Найралт төв
Найралт төв | |
---|---|
Чин улсын хаан | |
Хаанчлал | 1722.12.27-1735.10.08 (13 жил, 5-р хаан) |
Төрсөн огноо | 1678 оны 12 сарын 13 |
Төрсөн газар | Бээжин, Бор хот |
Өнгөрсөн огноо | 1735 оны 10 сарын 8 (
|
Өнгөрсөн газар | Бээжин, Бор хот |
Оршуулсан | Чингийн баруун бунхан |
Өмнөх | Энх амгалан |
Удаах | Тэнгэр тэтгэгч |
Их хатан | 7 хатан, 6 татвар эм |
Хүүхэд | 10 хүү, 4 охин |
Эцэг | Энх амгалан |
Эх | Шяогунрэнь |
Ургийн овог | Айсингиоро |
Оны цол | манж: Хуалиясун тоб монгол: Найралт төв хятад: Юнжөн |
Найралт төв (манж:ᡥᡡᠸᠠᠯᡳᠶᠠᠰᡠᠨ
ᡨ᠋ᠣᠪ, галиг: Хувалиясун Тоб; монгол бичиг: ᠨᠠᠢᠷᠠᠯᠳᠤ
ᠲᠥᠪ; хятад: 雍正, пиньинь: Yongzheng) (1678-1735, 57 насалсан) — 1722-1735 онд төр барьсан Чин улсын тавдугаар хаан, манж хүн байв.
Найралт төвийн үед Чингийн төр тогтвортой байсан. Дайн хийж, авлигыг даран, улсын санхүүг шинэчлэж байжээ.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Иньжэнь 1678 онд Энх-Амгалан хааны Уяа овогт манж татвараас төрсөн. Түүнийг төрсний дараа эх нь хаанд олон хүүхэд төрүүлж өгсний учир хэргэм ахиж, татвар хатнаар өргөмжлөгдсөн. Хүү нь хаан ширээнд суусны дараа эхийгээ Шяогунрэнь их хатанд нэхэн өргөмжилсөн. Хааны насанд хүрсэн дөрөвдүгээр агь нь юм.
Төрсөн эх нь хэргэм зэрэг доогуур байсан тул түүнийг Эрхэм татвар Тун өсгөжээ. Бага балчир наснаасаа эрдэм номд суралцаж, ордны гадаад ертөнцтэй танилцан өсчээ. 1689 онд бэйл хэргэм хүртэж 1696 онд Шулуун улаан хошууны даргачаар томилогдож, Зүүнгарын Галдантай хоёр дахиа тулахад эцэг хааны хамт мордож байв. 1698 онд жүн ван болсон.
4-р агь Иньжэнь 1704 оны их үерээр сүйдсэн ардад туслахаар 13-р агийн хамт явж байв. Дараа нь улсын санхүү хэцүүдэх үед баруун өмнөд нутгийн санг хариуцан ажиллажээ.
Өрсөлдөөн
[засварлах | кодоор засварлах]Энх амгалан хаан 1708 онд 2-р агь Иньрөнг хунтайжаас огцруулахад 1-р агь Иньши олиггүй үг ховлож бас зэрэг буусан. Харин Иньжэнь агь Иньрөнг өрөвдсөн нь хааны сэтгэлд хүрч 1709 онд 4-р агийг Юн чин ван болгон дэвшүүлж 2-р агийг дахин хунтайж өргөсөн. 1712 онд Иньрөнг дахин ханхүүгээс огцруулж хэнийг ч оронд нь сонголгүй олон агьд боломж олгожээ. Үүнд 3, 4, 8, 14-р агь яригдах болсон. 8-р агийг хятадууд их дэмжсэн ч хаан таалаагүй бөгөөд сүүлд 8-р агь 14-р агийг дэмжих болсон.
Энх амгалан хаан 1722 онд нас барахад 14-р агь Иньти хязгаарыг тохинуулах жанжинаар нийслэлээс хол байсан. Ордны бичигт хаан хөвгүүдээ дуудаад Лонкодо сайд сүүлийн үгийг бичиж авсанаар 4-р агь Иньжэнь ор залгасан гэжээ. Зарим судлаач Лонкодотой урьд хуйвалдсан, мөн бичгийн нэг үеийг 14-өөс 4 болгож зассан гэж үздэг.
Эзэн хаан
[засварлах | кодоор засварлах]Найралт төв хаан 1722 оны 12 сарын 27-ны өдөр хаан өргөмжлөгдсөн. Оны цолыг манжаар Хуалиясун тоб (ᡥᡡᠸᠠᠯᡳᠶᠠᠰᡠᠨ
ᡨ᠋ᠣᠪ), хятадаар Юнжөн (雍正, Yongzheng), хааны тахилын сүмийн цолыг Шизун (世宗) гэдэг.
13-р агь Иньшянг шоронгоос гаргаж 2, 14-р агийг гэрт нь хорьсон. 8, 10, 13-р агийг шинэ албан тушаалд тохоосон ч 8, 10-р агь буруудаж хоригдон 1727 онд үхжээ.
Дотоодоо бүрэн цэгцэлж дуусгаад гадаад улс төрийн бодлогодоо илүү анхаарах болсон. 1727 онд хаант Оростой Хиагт хотод гэрээ байгуулснаар умард хил хязгаараа амаржуулсан. 1729 онд Фурдан жанжнаар удирдуулсан их цэргийг Зүүнгар луу илгээсэн ба 1731 онд Галданцэрэнтэй хийсэн тулалдаанд эхэндээ ялагджээ. Зүүнгар халхыг түйвээхээс эхлээд Эрдэнэзууд цохигдож буцах хүртэл Халх Чингээс холбоог таслаагүй өөрийн биеэр хянаж байв. Дараа нь манжууд Хөхнуур орчимд хилийг батлан чангатгах болсон.
Улсын санхүүгийн байдал сайжирч 1730 онд 60 сая лан хүрч өмнөх үеэс давсан.
Үхэл, өв
[засварлах | кодоор засварлах]13 жил хаанчлаад 1735 онд 57 насандаа зуурдаар өөд болсон. Домогт өгүүлснээр Лү Лүлиан гэж гэмт хэргээр шийтгэгдсэн сайдын ач охин Лү Синян алжээ.[баримт хэрэгтэй] Лү Синян Тэнгэр тэтгэгчийн жинхэнэ эх бөгөөд түүнийг их хатан болгохгүй гэсний улмаас хааныг аминд хүрсэн гэх бас нэг санал байдаг.[баримт хэрэгтэй]
Найралт төв хаан Иньси авгаа өмөөрч эцэгтээ үг хэлсэн 3-р агь Хуншиг 1727 онд амиа хорлохыг тулган шаардсан. Үхэхдээ үлдсэн хоёр агь Хунли, Хунжоу хоёроос нэгийг бичиж гэрээслэсэнд Хунли нь Тэнгэрийн тэтгэсэн хаан болжээ. Талийгч хааныг өөрийнх нь шинээр барьсан Чингийн баруун бунханд оршуулсан. Тэрбээр соён гэгээрүүлэгч хаан байжээ. Түүний алдарт хөргүүдийг зурдаг зураач нь Мэнхүр (Монгол) хэмээх монгол зураач байжээ.[баримт хэрэгтэй]
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Энх амгалан хаан
- Эх: Шяогунрэнь их хатан (1660–1723): уяа овогт
Хатан
[засварлах | кодоор засварлах]Найралт төв хаанд их, бага хатад, татвар эмс 13, бага эмс 13 байсан. Үүнд:
- Шяожиншянь их хатан (1681–1731) — уланара овогтой манж үндэстэн.
- Шяошөншянь их хатан (1693–1777) — ниохуру овогой манж үндэстэн, Тэнгэр тэтгэгчийн эх
- Дүньсү хуангүйфэй (?-1725): түшмэл Нян Шялингийн охин, Нян Гэняо жанжны дүү.
- Чүньи хуангүйфэй: түшмэл Гэн Дэжингийн охин.
- Ли овогт Чифэй (?–1737): түшмэл Ли Вэньбигийн охин.
- Лю овогт Цяньфэй: Лю Мангийн охин.
- У овогт Нинфэй: жоугийн мэдэгч ноён У Жугуогийн охин.
- Сүн овогт Маопин: жүши түшмэл Сүн Жиньжугийн охин. 1-р гэг, 3-р гэгийг төрүүлсэн.
- Гуо гүйрэн
- Ли гүйрэн
- Ань гүйрэн
- Хай гүйрэн
- Жан гүйрэн
- Лао гүйрэн
Хүүхэд
[засварлах | кодоор засварлах]- Агь
- Хунхуй (1697–1704; 7 насалсан): 1-р агь Дуань чин ван
- Хунюнь (1700–1710; 10 насалсан): 2-р агь
- Хунши (1704–1727; 23 насалсан): 3-р агь
- Хунли (1711–1799; 88 насалсан): 4-р агь
- Хунжоу (1712–1770; 58 насалсан): 5-р агь Хөгүн чин ван
- Хунянь (1733–1765): 6-р агь Гуогун жүн ван
- Гэгэ
- 1-р гэгэ (1694-1694): Сүн овогт Маопин татвар эмээс төрсөн.
- 2-р гэгэ Хуакө хошой гүнж (1695-1717): Ли овогт Чифэйгээс төрсөн.
- 3-р гэгэ (1706-1706) Сүн овогт Маопин татвар эмээс төрсөн.
- 4-р гэгэ (1715-1717): Дүньсү хуангүйфэйгээс төрсөн.
Өмнөх Энх амгалан |
Чин улсын хаан 1722—1735 он |
Дараах Тэнгэр тэтгэгч |