Туркийн тусгаар тогтнолын дайн
Туркийн Османы эзэнт гүрэн Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдан Холбоотны цэргийн хүчинд эзлэгдэн бутарч арчаагаа алдсан үе 1919 – 1923 онд Туркийн тусгаар тогтнолын дайн (Турк: İstiklâl Harbi – Тусгаар тогтнолын дайн, Kurtuluş Savaşı – Чөлөөлөх дайн) өрнөн ялж, Османы эзэмшин байсан бусад нутгийг хаяж Турк орноо өөд татан хаант засгийг халж Бүгд Найрамдах Турк Улсыг байгуулжээ. Дайны нэг талд Мустафа Кемал Ататүркаар удирдуулсан Ангорын засгийн газар, нөгөө талаас Турк орныг эзлэн хянасан Грек, Армени, Франц, Их Британи, Итали, Гүрж, хаант ёсоо хадгалахыг зорьсон Константинополь дахь Османы төр байжээ.
Дайн үүсэх нөхцөл 1918 оны 10 сарын 30-наас эхэлж 11 сарын 18-нд Холбоотнууд (Антант) Османы нийслэл Константинополийг эзлэв. 1919 оны 5 сарын 15-нд Грекийн цэрэг Анатолид газардахтай зэрэгцээд Анкарад цэргийн хоёр анги бүрджээ. Тэр үед Ататюркийн удирдлаганд 35,000 цэрэг байв. Османы төр дургуйцсэн ч Туркийн хувьсгалчид улам хүчирхэгжиж дорно зүгт Арменитай, өмнө зүгт Сирийг эзэлсэн Францтай, өрнө зүгт Гректэй гээд улс орныхоо зүг бүрт харийн түрэмгийлэгчидтэй байлдаж байжээ. 1921 оны өвөл Лондон, намар нь Карст дайтахыг зогсоох талаар хэлэлцэж байсан. Хувьсгал нэгэнт дийлж өөрөө амьд байх аргагүй болсон VI Мехмед султан 1922 оны 11 сарын 17-нд Туркээс дутааж Британийн Мальта руу явжээ. 1922 онд Лозаннад эхэлсэн хэлэлцээрийн үр дүнд Османы өвийг Турк улс залгахыг Их Британи, Франц, Итали хүлээн зөвшөөрч 1923 оны 10 сарын 29-нд Бүгд Найрамдах Турк Улс үүсэн байгуулагджээ. Дайны төгсгөлд Турк 271 мянга, холбоотны талд нийтдээ 400-аад мянган цэрэгтэй байв. Дайны уршгаар тал талын 200 гаруй мянган цэрэг, армени, грек голцуу 500 мянган энгийн ард алагджээ.