Jump to content

Төгстөмөр хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Усгал хаан-с чиглүүлэгдэв)
Төгстөмөр хаан
ᠲᠡᠭᠦᠰᠲᠡᠮᠦᠷ ᠬᠠᠭᠠᠨ
Умард Юань Улсын хаан
Хаанчлал1378-1388
Төрсөн огноо1342
Өнгөрсөн огноо1388
ӨмнөхАюушридар хаан
УдаахЗоригт хаан
ЭцэгТогоонтөмөр
УлсУмард Юань
Ургийн овогБоржигин
Оны цолСюаньгуан 1378–1379
Тяньюань1379–1388

Төгстөмөр усхал хаан (ᠲᠡᠭᠦᠰᠲᠡᠮᠦᠷ
ᠤᠰᠬᠠᠯ
ᠬᠠᠭᠠᠨ
, *1342 оны 3 сарын 7-ий өдөр — 1388 оны 11 сарын 1-ий өдөр) нь Аюушридар хааны дүү бөгөөд 1342 онд төрж 1378 онд хаан ширээнд сууж арван жил төр бариад 1388 онд хорлогджээ.

1378 онд Аюушридар хааны дүү Төгстөмөр нь Усхал цолтой хаан ор залгамжилжээ. Түүний хаанчлалын жилүүдэд Монгол-Мин улсын харилцаа дахин хурцдаж байлдааны ажиллагаа эхэлжээ.

Төгстөмөр хаан залгамжилж суусныхаа дараа Монголын нэлээд хэсгийг өөртөө татан нэгтгэж чадсан бөгөөд тэрээр Хархорум,Инчаны ойролцоо их цэрэг хуримтлуулан Хятадыг уулгалах болжээ.Үүний хариуд Мин улс 1380 онд их хэмжээний цэргийг Монгол руу илгээсэн. Му Ин жанжинаар удирдуулсан тэр их цэрэг нь дөрвөн чиглэлээр Монгол руу довтолсон. Му Ины удирдсан хөнгөн морьт цэргийн анги Хархорумыг эзлэн авч сүйтгэн их хэмжээний хүн ардыг олзлон авч буцсан ажээ. Тэр үед Төгстөмөр хаан Инчанд төвлөн сууж байжээ. 1380 оны сүүлчээр Монголын жанжин Өлзийбух, Нарбух нар Хэбэй мужийн зүүнтээ орших Лулун хэмээх хот руу дайрч энэ үеээр Мин улсын томоохон цэргийн тушаалтан Лю Гуан алагдсан байна. Үүний хариуд Мин улс 1381 онд Сюй Да жанжинаар удирдуулсан их хэмжээний цэргийн хүчийг Монголын нутаг руу оруулж тэдгээр нь өнөөгийн Чифэн хүрсэн байна. 1382-1387 онуудад том хэмжээний дайн хоёр орны хооронд гараагүй байна. 1387 онд Мин улс Ляодунд төвлөрч байсан Юань улсын жанжин Нагачугийн цэргийн хүчийг устгах шийд гаргажээ. Нагачу бол улсын ван Мухулайн угсааны хүн бөгөөд сурвалж бичигт түүнийг хэдэн арван мянган цэрэгтэй хэмээсэн байдаг ба тэрээр зүүн Монголоос Манжийн умард хэсэг хүртэлх нутгийг эзлэж, мөн Гүрё улсыг эрхэндээ оруулахыг санаархаж байжээ. Мин улс Нагачуг, Төгстөмөр хаантай нэгдэхээс болгоомжилж Монголчуудын хүчийг бүр мөсөн дарж авахын тулд юуны түрүүнд Нагачугийн цэргийг устгах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байжээ. 1384 онд Мин улс Гүрё улсийг дагаар оруулж улмаар Монгол Гүрё хоёр улсын харилцаа холбоог тасалсан учир Монгол руу довтлох таатай нөхцөл бүрдсэн ажээ. Мин улс Фэн Шэн жанжинаар удирдуулсан хоёр зуун мянган цэргийн хүчийг өдгөөгийн Гирин мужаар давшуулж Манж нутгийн гүнд оруулсан ба Чанчун хотын ойролцоо Хятадын цэрэг Нагачугийн цэрэгтэй ширүүн тулалдаанд орж хоёр тал сүрхий хохирол хүлээжээ. Гэвч хятадын хүч давуу байсан тул Нагачу дахин тулалдах аргагүйд хүрч бууж өгчээ. Нагачуг буулгаж авсаныхаа дараа Мин улс Монголын их хаан Төгстөмөрийн эсрэг их хэмжээний цэрэг хөдөлгөжээ.

1388 оны хавар шийдвэрлэх тулаан болсон ба энэ үеэр Монголын цэрэг дийлэгдэж Төгстөмөр хаан их хүү, шадар түшмэд Чжиюань Нэцэлай, Чинсан Ширмэн нарын хамт цөөн тооны цэргээ авч тулалдааны талбараас гарч Хархорумын зүг хөдөлжээ.[1] Харин хоёр дугаар хаан хөвгүүн, төрийн сайд ноёд 2900 гаруй хүн, 150 мянган толгой мал олзлогдсон.[1] Харин Мин улсад бууж өгсөн цянь юань (僉院) түшмэл Анда Нагачу, жиюань түшмэл Нэцэлай нарын Мин улсын хаанд илгээсэн захидалд "...Тогус Төмөр хаан түм илүү ардыг удирдаад... явтал Аригбөхийн ургийн хөвүүн Есүдэр тан Ойрад лугаа хамт дайжиж хааныг маань хүчлэн өнгөрүүлээд, их тамгыг авч, иргэн ардыг хэцүүтгэн бүрэлгэх тул..." [2] гэж авч зугтсан тухай тодорхой тэмдэглэж байдаг.

Мөн Нэцэлай ноёны Мин улсад бууж өгөхдөө Хун Ү хаанд бичсэн захидалд дагуулж ирсэн хүний тоог "... их өчүүхэн 501 ноёд, их бага цэрэг 2709, хатад харц 3111, нуган хөвгүүд 1945, охин хүүхэд 1805, нийт 9561 хүн ард..."[2] гэж бүртгэн тоочсон ч нэмж үзвээс 10071 хүн болж буй нь магад Төгстөмөр хааны Буйр нуураас дагуулж зугтсан ардын тоо, сүүлд бичсэн 9561 цэрэг ард гэдэг нь Есүдэрт ялагдаж, Нэцэлайг дагаж Мин улсад ирсэн цэрэг ардын тоо бололтой.

Төгстөмөр хаан явсаар Туул гол хүрч очиход Аригбөхийн угсааны ноён Есүдэр тэдэн рүү довтолж энэ тулалдаанд хааны тал ялагдаж Төгстөмөр хаан цөөн хүний хамт тулалдаанаас гарч Мархас жанжинаар удирдуулсан цэргийн хүчтэй нэгдэхийг завдаж байв.[баримт хэрэгтэй] Гэвч гурван хоног дараалан их хэмжээний цас орсон тул Төгстөмөр хаан замд гарч чадалгүй саатжээ. Яг энэ үеэр Есүдэр Төгстөмөрийг баривчилхаар нэгэн түшмэлийг илгээж тэр нь Төгстөмөрийг гүйцэж баривчлан нум сумын хөвчөөр боож алжээ. Төгстөмөр хаан хорлогдсоноор Монголын гадаад дотоод улс төрийн байдал туйлын тогтворгүй болжээ.

  • Эх: тодорхойгүй

Тодорхойгүй

  • Тянбаону - 1388 онд эцгийн хамт зугтааж яваад Есүдэрт хороогдсон.
  • Дибаону - 1388 онд Буйр нуурт олзлогдоод, улмаар Мин улсад хүргэгдэн Рюкю аралд цөлөгдсөн.

Эрдэнийн товчоо эдгээр хүмүүсийг түүний үр удам гэж мэдэгдсэн ч орчин үеийн Монголын түүхчид эдгээр тэмдэглэлийг буруу гэж үздэг.[3]

  • Энхзоригт хаан - 1359 оны шарагчин гахай жил төрж, 1389 оны хөхөгчин могой жил хаан сууж, дөрвөн жил болоод 1392 оны хар бичин жил гучин дөрөвний жилээ халивай.[4]
  • Элбэг хаан - 1361 оны цагаагчин үхэр жил төрж, 1393 оны харагчин тахиа жил хаан сууж, Хархучагийг хороогоод 4 сар болоод Үгэчи Хашхад 1399 оны шар туулай жилд хороогдвой.[4]
  • Харгучуг Дүүрэнтөмөр хунтайж[4] - 1363 оны харагчин туулай жил төрж, 1399 оны шарагчин туулай жил гучин долооноо хороогдвой.[4]
Өмнөх
Билэгт хаан
Монголын хаан
Их Юань Улсын Их Хаан

1378-1388
Дараах
Зоригт хаан
  1. 1.0 1.1 Монгол Улсын Түүх. Vol. 3. Улаанбаатар: Шинжлэх Ухааны Академи. 2003. p. 29. ISBN 99929-0-210-8.
  2. 2.0 2.1 Haenisch, Erich (1952). Sino-Mongolische Dokumente Vom Ende Des 14.Jahrhunderts (German and Latin transcript хэлээр). Berlin. pp. 13, 15–16, 23, 25.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. The Shajrat Ul Atrak or Genealogical Tree of The Turks and Tatars (англи хэлээр). Translated by Col., Miles. London: East India Company. 1838. p. 218.
  4. 4.0 4.1 4.2 4.3 Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч. Улаанбаатар. pp. 103–104.