Jump to content

Наньпогийн хувирал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Наньпогийн хувирал (хятад хэл: 南坡之变, пиньинь: Nán pō zhī biàn) хэмээх нь 1323 оны 9 сард Гэгээн хаан Шадбалын амь насыг Тэгш, Эсэнтөмөр тэргүүтэй ихэс ноёд хороосон хуйвалдааныг түүхийн шастирт Наньпогийн хувирал (南坡之变, Nán pō zhī biàn) хэмээн тэмдэглэжээ. Их хаан Шадбалын аяны орд Шанду хотоос Дайду хот руу буцах замдаа, Шандаас 15 км-ын зайд байрлах Наньпо өртөөнд хоноглох үеэр юйши дайфу Тэгшийн тэргүүтэй 16 ноёд төрийн эргэлт гаргаж, баруун гарын чинсан Байжу нарын ноёдыг алж, Тэгш ноён өөрийн захирсан асуд цэргээр их хааны өргөө рүү довтлон гардан хороов. Улмаар хааны хасбуу тамгыг авч, Хархорумд төвлөн суусан жинь ван Есөнтөмөрийг монголын их хаанд өргөмжилсөн.

Буянт хааны засаглалын үед (1311-1320) Юань Улсын төрийн дээд эрх мэдэлд Тажи хатан болон хатны талын сайд Тэмүдэр тэргүүтэй монгол, хятад ноёд заларч төрийн яам, хүрээлэн, хэлтэс товчоо, орон нутгийн байгууллагын гол албан тушаалд тэдний хүмүүс томилогдож, өөрсдийн дураар улсыг удирдаж байв. Буянт хааны 1320 онд тэнгэрт хальсний дараа хунтайж Шадбалыг хаан сэнтийд залсны дараагаас Тажи хатан, Тэмүдэр нарын үнэмлэхүй ноёрхол ганхаж эхэлсэн. 1321 онд Тажи хатан, Тэмүдэр нар Гэгээн хааны дүү Удусбухыг хаан болгох хуйвалдаан илэрч, тус хэрэгт холбогдох ван ноёдыг цаазалсан. Удалгүй 1322 оны 8-9 сарын хооронд Тажи хатан, Тэмүдэр нар ойрхон зайтай нас барснаар Юань улсад Гэгээн хааны талын монгол, хятад түшмэдийн засаглал тогтож, Тэмүдэрийн талын хууч ноёдыг албан тушаалаас нь халж, цөлөх, яллах нь эрчимжсэн. Иймээс албан тушаалдаа хэвээр байсан Тэмүдэрийн өргөмөл хөвүүн ихирэс овгийн Тэгш ноён, Эсэнтөмөр зэрэг ноёдын толгойлсон ихэс ноёд хуйвалдаж, залуу хааныг зайлуулан монгол нутагт байсан Есөнтөмөр ванг шинэ хаанаар өргөмжлөх төрийн эргэлт хийхийг нууцаар бэлтгэж байсан.

1323 оны 9 сард Гэгээн хааны аяны орд Шанду хотоос өмнө зүгт 15 км зайтай байрлах Наньпо өртөөнд хоноглох үеэр юйши дафу Тэгш нар их хааны амь сахих зүүн баруун жигүүрийн асуд хишигтэн цэргийг удирдан хааны өргөө рүү дайран орж их хааныг боомилон хөнөөгөөд, Байжу чинсан тэргүүтэй монгол хятад түшмэдийг алж, төрийн эрхийг гартаа төвлөрүүлсэн.

Ингээд хааны хасбуу тамгыг авч, Туул голын орчимд ан хийж явсан Есөнтөмөр ванд хааны хасбуу тамгыг өгч, 1323 оны 10 сард Хэрлэн гол дахь Чингис хааны Их Ордод хаанд өргөмжлөх их ёслол болж, төвлөн засах яамны баруун гарын чинсангаар Эсэнтөмөр, цэргийн явдлын хүрээлэнгийн хэрэг мэдэгчээр Тэгш нарыг томилжээ. 1323 оны 11 сард Есөнтөмөр хааны зарлигаар Гэгээн хааныг хорооход оролцсон ноёд, алтан ургийн зарим вангуудыг баривчлан цаазлаж, заримыг нь өмнөд хятадад цөлөөд эд хөрөнгийг нь хурааж улсын орлого болгожээ.

Хуйвалдааныг удирдагчид

[засварлах | кодоор засварлах]

Юань улсын сударт тэмдэглэснээр Наньпод болсон төрийн эргэлтийг дараах арван зургаан хүн удирдан зохион байгуулсан гэж тэмдэглэжээ.

  1. зарга шийтгэгч дафу түшмэл Тэгш (鐵失): Тэмүдэрийн өргөмөл хөвүүн
  2. цэргийн явдлын хүрээлэнгийн сайд Эсэнтөмөр (知樞密院事 也先鐵木兒): Тэмүдэрийн талын түшмэл
  3. тариалан эрхлэх яамны сайд Шидур (大司農 失禿兒): Тэмүдэрийн талын түшмэл
  4. төвлөн засах яамны пинжан түшмэл асан Чигинтөмөр (前中書平章政事 赤斤鐵木兒): Тэмүдэрийн талын түшмэл
  5. юньнань мужийн пинжан жэнши түшмэл асан Өлзий (前雲南行省平章政事 完者): Тэмүдэрийн талын түшмэл
  6. хянан шүүх туурвигч түшмэл[1] Соном (前治書侍御史 鎖南): Тэмүдэрийн хөвүүн
  7. үзэсгэлэнг дэлгэрүүлэх хүрээлэнгийн[2] сайд Соном (宣徽使 鎖南): Тэгшийн төрсөн дүү
  8. тамга хамаарах хүрээлэнгийн сайд Тогооч (典瑞院使 脫火赤): Тэмүдэрийн талын түшмэл
  9. цэргийн явдлын хүрээлэнгийн дэд сайд Асан (樞密副使 阿散): Тэмүдэрийн талын түшмэл
  10. цэргийн явдлын хүрээлэнгийн түшмэл Жантай (僉書樞密院事 章台): Тэмүдэрийн талын түшмэл
  11. харуулын дарга Түмэн (衞士 禿滿): Тэмүдэрийн талын түшмэл
  12. хааны угсааны ван Алтанбуха (諸王 按梯不花): чинь ван Мангалагийн хөвүүн.
  13. Аригбөхийн хойчис[1] төрлийн Болд (諸王 孛羅)
  14. аньси ван Ерүтөмөр (月魯鐵木兒): аньси ван Анандын хөвүүн.
  15. төрлийн ван Хүлүгбуха (諸王 曲律不花)
  16. төрлийн ван Улусбуха (諸王 兀魯思不花): Мөнх хааны ач хөвүүн
  1. 1.0 1.1 "Их Юань хэмээх Их Монгол Улс". Мөнхийн Үсэг ХХК: МУИС - Монгол судлалын хүрээлэн. 2019. p. 120. ISBN 9919-9552-1-3.
  2. "Их Юань хэмээх Их Монгол Улс". Мөнхийн Үсэг ХХК: МУИС - Монгол судлалын хүрээлэн. 2019. p. 171. ISBN 9919-9552-1-3.