Бүхүм
Бүхүм (ханз: 不忽木; пиньинь: Bù hū mù; 1255-1300) бол Монголын Юань улсад зүтгэж байсан, канли гаралтай бичгийн түшмэл юм. Тэрээр Хубилай хааны цэргийн түшмэл Элжингийн хоёрдугаар хөвгүүн.
Угсаа гарал
[засварлах | кодоор засварлах]Юань улсын судрын 130-р дэвтрийн Бүхүмийн шастирт бичсэнээр Бүхүмийн өвөө Хайланбай (海藍伯) нь Хэрэйдийн Тоорил ханы харьяат байснаа, Тоорил хан тэнгэрт хальж Хэрэйд улс мөхөх үед мянга гаруй хүнээ дагуулан баруун хойш зугтан очсоны дараа, Чингис хаан тэднийг ирж захирагдахыг дуудсан ч татгалзав. Харин Хайланбайн 10 хүүхэд эцгийнхээ үгээс зөрж Чингис хаанд дагаар оров. Тэрхүү 10 хүүхдийн отгон Элжин (燕真) бээр 6 настай байсан учир Тулуйн ордод хүмүүжжээ.[1] Элжин өссөний хойно Тулуйн хөвүүн Хубилайн харьяат болж 1260 онд нас барах хүртлээ зүтгэсэн. Элжингийн хоёрдугаар хөвгүүн болбоос Бүхүм бөгөөд бага наснаас Чингим хунтайжийн дэргэд шадарлаж өссөн. Бүхүм бага наснаас Ван Хун, Сюй Хэн зэрэг эрдэмтдээр хятад хэл, бичиг заалгаж байсан. 1277 онд бичгийн түшмэл болж, 1278 онд Яньнань-Хэбэй замын дэд заргач болсны дараа хааны зарлигаар Төвөдөөс лам залж явсан элч Тогто нар Жэндин чөлгөөг дайран явахдаа өртөөг дээрэмдэн тоносон хэрэг гарсныг Бүхүм мэдээд лам нарыг барьж шоронд хорьжээ. Элч Тогто энэ хэргээр Бүхүмтэй маргалдаж, Хубилай хаанд хов зөөн лам нарыг суллахыг гуйсанд, Хубилай хаан Тогтоог буруутган Бүхүмийг сайшаасан байдаг.[1]
1282 онд тушаал дэвшиж тус байгууллагынхаа заргач болсон. 1284 онд Төвлөн засах яамны Цань-и түшмэл болсны дараа цайны тээвэр хариуцсан түшмэл Лу Ширун, Сюаньжэн хүрээлэнгийн түшмэл Сэнгэ нарыг чинсан болгохыг эсэргүүцэж, тэднийг хууран мэхлэгч байж магадгүй гэж сануулан хэлсэн ч, Хубилай хаан сонсохоос татгалзаж, Лу Шируныг баруун гарын чинсан болгов.
1285 онд Лу Шируны авлигын хэрэг илчлэгдсэний дараа, Бүхүмийг түшмэлийн яамны сайд болгожээ.[1] 1286 онд Үйлдвэрлэх яамны сайдын тушаалд шилжүүлэн томилогдсон. 1287 онд төвөд гаралтай түшмэл Сэнгийн саналаар шан шу шэн яамыг байгуулж, авлигач түшмэдийг барьж шийтгэх болсон. Тухайн үед Бүхүм нь тэдгээр түшмэдийг өмгөөлж Сэнгэтэй зөрчилдсөн асуудал гарч, Сэнгэ нь Бүхүмийн амь насыг заналхийлэх болтлоо дайсагнах болсон. 1290 онд хааны зарлигаар Бичгийн утгачийн хүрээлэнгийн зарлигийн түшмэлийн албанд шилжүүлээд, хааны зарлиг, улсын түүх зохиох асуудлыг хариуцах болжээ. 1291 онд Сэнгийн авлигын хэрэг илчлэгдэж цаазлуулсны дараа, Шан шу шэн яамыг татан буулгав. Хубилай хааны зарлигаар түүнийг баруун гарын чинсан болгох гэсэн ч, энэ саналаас татгалзаж, Бүхүмийн гуйлтаар Өлзий түшмэлийг чинсан болгожээ. 1292 онд Вьетнамтай дахин дайтахаар төлөвлөж, алба гувчуур нэмж татах байсныг эсэргүүцэн элч илгээхийг санал болгосныг Хубилай хаан хүлээн зөвшөөрсөн. [1]
1294 онд их хааны таалал төгсөхийн өмнө хааны ордонд зөвхөн итгэлтэй 3 монгол ноён[1][2] хааны дэргэд шадарлаж, сүүлчийн гэрээсийг сонссон хүмүүсийн нэг нь Бүхүм байсан. Ингээд тус жил Шанду хотод Төмөр Өлзийт хааныг их сууринд залах ажилд голлон оролцсон. Өлзийт хааны үед өмнөх хааны итгэлт сайд гэж хүндлэгдэж байсан ч, Өлзийт хааны ивээлд орсон Төвөдийн Дамба ламтай үзэл бодлын хувьд зөрчилдсөнөөр төрийн хэргээс хөндийрөх болов. 1296 онд Өлзийт хааны зарлигаар төр, цэргийн хэргийг хавсарган мэдүүлэв. 1298 онд зарга шийтгэх яамны дундад түшмэл, 1299 онд ёслолын хэлтэсийг давхар захируулав. 1300 оны 6 сард өвчнөөр 46 насандаа таалал төгсөхөд эзэн хаан, түшмэд уйлан гашуудав. Хүлэг хааны үед түүнийг төрийн хүндэт сайд, тайфу, дээд улсын түшээ, лу гуо гүн цолоор нэхэн өргөмжилсөн.[1]
Бүхүм нь Хуйхуй (回回), Күйкүй (巙巙) гэдэг хоёр хөвүүнтэй байсан.[1] Хуйхуй нь Шаньши синшэнгийн пинжан жэнши түшмэл, Күйкүй нь Жяньжэ синшэнгийн пинжан жэнши түшмэл, бичгийн утгач зарлигийн түшмэл зэрэг албан тушаалыг хашиж явсан.