэж нэрлэнэ. Энэ заагийн дагуу галт уулын дэлбэрэлт, уул үүсэх процесс, газар хөдлөлт, далайн ёроолын хотгор үүсэх зэрэг ихэнхи геологийн процессууд явагдана. Дэлхийн бараг бүх идэвхитэй галт уул энэ заагийн дагуу байрлана. Үүний нэг тод жишээ нь Номхон далайн галт цагираг юм.

Тектоникийн нэг плит өөртөө эх газрын ба далайн царцдасыг хоёуланг нь багтааж болно. Жишээ нь, Африкийн плит эх газар ба Атлантын далай ба Энэтхэгийн далайн зарим хэсгийг өөртөө багтаана. Эх газар ба далайн царцдасын гол ялгаа нь тэдгээрийг бүрдүүлж буй материалаас үүдсэн нягтын ялгаа юм. Далайн царцдас нь эх газрынхаас илүү их нягттай байна. Учир нь далайн царцдас нь цахиурын агуулга багатай, хүнд элементийн агуулга өндөртэй байна. Үүнээс үүдэн, далайн царцдас нь далайн төвшнөөс доош, харин эх газрын царцдас нь далайн төвшнөөс дээш байрлана (Изостатик тэнцвэр сэдвийг үзнэ үү).

Онолын хөгжлийн тойм[засварлах]

Тектоникийн плитийн нарийвчилсан зураг (Плитүүд ба тэдгээрийн хөдөлгөөний чиглэлийг үзүүлэв)

Эх газар шилжих (хөвөх) тухай таамаглал[засварлах]

19-р зууны төгсгөл, 20-р зууны эхэнд, геологичид Дэлхийн геологийн тогтоц, түүний шинж чанарыг геосинклиналийн онол буюу босоо чиглэлийн хөдөлгөөнөөр голчлон тайлбарлаж байв. 1912 онд Альфред Вегнерын дэвшүүлсэн Эх газрын шилжилтийн тухай ойлголт[3] нь тухайн үед дэвшүүлж байсан олон таамаглалын нэг байв. Тэрээр 1915 онд хэвлүүлсэн "Эх газар ба Далайн үүсэл" номондоо үүнийгээ улам дэлгэрүүлсэн байна. Эх газар хөвөх түүний таамаглалаар бол эх газрууд анх үүсэхдээ нэг бүхэл тив байсан ба 180 сая жилийн өмнө задарсан[4] бөгөөд бага нягттай боржин нь харьцангуй их нягттай базальт дээгүүр "мөсөн уул" мэт хөвдөг гэж үзжээ[5]. Тухайлбал Өмнөд Америкийн зүүн, Африкийн баруун эргүүд нэгэн цагт хоорондоо нийлмэл байсан байх боломжтой гээд, үүнийгээ эртний топограф-уур амьсгал, амьтны үлдэгдлийн судалгаагаар нотлохыг оролсон байна.

Гэвч энэ таамаглал төдийлөн дэмжигдсэнгүй. Учир нь Вегнер тив шилжих механизмыг, өөрөөр хэлбэл үйлчлэх хүчийг тайлбарлаж чадаагүй ба геологичид, Дэлхий нь хэдийгээр хатуу царцдас, шингэн цөмтэй боловч эх газрын чулуулаг, түүнээс илүү хүнд, их нягттай далайн царцдас дээгүүр шилжиж боломжгүй гэж үзэж байв. Английн геологич Артур Холмс 1920 онд Вегнерийн таамаглалын баталгаа нь далайн ёроолд байгаа гээд, 1928 онд манти дахь конвекцийн урсгал тив шилжихэд нөлөөлдөг хүч гэж үзжээ[6][7].

1947 онд Маурик Евинээр ахлуулсан Вүүд Холлын Далай судлалын хүрээлэнгийн "Атлантик" хөлөг, Атлантын далайн төв хэсэгт судалгаа хийж, далайн ёроолын чулуулаг боржин давхрагагүй, зөвхөн базальтаас тогтсныг илрүүлэв (Эх газрын царцдасын үлэмж хэсгийг боржин бүрдүүлдэг). Мөн далайн царцдас эх газрын царцдасаас хамаагүй нимгэн болохыг тогтлоо. Эдгээр шинэ нээлтүүд маш их анхаарал татсан байна[8].

1950-иад оны эхээр Харри Хесс нарын эрдэмтэд Дэлхийн 2-р дайны үед, шумбагч онгоц илрүүлэх зорилгоор зохиогдсон, агаарын магнетометр ашиглан далайн ёроолын соронзон гажлыг судлав. 18-р зууны сүүлээр Исландын далайчид компассын зүг чигийг алдагдуулдаг хүчтэй соронзон орон бүхий уг газрын талаар тэмдэглэсэн байдаг ба энэ нь магнетитын (соронзон чанартай эрдэс) өндөр агуулга бүхий базальт их хэмжээтэй тархсантай холбоотой гэдгийг өмнө нь тогтоосон байсан юм. Харри Хесс нар шинээр үүсэж буй чулуулаг (базальт) царцах явцад, түүний найрлага дахь магнетит нь тухайн үеийн Дэлхийн соронзон орны чиглэлийг хадгалан үлдэх боломжтойг уг судалгаагаараа илрүүлсэн байна.

Плит тектоникийн онолын суурь[засварлах]

Далайн ёроол туузлаг соронзон гажил

1950-иад онд хийгдсэн дараа дараагийн судалгаагаар Далайн ёроолын асар том талбайн соронзон зураглалыг хийж гүйцэтгэсэн ба Далайн голч нурууны хоёр талаар, тэгш хэмтэй байрлах чулуулгийн соронзон орны чиглэл (соронзон орны туйл) нь "зебра-маягийн" зүй тогтолтойг (хожим "туузлаг соронзон гажил" гэж нэрлэсэн) тогтоов.

Энэхүү туузлаг соронзон гажил нь Далайн царцдас шинээр үүсэж байгаагийн баталгаа болсон ба үр дүн нь 1956 онд Тасманид болсон бага хурал дээр "Дэлхий тэлэх онол" нэртэйгээр хэлэлцэгджээ[9]. Далайн голч нуруу нь структурын хувьд хэврэг бүс бөгөөд энэ бүсийн дагуу Дэлхийн гүнээс магм бялхан гарч, царцан шинээр Далайн царцдас үүсэж байна гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Энэ процессыг сүүлд "далайн царцдас тэлэх" буюу "далайн царцдас шинээр үүсэх" гэж нэрлэсэн болно. Уг таамаглал дараахи баримтууд дээр үндэслэгдэнэ.

  1. Голч нуруу дахь чулуулаг маш залуу бөгөөд түүнээс холдох тусам голч нурууны хоёр талаар байрлах чулуулгийн нас тэгш хэмтэйгээр улам бүр хөгшин болно.
  2. Голч нуруун дахь хамгийн залуу чулуулгийн соронзон туйл нь орчин үеийн дэлхийн соронзон туйлтай ижил (нормаль) байна.
  3. Голч нурууны хоёр талаар параллель байрлах чулуулгийн үеүүд дэх соронзон туйлууд нормаль-эсрэг-нормаль гэж салаавчлан өөрчлөгдөнө. Энэ нь дэлхийн соронзон орны туйл олон удаа өөрчлөгдөж байсныг илтгэнэ.

1962 онд, Америкийн геологич Харри Хесс, Роберт Диец нар эх газар нь далайн царцдас дээгүүр хөвдөггүй, харин далай болон эх газрын царцдас нь хамтдаа шилждэг гэж үзжээ[10][11][12][13]. Х.Хесс, Р.Диец нар хэрэв далайн царцдас голч нурууны дагуу шинээр үүсэж, дэлхийн царцдас ихсэж байгаа бол хаа нэгэн газар Дэлхийн гүн рүү живж байгаа гээд энэ царцдас живж буй газар нь Номхон далайн савын ирмэг орчим, гүн усны ховил гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл Атлантын далай тэлж, Номхон далай агшиж байгаа буюу Далайн царцдас Номхон далайн гүн усны ховилын дагуу Дэлхийн гүн рүү живж, Атлантын далайн голч нурууны дагуу магм бялхан царцаж, царцдас шинээр үүснэ гэжээ. Хессийн энэ таамаглал нь далайн ёроолд яагаад бага хурдас хуримтлагддаг, эх газрынхаас яагаад хамаагүй залуу байдаг зэргийг үндсэнд нь тайлбарласан байна. Мөн тэр жил, Роберт Коатс Алеутын арлууд дахь субдукц, арлан нумыг тодорхойллоо.

1967 онд, Жейсон Морган Дэлхийн гадаргуу нь 12 плитээс тогтох ба тэдгээр нь бие биетэйгээ харьцангуйгаар хөдөлдөг гэсэн санааг дэвшүүлэв. Хоёр сарын дараа 1968 онд, Францын геологич Ле Пишон 6 плит, тэдгээрийн хөдөлгөөний чиглэл бүхий загвар боловсруулжээ.

1960-аад оны сүүл гэхэд плит тектоникийн онол бүх нийтээр зөвшөөрөгдсөн ба геологийн шинжлэх ухаанд шинэ эргэлт болсон байна.

Плитийн хил заагийн төрөл[засварлах]

Плитийн 3 төрлийн хил зааг

Плитүүд бие биетэйгээ харьцангуйгаар өөр чиглэлд хөдлөх ба үүнээс үүдэн үүсэх газрын гадаргуу нь ондоо байна. Плитийн гурван төрлийн зааг ялгана: Ойртох буюу мөргөлдөх зааг (конвергент) Холдох буюу тэлэх зааг (дивергент) Идэвхигүй зааг (трансформ)

  1. Трансформ буюу идэвхигүй зааг. Жишээ нь Калифорнийн Сан Андреас хагарал.
  2. Дивергент буюу холдох (тэлэх) зааг. Атлантын голч нуруу, Африкийн их рифт зэрэг.
  3. Конвергент буюу ойртох (мөргөлдөх, заримдаа идэвхитэй зааг гэж нэрлэх нь бий) зааг. Үүний жишээ нь Андын нуруу, Японы арлан нум зэрэг юм.

Трансформ (идэвхигүй) зааг[засварлах]

Гол өгүүлэл: Трансформ зааг

Трансформ хагаралын дагуу плитүүд бие биенээ түлхэх, гулсах байдлаар харицлан үйлчлэлцэж байгаа нөхцөлд үүсэх зааг юм. Энэ тохиолдолд плитүүдийн харьцангуй хөдөлгөөн нь хэвтээ чиглэлд байна. Ихэнхи трансформ заагууд нь бие биенээ ихээхэн хүчээр түлхэж, өндөр даралт дор орших ба энэ энерги чөлөөлөгдсөн үед газар хөдлөлт явагдана.

Энэ заагийн нэг жишээ Хойд Америкийн баруун эрэг дэх Сан Андреас хагарал юм. Энэ бүс нь нийлмэл хагаралын бүс бөгөөд, энэ заагийн дагуу Номхон далайн ба Хойд Америкийн плитүүд хиллэнэ.

Дивергент (холдох) зааг[засварлах]

Баруун өмнөд Исланд дахь Álfagjá рифт дээгүүр тавьсан гүүр. Энэ нь Хойд Америк ба Евразийн плитүүдийн зааг юм.
Гол өгүүлэл: Дивергент зааг

Энэ заагийн дагуу хоёр плит бие биенээсээ холдон нүүнэ. Уг хилийн дагуу үүсэх хоосон орон зайг Дэлхийн гүнээс гарч ирэх хайлмал магмын бүтээгдэхүүнүүд дүүргэн, шинээр царцдас үүсгэнэ. Дивергент буюу холдох зааг үүсэх гол шалтгааныг халуун цэгийн ойлголтоор тайлбарлаж байна. Энэ нь манти дахь босоо чиглэлийн хэт их эргэлт нь астеносферийн ихээхэн хэмжээний халуун материалыг газрын гадаргууд ойрхон авчирах ба үүнээс үүдсэн кинетик энерги литосферийг задалж, плитүүдийг хоёр тийш нь шилжүүлдэг гэж үздэг байна.

Далайд үүссэн дивергент заагийг "Далайн голч нурууны систем" гэх ба эх газарт үүссэнийг нь "Рифтийн хөндий" гэж нэрлэнэ. Дивергент заагийн дагуу (ялангуяа далайд), түүнд хөндлөн чиглэлд, трансформ хагаралууд үүснэ. Эдгээр трансформ хагаралууд нь далайн ёроолын газар хөдлөлтийн эх үүсвэр болно.

Далайн голч нуруу нь далайн ёроол тэлэх таамаглалын (плит тектоникийн онол) баталгааны нэгэн гол хэсэг юм. Агаарын соронзон зураглалаар далайн голч нурууны хоёр талаар, тэгш хэмтэй байрласан, хоорондоо урвуу соронзон гажил бүхий чулуулгийн үеүүдийг илрүүлж, үе тус бүрийн насыг соронзон гажил дээр нь тулгуурлан тогтжээ. Энэхүү урвуу соронзон гажил бүхий үеүүд нь цаг хугацаа ба орон зайн хувьд хоорондоо таарч байсан байна. Өөрөөр хэлбэл, тодорхой хугацаанд голч нурууны дагуу гүнээс хайлмал магм гарч ирэн царцах ба энэ нь голч нурууны дагуу нэгэн үе үүсгэнэ. Энэ үе тодорхой чиглэл бүхий соронзон гажилтай байна. Царцдас тэлэх явцад дараагийн магм гарч ирэн хөрж, дараагийн шинэ, залуу үеийг үүсгэнэ. Энэ үе мөн тодорхой чиглэл бүхий соронзон гажилтай байна. Энэ мэтээр далайн голч нурууны төвөөс хоёр тийш, тэгш хэмтэй, харилцан урвуу соронзон гажилтай, чулуугийн үеүүд үүснэ. Голч нурууны төвд хамгийн залуу үе байх ба түүнээс холдох тусам чулуулгийн нас хөгширдөг байна.

Конвергент (ойртох) зааг[засварлах]

Гол өгүүлэл: Конвергент зааг

Энэ төрлийн заагийг "Идэвхитэй зааг" гэж нэрлэх нь бий. Энэ төрлийн заагуудын шинж чанар нь ямар төрлийн царцдас бүхий плитүүд мөргөлдөж байгаагаас хамааран өөр байна. Хүнд далайн царцдас, хөнгөн, нягт багатай эх газрын царцдастай мөргөлдөх үед далайн царцдас нь эх газрын царцдас доогуур шургаж, субдукцийн бүс үүсгэнэ. Эх газар талд уулс үүсэх ба далай талд гүн усны ховил (хотгор) үүснэ. Үүний нэг жишээ нь Өмнөд Америкийн баруун эрэг орчмын далайн Наска плит, эх газрын Өмнөд Америкийн плит доогуур шургах үзэгдэл юм.

Эх газрын хоёр плит мөргөлдөх үед томоохон уул нурууд үүснэ. Үүний нэг жишээ бол Энэтхэгийн плит, Евразийн плит доогуур шургах үед үүссэн Гималайн нуруу юм. Уг хоёр плит мөргөлдөх үед Ази тивд ихэхэн хэмжээний атираажилт үүсэж, томоохон уул нурууд үүссэн байна.

Палайн царцдас бүхий хоёр плит мөргөлдөх үед арлан нум үүсгэнэ. Арлан нумын дагуу галт уулын гинж бий болно. Арлан нумын өмнө талд гүн ус бүхий тэнгис үүснэ. Үүний нэг жишээ бол Япон ба Алетаугийн арлууд юм.

Далай / Эх газрын царцдас
Эх газар / Эх газрын царцдас
Далай / Далайн царцдас

Плитийн шилжилт үүсгэгч хүч[засварлах]

Геологичид плитийн хөдөлгөөн үүсгэгч хоёр үндсэн хүчин зүйл бол мантийн конвекц ба хүндийн хүч гэж үзэж байна. Тектоникийн плитүүд (литосфери) нь астеносфери дээгүүр хөвөх боломжтой байна. Учир нь астеносфери нь харьцангуй хэврэг, өөрөөр хэлбэл шингэн, зууралдлага багатай байдаг бол литосфери нь астеносферитэй харьцуулахад нягт ихтэй байна. Харин мантиас ялгарах дулаан нь (мантийн конвекц) плитүүдийг хөдөлгөх энергийн үндсэн эх үүсвэр юм. Одоо баримталж буй ойлголтоор бол (энэ нь зарим талаар маргаантай байгаа) Далайн голч нуруунд шинээр үүсэх далайн царцдасын нягт, доор байх астеносферийн нягтаас бага байна. Аажмаар далайн царцдас хөрж, зузаарах ба нягт нь астеносферийн нягтаас их болоход субдукцийн бүсэд далайн царцдас манти руу живнэ. Астеносфери нь харьцангуй хэврэг (харьцангуй шингэн, зууралдлага багатай) тул плитүүд субдукцийн бүс рүү шилжих боломжтой олгоно.

Субдукц нь хэдийгээр плитийн хөдөлгөөнд гол нөлөө үзүүлэх боловч бүх процессыг тайлбарлаж чадахгүй байна. Жишээ нь, Өмнөд Америкийн плит хашаа ч субдукцладаггүй боловч нүүж байна. Евразийн плит ч үүнтэй адил юм.

Хоёр болон гурван хэмжээст сейсмийн томографийн судалгаагаар манти нь хэвтээ чиглэлийн дагуу нягтын ялгаатай болохыг тогтоосон байна. Энэхүү нягтын ялгаа нь мантийг бүрдүүлэгч чулуулаг, эрдэсийн химийн ба структурын ялгаа, дулааны ялгаанаас үүдэлтэй байж болох юм гэж үзэж байна. Мантийн конвекц бол энэхүү нягтын ялгаа байгаагын нэгэн баталгаа юм[14].

Гол плитүүд[засварлах]

Нийтдээ 7 том плит, олон тооны жижиг плитүүд байна. Гол плитүүдийг хүснэгтээр үзүүлэв.

Плитийн нэр Талбай Байрлал
106 км² 106 миль²
Африкийн плит 61.3 23.7 Африк
Анрактидийн плит 60.9 23.5 Антарктид
Австралийн плит 47.2 18.2 Австрали
Евроазийн плит 67.8 26.2 Ази ба Европ
Хойд Америкийн плит 75.9 29.3 Хойд Америк ба зүүн хойд Сибирь
Өмнөд Америкийн плит 43.6 16.8 Өмнөд Америк
Номхон далайн плит 103.3 39.9 Номхон далай

Жижиг плитүүдээс Энэтхэгийн плит, Арабын плит, Карибын плит, Наска плит, Филиппины плит зэрэг болно.

Тектоникийн плитүүд

Бусад гариг дээрхи плитүүд[засварлах]

Хөрс гаригуудад тектоникийн плитүүд байх эсэх нь тухайн гаригийн массаас хамаарч магадгүй ба Дэлхийгээс илүү масстай хөрст гаригт илэрч болох юм. Мөн Дэлхий дээрхи тектоник идэвхижилт нь устай холбоотой байж болно[15].


Мөн үзэх[засварлах]


References[засварлах]

  1. Huang, Zhen Shao (1997). Speed of the Continental Plates. The Physics Factbook.
  2. Hancock, Paul L.; Brian J. Skinner & David L. Dineley (2000), The Oxford Companion to The Earth, Oxford University Press, ISBN 0-19-854039-6
  3. Hughes, Patrick. Alfred Wegener (1880-1930): A Geographic Jigsaw Puzzle. On the Shoulders of Giants. Earth Observatory, NASA. 2007-12-26-д хандсан. “... on January 6, 1912, Wegener ... proposed instead a grand vision of drifting continents and widening seas to explain the evolution of Earth's geography.”
  4. http://www.ucmp.berkeley.edu/history/wegener.html Alfred Wegener (1880-1930)
  5. Hughes, Patrick. Alfred Wegener (1880-1930): The Origin of Continents and Oceans. On the Shoulders of Giants. Earth Observatory, NASA. 2007-12-26-д хандсан. “By his third edition (1922), Wegener was citing geological evidence that some 300 million years ago all the continents had been joined in a supercontinent stretching from pole to pole. He called it Pangaea (all lands), ...”
  6. Holmes, Arthur, 1928, Radioactivity and Earth Movements, Transactions of the Geological Society of Glascow, v. 18, pp. 559-606
  7. Holmes, Arthur, 1978, Principles of Physical Geology, 3rd ed., Wiley, pp. 640-641 ISBN 0-471-07251-6
  8. Maurice Ewing and the Lamont-Doherty Earth Observatory Living Legacies, Laurence Lippsett. Retrieved 14 October 2006.
  9. 1958: The tectonic approach to continental drift. In: S. W. Carey (ed.): Continental Drift – A Symposium. University of Tasmania, Hobart, 177-363 (expanding Earth from p. 311 to p. 349)
  10. Ron Mason's key work Oceanography 18, 1.]
  11. Oceanography 16, 3.
  12. Mason, R.G. and A.D. Raff, (1961): Magnetic survey off the west coast of the United States between 32°N latitude and 42°N latitude. Bull. Geol. Soc. Am., 72, 1259–1266.
  13. Raff, A.D. and R.G. Mason, (1961): Magnetic survey off the west coast of the United States between 40°N latitude and 52°N latitude. Bull. Geol. Soc. Am., 72, 1267–1270.
  14. http://www.pnas.org/cgi/content/full/97/23/12409 Toshiro Tanimoto and Thorne Lay, Mantle dynamics and seismic tomography, PNAS, November 7, 2000, vol. 97 no. 23 pp. 12409–12410
  15. Valencia, Diana, O'Connell, Richard J., and Sasselov, Dimitar D. (November 2007) Inevitability of Plate Tectonics on Super-Earths, Astrophysical Journal Letters, 670 (1), L45–L48. DOI 10.1086/524012. (Preprint available on arXiv)

Гадаад холбоос[засварлах]

Wikimedia Commons has media related to Plate tectonics.