Jump to content

Тяньаньмэний талбайд 1989 онд болсон хядлага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тяньаньмэний талбайд 1989 онд болсон хядлага (англи. 1989 Tiananmen Square protests and massacre ) гэдэг нь БНХАУ-ын Бээжин хотын төв талбай буюу Тяньаньмэний талбайд 1989 оны 4-р сарын 15-аас 6-р сарын 4-ний хооронд хятадын оюутан, ажилчин болон дэмжигчид хятадад ардчилалыг хөгжүүлэх шаардлага тавьж жагсаал цуглаан болон суулт хийсэн бөгөөд түүнийг БНXАУ-ын удирдлага Ардын Чөлөөлөх Армийн цэрэг, зэвсгийн хүчээр цус урсган дарсан үйл явдлыг хэлдэг байна.

Уьдчилсан нөхцөл байдал

[засварлах | кодоор засварлах]

1978 оноос хятадын удирдагч Дэн Сяопин эдийн засаг, улс төрийн цуврал шинэчлэл "нээлттэй бодлого" хэрэгжүүлж эхэлсэн нь 10 жилийн дараахь их хөдөлгөөний салхийг эхлүүлжээ. Дэн Сяопиний өөрчлөлт, шинэчлэл гэх арга хэмжээ нь Хятадын улс төрийн тогтолцоог хангалттай өөрчилж чадахгүй байгаад сэтгэл дундуур байсан оюутан залуус, сэхээтнүүд энэ үед Хятадын өнцөг булан бүрт бий болж байв. ЗХУ-д М.Горбачёвын эхлүүлсэн өөрчлөн байгуулалттай жишиж болохуйц шинэчлэлийг тэд хүсчээ. 1986-1987 онд ардчиллыг дэмжигч оюутнууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэнтэй зэрэгцэн Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан 1987 оны 1-р сард албан тушаалаасаа огцров. Намын бодлогоос “гажууд” өөрчлөлтийн тухай нээлттэйгээр ярьж, оюутнуудын хөдөлгөөнийг дэмжсэн Ху Яобан 1989 оны 4-р сарын 15-нд зүрхний шигдээсээр гэнэт нас барсан нь оюутнуудын бослогыг өдөөх гол оч болсон юм.

Тяньаньмэний талбай, 1988 он
Польшийн Вроцлав дахь дурсгал

Оюутнуудын хөдөлгөөний гол зохион байгуулагч Ван Дань, Чай Лин, Уэр Кайси, Фэн Цундэ, Пу Чицян нараар удирдуулсан "Бээжингийн бие даасан оюутны холбоо" байжээ. Тийм ч учраас энэ үйл явдлыг оюутны хөдөлгөөн гэж нэрлэдэг юм. Гэхдээ Хань Дунфан, Цянь Юймин, Бай Дунпин, Лю Хуанвэнь, Лю Сян, Жоу Юнцюнь нараар удирдуулсан "Бээжингийн бие даасан ажилчдын холбоо" мөн цуглаанд идэвхитэй оролцож эрх баригчдын эсрэг арай илүү хатуу байр суурь баримталж байжээ.

Үйл явдлын өрнөл

[засварлах | кодоор засварлах]

Дөрөвдүгээр сарын 15: Ху Яобаны дурсгалыг хүндэтгэн Тяньаньмэний талбайн дундах Ардын баатруудын хөшөөний өмнө хэсэг залуус сайн дураараа цугларав. Бээжингийн их сургууль, Циньхуа их сургуулийн оюутнууд энэ өдөр оюутны байр болон Тяньаньмэний талбайд хэсэг хэсгээрээ нийлэн эмгэнэлийн үгсээ бичин, гашууджээ.

Дөрөвдүгээр сарын 16: Бээжингээс гадна Шанхай зэрэг хэд хэдэн хотод үүнтэй ижил үйл ажиллагаа эхэлжээ.

Дөрөвдүгээр сарын 17: Хятадын улс төрийн шинжлэх ухаан, хуулийн их сургуулийн 500 гаруй оюутан Тяньаньмэний талбай дахь Ардын их танхимын зүүн хаалганы өмнө цугларч Ху Яобаныг эмгэнэн гашуудсан байна. Цагдаагийнхан эхэндээ оюутнуудыг өөрсдөө тарахыг ятган шаардсан боловч тэдний хүссэнээр болсонгүй. Шөнө болоход бусад их сургуулиас болон Бээжингийн жирийн иргэд олноороо ирж, тэдэнтэй нэгдэж эхэлжээ. Энэ шөнө Бээжингийн их сургуулийн 3000 гаруй оюутан дотуур байрнаасаа Тяньаньмэний талбай руу жагсч, тэдэнтэй Чиньхуагийн оюутнууд ч нэгджээ. Жагсагчдын тоо нэмэгдэж, эсэргүүцлийн хүрээ ч өргөжиж, оюутнууд зөвхөн Ху Яобаны араас гашуудах бус төр засгийн удирдагчдад хүргүүлэх долоон зүйл бүхий шаардах бичиг гаргав.

Дөрөвдүгээр сарын 18: Оюутнууд эх орончдын дуугаа дуулж, жагсаал зохион байгуулагчид өөрчлөлт шинэчлэлийг уриалсан үг хэлж байв. Тэд Төв хорооны удирдлагуудтай уулзаж, долоон зүйлтэй шаардлагаа өгөхийг хүсэв. Энэ хооронд эрх баригчдын оршин суудаг Жонанхай цогцолборын гадна хэдэн мянган оюутан цугларч, тэдний шаардлагад хариу өгөхийг шаардав. Оюутнууд цогцолбор руу хүчээр орох гэж дайрсан ч бүтэлгүйтсэн учир гадаа нь суулт зарлав. Засгийн газрын зарим албаны хүн тэдэнтэй уулзаж ярилцсан ч албан ёсны хариу өгөөгүй нь жагсагчдын уур бухимдлыг дэвэргэжээ.

Дөрөвдүгээр сарын 20: Эцэст нь цагдаа нар суулт зарлагчдыг хүчээр тараажээ. Энэ үеэр багахан хэмжээний мөргөлдөөн гарч.

Дөрөвдүгээр сарын 21-ний шөнө буюу Ху Яобаныг эцсийн замд нь үдэх ёслолын өмнөх өдөр Тяньаньмэний талбайд жагсагчдын тоо 100 мянга давлаа. Энэ үеэс талбайг олон нийтэд хаасан байна.

Дөрөвдүгээр сарын 22: Бээжингийн их сургуулиудад багш, оюутнууд нь хичээлээ хаяж эхлэв.

Дөрөвдүгээр сарын 26: Коммунист намын төв хэвлэлд Дэн Сяопиний “үймээн самууны эсрэг тугаа өндөр өргөцгөөе” нэртэй илтгэлийг хэвлэжээ.

Дөрөвдүгээр сарын 27: Илтгэл гарсны маргааш Бээжингийн төв гудамжаар 50 мянган оюутан жагсч, эрх баригчдыг дээрх мэдэгдлээ буцаахыг шаардав. Тэд мөн Засгийн газрын гар хөл болсон Оюутны холбоод гэгчдийг эсэргүүцэж байлаа.

Тавдугаар сарын 4: Бараг 100 мянга шахам оюутан дахин Бээжинд цугларч улс төрийн реформ хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөлөхийг, оюутнуудын төлөөлөгчдийн эрх баригчидтай албан ёсны хэлэлцээр хийхийг шаардав. Эрх баригчид оюутнуудын албан ёсны байгууллагатай ярилцахыг зөвшөөрсөн ч саналыг нь хүлээн авахаас татгалзжээ.

Тавдугаар сарын 13: ЗХУ-ын удирдагч Михаил Горбачёвын Хятадад хийх айлчлал эхлэв. Уг дагалдан ирсэн олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн анхаарлыг татах гэж оюутнууд төв талбайд өлсгөлөн зарласан байна. Долоо хоног үргэлжилсэн өлсгөлөнг дэмжиж Тяньаньмэний хөдөлгөөн шиг зохион байгуулалттай биш ч гэлээ Хятадын 400 гаруй хот, Шанхай, Хонконг, Тайвань болон Умард Америк, Европт хүртэл жагсаал цуглаан өрнөв. Оюутнууд “Интернационал” дууг хоолой нийлүүлэн дуулж, эрх баригчдыг тал талаас нь шахаж шаардаж байв.

Тавдугаар сарын 19: Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зыян талбай дээр ирж, оюутнуудыг өлсгөлөнгөө зогсоохыг уриалав. Тэрээр “Бид аль хэдийнэ хөгширсөн учраас асуудал байхгүй. Харин та нар залуу хүн учир бие, эрүүл мэндээ бод” гэж ухуулж байжээ.

Тавдугаар сарын 20: Бослогыг хэрхэн зогсоох тухайд эрх баригчид хоорондоо санал зөрөлдөж байв. Жао Зыян зөөлөн аргаар жагсаалыг тараах гэж оролдож байсан бол Ерөнхий сайд Ли Пэн хүчээр дарахыг санаархаж байжээ. Албан ёсны байр суурь байхгүйгээс Цэргийн төв хорооны дарга Дэн Сяопин цэргийн хууль гаргав. Гэвч жагсагчид цэргийнхний хүчийг хаажээ. Зөөлөн бодлого баримтлагч Жао Зыян огцров.

Тавдугаар сарын 30: М.Горбачёвын айлчлалыг сурвалжилахаар дагалдан ирсэн оросын болон гадаадын хэвлэлийн агентлагууд оюутнуудын бослого хөдөлгөөн, өлсгөлөнг дэлхий даяар цацаж эхлэв. Энэ үеэр коммунист намын ахмадын зөвлөл оюутнуудтай ярилцаж үзэх гэсэн боловч тэдний шаардлага хэтэрхий олон, хамгийн чухал нь юу хүсээд байгаа нь тодорхойгүй байснаас хоёр тал хоорондоо ойлголцоход бэрхшээл гарчээ. Ер нь, Тяньаньмэний бослого амжилтад хүрээгүй нэг шалтгаан нь энэ юм. Хээл хахуулийг таслан зогсоох, хэвлэлийн эрх чөлөөтэй болгох, улс төрийг өөрчлөх гээд янз бүрийн шаардлага тавьж, тэр бүр нэгдсэн зохион байгуулалтад орж чадахгүй байсан нь тэр олон хүний амь үрэгдэхэд хүргэсэн билээ. Хятадын Ардын Чөлөөлөх армийн 27, 28 дугаар арми хотыг хяналтад авав. Энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Херберт Уокер Буш тус улсад хориг тавьж буйгаа зарлаж, Хятадын цэргийн удирдагчид хоорондоо санал бодол зөрөлдөж байгаа тухай тагнуулын мэдээ авснаа мэдэгдэв.

Зургадугаар сарын 3: Ардын Чөлөөлөх арми, иргэдийн хооронд анхны мөргөлдөөн гарав. Жагсагчид машин тэргээр хаалт саад тавьж, цэргийнхнийг хориглохын хажуугаар гал тавьж, өөдөөс нь чулуу шидэж байжээ. Энэ хооронд цэргийнхэн зохион байгуулалттайгаар хотоос гарах цэгүүд болон их сургуулийн гудамжуудыг хаажээ. Ингээд оройны 22:30 минутын орчимд армийн зэвсэгт довтолгоо буюу бослогыг хүчээр дарах цуст үйл ажиллагаа эхэлжээ. Армийн танкууд Тяньаньмэний талбай руу хэд хэдэн талаас дайрч, замдаа таарсан оюутан жагсагчид руу гал нээн давшилжээ. Зарим оюутан талбайгаас гарах гэж оролдсон ч тэднийг дотогш хашиж буцааж байсан гэдэг. Энэ үед жагсаалыг зохион байгуулагчид бусаддаа цэргүүдийн өөдөөс “молотовын коктейль” мэтийн зэвсэг ашиглахгүй байхыг анхааруулж байжээ.

Зургадугаар сарын 4: үүрийн дөрөв, таван цагийн үед армийн танкууд талбайд бүрэн нэвтэрч, замдаа байсан жагсагчид, машин техник бүгдийг дайрч сүйрүүлжээ. Энэ үйл явдал болсоны ганцхан цагийн дараа буюу үүрийн 5:40-ийн үед талбайг бүрэн асгарсан хүний цусыг угааж, хогийг түүж цэвэрлэсэн байна.

Амь үрэгдэгсдийн тоог өнөө хүртэл хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм. Энэ аймшигт хядлагын үеэр хэдэн мянган залуу амиа алдсаныг хэлэх нотлох баримт байхгүй. Хятадын Засгийн газрын албаны мэдээгээр амь үрэгдэгсдийн тоог 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан Загалмайн нийгэмлэг 2600 гэсэн байна. Харин гадаадын сэтгүүлчдийн тооцоолсноор хамгийн багадаа 3000 хүн энэ үеэр амь үрэгдсэн гэж үздэг. Тэгвэл НАТО-гийн тагнуулын мэдээлэлд энэ тоог 7000 давсан гэж дурдсан байдаг.

Африк, Азийн зарим орнууд, Умард Солонгос, Куба, Чехословак, Зүүн Герман, Пакистан зэрэг Хятадын ойрын холбоотнуудаас бусад бүх улс хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн энэ явдлын дараа Хятадыг буруутган мэдэгдэл хийж, янз бүрийн хориг тавьсан юм. Дэн Сяопиний гадаад дахь айлчлалын төлөвлөгөө нурж, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тус улсад өгөх гэж байсан зээлээ зогсоожээ.

Хориотой сэдэв. Энэ үйл явдлын дараа Хятадын сонинуудын 12 хувь нь хаагдаж, хэвлэлийн компаниудын долоон хувь нь үүдээ барьж, 150 гаруй кино, баримтат киног гаргахыг хоригложээ. Тухайн үеийн олон арван сонины эрхлэгч ажлаасаа халагдан, шийтгэл амссан гэдэг. Засгийн газар 32 сая хувь ном, 2.4 сая дүрс бичлэгийн хуурцгийг хураан авчээ. Одоо ч Хятадад “Google” цахим хуудсаар Тяньанмэний бослогын талаархи мэдээлэл авах боломжгүй хэвээр.

Хохирогчдоос ганцхан гэр бүлд нөхөн төлбөр олгожээ. НҮБ-аас Хятадын Засгийн газрыг ард түмнээсээ уучлал гуйхыг шаардсан ч тус улсын эрх баригчид хэзээ ч буруугаа хүлээж байсангүй. Гэхдээ 2006 оны 4-р сард нэгэн жагсагчийн ар гэрт 70 мянган юанийн тэтгэмж олгосон тохиолдол бий. Энэ бол Хятадын эрх баригчид дээрх явдалд “гэмшсэн” хамгийн анхны тохиолдол болсон юм.

Сонирхолтой баримтууд

[засварлах | кодоор засварлах]
  1. Тяньаньмэний талбайд эсэргүүцэл илэрхийлж тэмцсэн хятадын оюутан болон бусад эсэргүүцэгч нарын БНХАУ-ын удирдлагад хүргүүлсэн шинэчлэл өөрчлөлтийг хүссэн шаардлагуудын нэг нь “Гадаад монгол буюу Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг БНХАУ-д нэгтгэхийг шаардсан” шаардлага байсан байжээ.
  2. Үймээний үед хятадын армийн танкийн цувааг нэр нь үл мэдэгдэх гар нүцгэн залуу 30 орчим минут саатуулан зогсоосныг "Tank man" буюу монголоор "Хүн-танк" гэж алдаршуулсан байна.
  1. Тяньаньмэний талбайд хядлага болохоос сарын өмнө Хориотой хотын Синьхуа хаалганы өмнө цагдаа хүчнийхэн жагсагчдад анх хүч хэрэглэжээ. Бээжинд байдаг бүх их сургуулийн оюутнууд эсэргүүцлээ илэрхийлэхээр цугласан бөгөөд ойролцоогоор 10 мянга гаруй залуус бүгд нэгэн дуугаар “Ардчилал мандтугай!” хэмээн хашгирч, Ерөнхий сайд Ли Пен (Li Peng)-ийг гарч ирэхийг шаардаж байв.Энэ үед эмх журам сахиулахаар гарч ирсэн цагдаагийн 1000 гаруй алба хаагч тухайн цуглааныг удирдаж байсан гол 300 хүнийг бүсэлж авчээ. Энэ үед бүх зүйл хяналтаас гарч, бүслэгдсэн хэдийгээ аврахаар оюутнууд цагдаагийнхан руу чулуу шидэцгээжээ. Эхэндээ хууль сахиулагчид иргэдэд хүч ашиглахгүй байх тушаалтай байсан авч удалгүй өөрчлөгдсөн аж.Албаны хүмүүс оюутнуудыг сургуулийнх нь дотуур байранд нь хүргэхээр Синьхуа хаалга руу том автобус явуулсан ч 300 гаруй оюутан эсэргүүцсэн байна. Тиймээс тэднийг цагдаагийн албан хаагчид нэвширтэл зодож, цус нөжтэйгөө холилдсон чигт нь автобусанд чихэж суулгасан байна. Ийнхүү тайван жагсаал хурцадмал болох эхний суурь тавигджээ.
  2. Намын удирдах албан тушаалтнууд босогчдыг дарахаар цэргийнхнийг явуулахаасаа өмнө цэргийн удирдах албан тушаалтнуудад өөрийн иргэд рүүгээ хүч хэрэглэх шаардлага гарвал эргэлзэх зүйлгүй тушаалыг гүйцэтгэ гэж тушаасан байна.Тэдний дундаас генерал Шу Чиншиан (Xu Qinxian) эсэргүүцсэн бөгөөд үүнийхээ хариуд шийтгэл хүлээжээ. Өөрийг нь ямар ирээдүй хүлээж байсныг мэдсэн ч тэрээр иргэдийнхээ өмнөөс гал нээхгүй гэсэн байр сууриндаа бат зогссон юм. Ийнхүү Шу Чиншиан Бээжин рүү дахин хэзээ ч нэвтрэхгүй байх мөн таван жил хорих ял сонссон
  3. Засгийн газрын гишүүд цэргүүдэд хамгийн анх гал нээх тушаал өгсөн эсэхээ нууцалдаг. Цэргүүдийг хүн буудсан тохиолдолд ямар ч хуулийн хариуцлага ногдуулахгүй гэж хэлсэн байна. Эцсийн бүлэгт цэргүүд өөрсдөө гал нээх санаачилгыг гаргасан гэж хэлээд өөрсдөдөө бүх бурууг хүлээсэн байдаг. Гэсэн ч зарим цэргүүд гал нээж айлгаснаас биш хүн огт буудах зорилго байгаагүй гэж хэлжээ. Хүн алах зориг байлдагч бүрт байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ гал нээж айлгасан цэргүүд рүү хүмүүс чулуу, тоосго шидэхэд уурласандаа тэд гал нээсэн тохиолдол ч бий.“Хэн ч бидэнд зайлшгүй гал нээ гэж тушаагаагүй. Бид зүгээр л хүмүүсийг айлгахыг хүссэн. Гэтэл зарим цэргүүд уурласандаа замдаа таарсан бүх хүнийг буудаж байсан” гэж нэгэн цэрэг дурсан ярьсан
  4. Тяньаньмэний талбайн хядлага эхлэх үед үймээн самуун гарсан ч талбай дээр цөөн хүн үлджээ. Засгийн газраас хийн бөмбөг, гал нээж, танк явуулах тушаал өгөхөд хүн бүр амь тэмцэн зугтсан юм. Хэчнээн хол зугтсан ч цэргүүд тэдний хойноос хөөн гүйцэж, буудан хороож байв.Нэг оюутан тэр үед юу болсон талаар ийнхүү өгүүлжээ. Үймээн эхлэхэд түүний хоёр найз цэргүүдийн нүдэн өртөхгүйн тулд юу ч болоогүй мэт тайвнаар гэр рүүгээ алхсан байна. Гэтэл танктай цэргүүд хүрч ирээд тэднийг шууд дайрч алжээ. Нэг найз нь газар дээрээ нас барсан бол нөгөөхийнх нь хөл, бөгсөн биеийг бяцалсан байна. Ийнхүү тэр оюутан насаараа тахир дутуу болсон гэнэ. Танканд нийт 11 оюутан даруулж үхсэн гэдэг бөгөөд Фан Жэн (Fang Zheng) хэмээх нэг залуу үүнийг баталжээ. Тухайн үед тэрээр танканд дайруулах гэж байсан охиныг аварч байгаад нэг хөлөө танканд даруулж алджээ. Залуу зээрэнцэг шидэгч тамирчин байсан
  5. Тяньаньмэний хядлагын үеэр нэг танк замаасаа хазайж, жолоодлогоо алдахад хэсэг бүлэг хүмүүс хойноос нь хөөжээ. Танкны жолооч аль болох олон хүний замаас гарах гэж хичээсэн ч санаандгүйгээр хэсэг босогчдыг дайрч алсан аж. Иймд хүмүүс маш ихээр бухимдаж, танкан дээр гарч жолоочийг үхтэл нь зодоод, танкийг галдан шатаасан байна. Бусад танкчид энэ үед хэтэрхий хол байсан тул энэ явдлыг тэр мөчид мэдээгүй юм. Гэхдээ ийм зүйл болсныг мэдээд босогчид руу илүү хүчтэй гал нээсэн байна.
  6. Хэдий түүхэнд энэ хядлагын нэрийг Тяньаньмэний талбайд болсон гэдгээр нь хамаатуулж нэрлэдэг боловч энэ үеэр Чөндү хотод үүнээс ч илүү хэрцгий явдал болсныг хүмүүс тэр бүр мэддэггүй.Чөндү хотын Тяньфүгийн талбайд ч мөн эхэндээ тайван жагсаал болж байсан боловч Бээжинд юу болж байгааг иргэд мэдсэний дараа бүх зүйл өөрчлөгджээ. Тяньфүгийн талбайг бага Тяньаньмэн ч гэж нэрлэх нь бий.Чөндүгийн гудамжаар босогчид “Зургадугаар сарын 4-ний хядлага”, "Бид үхэхээс айхгүй” бичигтэй ухуулгын дарцагт сурталчилгаа нааж байв. Мөн тэд цагдаа нар руу чулуу шидэж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Хариуд нь цагдаагийн албан хаагчид нулимс асгаруулах хий шүршиж, бүх зүйл замбраагүй болж эхлэв.Энгийн иргэд цагдаа нарын хооронд хүчтэй мөргөлдөөн болж, бие биенээ үхтэл нь зодож, машинаар дайрч байсан аж. Чөндүгийн бослогын үеэр 1800 хүн бэртэж, найман хүн нас барж мөн маш олон хүн ор сураггүй алга болсон гэнэ.
  7. Бээжингийн бүх гэрэл зурагчид энэ үйл явдлын дүр зургийг хальсандаа үлдээх гэж оролдож байв. Харин үүнд Засгийн газар ихээхэн дургүй байсан юм. Тэд дэлхий нийтэд энэ үйл явдлын баримт болж үлдэх гэрэл зураг үлдээхийг хүсээгүй аж. Тиймээс Олон нийтийн аюулгүй байдлын товчооны албан хаагчдыг (тэднийг зарим үед нууц цагдаа нар ч гэдэг) бүх гэрэл зурагчдыг хянах арга хэмжээ авахуулсан аж. "Хүн танк" зургийг авсан гэрэл зурагчин Чарли Коул (Charlie Cole) зураг авах гэж байгаад бараг амиа алдах шахсан байна. Зочид буудлын дээвэр дээр гарч энэ зургийг авсан бөгөөд түүний араас Олон нийтийн аюулгүй байдлын товчооныхон хөөж гүйцэн, толгой руу нь цохиж, нэвширтэл зодоод, аппаратыг нь булаан авчээ.Гэхдээ Чарли камерыг нь өгөхийг тэднээс өвдөг сөгдөн гуйж бүх зургаа өгнө гэж хэлээд хуурамч хальсаа оронд нь өгчээ. Ингээд зочид буудлынхаа өрөө рүү хар хурдаараа зугтахад, буруу хальс өгснийг нь гадарласан нөхөд мөн л араас нь хөөж паспорт, хальс, камерыг нь булаажээ.Чарли энэ үед ч жинхэнэ хальсаа авч үлдэж чадсан байна. Ийнхүү дэлхий нийтэд түүх өгүүлсэн аймшигт зургийг тэр хожим дэлгэсэн