Jump to content

Тохтамыш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тохтамыш (?-1406) нь 1379/1380-1396 онд Алтан Ордоны Улсын задралыг зогсоож, ахин нэгтгэн захирсан хаан юм. Жанибег хаанаас хойш Алтан Ордны Улсын Хөх Орд буюу Батын улсад эрх мэдлийн төлөө 23 жил үргэлжилсэн цуст тэмцэлийг эцэслэж, "Батын Хөх Орд", "Ордын Цагаан Орд", "Шибаны Саарал орд"-ыг нэгтгэн төр барьсан сүүлчийн хаан юм. Тэрээр Зүчи ханы хөвүүн Тугатөмөрийн 4 дахь үеийн ач Туй хожагийн хөвүүн.

1382 онд Тохтамыш Оросыг дайлсан нь

Тохтамыш 1376 онд өөрийн авга ах Цагаан Ордын хан Урусыг түлхэн унагахыг оролдож, доголон Төмөр рүү зугтсанаар анх түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Тохтамыш Урус болон түүний хоёр хүүгээс урт насалж, Төмөрийн дэмжлэгтэйгээр 1378 онд Цагаан Ордын хаан ширээнд заларчээ.

Тохтамыш өвөг дээдсийнхээ суу алдрыг дахин дуурсгахыг мөрөөдөж байсан бөгөөд Зүчийн улсыг дахин нэгтгэх төлөвлөгөөтэй байлаа. 1380 онд тэрбээр Ижил мөрнийг гаталж, Хөх Орд руу довтолсон боловч Москвагийн илгээсэн цэрэгт дорхноо цохиулав.[баримт хэрэгтэй] Хөх Ордын удирдагч Мамай Куликовын тулалдааны дараа 1381 онд алагдсан нь Тохтамышийн бүх ордыг нэгтгэх ажиллагааг ихэд хөнгөвчилжээ.

1382 онд Хөх болон Цагаан Ордыг нэгтгэснийхээ дараа Тохтамыш Куликовт ялагдасныхаа хариуг авахаар Москвагийн вант улсыг амжилттай дайлж, Оросын Монголын ноёрхлоос чөлөөлөгдөх эрмэлзлийг нь нэг хэсэгтээ унтраав. Энэ аян дайн үндэсний баатар нь болох Донын Дмитрийн амьдралынх нь бусад мөчийн нэгэн адил Оросын орчин үеийн зураачдын түүхэн бүтээлийн нэг сэдэв болжээ (зургуудыг үзнэ үү).

Зургаахан жилийн дотор Тохтамыш Крымын хойгоос Балхаш нуур хүртэлхи газар нутгийг дахин нэгтгэсэн байв.

Дараа нь Тохтамыш Литвын нөлөөллийг тандахын тулд хойд ванлигууд руугаа толгойн сэргийлэх илгээжээ. Литвын ван Кейстут энэ явдлыг халдан довтлохын дохио гэж үзэн, толгойн сэргийлэх анги руу довтолж, цохьжээ. Үүнд хилэгнэсэн Тохтамыш Литва, Польшийг дайлж эзлэв.

Тохтамыш Москвагийн өмнө, 1382

Чингис хааны амжилтыг дахин давтаж чадна гэдэгтээ итгэсэн тэрбээр 1385 онд 50,000 (буюу таван түмэн) цэрэг аваад Персийг довтолж, Табриз хотыг эзлэн авчээ. Умард зүг рүү буцахдаа Тохтамыш Кавказаас 200,000 боол, эдний дотор Паракахайк, Сюник, Арцах дүүргүүдээс олон арван мянган арменчуудыг боол болгон авч явжээ.[1] Тохтамышийг Кавказаас хойшоо хөдлөнгүүт Төмөр Азербайжан, Персийг өөрийн өргөжин тэлж буй хаант улсад нэгтгэжээ. Уурлаж хилэгнэсэн Тохтамыш урагшаа эргэж, хуучин холбоотонтойгоо дайтсан.

Улмаар Тохтамыш ялагдаж, тал нутаг руугаа ухарчээ. Гэхдээ 1387 онд тэрбээр Төмөрийн эзэнт гүрний голомт болсон Мавераннахр руу гэнэт довтлов. Тохтамышийн аз дутахад, их цас орж, түүнийг тал нутаг руугаа буцахад хүргэв.

1395 онд Төмөр Алтан Ордыг довтолж, Терек гол дээр Тохтамышийг ялснаар энэ зөрчил мөргөлдөөн дээд цэгтээ тулжээ. Төмөр Алтан Ордын нийслэл Сарай Бэрхийг тонож, Алтан Ордыг вассал болгон, тоглоомын ханыг ширээнд залав.

Тохтамыш Украины тал нутаг руу зугтаж, Литвын их гүн Витовтоос тусламж гуйв. 1399 онд Тохтамыш, Витовтын хамтарсан хүч Ворскла голын тулалдаанд Төмөрийн хоёр жанжин Төмөрхүтлүг, эмир (мурза, вазир) Едигей нарт хиар цохиуллаа. Нэгмөсөн ялагдсан Тохтамышийг 1406, 1407 оны үед Едигейн хүмүүс Сибирьт хороожээ.

Тохтамыш хаан бол Монгол бичгээр зоос хийлгэсэн Алтан ордны хамгийн сүүлчийн хаан байжээ.[баримт хэрэгтэй]

Тохтамыш нь таван хатан, найман хөвүүн, таван охинтой байсан.

  1. Тагай бег: Жалал ад-Дин, Малика, Жанике, Саид бика нарыг төрүүлсэн.
  2. Шүкр бег ага: Бахти бегийг төрүүлсэн.
  3. Урун бег: Искандар, Күчүк Мухаммад, Майрам бег нарыг төрүүлсэн.
  4. Тулунбег хатан: Мамайг нас барсны дараа хатнаа болгосон.
  5. Черкесээс гаралтай бага хатан: Кадир бердийг төрүүлсэн.
  1. Желал ад-Дин (1380–1412): 1411-1412 онд Алтан Ордын хаан болсон. Абу саид, Аманбег гэсэн хоёр хөвүүнтэй.
  2. Керим берди (?-1417): 1409, 1412-1413, 1414 онд гурван удаа Алтан Ордын хаан болсон. Саид Ахмад гэх хөвүүнтэй.
  3. Кебек: 1413-1414 онд Алтан Ордын хаан болсон. Чагатай султан, Сарай мүлк, Ширинбек гэх 2 хөвүүн, 1 охин хүүхэдтэй болсон.
  4. Жаббар берди: 1414–1415, 1416–1417 онд Алтан Ордын хаан болсон.
  5. Кадир берди: 1419 онд Алтан Ордын хаан болсон ч, удаагүй алуулсан.
  6. Абу саид
  7. Искандар
  8. Күчүк Мухаммад (Алтан Ордын Күчүк Мухаммед хаантай ижил нэртэй өөр хүн)
  1. Малика
  2. Жанике: Едигэйн хатан болсон.
  3. Саид бика (бег)
  4. Бахти бика (бег)
  5. Майрам бика (бег)

Нэмж үзэх өгүүллүүд

[засварлах | кодоор засварлах]

Лавлах материал

[засварлах | кодоор засварлах]
Өмнөх
Төмөрмелик
Цагаан ордны улсын хаан
1378-1380
Дараах
Койричак
Өмнөх
Араб шах
Зүчийн Улсын хаан
1380-1395
Дараах
Төмөрхүтлүг