Jump to content

Боржин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лаузицын болон шар боржин
Саарал боржин

Боржин нь пегматик гаралтай гол чулууны нэг бөгөөд өнгөлгөөний чулууны ангилалд багтана. Боржин нь болор, халтмал, молор, биндэрьяа, апатит, ортит, циркон, монацит, колумбит, танаталит, пирохлор, литий, цагаан тугалга, молибденит, титан, уран, хайлуур жонш зэрэг олон эрдсийг агуулдаг.

Том хэмжээтэй хагаралгүй боржинг барилга замын ажилд янз бүрийн зориулалтаар өргөн хэрэглэх ба түүнчлэн хөшөө, урлал чимэглэлийн болон бэлэг дурсгалын зүйлс хийхэд өргөн ашиглана. Боржин нь нүх сүвгүй, ус нэвчдэггүй, бөх бат, хүйтэн даахдаа сайн.

Чанар сайтай боржин ОХУ, Украйн, АНУ, Норвеги, Энэтхэг, Казахстан, Канад, Бразил зэрэг улсад бий. Монгол улс боржингоор баян бөгөөд бүх аймгуудад байдаг. Ягаан, саарал, цайвар, цагаандуу боржин Төв, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудын нутагт, улаан боржин Сэлэнгэ, Дорноговь, Хөвсгөлд, хар өнгөтэй боржин Завханд, ногоон өнгөтэй нь Төв, Булган, Хэнтийд байдаг. Боржин нь өнгөлөхөд гоё толигор болдог бөгөөд улаан, шар, хар, ногоон өнгөтэй нь олон улсын зах зээлд харьцангуй өндөр үнэ хүрдэг. Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн том хэмжээтэй хэсэг юм.