Jump to content

Эминэм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эминэм
Эминэм The Concert for Valor Вашингтон хот 2014 он.
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрМаршал Брюс Матерс III
Төрсөн1972 оны 10 сарын 17 (1972-10-17) (52 настай)
АНУ, Миссури, Сент Жосеф
ГаралАНУ, Мичиган, Детройт
Хөгжмийн урсгалХип хоп
МэргэжилРеппер, дуу зохиогч, хөгжмийн продюсер, дуу бичлэгийн гүйцэтгэх ажилтан, жүжигчин
Идэвхтэй1988-Одоог хүртэл
СтудиShady, Aftermath, Interscope, Web, Polydor
Цахим хуудасwww.eminem.com

Мэргэжлийн хувьд Эминэм гэгддэг Маршал Брюс Матерс III нь (1972 оны 10 дугаар сарын 17-нд төрсөн) Америкийн реппер юм. Тэрээр Дундад Америкхип хоп урсгалыг түгээн дэлгэрүүлсэн гэж үнэлэгддэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн агуу репперүүдийн нэг гэж тооцогддог. Түүний дэлхийн хэмжээнд хүрсэн амжилт нь хип хоп урлагт цагаан арьст репперүүдийг хүлээн зөвшөөрөх, арьс өнгөний ялгаварлыг таслан зогсоосон гэж үздэг. 1990-ээд оны сүүл ба 2000-аад оны эхэн үед түүний дуунууд нь Америкийн доод зиндааны хүмүүс болон бусад өөр төрлийн уран бүтээлчдэд бухимдал болж тэрээр янз бүрийн хэл ам, зөрчил, маргааны эзэн болсон байна. Эминэмийн хамгийн алдартай бүтээлүүдээр "My Name Is", "The Real Slim Shady", "The Way I Am", "Stan", "Without Me", "Lose Yourself", "Mockingbird", "Not Afraid", "Love the Way You Lie", "Rap God", "The Monster", "River", "Godzilla", "Houdini" зэрэг бүтээлүүдийг тодорхойлдог.

Түүний анхны цомог нь Infinite (1996) болон өргөтгөсөн хэлбэрээр Slim Shady EP (1997)-г гаргасны дараагаар Эминэм Доктор Дре-ийн Aftermath Entertainment-тай гэрээ байгуулж дараа нь 1999 онд The Slim Shady LP цомгоо гаргаснаар түүний алдар нэрд хүрэх замнал нь эхэлжээ. Түүний дараагийн хоёр цомог болох The Marshall Mathers LP (2000) болон The Eminem Show (2002) цомгууд нь аугаа их амжилтыг авчирч хоёулаа Грэммийн "Оны шилдэг цомог"-т нэр дэвшсэн байна. Дараа нь Encore (2004) цомгоо гаргасны дараа тэрээр 2005 онд хар тамхи мансууруулах бодисонд донтсоны улмаас урлагаасаа завсарлага авчээ. Тэрээр 4 жил завсарлага авсаны эцэст Relapse (2009) болон Recovery (2010) цомгуудаа гаргаснаар хөгжмийн салбартаа эргэн ирсэн бөгөөд Recovery нь 2010 онд дэлхий даяар хамгийн их борлуулалттай цомог болж 2002 онд гаргаж байсан The Eminem Show цомгийн дараагаар эрэмбэлэгджээ. Мөн энэ нь дэлхий даяар оны шилдэг борлуулалттай цомог болсон юм. Дараагийн жилүүдэд нь The Marshall Mathers LP 2 (2013), Revival (2017), Kamikaze (2018), Music to Be Murdered By (2020) гэсэн цомгуудыг гаргажээ. Сүүлийн үеийн байдлаар арван хоёр дахь студийн цомог The Death of Slim Shady (Coup de Grâce)-г 2024 оны 07 дугаар сард гаргасан байна.

Эминэм соло карьераасаа гадна Д12 гэх хип хоп хамтлагийн гишүүн байсан. Тэрээр мөн Детройт хотын реппер Ройс да 5’9-тай хамтран ажилладаг бөгөөд хамтралын нэр нь Байд Мийтс Ивил гэж нэрлэгддэг. Эминэм 2002 онд өөрийн амьдралаас сэдэвлэсэн 8 Mile нэртэй хөгжимт драмын кинонд тоглож дүр бүтээсэн. Киноны саундтрак Lose Yourself дуу нь Billboard 100-г 12 долоо хоногийн турш тэргүүлсэн бөгөөд Академийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг эх дууны шагнал"-ыг хүртсэнээр Эминэм Оскарын шагналыг хүртсэн анхны хип хоп уран бүтээлч болсон юм. Үүнээс гадна тэрбээр The Wash (2001), Funny People (2009), The Interview (2014) кинонуудад болон Entourage (2010) гэх телевизийн олон ангит кинонд ч тоглоод амжсан байна. Эминэм өөрийн студи болох Shady Records-ыг менежер Пол Розенберг-тэй хамтран байгуулсан бөгөөд 50 цент, Д12, Оби Траис зэрэг уран бүтээлчдийн карьерыг эхлүүлэхэд тусалсан байна. Тэрээр мөн Sirius XM радио дээр өөрийн Shade 45 гэх сувгаа ч байгуулжээ.

Эминэм нь дэлхий даяар 220 сая гаруй цомгийн борлуулалттай бөгөөд бүх цаг үеийн хамгийн их цомог нь борлогдсон хөгжмийн уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр "2000-аад оны АНУ-д хамгийн их цомог борлуулалттай хөгжмийн уран бүтээлч", "2010-аад оны АНУ-д хамгийн их цомог борлуулалттай эрэгтэй хөгжмийн уран бүтээлч" болсон бөгөөд нийт дүнгээр 3-рт бичигдсэн байна. Billboard-оос түүнийг "Арваны шилдэг уран бүтээлч" (2000-2009) гэж нэрлэжээ. The Marshall Mathers LP, The Eminem Show, Curtain Call: The Hits цомгууд, "Lose Yourself", "Love The Way You Lie", "Not Afraid" зэрэг дуунууд нь Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос Diamond буюу хамгийн дээд зэрэглэлийн гэрчилгээг нь авчээ. Rolling Stone сэтгүүлээс түүнийг "Бүх цаг үеийн шилдэг 100 уран бүтээлч", "Бүх цаг үеийн шилдэг 100 дуу зохиогч"-ийн жагсаалтад оруулсан байна. Тэрээр Грэммийн шагнал 15, Америкийн хөгжмийн шагнал 8, Billboard хөгжмийн шагнал 17, Академи, Эмми, MTV Европын хөгжмийн шагнал зэргийг тус тус хүртжээ. Мөн 2022 оны 11 дүгээр сард түүнийг Рок н Роллын алдрын танхим-д элсүүлсэн байна.

Маршал Брюс Матерс III нь 1972 оны 10 дугаар сарын 17-нд Миссури мужийн Сент Жосеф хотод Маршал Брюс Матерс Жр. ба Дэбора Рэй “Дэбби” (нээ Нелсон) нарын хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр Шотланд, Уэльс, Англи, Чероки, Герман, Швейцарь, Польш, магадгүй Люксембург гаралтай.

Ээж нь түүнийг төрүүлэхээс өмнө 73 цагийн турш маш хүнд байдалтай амаржиж байсан бөгөөд түүний амийг нь авах шахах хэмжээний хүнд төрөлт байсан гэдэг. Эминэмийн эцэг эх салахаасаа өмнө Дакотас-Монтана-ийн хилийн дагуух Рамада зочид буудалд тоглодог Дэдди Варбакс гэх хамтлагт байжээ. Эминэмийг ой 6 сартай байхад нь түүний аав гэр бүлээ орхисон бөгөөд тэрээр ганцхан ээжтэйгээ хоцорч ядуу тарчиг нөхцөлд өсжээ. Түүний ээж дараа нь Натан “Нэйт” Кэйн Самара хэмээх хүүтэй болжээ. Эминэм 12 нас хүртлээ ээжтэйгээ хэд хэдэн удаа нүүж Детройт хотын захын дүүрэг болох Мичиган мужийн Уоррен хотод суурьшихаасаа өмнө Миссуригийн хэд хэдэн хотуудад (Сент Жосеф, Саванна, Канзас) амьдарч байсан байна. Эминэм ээжтэйгээ байнга хэрэлддэг байсан бөгөөд түүнийг нийгэмд маш сэжигтэй, магадгүй гаж донтон гэж тодорхойлсон байдаг. Тэрээр аавдаа захидал бичдэг байсан боловч бичсэн захидал нь буцаад хүрээд ирдэг байжээ.

Түүнийг бага байхад нь Д’Анжело Бэйли хэмээх танхай этгээд Эминэмийн толгойг хүнд гэмтээж байсан бөгөөд хожим нь энэ үйл явдлаа тэрээр Brain Damage дуун дээрээ хошигносон маягаар дуулсан байдаг. Дэбби энэ асуудлаас болж 1982 онд сургуулийг нь шүүхэд өгчээ. Дараа жил нь Макомб тойргийн шүүгч уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхэд сургуулийн эсрэг нэхэмжлэл гаргах боломжгүй гэж үзжээ. Эминэм залуу насныхаа ихэнх хугацаанд ээжтэйгээ Детройт хотод ажилчин ангийн байдалтайгаар өнгөт арьст хүмүүсийн дунд амьдардаг байв. Ээж хүү хоёрын эргэн тойронд цагаан арьст хүмүүс амьдардаг ердөө хоёр өрх байсан бөгөөд Эминэм өнгөт арьст залууст хэд хэдэн удаа зодуулдаг байжээ.

Эминэм хип хоп урсгалд хөл тавихаасаа өмнө комик номын зураач болохыг эрмэлзэж, тууль ярих сонирхолтой байжээ. Түүний анхны сонсч үзсэн реп дуу Breakin’ киноны саундтрак Аис-Ти-ийн Reckless хэмээх дуу бөгөөд энэ нь түүний авга ах Ронни Полкингхарны өгсөн бэлэг байжээ. Авга ах нь түүнтэй ойр дотно байсан бөгөөд хожим нь түүнд хөгжмийн зөвлөгч болж өгчээ. Харамсалтай нь 1991 онд авга ах Полкингхарн нь амиа хорлосноор Эминэм гүн шокноосоо болж олон хоногийн турш олон нийтээс өөрийгөө тусгаарлаж мөн оршуулах ёслолд нь ч оролцоогүй ажээ.

14 настайдаа Эминэм ахлах сургуулийн найз Майк Рубитэй реп хийж эхэлж, тэд өөрсөддөө Маникс болон M&M нэрийг (M&M нь хожим нь Eminem болж хувирсан) өгчээ. Эминэм хөрш буюу ахлах сургуулийн найз Осборн, найз реппер Прүүф нартайгаа сургуулийн цайны өрөөнд нууцаар чөлөөт реп тулаан хийхээр ордог байжээ. Бас тэд Бямба гаригт болдог Детройтын реп тайзны хувьд "Ground Zero" гэж тооцогддог Вэст 7 Маил Рөүд дах хип хоп дэлгүүрт болдог микрофоны нээлттэй тэмцээнд оролцдог байв. Өнгөт арьстнуудын салбарт амжилтад хүрэхийн тулд тэмцэж байсан Эминэм андерграунд хип хоп сонирхогчдын талархалыг хүлээжээ. Тэрээр шүлэг бичихдээ ихэнх үгсээ холбохыг хичээдэг байсан ба цаасан дээр урт үг эсвэл хэллэг бичиж үе бүр дээрээ ажилладаг байв. Хэдийгээр үгс нь ихэвчлэн утга учиргүй болдог байсан ч энэ нь Эминэмд дуу, шүлэг бичихэд нь дасгал болсон юм.

Хэдэн жилийн дараагаар Эминэм Кимберли Энни “Ким” Скотт хэмээх бүсгүйтэй танилцаж, үерхэж эхэлжээ. Мөн тэрээр 17 насандаа хичээлээ тасалдаг, муу сурлагатай байсны улмаас Линколн ахлах сургууль-аа орхижээ. Угтаа бол тэрээр Англи хэлдээ сонирхолтой байсан ч уран зохиолд сонирхолтой биш (хошин шогийн номыг илүүд үздэг), математик, нийгмийн хичээлийг бүр ч үздэггүй байжээ. Эминэм сургалтын төлбөрөө олохын тулд ээждээ туслан өөрөө ч ажил хийдэг байв. Түүний хийж байсан ажлын газрын нэг нь Уоррен дах Little Caesar’s Pizza гэх пиццаны газар байсан юм. Хожим нь Эминэм ярихдаа ээж нь түүний цалингийн ихэнхийг нь авч гэрээсээ хөөдөг байсан гэж ярьжээ. Ээжийгээ бинго тоглохоор явахад тэрээр стерео хөгжим тоглуулж дуу бичдэг байжээ.

1988-1997: Уран бүтээлийн эxлэл үе, Infinite ба Гэр бүлийн асуудал

[засварлах | кодоор засварлах]

1988 онд тэрээр MC Дабль M тайзны нэрээр явж, анхны “Нью Жейкс” хамтлагаа байгуулж DJ Баттер Фингрирс-тэй хамтран үзүүлэн бичлэг хийдэг байжээ. Тэд дараа нь 1989 онд Bassmint Production-д элссэн бөгөөд 1992 онд реппер Прүүф болон бусад бага насны найзуудаа нэгтгэснээр нэрээ Соул Интент болгон өөрчилжээ. Дараа нь 1995 онд тэд Proof нэртэй бие даасан EP-ээ гаргасан байна. Эминэм анхны клипээ 1992 онд Чэмптаун-ны "Do-Da Dippity" нэртэй дуунд хийлгэжээ. Дараа нь 1996 онд Эминэм, Прүүф нар өөр дөрвөн реппертэй хамтран Д12 хамтлагийг үүсгэн байгуулж, 1997 онд The Underground E.P., 2001 онд Devil's Night цомгуудыг гаргажээ. Тэрээр мөн Ньюаркийн реп хамтлаг Аутсайдаз-тай холбоотой байсан бөгөөд тэдэнтэй янз бүрийн төслүүд дээр ажилладаг байжээ.

Удалгүй Эминэм Жефф, Марк Басс нарын F.B.T. Production-тай гэрээ байгуулсан байна. Мөн анхны бие даасан цомог Infinite-ийг Web Entertainment дээр бичүүлжээ. Энэ цомог 1996 онд худалдаанд гарсан ч энэ нь арилжааны бүтэлгүйтэл болсон юм. Infinite-ийн нэг уянгын сэдэв нь түүний дөнгөж төрсөн охин Хэйли Жэйд Скотт Матерс-ыг бага мөнгөөр өсгөхгүйн төлөөх тэмцэл байв. Уг уянгын хэв маяг нь реппер Нас, Эшам, Эй Зи нараас санаа авсан байсан бөгөөд хожим нь үүнээс болж тэрбээр олны доог болжээ. Детройтын DJ нар Infinite-ийг үл тоомсорлож, доог тохуу хийн түүнийг “Чи яагаад Рок н Роллоор хичээллэдэггүй юм бэ?” гэж тохуурхасны улмаас Эминэмийг хожим нь илүү ууртай, дүрсхийсэн дуунуудыг хийхэд хүргэсэн юм.

Энэ үед Эминэм, Ким Скотт нар гэмт хэрэг их гардаг хороололд амьдардаг байсан бөгөөд тэдний байшинд хэд хэдэн удаа хулгай ордог байжээ. Тэрээр Сент Клейр Шорес дах гэр бүлийн маягийн ресторан болох Gilberts Lodge-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хоол хийж, аяга таваг угаадэг ажил хийдэг байжээ. Хэйлиг төрснөөс хойш зургаан сарын турш долоо хоногт 60 цаг ажилладаг байсан тул хуучин дарга нь түүнийг үлгэр жишээ ажилтан гэж тодорхойлсон байна. Дараа нь зул сарын баярын өмнө түүнийг ажлаас нь халсан бөгөөд тэрээр “Хэйлигийн төрсөн өдөр буюу зул сарын баярын өдрөөр Би түүнд ямар нэгэн юм авахын тулд 40 доллартай л байлаа” гэж хожим нь ярьж байжээ. Тэрээр Infinite-ийг гаргасны дараагаар хувийн асуудлуудаасаа болж мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж амиа хорлох оролдлого хийж байсан байна. 1997 оны 03 дугаар сард Эминэм Гилбертийн зуслангийн байшингаас нүүж Ким, Хэйли нартай ээжийнхээ зөөврийн гэрт амьдарч эхэлжээ.

1997-1999: Слим Шэйди-ийн эрин үе, The Slim Shady LP ба Уран бүтээлийн гараа

[засварлах | кодоор засварлах]

Эминэм өөрийн хоёрдогч дүр болох Слим Шэйди-ээрээ олны анхаарлыг татаж эхэллээ. Тэрээр энэ дүрээрээ хар тамхи, хүчингийн хэрэг, аллагын тухай дуунууддаа илэрхийлдэг. 1997 оны хавар Web Entertainment дээр анхны EP болох Slim Shady EP-ээ бичүүлж, өвөл нь дуусгаж бэлэн болгожээ. Энэхүү EP-нд хар тамхины хэрэглээ, бэлгийн ажил, сэтгэцийн тогтворгүй байдал, хүчирхийлэл, ядуурал, гэр бүлийн дотоод асуудлуудын талаарх зэрэг хүндхэн сэдвүүдээр гардаг. Хип хоп сэтгүүл болох The Source-ын 1998 оны 03 дугаар сарын дугаарын "Unsigned Hype" буланд Эминэмийг онцолсон байдаг.

Тэрээр ажлаасаа халагдаж, гэрээсээ хөөгдсөнөөр 1997 онд Лос Анжелес руу үндэсний хэмжээний тулаант реп-ийн тэмцээн болох Реп Олимп-д оролцохоор явлаа. Тэрээр энэ тэмцээнд Прожект Бловэд кревийн MC Отервайз-д ялагдаж хоёрдугаар байранд орсон юм. Тэр тэмцээнд Interscope Records-ын дадлагажигч Дин Гейстлингир гэгч оролцож байсан бөгөөд тэрээр Эминэмээс Slim Shady EP-ийн хуулбарыг авч гүйцэтгэх захирал Жимми Иовин руу илгээсэн байна. Иовин дараа нь Aftermath Entertainment-ийн үүсгэн байгуулагч, Эн Даблю Эй хамтлагийн үүсгэн байгуулагч Доктор Дре дээр тэрхүү материалыг авчирч тоглуулж үзүүлжээ. Дре EP-г сонсч үзсэнийхээ дараагаар сэтгэгдэлдээ: “Новш гэж! Энэ хэн бэ? Жимми түүнийг олоорой” хэмээн Матерсын реп хийх авьяас өөрийг нь гайхшруулж байгаагаа илэрхийлжээ. Хэдийгээр хамтрагчид нь түүнийг цагаан арьст реппер элсүүлллээ гэж шүүмжилсэн ч Дре өөрийн шийдвэртээ итгэлтэй байлаа. Эминэм өсвөр насандаа N.W.A-г сонссоноосоо хойш Дре-г шүтэн бишэрч ирсэн бөгөөд түүнтэй цомог гаргана гэхээсээ сандарч байв. Хожим нь хэд хэдэн үр дүнтэй бичлэг хийсний эцэст Дре-тэй ажиллахад илүү таатай болсон юм.

Эминэм 1999 оны 02 дугаар сард The Slim Shady LP цомгоо гаргасан. Хэдийгээр энэ цомог оны хамгийн алдартай цомгуудын нэг байсан ч (Оны эцсээр Triple Platinum-аар баталгаажсан) түүнийг андерграунд реппер Кэйж-ийн хав маяг, сэдвийг нь дуурайсан хэмээн буруушааж байлаа. Мөн цомог дах дуунуудын үгнүүд нь олны хэл ам, маргааныг дэгдээж байв. Жишээ нь: ’97 Bonnie & Clyde дуунд Эминэм нялх охинтойгоо аялангаа эхнэрийнхээ цогцосыг хаяж байгаа тухай, мөн Guilty Conscience дуунд эрчүүдийг эхнэр болон нууц амрагаа хөнөөхийг өдөөсөн тухай өгүүлдэг. "Guilty Conscience" дуу нь Доктор Дре, Эминэм хоёрын анхны хамтарсан уран бүтээл юм. The Slim Shady LP цомог RIAA-аас Quadruple Platinum цомгоор баталгаажжээ.

1999-2003: The Marshall Mathers LP ба The Eminem Show

[засварлах | кодоор засварлах]

Эминэм The Slim Shady LP цомгоо гаргасны дараа 1999 оны сүүлээр Shady Records нэртэй өөрийн дуу бичлэгийн студээ байгуулжээ.

1999-2000 онд бичигдсэн The Marshall Mathers LP цомог 2000 оны 05 дугаар сард гарсан. Цомог эхний долоо хоногтоо 1.76 сая хувь борлогдож алдарт реппер Снуп Догг-ийн Doggystyle болон поп дуучин Бритни Спирс-ийн ...Baby One More Time цомгуудын амжилтыг эвдэж АНУ-ын түүхэнд гарч байгаагүй хамгийн хурдацтай борлогдсон цомог болж чаджээ. Цомгийн эхний сингл болох The Real Slim Shady дуу нь мөн нилээд амжилтыг авчирч энэ дуунд хэд хэдэн алдартнуудыг доромжилсон үг хэллэгүүд байдаг ба дуучин Кристина Агилера, Лимп Бизкит хамтлагийн гишүүн Фред Дорст, Америкийн телевиз, радионы хөтлөгч Карсон Дэйли нарыг гутаасан маягтай гардаг. Цомгийн дараагийн сингл болох The Way I Am дуу нь хоёр дах сингл болон гарчээ. Энэ сингл нь өмнөх хоёр дахь цомгийн анхны сингл My Name Is-ээс илүү хувь зарагджээ. "My Name Is" дууныхаа клипэнд рок дуучин Мэрилин Мэнсон-г мөн л элэглэсэн маягаар гардаг. Хэдийгээр Эминэм уг дууны клипэнд Мэрилин Мэнсоныг элэглэсэн ч тэд сайн харилцаатай байсан ба Мэнсон "The Way I Am" дууны клипэнд тоглосон бөгөөд Эминэмтэй хамтран энэ дууны ремиксийг ч гаргасан байдаг. Цомгийн гурав дахь сингл болох Stan дээр Эминэм өөрийн шинэ алдар нэрээ олохыг хичээж жирэмсэн найз охиноо хөнөөж буйгаар өгүүлдэг. Q сэтгүүлд "Stan" дууг хамгийн шилдэг гурван реп дууны нэг гэж нэрлэсэн бөгөөд Top40-Charts.com-ын судалгаагаар 10-рт жагссан байна. Үүнээс хойш энэ дуу нь Rolling Stone сэтгүүлийн "Бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 дуу" жагсаалтын 296-рт бичигджээ. Мөн тэрээр 2000 оны 07 дугаар сард The Source сэтгүүлийн нүүрэнд анхны цагаан арьст уран бүтээлчээр гарчээ. The Marshall Mathers LP цомог нь RIAA-аас Diamond гэрчилгээ авсан бөгөөд дэлхий даяар 21 сая хувь борлогджээ.

2000 онд Эминэм Доктор Дре, Снуп Догг, Эксзибит, Аис Кюб нартай Up in Smoke Tour, Лимп Бизкиттэй Family Values Tour, Папа Роуч, Лудакрис, Эксзибит нартай Anger Management Tour гэсэн аялан тоглолтуудыг тус тус хийжээ. Эминэм 2001 онд 43 дахь Грэммийн шагнал гардуулах ёслол дээр Элтон Жон-той тоглосон бөгөөд бэлгийн цөөнхийн холбоо болох GLAAD нь Эминэмийн дуунуудад бэлгийн цөөнх хүмүүсийг доромжилсон өнгө аястай байсан гэж үзсэн бөгөөд Жоныг Эминэмтэй хамтран дуулахыг буруушааж байжээ. Үүгээр зогсохгүй шагнал гардуулах ёслолын өдөр буюу 02 дугаар сарын 21-нд GLAAD холбоо Staples Center (ёслол болсон газар)-ийн гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байв. Эминэм бол реппер Жэй-Зи-ийн шүүмжлэлд өртөж байсан The Blueprint цомгийн "Renegade" дууг продюсерлэж, хамт ажилласан цорын ганц уран бүтээлч юм.

The Eminem Show цомог нь 2002 оны 05 дугаар сард нээлтээ хийсэн. Энэ нь бас нэг томоохон амжилт болж, чартуудын нэгдүгээрт орж, эхний долоо хоногтоо 1.332 сая гаруй хувь борлогджээ. Эхний синглээр Without Me гарч энэхүү дуунд Лимп Бизкит, Дик Чейни, Лин Чейни, Моби болон бусад уран бүтээлчдийг гутаасан өнгө аястайгаар гарчээ. The Eminem Show цомогт түүний алдар нэр, эхнэр, охинтойгоо харьцах харьцаа, хип хоп урлагт эзлэх байр суурийнхаа талаар өгүүлдэг. AllMusic-ийн Стипен Томас Эрлвэйн гэгч The Eminem Show бол The Marshall Mathers LP цомгоос арай тааруухан болсон гэж дүгнэжээ. Гэвч The Eminem Show нь дэлхий даяар 27 сая хувь борлогдсон бөгөөд 2002 оны хамгийн өндөр борлуулалттай цомог болжээ.

2003-2007: Encore ба Уран бүтээлийн завсарлага үе

[засварлах | кодоор засварлах]

2003 онд Тупак Шакур-ийн үнэнч шүтэн бишрэгч Эминэм Tupac Resurrection киноны гурван дуун дээр ажиллажээ. Дараа жил нь Тупак-ийн Loyal to the Game цомгийн 16 дууных нь 12-ыг нь продюсерлажээ. 2003 оны 12 дугаар сарын 08-нд АНУ-ын нууц алба-аас Эминэмийг АНУ-ын ерөнхийлөгчийг заналхийлсэн гэх хэргээр шалгасан байна. Шалтгаан нь "We As Americans" хэмээх дуундаа “Би нас барсан ерөнхийлөгчийн төлөө реп хийдэггүй”, “Ерөнхийлөгч үхсэн нь дээр” гэх мэт утга агуулгуудтай дуу байжээ. Дараа нь энэ дуу нь Encore цомгийн люкс хувилбарт багтсан байдаг.

2004 онд гаргасан Encore цомог нь бас нэгэн амжилт байсан ч өмнөх цомгуудынхаа амжилтыг давж чадаагүй юм. Цомгийн анхны сингл Just Lose It бөгөөд энэ дуунд мөн л дуучин Майкл Жэксон руу чиглэсэн доромжлолын үгс агуулсан дуу байлаа. "Just Lose It" дууны клипэнд Жэксоны хүүхдийг хүчирхийлж байгаа, гоо сайханы мэс заслыг элэглэсэн, 1984 онд сурталчилгааны зураг авалтын үеэр Жэксоны үс шатсан явдалыг элэглэж гардаг бөгөөд энэ нь Жэксонд хүнд тусч, дууг гарсанаас долоо хоногийн дараа буюу 2004 оны 10 дугаар сарын 12-нд Жэксон Стив Харви-ийн The Steve Harvey Morning Show хэмээх радио шоу руу утасдаж дургүйцлээ илэрхийлжээ. Жэксоны олон найз нөхөд, дэмжигчид нь энэ дууны клипийг эсэргүүцэж Стиви Уондер: “Хүнийг доошоо унаж байхад нь өшиглөж байна” гэж Эминэмийг шүүмжилжээ. Мөн энэ клипэнд ганц Жэксоныг ч биш Пи-Ви Хермэн, MC Хаммер, Мадонна нарыг ч элэглэсэн байдаг. 2003 онд дуучин, элэглэгч Вейрд АИ Янковик Poodle Hat цомгийн "Couch Potato" дуундаа Эминэмийн "Lose Yourself" дууг элэглэсэн байдаг. Янковик Chicago Sun-Times сэтгүүлд Жэксоны эсэргүүцлийн талаар хэлэхдээ: Өнгөрсөн жил Эминэм намайг элэглэх бичлэг хийхийг зогсоохыг шаардсан. Учир нь миний "Lose Yourself" дууных нь элэглэл түүний имиж, карьерт нь хор хөнөөл учруулна гэж үзсэн. Тиймээс Майкл-тай холбоотой энэ явдал миний сэтгэлд ч мөн нийцэхгүй байна гэжээ. Үүнээс хойш Black Entertainment-аас уг клипийг цацахаа зогсоосон ч MTV-ээс үргэлжлүүлэн цацахаа мэдэгдсэн юм. The Source сэтгүүлийн гүйцэтгэх захирал Рэймонд "Бензино" Скотт нь уг дууны клипийг цацахыг хориглож, дууг цомгоос хасч, Эминэмийг Жэксоноос уучлалт гуйхыг уриалсан байна.

Эхний сингл нь инээдэмтэй гэмээр сэдэвтэй болсон ч цомгийн дараагийн сингл Mosh дуугаараа дайныг эсэргүүцсэн ноцтой сэдвийг хөндсөн бөгөөд энэ дуунд ерөнхийлөгч Жорж Буш-ийг “Бидний ерөнхийлөгч бол биднийг үй олноор хөнөөх зэвсэг” хэмээн хатуу шүүмжилсэн бөгөөд “Буш новш” гэх мэтийн үгнүүд багтжээ. 2004 оны 10 дугаар сарын 25-нд буюу 2004 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос долоо хоногийн өмнө Эминэм "Mosh" дууныхаа клипийг интернэтэд тавьжээ. Клипэнд Эминэм Буш-ийн засаг захиргааны хохирогчдын армийг (түүний дотор реппер Ллоид Бэнкс) цуглуулан цагаан ордон-ыг дайлаар мордож, тэд дотогш орж саналаа өгөхөөр бүртгүүлэх гэж байгаагаар гардаг. Бушийг дахин сонгогдсоны дараагаар клипийн төгсгөлийг ерөнхийлөгчийг үг хэлэх үеэр Эминэм болон жагсагчид цагаан ордон руу дайран орж ирсэн байдалтайгаар өөрчилсөн байна. 2004 онд Эминэм Sirius радиогоор Shade 45 нэртэй хөгжмийн сувгийг нээсэн бөгөөд үүнийг менежер нь “Энэ бол хүмүүсийн сонсдоггүй зүйлийг сонсох газар” гэж тодорхойлсон байна.

Эминэм 2005 оны зун 50 цент, Жи-Юнит, Лил Жон, Д12, Оби Траис, Алчемист нарын оролцсон Anger Management 3 аялан тоглолтоо эхэлсэн ч 08 дугаар сард болох Европод хийх аялан тоглолтоо цуцалжээ. Шалтгаан нь аялан тоглолтын үеэр тэрээр нойрны эмнээс хамааралтай өвчнөө эмчлэхийн тулд эмийн нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан гэдгээ хожмоо зарласан юм. Энэ хооронд салбарынхан нь Эминэмийг зодог тайлах бодолтой байгаа гэж таамаглаж байсан бол зарим хэсэг нь The Funeral нэртэй дабль цомог гаргах гэж байгаа гэсэн цуу яриа ч тарсан байна. 07 дугаар сард Detroit Free Press сониноос Эминэмийн уран бүтээлийн карьер дуусч магадгүй гэж мэдээллэсэн бөгөөд түүний ойрын хүрээнийхний хэлснээр түүнийг продюсер болон лэйблийн гүйцэтгэх захирлын үүргийг хүлээн авна гэж хэлсэн байна. Эминэм анхны эмхтгэсэн цомог болох Curtain Call: The Hits нэртэйгээр 2005 оны 12 дугаар сарын 06-нд Aftermath Entertainment-аас худалдаанд гаргасан бөгөөд эхний долоо хоногтоо АНУ-д бараг 441,000 хувь борлогдож Billboard-д дөрөв дэх дараалсан номер нэг цомог нь болсон юм. Тэгээд RIAA-аас Double Platinum цомгоор баталгаажжээ. Дараагаар нь Эминэм тэр сард WKQI-ийн Mojo in the Morning нэвтрүүлэгт оролцохдоо уран бүтээлийн хувиар завсарлага авах тухайгаа ярив: "Би яг одоо амьдралынхаа нэгэн үе шатанд ирээд байгаа бөгөөд би карьераа цаашид яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй байгаа юм шиг санагдаж байна... Энэ бол эцсийн зүйл байж болох тул би энэ цомгийг "Curtain Call" гэж нэрлэсэн нь энэ юм" гэжээ.

2006 оны 04 дүгээр сард Эминэмийн багын найз Прүүф алагдсан юм. Найман сарын дараа Эминэм, Прүүф болон Shady Records-ын бусад уран бүтээлчдийг багтаасан Eminem Presents: The Re-Up нэртэй цомог гарсан.

2007-2009: Эргэн ирэлт ба Relapse

[засварлах | кодоор засварлах]

Түүний дараагийн цомгийн талаар олны дунд нилээн маргаан дэгдэж эхлэв. Үүний хариуд 2007 оны 09 дүгээр сард Эминэм, 50 Цент нар Нью-Йоркийн WQHT радио станцад өгсөн ярилцлагандаа: “Би үргэлж ажилладаг, би үргэлж студид байдаг, энэ нь яг одоо надад сайхан санагдаж байна, студи доторх энерги ч хүртэл, гэхдээ би хэсэг хугацаанд студидээ буцаж очихыг хүсээгүй яагаад гэвэл би амьдралынхаа зарим зүйлийг даван туулсан, би эдгээр зүйлсээс гарч байна, мөн сайхан санагдаж байна” гэж хэлжээ.

Эминэм 2008 оны 09 дүгээр сард өөрийн Shade 45 Sirius суваг дээрээ гарч ирэхдээ: "Яг одоо би зөвхөн өөрийнхөө зүйлд анхаарлаа хандуулж байна, маш их зүйлийг бүтээж байна, би уран бүтээлээ үргэлжлүүлэх тусам илүү сайн болж байгаа юм шиг санагддаг, яагаад гэвэл би зүгээр л юм мэдэж авдаг" хэмээн ярьжээ. Interscope-оос түүний шинэ цомог 2009 оны хавар гарна гэж баталжээ. 2008 оны 12 дугаар сард Эминэм Relapse нэртэй цомгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөхдөө: “Дре бид хоёр өмнөх үеийнх шигээ лабораторид буцаж ирлээ. Дре 'Relapse'-ын ихэнх дууг бүтээсэн болно, бидний хуучин... заза зүгээр л орхиё” гэж хэлжээ.

2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хэвлэлийн мэдээгээр “Эминэм энэ жил хоёр шинэ цомог гаргана” гэж мэдээллэжээ. Анхных нь буюу Relapse нь 05 дугаар сарын 19-нд гарч, 04 дүгээр сарын 07-нд нь цомгийн анхны сингл We Made You дуу нь клиптэйгээ цацагдсан. Relapse цомог нь олон янзын үнэлгээ авч өмнөх цомгууд шигээ сайн борлогдоогүй бөгөөд, гэхдээ энэ нь арилжааны амжилт болж хип хоп ертөнцөд өөрийн байр сууриа дахин сэргээсэн юм. Цомог дэлхий даяар 5 сая гаруй хувь борлогджээ. 10 дугаар сарын 30-нд тэрээр Нью Орлеанс дах Voodoo Experience шоунд оролцож, энэ оны анхны бүрэн хэмжээний тоглолтоо хийв. Энэ тоглолтонд Relapse-ын хэд хэдэн дуу болон хуучны хит дуунуудаа толилуулжээ. 11 дүгээр сарын 19-нд тэрээр өөрийн цахим хуудаснаа Relapse: Refill цомгоо 12 дугаар сарын 21-нд гарна гэж мэдэгдлээ. Энэ цомогт Relapse-ын дуунуудыг дахин сэргээж Forever, "Taking My Ball" гэх мэт долоон шинэ дууг нэмжээ. Эминэм цомгийн тухай тайлбарлахдаа:

"Би энэ жил шүтэн бишрэгчиддээ анх төлөвлөж байсан шигээ илүү их материалуудыг хүргэж чадлаа. Refill дээрх эдгээр дуунууд нь дараа жил Relapse 2-оор уулзах хүртэл шүтэн бишрэгчдийг маань байлдан дагуулах байх гэж найдаж байна. Би Дре-тэй дахин уулзаж, дараа нь Жаст Блэйз зэрэг хэд хэдэн продюсерууд намайг дахин эхлүүлэхэд хүргэсэн, намайг тэс өөр чиглэл рүү хөтөлсөн. Шинэ дуунууд нь миний Relapse 2 дээр байхаар төлөвлөж байсан дуунуудаас тэс өөр сонсогдож эхэлсэн бөгөөд Refill-ийг гаргахад хүрсэн юм" гэжээ.

2009-2011: Recovery ба Байд Мийтс Ивил-ийн нэгдэл

[засварлах | кодоор засварлах]

2010 оны 04 дүгээр сарын 14-нд Эминэм Twitter хуудсандаа “Relapse 2 гарахгүй” гэж бичжээ. Хэдийгээр түүний дагагчид нь түүнийг цомог гаргахгүй юм байна гэж бодож байсан ч тэрээр нэрийг нь Recovery гэж өөрчилсөн байжээ. Дараа нь “Recovery” гэж жиргэж үүнийгээ баталжээ. Тэрээр хэлэхдээ:

“Би анх Relapse 2-ыг гаргана гэж өнгөрсөн жил хэлж байсан. Гэхдээ би бичлэгээ хийж, шинэ продюсеруудтэй хамтран ажиллахын хэрээр Relapse-ын үргэлжлэлийг хийх санаа маань улам бүр багасч, цоо шинэ цомог гаргахыг хүссэн. Recovery дээрх хөгжим нь Relapse-аас тэс өөр болсон бөгөөд энэ нь өөрийн гэсэн цолыг хүртэх ёстой байх гэж бодож байна” гэжээ.

2009-2010 оны хооронд бичигдсэн Recovery цомог 06 дугаар сарын 18-нд гарсан. Recovery цомог АНУ-д эхний долоо хоногтоо 741,000 хувь борлогдож, Billboard 200-г тэргүүлжээ. Эминэмийн зургаа дахь дараалсан АНУ-ын номер нэг болсон энэ цомог нь бусад хэд хэдэн орны чартуудыг ч мөн тэргүүлжээ. Recovery нь Billboard 200 чартыг долоон долоо хоног дараалан тэргүүлсэн байна.

Billboard-д мэдээллэснээр энэ цомог нь 2010 оны бестселлер цомог байсан бөгөөд Эминэм Нейлсен СаундСкан-ийн түүхэнд хоёр жилийн хугацаанд хамгийн их борлуулалттай цомог гаргасан анхны уран бүтээлч болсон юм. Мөн Recovery нь түүхэн дэх хамгийн их борлуулалттай дижитал цомог юм. Анхны сингл болох Not Afraid нь 04 дүгээр сарын 29-нд гарсан бөгөөд Billboard Hot 100-д тэргүүлсэн, дууны клип нь 06 дугаар сарын 04-нд гарсан. "Not Afraid" дууны араас Love the Way You Lie нь хоёр дахь сингл болон гарсан. "Love the Way You Lie" нь Их Британид 2010 оны хамгийн их борлуулалттай сингл байсан ч нэгдүгээр байранд орж чадаагүй аж. Зарим нэг тогтворгүй байдлын шүүмжлэлийг үл харгалзан Recovery нь ихэнх шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авсан байна. 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар тус цомог АНУ-д 3 сая хувь борлогджээ. Recovery цомог нь 2010 онд дэлхий даяар хамгийн их борлуулаттай цомог болж, 2002 оны бестселлер The Eminem Show-ийн дараа орсон юм. Recovery цомгоороо Эминэм АНУ-ын соло уран бүтээлчийн номер нэг цомгийн дээд амжилтыг эвджээ.

Тэрээр 2010 оны BET шагнал гардуулах ёслол-д оролцож B.o.B, Кейша Коул нартай хамтран "Not Afraid", Airplanes, Part II дуунуудаа толилуулжээ. Дараа нь тэрээр Activision E3 тоглолтонд оролцсон. 06 дугаар сард Эминэм, Жэй-Зи нар Детройт, Нью-Йорк хотуудад The Home & Home Tour нэртэй тоглолт хийхээ зарласан байна. Тоглолтууд хурдан болж дуусч, дараагаар нь өөр хотуудад нэмэлт тоглолт зохион байгуулахад хүрчээ. BET-ээс Эминэмийг 21-р зууны номер нэг реппер гэж нэрлэсэн байна. Тэрээр 09 дүгээр сарын 12-нд 2010 оны MTV-ийн шагнал гардуулах ёслол-ыг нээж дуучин Рианна-ийн хамтаар "Not Afraid", "Love the Way You Lie" дуунуудаараа ая дууны цэнхэр хадаг барьжээ. Recovery болон Home & Home Tour-ын амжилтаас үүдэж MTV-ээс "Тоглоомын хамгийн халуухан MC", HipHopDX онлайн сэтгүүлээс "Оны шилдэг жүжигчин"-ээр шалгарчээ. Тэрээр дараа нь Рианна-тай дахин Love the Way You Lie (Part II) уран бүтээл дээр ажилласан байна. Анхны хувилбараасаа ялгаатай нь Рианна гол гоцлол дуучин бөгөөд эмэгтэй хүний өнцгөөс дуулдаг. 2010 оны 12 дугаар сард "Агуу Эминэмийн сэргэлт" нь Billboard-ын 2010 оны шилдэг 25 хөгжмийн агшинд нэгдүгээр байранд бичигджээ. Тэрээр 2011 оны 02 дугаар сарын 13-нд болсон 2011 оны Грэммийн шагнал гардуулах ёслол дээр дуучин Рианна, Адам Левин нартай "Love the Way You Lie (Part II)", Доктор Дре, Скайлер Грей нартай I Need a Doctor дуунуудаа толилуулжээ. Тэгээд тэр сардаа Space Bound дуу нь Recovery цомгийн дөрөв дэх сингл болж, клипэнд порно од Саша Грей тоглосон гэж зарласан байна. Клип 06 дугаар сарын 24-нд iTunes Store дээр гарсан.

2010 онд Эминэм, Ройс Да 5’9” нар Байд Мийтс Ивил нэртэй хамтралаа сэргээж, (хамтрал 1998 онд байгуулагдсан) мөн хамтран EP цомог дээрээ ажиллаж эхэлжээ. Тэдний EP цомог Hell: The Sequel нэртэйгээр 2011 оны 06 дугаар сарын 14-нд гарсан юм. Мөн Эминэм 2011 оны 04 дүгээр сарын 08-нд гарсан Ройс Да 5’9”-ийн Writer’s Block дуун дээр хамт ажилласан байна. 05 дугаар сарын 03-нд тэдний удахгүй гарах EP-ийн эхний сингл Fast Lane дуу гарч, дараа нь клипний зураг авалтандаа оржээ. 2011 оны 03 дугаар сард The Eminem Show болон The Marshall Mathers LP цомгууд RIAA-аас Diamond гэрчилгээ авч, Эминэм нь Diamond-оор баталгаажсан хоёр цомогтой цорын ганц реппер болжээ. Тэрээр 60 сая гаруй "Like" цуглуулж Лэди Гага, Жастин Бибер, Рианна, Майкл Жэксон нарыг ардаа орхиж, Facebook дэх хамгийн олон дагагчтай хүн болжээ. Эминэм мөн таван жилийн хугацаанд хоёр номер нэг цомог (Recovery ба Hell: The Sequel) гаргасан анхны уран бүтээлч болжээ. 2011 оны эхээр реппер Елаволф ба Слаутерхаус хамтлаг Shady Records-той гэрээ байгуулж 04 дүгээр сард нь "2.0 Boys" нэртэй дуугаа цацжээ. Байд Мийтс Ивил дараагийн сингл болох Lighters дуугаа 07 дугаар сарын 06-нд аудио хэлбэрээр цацаж, 08 дугаар сарын сүүлээр клипийг нь гаргажээ. 08 дугаар сарын 06-нд Эминэм Lollapalooza-д өөрийн уран бүтээлийн карьер дах онцлох уран бүтээлчидтэй хамтран хэд хэдэн дуунуудыг дуулсан байна.

2012-2014: The Marshall Mathers LP 2

[засварлах | кодоор засварлах]

Эминэм 2012 оны 05 дугаар сарын 24-нд дараа жил гаргахаар төлөвлөж буй дараагийн цомог дээрээ ажиллаж байгаагаа зарлав. Энэ нь нэр, огноо нь тодорхойгүйгээр “2013 онд гарах хамгийн их хүлээгдэж буй цомгууд”-ын жагсаалтад Complex-д зургадугаар байранд, XXL дээр тавдугаарт жагсжээ.

2013 оны 08 дугаар сарын 14-нд Эминэмийн DJ Халил-ийн продюсерласан, Лиз Родригес-тэй хамтран дуулсан Survival гэх нэртэй Call of Duty: Ghosts тоглоомын дуу болон гарчээ. Дараагаар нь хэвлэлийн мэдээгээр Эминэмийн найм дахь цомгийн анхны сингл удахгүй гарна гэж мэдээллэжээ. 2013 оны MTV-ийн шагнал гардуулах ёслол-ын үеэр цомог нь The Marshall Mathers LP 2 нэртэй байх бөгөөд 11 дүгээр сарын 05-нд худалдаанд гарахаар төлөвлөж байна гэж мэдэгджээ. Цомгийн анхны сингл Berzerk нь 08 дугаар сарын 27-нд гарсан бөгөөд Billboard Hot 100 чартад гуравдугаар байранд оржээ. Дараагаар нь "Survival" (сингл хэлбэрээр), "Rap God", "The Monster" хэмээх гурван сингл ойр ойрхон хугацаанд гарсан байна.

Уг цомгийг Aftermath Entertainment, Shady Records, Interscope Records-оос 11 дүгээр сарын 05-нд гаргажээ. Цомгийн стандарт хувилбар нь 16 дуутай бөгөөд, люкс хувилбар нь хоёр дисктэй, таван шинэ дууг нэмж оруулсанаар бүтээгджээ. The Marshall Mathers LP 2 нь Эминэмийн Billboard 200-д тэргүүлсэн долоо дахь цомог болсон бөгөөд эхний долоо хоногтоо борлуулалтаараа тэргүүлсэн оны хоёр дахь том цомог болсон юм. Тэрээр Billboard Hot 100-ийн шилдэг 20-д (The Beatles-ээс хойш) дөрвөн сингл нь орсон анхны уран бүтээлч болжээ. Нэгдсэн Вант улсад The Marshall Mathers LP 2 нь Их Британийн цомгийн жагсаалтад нэгдүгээрт жагссан байна. Их Британийн номер нэг цомогт дараалан долоон удаа орсон Америкийн уран бүтээлч тэрээр Их Британийн хамгийн олон удаа дараалсан цомгуудын жагсаалтад тэргүүлж буй Битлз хамтлагийн дараа буюу хоёрдугаарт бичигджээ. Мөн энэ цомог нь Эминэмийг Канадад хамгийн их борлуулалттай уран бүтээлч болгох байр суурийг баталгаажуулж, 2013 оны хамгийн их борлуулалттай цомог болсон байна.

11 дүгээр сарын 03-нд Эминэм Youtube хөгжмийн наадам-аас "Оны шилдэг уран бүтээлч"-ээр тодорч, долоо хоногийн дараа 2013 оны MTV Европын хөгжмийн шагнал гардуулах ёслол-оос "Global Icon" шагналыг хүртжээ. 2014 оны 06 дугаар сарын 10-нд Эминэм RIAA-аас "Not Afraid", "Love the Way You Lie" дуунуудаараа 10 сая ба түүнээс дээш борлуулалт гэсэн үзүүлэлтээр хоёр Digital Diamond гэрчилгээг авсан анхны уран бүтээлч болжээ. Дараа нь 07 дугаар сарын 11, 12-нд Эминэм Британийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэн-д хоёр өдөр тоглолт хийсэн байна. Мөн тэрээр 57 дахь Грэммийн шагнал гардуулах ёслолThe Marshall Mathers LP 2 цомгоороо "Шилдэг реп цомог", "The Monster" дуугаараа "Шилдэг реп/Хамтын бүтээл" (Рианна-тай хамтарсан) шагналыг тус тус хүртсэн юм.

2014-2016: Shady XV ба Southpaw

[засварлах | кодоор засварлах]

2014 оны зун Эминэм, Розенберг нар олон нийтийн сүлжээ сайтуудад #SHADYXV гэсэн утга агуулгатай хаштаг цацаж эхэлсэн бөгөөд Эминэм ч өөрөө тайзан дээр нэр бүхий хаштагтэй футболк өмссөн байв. Харин энэ нь Shady Records-ын уран бүтээлчдийн удахгүй гарах төслийн нэр болох нь тодорхой болжээ. Тэгээд 2014 оны 08 дугаар сарын 26-нд цомгийн анхны сингл болох Эминэм дуучин Сиа-тай хамтарсан Guts Over Fear уран бүтээл гарч, цомгийн дууны жагсаалтын мэдээлэл 10 дугаар сарын 29-нд олонд ил болжээ. Дараагаар Shady Records-ын уран бүтээлчид цомгоо сурталчлах зорилгоор Cypher хийж Эминэм өөрөө 7 минут гаруй чөлөөт үзүүлбэр үзүүлжээ. 11 дүгээр сарын 11-нд цомгийн хоёр дахь сингл Detroit Vs. Everybody гэх нэртэйгээр Эминэм, Деж Лоф, Ройс Да 5’9”, Дэнни Браун, Биг Шан, Трик Трик нарын хамтарсан дуу гарч, Shady XV цомог ч удалгүй 11 дүгээр сарын 24-ний хар баасан гариг-ийг угтаж гарчээ. Энэхүү цомог нь Shady Records-ын Д12, Слаутерхаус, Байд Мийтс Ивил, Елаволф зэрэг уран бүтээлчдийн хамгийн хит болж байсан дуунууд мөн тэдний цоо шинэ бүтээлүүд багтсан хоёр дискнээс бүрдсэн цомог болсон байна. Энэ цомог нь Billboard 200 чартын гуравдугаарт бичигдэж, АНУ-д эхний долоо хоногтоо 138,000 хувь борлогджээ.

2015 оны 03 дугаар сарын 12-нд The Official Eminem Box Set гэх нэртэй дотроо 10 дисктэй багц гарлаа. Энэ нь Эминэмийн 7 студийн цомог (Infinite хасагдаад), "8 Mile" киноны дуу, Eminem Presents: The Re-Up, Curtain Call: The Hits цомгуудын цуглуулга болсон багц байж. Тэгээд уран бүтээлийн ажил ч цааш үргэлжилж 04 дүгээр сарын 20-нд реппер Тек Наина, Крисз Калико нартай "Speedom (WWC2)", мөн Елаволфын Love Story цомгийнх нь Эминэмтэй хамтарсан Best Friend гэсэн шинэ дуунууд ар араасаа цацагджээ.

Эминэм нь Southpaw киноны гүйцэтгэх продюсер юм. 2015 оны 06 дугаар сарын 02-нд киноны саундтрак Эминэмийн Phenomenal дуу гарч, 2015 оны 07 дугаар сарын 10-нд нь киноны хоёр дахь саундтрак Эминэм, Гвен Стефани-тай хамтарсан Kings Never Die дуу Эминэмийн Youtube Vevo сувагт тавигдсан байна.

Эминэм Мичиган мужийн Монро хотод хийсэн, хөтлөгч Степен Колберт-оор хөтлүүлсэн "Only in Monroe" хэмээх олон нийтэд зориулсан шоунд оролцсж 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаараар цацагдсан байна. Энэ дугаараар Эминэм Боб Сегер-ийн дууны хэсгээс дуулж, "Southpaw" киноны талаар товч ярилцсан байна. 2015 оны 06 дугаар сард Эминэм 2002 оны "Narc" киноноос сэдэвлэсэн "Motor City" гэх телевизийн олон ангит киноны гүйцэтгэх продюсер, хөгжмийн удирдагчаар ажиллахаар болсон байна.

2016 оны 09 дүгээр сард Эминэм дуучин Скайлер Грей-ийн Natural Causes цомогт багтсан "Kill For You" дуунд оролцжээ. Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 19-нд Эминэм улс төрийн утга агуулгатай Campaign Speech гэх шинэ дуу гаргаж, үүний хажуугаар шинэ цомог дээрээ ажиллаж байгаагаа фэнүүддээ зарлажээ. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 17-нд Эминэм анхны цомог болох Infinite-ийн 20 жилийн ойг тохиолдуулж цомгийн "Infinite" дууг шинэчилсэн хувилбарыг Youtube Vevo суваг дээрээ тавьжээ. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Partners in Rhyme: The True Story of Infinite хэмээх 10 минут орчмын богино хэмжээний баримтат киноны трейлерийг цацсан байна.

2017-2019: Revival ба Kamikaze

[засварлах | кодоор засварлах]

2017 оны 02 дугаар сард реппер Биг Шаны I Decided цомгийн Эминэмтэй хамтарсан No Favors дуу гарав. Дуунд Эминэм саяхан шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп-ыг “гичий” гэж хэлээд, мөн Трампыг дэмжигч консерватив нийгэм, улс төрийн тоймч Анн Култер-ийг хүчирхийлэл үйлдсэн талаар дуунд өгүүлсэн байна. Анн Култер Эминэмийг энэ дуунд түүнийг бичсэнийх нь хариуд “Зүгээр л тэнэг” гэж хэлжээ. Эминэм 2017 оны BET шагнал гардуулах ёслол-ын оны cypher-т оролцож "The Storm" нэртэй чөлөөт реп шүлгээрээ Трамп болон түүний засаг захиргааг анхаарлаа бусад зүйлсээс илүү Үндэсний хөлбөмбөг-т илүү хандуулж байгааг шүүмжилсэн байна. Эминэм Трампыг дэмжигчидийг түүнийг шүтэн бишрэхгүй байхыг уриалж cypher-ийг дуусгадаг. Энэ реп шүлэг гарсны дараагаар Эминэм бусад репперүүдийн магтаалыг хүртжээ. Дараагаар нь үүнээс үүдэж 2018-2019 онд нууц албаныхан Эминэмтэй ярилцлага хийж, ерөнхийлөгч Трамп болон түүний охин Иванка-ийн эсрэг заналхийлсэн дууны үгсийн талаар ярилцлага хийсэн байна. 2017 оны 10 дугаар сард Эминэм дуучин Пинк-ийн Beautiful Trauma цомгийн Revenge дуун дээр хамтран ажиллажээ.

2017 оны 10 дугаар сарын сүүлээр Эминэм, Пол Розенберг нар Revival нэртэй шинэ цомгийн нэрийг нэр бүхий хуурамч эмийн сурталчилгааны хэлбэрээр зарлажээ. Дараа нь 11 дүгээр сард Эминэмийн Биёонсэ-тэй хамтарсан Walk on Water нэртэй дуу цомгийн анхны синглээр гарчээ. Энэ дууг анх Эминэм 2017 оны 11 дүгээр сарын 12-нд болсон 2017 оны MTV Европын хөгжмийн шагнал гардуулах ёслол-ын үеэр Скайлер Грейтэй дуулсан байна. Мөн тэрээр дараа нь 11 дүгээр сарын 18-нд Saturday Night Live нэвтрүүлэгт оролцож Скайлер Грейтэй хамтран "Walk on Water", "Stan", "Love the Way You Lie" дуунуудаа толилуулжээ. 11 дүгээр сарын 28-нд Доктор Дре цомгийн нээлтийн огноог 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэж зарласан бичлэгийг нийтэлсэн байна. Дараагаар нь 12 дугаар сарын 08-нд цомгийн сурталчилгааны синглээр Untouchable дууг цацсан байна. Үүнээс хоёр хоногийн өмнө нь цомог онлайнаар цацагдсан ч төлөвлөгөөний дагуу 12 дугаар сарын 15-нд гарч, дээрээс нь цомгийн хоёр дах сингл дуучин Эд Ширан-тай хамтарсан River дуу хамт цацагджээ. Энэ цомог нь эхний долоо хоногтоо 197,000 хувь борлогдсоноор АНУ-ын Billboard 200-д тэргүүлсэн Эминэмийн найм дахь цомог болсон юм. Үүний үр дүнд тэрээр хит чартын дээгүүрт дараалан найман удаа орсон анхы уран бүтээлч болж байгаа юм. Энэ цомог нь хөгжим шүүмжлэгчдээс янз бүрийн үнэлгээг авсан ч ерөнхийдөө маш тааруу үнэлгээг голдуу авчээ. 2018 онд Revival цомгийн дуучин Кехлани-тай хамтарсан "Nowhere Fast" дууны өргөтгөсөн хувилбар болон 2 Чейнз, Прешер нартай хамтарсан "Chloraseptic" дууны ремикс гарчээ.

2018 оны 08 дугаар сарын 31-нд Эминэм арав дахь студийн цомог буюу Kamikaze хэмээх цомгоо ямар нэгэн мэдэгдэлгүйгээр гаргаж найман сарын дотор гаргасан хоёр дахь бүрэн хэмжээний студийн цомог болсон юм. Энэ цомог нь эхний долоо хоногтоо 434,000 хувь борлогдож, Billboard 200-д тэргүүлж буй ес дэх цомог болж байна. Энэхүү цомог нь түүний өмнөх муу үнэлгээтэй Revival-ийг шүүмжилсний хариу болгон гаргажээ. Цомог "Fall", "Lucky You", "Venom" гэсэн гурван синглтэй. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн телевизийн Jimmy Kimmel Live! шоуны ээлжит нэгэн дугаараар Эминэм цомгийг сурталчлах зорилгоор Нью-Йорк хотын Empire State Buidling-ийн 103 давхарт "Venom" дууг дуулжээ.

12 дугаар сарын 01-нд Эминэм өөрийн Youtube сувагтаа "Kick Off" нэртэй 11 минутын чөлөөт үзүүлбэрээ тавьжээ. Тэрээр 2019 онд Бүүги, Ложик, Эд Ширан, 50 Цент, Конвэй Дэ Машин” зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажилласан байна. 2019 оны 02 дугаар сарын 23-нд Эминэм The Slim Shady LP цомгийн 20 жилийн ойг тохиолдуулан цомогт багтсан дуунууд болон акапелла, ая, радио засварласан хувилбаруудыг дахин хэвлэн гаргажээ.

2020-2023: Music to Be Murdered By ба Curtain Call 2

[засварлах | кодоор засварлах]

2020 оны 01 дүгээр сарын 17-нд Эминэм дахин нэг удаа мэдэгдэлгүйгээр Music to Be Murdered By хэмээх цомгоо гаргалаа. 2019-2020 онд бичигдсэн энэхүү цомогт Ионг Эм.Эй., Ройс Да 5’9”, Кю-Тип, Денаун Портер, Ваит Голд, Эд Ширан, Жюс Уорлд, Скайлер Грей, Андерсон Паак, Дон Толивер, Кинг Крүүкэд, Жоэлл Ортиз, Блак Тоут нар зочин уран бүтээлчдээр оролцжээ. Энэ цомог нь Billboard 200-д нэгдүгээрт бичигдэж, эхний долоо хоногтоо 279,000 хувь борлогджээ. Үүний дараа Эминэм АНУ-д арван цомог нь дараалан нэгдүгээрт орсон анхны уран бүтээлч, АНУ-д хамгийн багадаа арван номер нэг цомог гаргасан зургаан уран бүтээлчийн нэг болсон байна. Хөгжим шүүмжлэгчид Эминэмийн уянгын хэв маяг, Kamikaze-ийн дараах сайжруулсан энэ цомгийг магтсан ч дуунуудын бүтэц, шинэлэг зүйл дутмаг байгааг шүүмжилсэн байна.

Энэ цомгийн 2017 онд Манчестер Арена-д болсон дэлбэрэлтийн талаар дурдсан Unaccommodating дууны үг нь ихээхэн шүүмжлэл дагуулж, олон шүүмжлэгчид дургүйцэн хүлээн авчээ. Манчестер хотын дарга энэ дууны үгийг буруушааж "ямар ч хүндэтгэлгүй, эрээ цээргүй” гэж шүүмжилсэн байна. Дууны үг нь хохирогчдын төрөл төрөгсөд болон халдлагад өртсөн бусад хүмүүсийн шүүмжлэлд ч мөн өртжээ. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 09-нд Эминэм 92 дахь Оскарын шагнал гардуулах ёслол дээр "Lose Yourself" дуугаа дуулжээ. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Lyrical Lemonade-ийн Youtube сувгаар цомгийн Godzilla дууны клип цацагдсан байна. Клипэнд Доктор Дре болон мэргэжлийн боксчин Майк Тайсон нарыг тоглуулжээ. 2022 оны 10 дугаар сарын 08-ны байдлаар уг дууны клип 520.9 сая гаруй үзэлттэй гарсан байна. 2020 оны 03 дугаар сарын 11-нд Music to Be Murdered By нь Gold гэрчилгээ авчээ. Дараагаар нь 2020 оны 07 дугаар сарын 09-нд реппер Кид Куди-ийн охин Вада олон нийтийн сүлжээгээр Эминэмтэй хамтарсан The Adventures of Moon Man & Slim Shady нэртэй дуу ирэх баасан гаригт гарах гэж байгааг зарлажээ.

Цомгийн люкс хувилбар болох Music to Be Murdered By - Side B нь 2020 оны 12 дугаар сарын 18-нд гарчээ. Эминэмийн өмнөх хоёр цомогтой адилаар энэ цомог нь мөн л ямар ч мэдэгдэлгүйгээр гарсан юм. Үүнд Скайлер Грей, DJ Премир, Тай Долла Саин, Доктор Дре, Слаи Паипер, МАЖ, Ваит Голд нар зочин уран бүтээлчээр орсон бөгөөд нэмэлт нэг дискэн дээр 16 шинэ дууг нэмжээ. Цомгийн нээлтийг Коул Беннетт-ийн найруулсан Gnat дууны клипээр нээжээ. Дараагаар нь "Alfred’s Theme", "Tone Deaf" дуунуудын үгэн клипийг гаргасан бөгөөд дууны төгсгөлд Чикагогийн реппер болох талийгаач Кинг Вон-д хүндэтгэл үзүүлжээ. Music to Be Murdered By – Side B нь Billboard 200-д гуравт орж, 70,000-80,000 хувь борлуулалт хийсэн байна. Мөн "Zeus" дуундаа тэрээр 2009 онд Крис Браун-д хүчирхийлүүлж байхад түүний талд байсанд дуучин Рианнагаас уучлалт гуйсан байна.

2021 оны 09 дүгээр сарын 30-нд нээлтээ хийсэн Venom: Let There Be Carnage киноны дуунд зориулж Эминэм Скайлер Грей, Поло Жи, Моззи нартай Last One Standing хэмээх дууг гаргажээ. Мөн тэрээр 10 дугаар сарын 30-нд болсон Рок н Роллын алдарын танхим ёслол дээр ЛЛ Күүл Ж-тэй түүний хоёр дууг хамтран дуулж үзүүлсэн байна. 2022 оны 02 дугаар сарын 13-нд Super Bowl LVI-ийн хагас цагийн шоунд Эминэм, Доктор Дре, Снуп Догг, Кэндрик Ламар, Мэри Ж Блайж, 50 Цент, Андерсон Паак нар тоглож өөр өөрсдийн дуунуудаасаа толилуулжээ.

2022 оны 06 дугаар сарын 17-нд Эминэм СиЛо Грин-тэй хамтарсан Баз ЛурманElvis киноны дуунд зориулан Доктор Дре-ийн бүтээсэн "The King and I" дууг гаргажээ. Мөн 2022 оны 06 дугаар сарын 24-нд Эминэм, Снуп Догг нар "From the D 2 the LBC" нэртэй дуугаа гаргаж, тэд нөхөрлөлөө сэргээсэн байна. Дараагаар нь Эминэм 2022 оны 07 дугаар сарын 11-нд Curtain Call: The Hits эмхтгэлийн үргэлжлэл болох Curtain Call 2-ыг гаргахаа зарлалаа. Энэ цомогт түүний Relapse-аас Music to Be Murdered By хүртэлх цомгуудад орсон дуунууд багтсан байна. Энэ цомог 2022 оны 08 дугаар сарын 05-нд гарсан бөгөөд "The King and I", From the D 2 the LBC, 50 Центтэй хамтарсан "Is This Love (‘09)" зэрэг гурван шинэ дуунуудыг нэмэлтээр оруулсан байна.

2022 оны 08 дугаар сарын 26-нд Эминэм Канье Уэст-тэй хамт DJ Калед-ийн God Did гэх шинэ цомгийн Use This Gospel дууны ремикс дээр хамтран ажиллажээ. Мөн тэрээр 2022 онд Рок н Роллын алдарын танхим-д бүртгэгдсэн байна. Тайзан дээр Доктор Дре үүнийг зарласан бөгөөд дараагаар нь Эминэм Аэросмит хамтлагийн гоцлол дуучин Стивен Таилер, Эд Ширан нартай уран бүтээлүүдээсээ туурвисан байна.

Тэрээр 2023 оны 02 дугаар сарын 10-нд гарсан Хорсшое Г.А.Н.Г-ийн Кинг Крүүкэдтэй хамтарсан "Nice Me" дуун дээр продюсерлаж өгсөн байна. Энэ нь Хорсшое болон Эминэм нарын гурав дахь удаагаа хамтран ажиллаж байгаа нь энэ юм. Өмнөх хоёр нь Кинг Крүүкэдийн "Hot Sauce" болон "Liquor Store Church" хэмээх чөлөөт реп шүлэг юм. Мөн тэрээр 2023 оны 04 дүгээр сарын 03-нд найз Прүүфийн хүү болох Насаан-ы "Vs Everybody" дуун дээр продюсераар ажилласан байна.

2023 оны 07 дугаар сард шинэ залуу реппер Эз Мил Shady Records, Aftermath Entertainment, Interscope Records-той гэрээ байгуулжээ. Тэрээр дараа нь 2023 оны 08 дугаар сарын 04-нд Эминэмтэй хамтарсан Realest дуугаа гаргасан байна.

2023 оны 11 дүрээр сарын 03-нд Эминэм The Marshall Mathers LP 2 цомгийнхоо 10 жилийн ойг тохиолдуулж цомгийн өргөтгөсөн хувилбарыг гаргасан байна. Үүнд цомгийн эх дуунууд багтсан ба Бакшот-той хамтарсан "Don’t Front" хэмээх шинэ дуу болон "Survival", "Berzerk", "The Monster", "Rap God", "Headlights" дуунуудын ая багтжээ.

2024: The Death of Slim Shady (Coup de Grâce)

[засварлах | кодоор засварлах]

Эминэм Lyrical Lemonade-ийн Doomsday Pt.2 дуун дээр ажиллаж энэ дуу нь 2024 оны 01 дүгээр сарын 26-нд Youtube-д аудио хэлбэрээр цацагдаж, 03 дугаар сарын 13-нд клип нь тавигджээ. Энэ дуу нь Эминэмтэй удаан хугацааны турш beef-тэй байсан Бензиногийн "Rap Elvis" дууны хариу юм.

2024 оны 03 дугаар сарын 19-нд Жимми Киммел-ийн шууд нэвтрүүлгийн үеэр Доктор Дре: "Эминэм энэ жил шинэ цомгоо гаргах бодолтой байгаа" гэж мэдэгджээ. 04 дүгээр сарын 25-нд Эминэм Детройт хотноо болсон NFL-ийн 2024 оны драфтын нээлтийн ёслолд Рожер Гүүделл-тэй хамт оролцох үеэр The Death of Slim Shady (Coup de Grâce) гэх нэртэйгээр арван хоёр дахь студийн цомгоо зарлаж, 2024 онд гаргахаар төлөвлөжээ. NFL Network дээр гарсан цомгийн трэйлер дээр Эминэмийн хоёрдогч дүр болох Слим Шэйдиг аллагын золиос болсон талаар өгүүлдэг. Трэйлерт 50 Цент мөн тоглосон байна. Цомгийн продюсероор Доктор Дре болон The ICU нар ажилласан байна.

2024 оны 05 дугаар сарын 28-нд Эминэм илбэчин Дэвид Блэйн-тэй хамтарсан бичлэгээ Instagram хуудаснаа нийтэлжээ. Бичлэгт Эминэм, Блэйн хоёрын хооронд видео дуудлага хийж байгаагаар гардаг. Энэ нь түүний удахгүй гарах шинэ цомгийн эхний синглийн сурталчилгаа байсан бөгөөд бичлэгийн төгсгөлд цомгийн эхний синглийн нэр болон гарах огноог зарласан байдаг. Цомгийн эхний сингл нь Houdini гэх нэртэйгээр 2024 оны 05 дугаар сарын 31-нд клиптэйгээ цацагджээ. Энэ дуу нь одоогоор олон орны чартуудыг тэргүүлж, Billboard Global 200-д нэгдүгээрт, Hot 100-д хоёрдугаар байранд жагсч байна.

2024 оны 06 дугаар сарын 28-нд цомгийн хоёр дахь сингл Tobey нэртэй дууны тизерийг нийтэлж, уг дууг Детройтын реппер Биг Шан, Бэйбитрон нартай хамтарчээ. Энэ дуу 07 дугаар сарын 02-нд цацагдаж, 07 дугаар сарын 09-нд клипийг нь цацжээ. Дуунд хүн аалзыг хэд хэдэн удаа дурьдаж, Сэм Рэймийн Хүн-аалз (кино)-ны гурвалсан цувралын Spider-Man: No Way Home кинонд тоглосон жүжигчин Тоби Магуайр-ын талаар өгүүлсэн байна. Мөн уг сингл дууны ковер зургийг 1967 онд гарсан Хүн аалз хүүхэлдэйн киноны меме зургаар дүрслэн гаргажээ. 2024 оны 08 дугаар сарын 31-нд реппер ЛЛ Күүл Ж-ийн Эминэмтэй хамтарсан Murdergram Deux дууг гаргаснаар энэ нь тэдний анхны хамтарсан уран бүтээл аж.

Студийн цомгууд

Бие даасан буюу хувийн

Хамтарсан

 Commons: Эминэм – Викимедиа зураг, бичлэг, дууны сан