Григорийн тоолол
Григорийн тоолол (англи. Gregorian calendar, орос. Григорианский календарь) Ромын пап XIII Григорий (Pope Gregory XIII) өмнө Юлий Цезарийн буй болгосон Юлийн тооллыг шинэчлэн сайжруулж, 1582 оноос нэвтрүүлсэн цаг тоолол юм. Одоогоор аргын тоолол буюу нарны тоолол гэдэг утгаараа дэлхийн ихэнх оронд хэрэглэгддэг. Мөн Шинэ тоолол (англи. New Style, товчоор N.S., NS) гэж мөн нэрлэгдэх нь бий.
Нэг жилийг 365 хоногт хуваах бөгөөд 4 жил тутамд өндөр жил хэмээн 366 хоногтой жилийг тоолно. Ерөнхийдөө 4-т хуваагддаг жилүүд өндөр жил байдаг боловч 400 жилд 3 удаа 4-т хуваагддаг жилийг өндөр жил биш, ердийн жилээр тооцдог байна.
Өөрөөр хэлбэл жилийн тоо 400-т хуваагдаг бол өндөр жил. 400 хуваагддаггүй боловч 100-д хуваагддаг бол өндөр жил биш. Харин дээрх 2-оос бусад тохиолдолд оны тоо 4-д хуваагдаж байвал өндөр жил хэмээн тооцно гэсэн үг.
No. | Сарын нэр | хэдэн хоногтой |
---|---|---|
1 | January | 31 |
2 | February | 28 (өндөр жил бол 29) |
3 | March | 31 |
4 | April | 30 |
5 | May | 31 |
6 | June | 30 |
7 | July | 31 |
8 | August | 31 |
9 | September | 30 |
10 | October | 31 |
11 | November | 30 |
12 | December | 31 |
Зохиох болсон шалтгаан
[засварлах | кодоор засварлах]16-р зууны сүүлийн хагасаас эхлэн, тэр үед ашиглагдаж байсан Юлийн тоолол дахь улирлууд болон жинхэнэ улирлын зөрүү жил ирэх тусам илт мэдрэгдэж эхэлсэн. Иймээс энэхүү асуудлыг шийдэхээр Трентогийн зөвлөл (1545 - 1563) Папад он тооллыг шинэчлэх үүрэг өгчээ. Ийнхүү Григорий XIII 1579 онд хамба нар голлосон зөвлөлийг бий болгож, он тооллын тухай судалжээ. Тэдний бий болгосон шинэ тоолол 1582 оны 2 сарын 4-нд бэлэн болж, мөн оны 10 сарын 5-ний пүрэв гарагийн дараагийн өдрийг 10 сарын 15-ны баасан гараг гэж тогтоон, засвар оруулж өнөөг хүртэл мөрдөж байна.
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]Хуучин хэрэглэгдэж байсан Юлийн тоолол нь ердийн жилийг 365 хоногоор тооцож, 4 жил тутамд 366 хоногтой өндөр жилийг бий болгодог байсан нь дунджаар 1 жилд 365.25 өдрийг агуулж байна гэсэн үг юм. Гэтэл дэлхий нарыг ойролцоогоор 365.2422 хоногт тойрдог тул 1000 жилийн хугацаанд 8 өдрийн алдаа гарч байсан юм. Иймээс ойр ойрхон засвар хийж байхгүй бол болохгүй болсон байв.
Харин шинэчлэн засварласан Григорийн тоолол нь зарчмын хувьд Юлийн тоололтой ижил ч 400 жилд 3 удаа өндөр жилийг байхгүй болгох замаар 1 жилийн дундаж өдрийн тоог 365.2425 болгосон байна. Ийнхүү цаг тооллыг засварласнаар 3300 жилд 1 өдрийн зөрүү гарах нарийвчлалтай сайжирсан ажээ.
Гэхдээ католик шашинтнуудыг эсэргүүцдэг протестант, үнэн алдартны зэрэг бусад урсгалыг шүтдэг улсууд нэлээд хожуу тус тооллыг нэвтрүүлжээ.
Зарим улсын Григорийн тооллыг мөрдөж эхэлсэн хугацаа
[засварлах | кодоор засварлах]- 1582 оны 10 сарын 15 - Итали, Испани, Португал, Польш
- 1582 оны 12 сарын 20 - Франц. Хожим Францын хувьсгалын дараа хэсэг хугацаанд өөрсдийн он тооллыг хэрэглэж байв.
- 1583 оны 1 сарын 1 - Бельги, Нидерландын нэг хэсэг
- 1583-1587 - Герман, Швейцар, Унгарын католик шашинтай хотууд
- 1700 оны 3 сарын 1 - Германы протестант шашинтай хотууд, Дани
- 1752 оны 9 сарын 14 - Их Британи, хожмын Америкийн Нэгдсэн Улс зэрэг колониудын хамт
- 1753 оны 3 сарын 1 - Швед
- 1873 оны 1 сарын 1 - Япон
- 1918 оны 2 сарын 14 - Орос, Эстони
- 1919 онд Румын, Югослав
- 1923 оны 3 сарын 1 - Грек
- 2016 оноос Саудын Араб
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Өндөр жил
- Өндөр секунд
- ISO 8601 - Он тоололтой хамааралтай стандартууд