Jump to content

Интерпол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага
  • Араб:منظمة الشرطة الجنائية الدولية
    Испани:Organización Internacional de Policía Criminal
    Франц:Organisation internationale de police criminelle
Нийтлэг нэрИнтерпол
ТовчлолICPO-INTERPOL
УриаConnecting police for a safer world
Ерөнхий мэдээлэл
Байгуулагдсан1923 оны 9 сарын 7; 103 жилийн өмнө (1923-09-07)
Өмнөх байгууллагууд
  • Олон улсын эрүүгийн цагдаагийн анхдугаар конгресс (1914)
  • Олон улсын цагдаагийн бага хурал (1922)
  • Олон улсын эрүүгийн цагдаагийн комисс (1923)
Ажилчид1,050 (2019)
Жилийн төсөв€176 сая (2023)
Харьяаллын бүтэц
Олон улсын байгууллага
Улс196 гишүүн улс
Удирдах байгууллагаЕрөнхий Ассамблей
Хууль тогтоох баримт
  • ICPO-INTERPOL Constitution and General Regulations[1][2]
Үйл ажиллагааны бүтэц
Төв байрЛион, Франц
Олон улсын байгууллага
Ажилтнуудын үндэс угсаа130 (2024)
Байгууллагын удирдлага
Байгууламж
Үндэсний Төв Товчоо196
Вэбсайт
interpol.int Edit this at Wikidata

Интерпол буюу Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага (франц. Organisation internationale de police criminelle, англи. The International Criminal Police Organization) нь гэмт хэргийг таслан зогсоох, дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой олон улсын байгууллага юм. Байгууллагын нэрийг Интерпол гэж товчлон нэрлэж хэвшсэн. Байгууллагын төв байр нь Франц улсын Лион хотод байрладаг. Бүс нутгуудийг хариуцсан 7 товчоо, Үндэсний төв товчооноос бүрдэх 196 гишүүн оронтой томоохон байгууллага юм.[3] Үйл ажиллагаа болон гишүүн орнуудынхаа цар хүрээгээр НҮБ-ын дараа ордог.

Интерпол нь 1914 онд хууль сахиулах хамтын ажиллагааны чиглэлээр 24 улс орны төлөөлөгчдөөс бүрдсэн Олон улсын Эрүүгийн цагдаагийн конгрессийн үеэр үүсгэн байгуулагдах үндэс суурь нь тавигдсан. 1923 онд Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Комисс нэртэйгээр байгуулагдсан. 1956 онд зохион байгуулагдсан хурлын үеэр дүрмээ шинэчлэн баталж, байгууллагынхаа нэрийг цахилгаан мэдээний код болох ИНТЕРПОЛ гэсэн нэршлийг ашиглахаар албан ёсоор шийдвэрлэсэн.

Монгол Улс тус байгууллагад 1991 оны 11-р сарын 4-нд элссэн байна.

19-р зууныг хүртэл дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа нь тодорхой зорилго буюу эрүүгийн хэргийг шийдвэрлэх түр зуурын шинж чанартай байв. Олон улсын цагдаагийн байгууллагын албан ёсны, байнгын тогтолцооны хамгийн анхны оролдлого нь 1851 онд Герман хэлээр ярьдаг улс орнуудын цагдаа нарыг нэгтгэх зорилгоор байгуулагдсан Германы Цагдаагийн Холбоо юм. Тус холбооны үйл ажиллагаа нь ихэнхдээ улс төрийн зөрчил, улс төрийн гэмт хэрэгтнүүд дээр төвлөрсөн байв. Үүнтэй төстэй төлөвлөгөөг 1898 онд Италийн Ром хотод болсон Анархистын эсрэг бага хурлаар Европын 21 улсын төлөөлөгчид Олон Улсын Анархист хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх албан ёсны бүтэц бий болгох талаар хэлэлцсэн. 1904 онд Санкт-Петербургт болсон чуулга уулзалт, түүний дараа хийсэн уулзалтуудаар тус асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй.

20-р зууны эхэн үед олон улсын аялал жуулчлал, худалдаа эрчимжиж эхэлснээр үндэстэн дамнасан эрүүгийн байгууллага болон хууль зөрчигчдийг илрүүлэхэд олон улсын цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн оролдлого хийсэн. Хамгийн эхнийх нь 1914 онд Монакод зохион байгуулагдсан Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Конгресс бөгөөд 20 гаруй улсын цагдаа, хууль сахиулах ажилтнууд нэгдэж гэмт хэрэг мөрдөн шалгах, мөрдөн байцаах арга техникээ солилцох, шилжүүлэн өгөх ажиллагааны талаар хэлэлцэхээр тогтсон.[4] Монакогийн Конгрессоор Интерполын үндэс суурь болсон арван хоёр зарчим, тэргүүлэх чиглэлийг гаргасан бөгөөд үүнд улс орны цагдаагийн байгууллагууд хоорондоо шууд холбоо тогтоох, шүүх, мэдээлэл цуглуулж солилцох олон улсын стандартыг бий болгох, шилжүүлэн өгөх хүсэлтийг үр дүнтэй боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг чухал асуудлуудыг тусгасан. Дэлхийн нэгдүгээр дайны улмаас олон улсын цагдаагийн байгууллага байгуулах санаа биеллээ хараахан олоогүй. Америкийн Нэгдсэн Улс 1922 онд Нью-Йорк хотод Олон улсын цагдаагийн бага хурал зохион байгуулсан боловч энэ нь олон улсын анхаарлыг татаж чадаагүй.

Үүнээс нэг жилийн дараа буюу 1923 онд Вена хотод болсон Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Бага хурлаар Венийн Цагдаагийн газрын дарга Иоханнес Шоберер тэргүүлэн шинэ санаачилга гарав. 22 улсын төлөөлөгч Вена хотод төвтэй Олон улсын эрүүгийн цагдаагийн комиссыг (ОУЭЦК) үүсгэн байгуулахаар тохиролцсон нь Инперпол байгууллагын үндэс суурь болсон. Үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд Австри, Герман, Бельги, Польш, Хятад, Египет, Франц, Грек, Унгар, Итали, Нидерланд, Япон, Румын, Швед, Швейцар, Югославын цагдаагийн албан хаагчид багтсан. Байгуулагдсан жилдээ ОУЭЦК-ын Олон нийтийн аюулгүй байдлын сэтгүүлд эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийг мэдээллийг нийтэлж эхэлсэн. Их Британи улс тус байгууллагад 1928 онд элссэн.[5] АНУ-ын цагдаагийн байгууллагын төлөөлөл албан ёсоор 1923 оны хуралд оролцсон хэдий ч 1938 он хүртэл элсээгүй. 1934 он гэхэд ОУЭЦК-ны гишүүнчлэл 2 дахин нэмэгдэж 58 улс орон гишүүнээр элссэн.

1938 онд нацистууд Австри улсыг эзлэн, өөртөө нэгтгэснээр Вена хотод төвтэй тус байгууллага нацист Герман улсын мэдэлд орж, Комиссын төв байр 1942 онд Берлин хот рүү нүүсэн. Ихэнх гишүүн орнууд энэ хугацаанд тус байгууллагад дэмжлэг үзүүлэхээс татгалзсан. 1938-1945 онуудад Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Комиссын Ерөнхийлөгчөөр Отто Штайнхаус, Рейнхард Хейдрих, Артур Небе, Эрнст Калтенбруннер нар ажилласан. Эдгээр хүмүүс нь бүгд SS-ийн генералууд байсан бөгөөд эдгээрээс Калтенбруннер нь Нюрнбергийн шүүх хурлын дараа цаазлагдсан хамгийн өндөр албан тушаалтан байсан юм.

1946 онд Дэлхийн 2-р дайн дууссаны дараа Бельги, Франц, Скандинавын хойгийн орнууд, Их Британи улсын албан тушаалтнууд нэгдэж, нэршлийг Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага (ОУЭЦБ) болгож шинэчлэв. Байгууллагын шинэ төв байр Парис хотод байрлаж байгаад, 1967 оноос хойш Парисын захад орших Сен-Клу коммун руу нүүж 1989 онд Лион хот дахь одоогийн байранд орох хүртлээ байрлажээ.

1980-аад он хүртэл Интерпол нь байгууллагын дүрмийн 3-р зүйлд заасны дагуу "улс төрийн" асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримталж нацист дайны гэмт хэрэгтнүүдийг яллах ажиллагаанд оролцоогүй. [6]

Ерөнхий нарийн бичгийн дарга нар

[засварлах | кодоор засварлах]
1 Оскар Дресслер 1923 он 1946 он Австри
2 Луи Дюклу 1946 он 1951 он Франц
3 Марсель Сико 1951 он 1963 он Франц
4 Жан Непот 1963 он 1978 оны 10-р сар Франц
5 Андре Боссар 1978 оны 10-р сар 1985 оны 10-р сар Франц
6 Раймонд Кендалл

(1933 төрсөн)

1985 оны 10-р сар 2000 оны 10-р сар Их Британи
7 Рональд Ноубл

(1956 төрсөн)

2000 оны 11-р сар 2014 оны 11-р сарын 7. АНУ
8 Юрген Шток

(1959 төрсөн)

2014 оны 11-р сарын 7-ноос 2024 оны 11-р сарын 5. Герман
9 Вальдес Уркиза

(1981 онд төрсөн)

2024 оны 11-р сарын 5-наас -/-/- Бразил
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Интерпол – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Интерпол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "Constitution2008".
  2. "General Regulations of the International Criminal Police Organization" (PDF). Interpol, Office of Legal Affairs. 1956. Эх хувилбараас (PDF) архивласан: 2016-02-07. Татаж авсан: 2026-06-28.
  3. https://www.interpol.int/en/Who-we-are/General-Secretariat
  4. https://www.jstor.org/stable/3115142?seq=1
  5. https://www.interpol.int/Who-we-are/Member-countries/United-Kingdom[permanent dead link]
  6. Barnett, M.; Coleman, L. (2005). "Designing Police: INTERPOL and the Study of Change in International Organizations". International Studies Quarterly. 49 (4): 593. doi:10.1111/j.1468-2478.2005.00380.x.