Jump to content

Amazon.com

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Амазон компанийн лого

Amazon.com нь дэлхийн хамгийн том онлайн худалдааны америкийн компани, Төв байр нь АНУ-ын Сиэтл хотод байрладаг. Уг компани энгийн хэрэглээний бүх төрлийн барааг онлайнаар худалдаалдаг бөгөөд 2014 онд 88,98 тэрбум ам.долларын орлогтой ажилласан, нийт 54,5 тэрбум ам.долларын хөрөнгөтөй компани юм. Компанийг үүсгэн байгуулагч нь Жефф Безос бөгөөд компанийн анхны нэр нь "Кадабра" байжээ.

Сиетл хот дахь төв байр

Amazon.com компани нь Сони зэрэг компаниудын араас 2007 онд "Amazon Kindle" цахим ном, 2011 онд "Kindle Fire" таблет компьютер үйлдвэрлэж олон нийтэд хүчтэй маркетинг хийснээр цахим номын хувьсгалыг жинхэнээр нь эхлүүлсэн юм.

Amazon.com-ийг 1994 оны 7-р сарын 5-нд Америкийн бизнес эрхлэгч Жефф Безос үүсгэн байгуулсан байна. Компанийг дэлхийн хамгийн их эзэлхүүнтэй гол болох Өмнөд Америкийн Амазон мөрөнгийн нэрээр нэрлэсэн ажээ. Эхэндээ тус компани интернетээр хэвлэмэл ном зардаг байсан. Тус компани нь энэ зах зээлд анхны компаниудын нэг байсан бөгөөд Безос томоохон өрсөлдөгчид гарч ирэхээс өмнө зах зээлийн орон зайг түрүүлж эзлэхийг хичээсэн байна. 1996 оны 12-р сар гэхэд Amazon.com 180 мянган хэрэглэгчтэй байсан бол 1997 оны 10-р сард 1 сая хэрэглэгчтэй болсон бөгөөд 1998 оны 6-р сард дэлгүүрт хөгжмийн CD, мөн оны 11-р сард видео бүтээгдэхүүн худалдаалж эхэлсэн юм. Мөн онд Их Британи, Германы номын худалдааны сайтуудыг нэмж худалдаж авсан түүхтэй. Амазон мөн бусад худалдааны сайтуудад зуучлалын үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд 1999 он гэхэд 350 мянган ийм үйлчлүүлэгчтэй болжээ. 1999 онд бүтээгдэхүүний нэр төрөл нь MP3 бичлэг, программ хангамж, видео тоглоом, электрон бараа, хувцас, тавилга, хоол хүнс, тоглоом зэргийг арилжаалж байжээ. Энэхүү хурдацтай өсөлтийг санхүүжилтийг 1997 оны 5-р сарын 15-нд NASDAQ хөрөнгийн бирж дээр 54 сая долларын орлогоор бүрдүүлсэн байна.

Жефф Безос, 2016 он

2002 онд "Amazon Web Services" охин компани байгуулсан байна. Эхэндээ энэ компани сайтуудын тархац хүрээг хянах, Интернет дэх бусад статистик мэдээллийг хөтлөх чиглэлээр ажилладаг байсан бөгөөд 2006 оноос хойш сервер дээрээ өгөгдөл хадгалах, боловсруулах үйлчилгээг санал болгож эхэлсэн байна. Эдгээр үйлчилгээ нь 2007 онд компанийн сервер дээр 10 тэрбум, 2012 онд 950 тэрбум файл хадгалагдсанаар маш хурдан алдартай болсон юм. 2012 оны байдлаар интернет траффикийн 1 орчим хувь нь Amazon серверүүдээр дамждаг болсон байна.

Мөн 2011 онд "Amazon Publishing" хэмээх хэвлэлийн охин компани байгуулсан ажээ.

2010 онд Quidsi (Diapers.com) компанийг 545 сая доллараар худалдаж авсан.

2011 онд компани 30 мянган ажилтантай байсан бол 2016 онд энэ тоо 180 мянгад хүрчээ.

2017 онд "Whole Foods Market" супермаркетийн сүлжээг 14 тэрбум ам.доллараар худалдаж авсан бол 2018 оны 1-р сарын 22-нд тус компани дэлхийн анхны автомат супермаркет болох "Amazon Go"-г нээсэн байна. Дэлгүүрт кассчин хүн байдаггүй. Та бүтээгдэхүүн худалдан авахын тулд програмаа татаж аваад, QR код үүсгэн, турниктэнд хавсаргаж, хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ аваад дэлгүүрээс гардаг байна.

2018 оны 2-р улиралд Amazon цэвэр ашгаа 2017 оны мөн үетэй харьцуулахад бараг 13 дахин нэмэгдүүлж, энэ үзүүлэлт анх удаагаа 2 тэрбум ам.доллар давжээ. 2018 оны 9-р сарын 4-нд Amazon компанийн хөрөнгийн хэмжээ 1 их наяд доллар давсан хоёр дахь компани (Apple-ийн дараа) болжээ.

2021 оны 2-р сарын 2-нд "Amazon" компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос гүйцэтгэх захирлын албан тушаалаа орхиж, ТУЗ-ийн даргын албан тушаалаа хадгалж,гэж мэдэгдэв. Тэрбумтны хэлснээр тэрээр байгууллагынхаа чухал төслүүдэд үргэлжлүүлэн оролцох боловч үүнтэй зэрэгцэн өөрийн буяны сан "Bezos Earth Fund", The Washington Post сонин, "Amazon Day 1 Fund" болон сансар судлалын "Blue Origin" компанид илүү их цаг зарцуулах бодолтой байгаа гэв. Амазоны шинэ тэргүүнээр өмнө нь "Amazon Web Services"-ийг удирдаж байсан Эндрю Жесси (англи. Andrew R. Jassy; 1968 оны 1-р сарын 13-нд Нью-Йорк хотод төрсөн) ажиллах болсон байна.

Тус компани АНУ-аас гадна Австрали, Бразил, Канад, Их Британи, Герман, Япон, Франц, Итали, Польш, Испани, Энэтхэг, Турк, АНЭУ, Хятад зэрэг улсад салбаруудтай.

Бүс нутаг Улс Домен хаяг Үйл ажил. эхлэл Тайлбар
Африк Египет amazon.eg 2021 оны 9-р сар Өмнө "Souq.com" гэдэг байсан
Америк Бразил amazon.com.br 2012 оны 12-р сар
Канад amazon.ca 2002 оны 6-р сар
Мексик amazon.com.mx 2013 оны 8-р сар
АНУ amazon.com 1995 оны 7-р сар
Ази Хятад amazon.cn 2004 оны 9-р сар Өмнө "Joyo.com" гэдэг байсан
Энэтхэг amazon.in 2013 оны 6-р сар
Япон amazon.co.jp 2000 оны 11-р сар
Саудын Араб amazon.sa 2020 оны 6-р сар Өмнө "Souq.com" гэдэг байсан
Сингапур amazon.sg 2017 оны 7-р сар
Турк amazon.com.tr 2018 оны 9-р сар
Арабын Нэгдсэн Эмират amazon.ae 2019 оны 5-р сар Өмнө "Souq.com" гэдэг байсан
Европ Бельги amazon.com.be 2022 оны 10-р сар
Франц amazon.fr 2000 оны 8-р сар
Герман amazon.de 1998 оны 10-р сар
Итали amazon.it 2010 оны 11-р сар
Нидерланд amazon.nl 2014 оны 11-р сар Эхлээд зөвхөн ном (мөн цахим ном), 2020 оны 3-р сард бүрэн нээгдсэн
Польш amazon.pl 2021 оны 3-р сар
Испани amazon.es 2011 оны 9-р сар
Швед amazon.se 2020 оны 10-р сар
Их Британи amazon.co.uk 1998 оны 10-р сар
Далайн орон Австрали amazon.com.au 2017 оны 11-р сар