Jump to content

Мигэддоржийн Батчимэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
06:50, 2 Гуравдугаар сар 2018-ий байдлаарх 122.201.31.8 (хэлэлцүүлэг) хэрэглэгчийн хийсэн залруулга
Мигэддоржийн Батчимэг
Ардчилсан Намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн
Монгол УИХ-ын гишүүн асан
2012-2016
Овог нэрМигэддоржийн Батчимэг
Төрсөн1973 оны 1 сарын 26 (1973-01-26) (51 настай)
Өвөрхангай аймаг, Тарагт сум
Улс Монгол
Нам эвсэлАрдчилсан Нам
Гэр бүлНөхөр Цэдэвийн Эрдэнэбаяр. Гурван хүүхэдтэй
СургуульБээжингийн Хэл соёлын их сургууль

Мигэддоржийн Батчимэг (1973 оны 1 дүгээр сарын 26-нд төрсөн. Өвөрхангай аймаг. Тарагт сум) нь Монгол улсын улс төрч. 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх. 2012-2016 онд Намын жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажилласан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. 2011-2012 онд “Нэг ардчилал” клубын зохицуулагч.

Эцэг эх

Өвөг эцэг Цэдэндагва нь 1893 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт төрсөн. Сайн ноён хан аймгийн Онгийн хийдэд багаасаа шавилан сууж, чойрын номд суралцаж байгаад, хүрээ тарах үеэр хар болжээ. Улмаар 1940 онд нутгийн эмэгтэй Цэдэндолгортой гэр бүл болж найман хүүхэд төрүүлж өсгөсөн нь нутаг усандаа төдийгүй улсын хэмжээнд хөдөлмөр бүтээлээрээ үнэлэгдсэн нэр хүндтэй хүмүүс болсноос, том хүү нь БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, хоёр дахь охин нь 18 насандаа АИХ-ын депутат, тав дахь хүү нь шинжлэх ухааны доктор профессор, гурав дахь охины нөхөр нь гавьяат малчин болж, олонх нь ажил хөдөлмөрөөрөө сум, аймаг, улс, байгууллагын аваргаар шалгаран депутат, намын хорооны гишүүнээр сонгогдож байв.

Цэдэндагвын дөрөв дэх хүү, Батчимэгийн эцэг Мигэддорж 1944 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт төрсөн. ХААДС-д суралцаж инженер-механикчийн мэргэжил эзэмшээд хот хөдөөд инженер, багш, удирдах ажил хийж байв. Өвөрхангай аймгийн Ардын хурлын депутат, Аймгийн намын хорооны Бүгд хурлын гишүүнээр сонгогдож байсан ба түүний даргаар ажиллаж байсан 10 жилийн хугацаанд аймгийн Тээврийг удирдах газар нь ажлаараа улс, аймагт удаа дараа тэргүүн байруудад шалгарч байжээ. 1970 онд Галсансономын Нарантуяатай гэр бүл болж дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсний ууган нь М.Батчимэг юм. Г.Нарантуяа нь түүх-нийгмийн багшаар 1970 оноос тасралтгүй ажиллаж, ерөнхий боловсролын дунд сургуулийн таван сурах бичиг зохиосон. Боловсролын тэргүүний ажилтан, зөвлөх багш, Монгол улсын Гавьяат багш юм.[1]

Бага нас

Дунд сургуулийн сурагч М.Батчимэг

М.Батчимэг 1973 оны нэгдүгээр сарын 26-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. Дөрвөн хүүхэдтэй айлын ууган тэрбээр гэр орны ажилд тусалж, дүү нараа харахын зэрэгцээ хичээлдээ онц сурахыг үнэнхүү чармайдаг байснаа дурсдаг. Ном унших, ялангуяа түүхэн романууд унших дуртайгаас гадна математикийн сонгон ангид сурдаг, тоо, физикийн олимпиадуудад идэвхтэй оролцдог мөртлөө монгол хэл, гадаад хэлний хичээлийг илүү сонирхдог байжээ. Долдугаар ангиас эхлэн англи хэл бие даан судалж эхэлсэн. Тэр үед дунд сургуульд англи хэл заадаггүй, англи хэлний сурах бичиг ч ховор байсан үе. Н.А.Бонк хэмээх орос зохиогчтой англи хэлний орос сурах бичгийг ээжээрээ олуулж анх англи хэл үзэж байв. Дунд сургуулиа алтан медальтай дүүргэсэн.

Боловсрол

М.Батчимэг Арвайхээр хотын II арван жилийн сургуулийг 1990 онд дүүргээд Улаанбаатар хотын Хүмүүнлэгийн их сургуулийн хятад хэлний ангид элсэн оржээ. 1991 онд Монгол улсын Засгийн газрын тэтгэлгээр 15 оюутныг Хятадад сургахаар шалгаруулалт явуулахад оролцон тэнцэж Бээжингийн Хэл соёлын их сургуулийн хятад хэл-утга зохиолын ангид элсэн суралцаад 1995 онд хятад хэл-соёл судлаач мэргэжлээр дүүргэв.1997-1999 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд магистрын сургалтад хамрагдаж, 1999 оны 5 дугаар сард Монгол улсын Батлан хамгаалахын их сургуульд "Монгол улсын гадаад бодлого ба Монгол-Хятадын харилцаа" сэдвээр улс төр судлалын магистрын зэрэг хамгаалжээ. 2001 онд АНУ-ын Номхон далайн командлалын Ази Номхон далайн аюулгүй байдлын дээд курст суралцсан. Тайваньд ажиллаж байх үедээ Тайванийн Улс төрийн их сургуульд докторантаар элссэн бөгөөд 2010 онд докторантын сургалтаа Монгол улсын Батлан хамгаалахын их сургуульд шилжүүлж “Үндсэн хуульт байгуулал ба Үндэсний аюулгүй байдал” сэдвээр докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байгаа.

Эрхэлсэн ажил

1995-2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаачаар ажилласан. Энэ хугацаанд Монгол улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын бодлого, БНХАУ-ын гадаад бодлогын чиглэлээр түлхүү судалгаа хийжээ. Дотоод, гадаадын нэр хүндтэй судалгааны сэтгүүлд 40 гаруй өгүүлэл нийтлүүлж, 20 гаруй олон улсын хуралд улс орноо төлөөлөн оролцож, илтгэл тавьж байв. Монгол-Хятадын харилцаа, Монгол–Хятад–Америкийн харилцаа, Монгол–Умард Солонгосын харилцааны сэдвээрх өгүүллүүдээ "Asian Survey", "China Brief", "Global Times" зэрэг олон улсын нөлөө бүхий сэтгүүл, сайт, сонинд нийтлүүлж байсан. АНУ-ын "Хэритэж" сан, "Жэймстаун" сан, Индианагийн их сургууль, Францын Батлан хамгаалах судалгааны төв зэрэг нэр хүндтэй судалгааны байгууллага, их сургуульд урилгаар лекц уншиж байв.

2005 оны долдугаар сард Тайванийн нийслэл Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилогдож 2008 оны наймдугаар сар хүртэл ажилласан. Мөн хугацаанд хоёр талын худалдаа эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж иржээ. Хоёр талын их сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын хооронд харилцааг хөгжүүлэхэл дэмжлэг үзүүлж Тайваньд суралцах оюутны тоог бодитойгоор нэмэгдүүлсэн. Тайванийн Улс төрийн их сургуульд суралцаж байсан 1997 оноос эхлэн Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэдэг Тайванийн бодлогыг өөрчлүүлэхийн төлөө хүчин чармайлт тавин ажиллаж ирсэн бөгөөд 1999–2005 онд Монгол-Тайванийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ энэ ажилд идэвхийлэн оролцож, 2002 онд Монголын талаарх Тайванийн бодлогыг өөрчилсөн бодлого гаргахад хувь хүний хувьд бодитой нөлөө үзүүлж байв. Улаанбаатарын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Тайванийн талаас “Монгол Улсын тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрч хүндэтгэдэг” гэдэг албан ёсны ноот бичгийг гаргуулан авч байжээ.

2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж санал тавьсныг хүлээн авч, ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлого хариуцсан зөвлөхөөр 2012 он хүртэл ажиллав. Энэ хугацаанд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсгийг ахалсан бөгөөд энэ шинэ үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлыг зөвхөн төрийн хүчээр бус, иргэдийнхээ идэвхтэй оролцоотойгоор хамгаалах шинэ үзэл санаагаар боловсрогдсон юм. Соёл иргэншлийн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, хүний болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг чухалчилсан уг бодлого УИХ-аар батлагдаж байгаа ихэнх хууль, тогтоолын суурь үзэл баримтлал болсоор байна. Мөн Монгол улсын ерөнхийлөгч НҮБ-ын индрээс Монгол улс цөмийн хаягдал импортлохгүй, нутаг дэвсгэртээ булшлахгүй гэдэг албан ёсны бодлогыг зарлахад хувь нэмрээ оруулсан. "Төрийн цэргийн бодлогын үндэс" баримт бичгийг шинэчилж "Төрийн батлан хамгаалах бодлого" баримт бичгийн анхны төсөл боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байв. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа АНУ-ын Азийн сангийн "21 дүгээр зууны залуу лидер" хөтөлбөр, Эйзенхауэрийн хөтөлбөр, Францын Засгийн газрын "Ирээдүйн лидерүүд" зэрэг хөтөлбөрт уригдаж, эдгээр улс орны бодлого боловсруулагчид, төр засгийн удирдлагатай уулзан, Монгол улсын гадаад бодлогыг таниулах, улс орноо сурталчлах үйл ажиллагаа явуулж байв.

Улс төрд

М.Батчимэгийн ажил үйлс ямагт төрийн бодлоготой холбоотой байсан болохоор улс төрийн хоёр гол намын зүтгэлтнүүдтэй эртнээс холбоотой ажиллаж иржээ. 2009 онд Монгол улсын ерөнхийлөгч зөвлөхөөрөө ажиллах хүсэлт тавьсан цагаас улс төрийн амьдралд бодитойгоор хөл тавьж улс төрийн замнал нь эхэлсэн юм. Тэрбээр Ардчилсан намд 2009 онд элсчээ. Улмаар 2011 онд тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдов. 2014 онд Орхон аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдон хоёр жил ажиллаад Эрдэнэтийн ардчиллын хөдөлгөөний ууган зүтгэлтний нэг Г.Батмөнхөд ажлаа өгсөн байна.

Улсын Их Хурлын гишүүн

М.Батчимэг 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтын 10 дугаарт бичигдэн парламентын гишүүн болов. Энэ сонгуульд Ардчилсан намын жагсаалтаар УИХ-д 10 гишүүн орж иржээ. УИХ-ын гишүүн болоод тэрбээр Ёс зүйн дэд хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр ажиллав. Улмаар Монголын Парламентын бүлгэмийн дэд дарга, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейтай харилцах бүлэг, НАТО-гийн Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн даргын албан тушаалыг хашиж байв. Мөн Монгол-АНУ, Монгол-Хятад, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд дарга байсан.

Үйл ажиллагаа

УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаанд тэрбээр нийт 19 хууль, тогтоолын төслийг санаачлан дийлэнхийг нь батлуулжээ. Тухайлбал, Монгол хэлний тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиудыг санаачлан батлуулж, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Гадаад харилцааны тухай хуулийг санаачилж өргөн барьсан. Нийт 29 хуулийн ажлын хэсэгт орж ажиллахдаа тэдгээрийн долоог нь ахалж ажилласан байна. Монгол хэлний тухай хууль батлагдсанаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг Монгол улсад анх удаа байгуулж, эзэнгүй явж ирсэн монгол хэлний бодлого, хяналтыг нэгдмэл зохицуулалтад оруулсан юм. Мөн өөрийн дураар зөв бичих дүрэм зохиох, өөрчлөх явдлыг цэгцэлж, зөв бичих дүрэм, нэр томъёоны орчуулгыг нэг мөр болгох эрхийг ШУА-ийн дэргэдэх судалгааны хүрээлэнд олгохын зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагуудад эх хэлээ хадгалж хамгаалах үүрэг хүлээлгэв. Гадаад хэлээр сургалт явуулдаг хувийн сургуулиудад монгол хэлний хичээл заавал орох, үндэсний монгол бичгийн хэрэглээг 2025 оноос эхлэн шат дараатай нэмэгдүүлэхийг мөн хуульчилсан билээ. [2]


Мөн Монгол улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай, Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай, Дипломат албаны тухай хуулийн төсөл боловсруулах тухай, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж тус тус батлуулсан байна.[3] Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар судалгаа хийж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Төрийн албаны тухай, Улс төрийн намын тухай хуулиудыг боловсруулах ажлын хэсэгт идэвхтэй ажилласан. УИХ-ын гадаад харилцааг өргөжүүлэх, олон улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх чиглэлээр идэвхийлэн ажилласны дотор Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблейн намрын хурлыг зохион байгуулах ажлыг удирджээ.[4] Мөн Японы ерөнхий сайд Абэ Шинзогийн урилгаар бодлого боловсруулах төвшин дэх монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл болж Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцов.[5] Нийгэмд сайн сайхныг түгээх, гэр бүл хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хайрлаарай” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн.[6]

2016 оны сонгууль

2016 оны УИХ-ын сонгуульд М.Батчимэгийн нэрийг дэвшүүлэхээр Орхон аймгийн Ардчилсан Намаас санал гаргасан боловч өөрөө нэрээ татаж, харин Улаанбаатар хотын Сүхбаатар, Багануур дүүргийн 61 дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдсөн. Ингэхдээ УИХ-ын гишүүн, ерөнхий сайд асан Р.Амаржаргал нэр дэвших эрхээ түүнд шилжүүлсэн байдаг. Ийнхүү санал хураалтын дүн гарахад найман хүн өрсөлдсөн тус тойрогт М.Батчимэг 5,570 сонгогчийн санал буюу 33.22 хувийн санал авч, МАН-аас нэр дэвшсэн Сүхбаатарын Батболдын дараа орсноор УИХ-ын сонгуульд ялагдсан болно.[7]

Гавьяа шагнал

  • Хөдөлмөрийн хүндэт медаль. (2001 он)[8]
  • “Алтан гадас” одон. (2013 он)[9]

Гэр бүл

Нөхөр Цэдэвийн Эрдэнэбаяр 1973 онд Дундговь аймагт төрсөн. МУИС-ийг 2000 онд төгсгөсөн. Хэрэглээний математикч мэргэжилтэй. Одоо “Арвис консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал. Ц.Эрдэнэбаяр, М.Батчимэг нар гурван хүүхэд, нэг зээтэй.

Холбоос

Эх сурвалж