Тэгш (Юань улс)
Тэгш (хятадаар: 鐵失, пиньинь: tie shi) (? - 1323 оны 11 сарын 4) нь Монголын Юань улсын улс төрч, түшмэл. Тэрбээр 1323 онд Гэгээн Шадбал хааныг алж, төрийн эрхийг булаасан Наньпогийн явдлыг удирдан гүйцэтгэсэн гэмт этгээд мөн.
Тойм
[засварлах | кодоор засварлах]Тэгш нь монголын ихирэс аймгийн хүн. Буянт хааны үеийн сайд Тэмүдэрийн өргөмөл хөвүүн болсноор төрд албан тушаал ахихад шууд нөлөөлсөн. Буянт хааны засаглалын сүүлээр бичгийн утгач-улсын судрын хүрээлэнгийн чэнжи түшмэл, сюаньхуй хүрээлэнгийн ахлах түшмэлийн албан тушаалд давхарлан томилогдсон. 1320 онд Гэгээн хааны үед хааны ордны эмчийн хүрээлэнгийн ахлах түшмэл болсноо удалгүй дундад нийслэлийн харуулын мянгатын ноён болж тушаал дэвшсэн. 1321 онд Тэмүдэр ноёны саналаар Юйши дафу (Зарга шийтгэх яамны сайд) түшмэлээр томилогдож, хишигтэн цэргийн зүүн, баруун асуд харуулын ангийг захирах даргачын үүргийг давхар хариуцсан. 1322 онд Тэмүдэр сайд нас барсны дараа Гэгээн хаан өөрийн талын түшмэл Мухулайн удмын Байжуг төвлөн засах яамны баруун гарын чинсангаар томилсон цагаас эхлэн Тэмүдэрийн талын ноёд түшмэдийн гэмт хэргийг шалган ял оноож эхэлсэн. Иймээс Тэмүдэрийн фракцын ихэс ноёд энэ байдлаас салахын тулд Гэгээн хаан, Байжу чинсан тэргүүтэй ихэс ноёдыг алж төрийн эрхийг булаахаар сэдсэн.
1323 оны 9 сард зарга шийтгэгч сайд Тэгш, цэргийн явдлын хүрээлэнгийн сайд Эсэнтөмөр, тариалан эрхлэх яамны сайд Шидур нарын 16 ноёд хуйвалдаж Гэгээн хааныг Шанду хотоос Дайду орох зам зуурт Наньпу хэмээх замын өртөөнд хоноглохоор буусан шөнө нь Тэгш ноён өөрийн харьяат асуд цэргээ удирдаж хааны хүрээнд дайрч орон их хаан, Байжу чинсан нарыг гардан алж, төрийн хасбуу тамгыг авч монгол нутагт байсан Гамалын хөвүүн жинь ван Есөнтөмөрийг Хэрлэнгийн хөдөө аралд хаан сууринд залж, цэргийн явдлын хүрээлэнгийн сайдаар томилов. Есөнтөмөр хаан тэндээс Дайду хотод очоод 1323 оны 11 сард Гэгээн хааныг алсан ялт этгээд Тэгш тэргүүтэй ноёдыг баривчлан цаазаар авч, гэр бүлийг нь алахыг алж, үлдсэнийг нь боол болгож, эд хөрөнгийг нь хурааж авсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Шадбал гэгээн хааны бага хатан