Jump to content

Ваанчигийн Гомбосүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрдэнэ Далай ван Гомбосүрэн

Ваанчигийн Гомбосүрэн буюу Далай ван Гомбосүрэн (1882 орчим онд төрсөн-1914 онд нас барсан) Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлагчдын нэг Бэйс Гомбосүрэн[1]

1880-аад оны эхээр өнөөгийн Сүхбаатар аймгийн Мөнххөөн суманд Чингэс хааны алтан ургийн шууд угсаа, боржигон овогтой хиад ястай тайж Ваанчигийн 2-р хөвгүүн болон мэндэлсэн, багадаа эцгийн ургийн тайж Галсанцэвэгмэдэд үрчлэгдсэн, 1900 онд Сэцэн хаан аймгийн Эрдэнэ далай засгийн хошуу захирагч ноёноор өргөмжлөгдсөн.

Их Хүрээнд Халхын ноёд Жавзандамба хутагтад даншиг өргөх үеэр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав нарын ноёд, лам нар Богд хан уулын арын модонд сэмхэн хуралдан зөвлөлдөхөд гүн Гомбосүрэн идэвхийлэн оролцсон байдаг. 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулсны дараа түүнд үе улирах, засаг төрийн жүн вангийн хэргэм, Эрдэнэ далай ван цол, жич улбар шар жолоо шагнаж, шадар сайд, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд, харьяат аймгийн цэргийг захирах жанжны тушаалд улируулан томилжээ.

Бэйс Гомбосүрэн 1912 оны зун Ховдыг, намар нь Улиастайг, 1913 оны үхэр жилийн үймээн буюу Өвөрмонголыг чөлөөлөх Таван замын байлдааныг зохион байгуулахад Цэргийн яамны сайдын хувиар ихээхэн идэвхтэй оролцжээ. Эрдэнэ Далай ван Гомбосүрэн 1914 онд цэл залуу 30 гаруйхан насандаа таалал төгсчээ.