Jump to content

Рапс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Рапс
Рапс (Brassica napus)
Рапс (Brassica napus)
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Eudicots
(зэрэглэлгүй) Rosids
Баг: Brassicales
Овог: Тоонолжин цэцэгтэн
Төрөл: Байцаа (төрөл)
Зүйл: Рапс
Латин нэр
Brassica napus


Рапс (Латин: Brassica napus) нь байцаатны (Латин: Brassicaceae) овгийн нэгэн зүйл өвслөг ургамал. Тосны чухал ургамал. ХХ зууны сүүл үеэс биодизель гарган авах түүхий эд болгон ашиглагдаж эхэлснээр эдийн засгийн ач холбогдол нь өсөж байгаа.

Рапсын үүссэн газрын талаар одоог хүртэл нэгдмэл үзэл байдаггүй. Дийлэнх ургамал судлаачид рапсыг Brassica төрөлд буюу Газар дундын тэнгисийн үүслийн төвд хамруулдаг. Зэрлэг рапс одоогоор мэдэгдээгүй, гэхдээ Европ, Ази, Америк, Хойд Африкийн олон оронд таримал рапс зэрлэгшиж хог ургамал байдлаар тааралддаг.

Олон оронд рапс гэдэг нэрийн дор энэ бүлийн хэд хэдэн ургамлыг (Аргентин канола, канола, colza, тосны рапс, Сарепатын гоньд г.м.) нэгтгэн ойлгодог.

Морфологийн шинж

[засварлах | кодоор засварлах]

Үндэс нь ишэрхэг, ээрүүл хэлбэрийн, дээд хэсгээр бүдүүрсэн, салаалсан. Үндэсний дийлэнх хэсэг нь 20-45 см гүнд төвлөрч, цэцэглэлтийн үед хөндлөнгөөр ургах боломжтой. Үндэсний голч 3 см, өвөлжих рапсын үндэс хөрсөнд 3 метр хүртэл, зусах рапсын үндэс 2 метр хүртэл гүн нэвтэрдэг.

Иш шулуун, дугуй, салбарласан ба бүх үе 12—25 мөчиртэй. Ишний өндөр 60—190 см, голч 0.8—3.5 см. Өнгө ногоон, тод ногоон, буурал ногоон, тосорхог.

Навч ээлжилсэн байрлалтай. Доод навчнууд - зууван, зүсэгдсэн ба хэсгүүд нь мухар үзүүртэй, заримдаа сул үрчлээстэй; дунд навчнууд - гонзгой, жад хэлбэрийн; дээд навчнууд - сунасан, зууван, ишгүй-суумал, өргөн суурьтай, 1/3—2/3. Навчны өнгө хөх ногоон эсвэл бэхийн ягаан, унжаагүй, бага зэрэг үслэг, тосорхог. Их навчирхаг ба бага навчирхаг хэлбэрүүд байдаг.

Баг цэцэг 25-30 орчим бундуу буюу цэцгийн цоморлигоос тогтоно. Цэцэг нь алтлаг шар өнгийн 4 дэлбээтэй, зууван, өндөг хэлбэрийн цэцгийн хөлтэй, 6 дохиуртай, түүний гадна талын хоёр нь богино. Цэцэгний 70 хувь нь өөрөө тоос хүртдэг, үлдэгдэл 30 хувь нь салхи болон шавьжаар тоос хүртэнэ.

Үр жимс нь урт гөлгөр хонхорцог бөгөөд, урт нь 3-10 см, өргөн нь 0.4 - 0.6 см. Хонхорцог нь уртааш 2 тасалгаатай, дотроо 40 хүртэл үрийг агуулна.

Канола нь анхандаа худалдааны тэмдэг байсан боловч, одоо, хүнсний тосны рапсын нэр болтлоо хөгжсөн. Канадад канолагийн нэрний тайлбарыг хуульчилсан байдаг. 1970 оны үед Канадын Рапсын Холбооноос "canola" гэдэг нэрийг бий болгосон ба, үүний "Can" гэдэг нь тухайн улсын нэрний хэсэг, Canada, "ola" гэдэг нь oil буюу тос гэдэг утгыг илэрхийлдэг.[1][2]

Рапсын талбай. Эстони

Рапсын тос нь өвөрмөц амттай ба ногоон туяатай байдаг нь хлорофилийн агууламжтай холбоотой.

Рапсын хэдэн хэдэн сортыг 1998 онд сайжруулж, дийлэнх өвчнийг, мөн ганг тэсвэрлэх чадвартай канолаг гарган авсан. Энэ болон бусад олон өөрчлөлтийг генийн инженерчлэлээр хийсэн. 2009 онд, Канадын рапсын тариалалтын 90%-ийг генийн өөрчлөлттэй ургамал болох гербецидэд тэсвэртэй канолагийн сортууд эзэлсэн. [3]

Биологийн онцлог

[засварлах | кодоор засварлах]

Рапс нь нэг наст, хүйтэнд тэсвэртэй, чийг болон хөрсний нөхцлийг шаарддаг, Монгол орон хамрагдах дэлхийн цаг уурын бүсэд сайн ургадаг. Өдөр богиносох тусам ногоон масс нь нэмэгдэж үр үйлдвэрлэлт нь буурдаг. Өвөлжих ба зусах рапс байдаг. Рапс нь үрээр үрждэг. Зусах рапс 1—3 °C, өвөлжих рапс 0,1 °C температурт соёолж эхэлдэг, жижиг үедээ −5 °C, том болсон ургамал −8 °C хүртэл хүйтрэлтийг даадаг, ургах оптимум температур нь 14—17 °C. Гол хатгах хүртэл ургамлын өсөлт хөгжил удаан явагддаг. Энэ үед хүчирхэг үндэсний систем бүрэлддэг ба суумгай (бутлаг) навчнууд үүсдэг. Өвөлжих рапсын бутны диаметр 30-60 см байх ёстой ба хангалттай хөгжөөгүй ургамал өвлийн хүйтнийг даахгүй үхдэг.

Өвөлжих рапс нь мөсөн бүрхүүл, норолт, үндэсний бактериоз зэргээс маш их гэмтдэг. Хавар ургаж эхэлснээс хойш 2 долоо хоногийн дараа ишжих, цоморлигжих үе эхэлдэг. Цоморлигжилт 20-25 хоног, цэцэглэлт 25-30 хоног үргэлжилдэг. Цэцэглэлтийн төгсгөлөөс үр боловсрох хүртэл 25-35 хоног болдог. Өвөлжих рапсын вегетацийн үе 290-320 хоног, зусахынх 80-120 хоног тус тус үргэлжилдэг.

Өвөлжих рапсын сортууд, орой болцтой - 310-с их хоног, дунд болцтой - 280-310 хоног, эрт болцтой - 280 хүртэл хоног гэж ангилагддаг. Зусах рапсын сортуудыг орой болцын - 110-с их хоног, дунд болцын 90-110 хоног, эрт болцын - 90 хүртэл хоног гэж ангилна.

Тариалсанаас хойш 4-6 дахь хоногт соёолох ба үүнээс хойш 40-50 дахь хоногоос цэцэглэлт эхэлнэ. Үр боловсроход шаардагдах идэвхтэй температурын нийлбэр нь 1800-2100 °C, ногоон масс бүрэлдэх идэвхтэй температурын нийлбэр нь 780-800 °C. Рапс вегетацийнхаа үед улаан буудайтай харьцуулахад 1,5-2 дахин их ус хэрэглэдэг. Иймд хуурайшлын үед ургац мэдэгдэхүйц буурдаг. Рапс нь зохих хэмжээний давстай, бага хүчиллэг (рН 6,5—6,8) хөрсөнд сайн ургадаг. Рапс нь хөрсний ус ойрхон оршдог усархаг, намгархаг, хүнд шаварлаг хөрсөнд дургүй, мөн хөрсний үржил шимд өндөр шаардлага тавьдаг учир бордолтод мэдрэмтгий ургамал юм.

Хортон шавьж ба өвчин

[засварлах | кодоор засварлах]
Plasmodiophora brassicae-р өвчилсөн рапсын үндэс

Манай оронд рапсад хамгийн хөнөөлтэй хортон шавьжууд — навчич цох, рапсын эрвээхэй, рапсын цэцэг идэгч цох, хөрсний хачиг.

Өргөн тархсан рапсын өвчнүүд — альтернариоз, цагаан хяруу, хуурмаг цагаан хяруу, хар хөл, үндэсний ялзрал.

Тос үйлдвэрлэхэд ашиглагддаг ба рапсын тосыг хүнсэнд, маргарин үйлдвэрлэхэд, мөн төмөрлөгийн, савангийн, арьс ширний, сүлжмэлийн үйлдвэрлэлүүдэд хэрэглэдэг. Тосны үйлдвэрлэлийн хаягдал шахаадас нь 32% уураг, 9% өөх тос, 30% азотгүй хуурай бодис агуулдаг. Шахаадасыг хортой хольц болох гликозидээс салгасны дараа малын тэжээлийн зориулалтаар ашигладаг. Ийнхүү цэвэршүүлсэн шахаадас нь чанар сайтай малын тэжээлд тооцогддог.

НҮБ-ын хүнс ба ХАА-н асуудал эрхэлсэн байгууллагын хийсэн судалгаагаар, рапсын үйлдвэрлэл 2003-2004 оны тариалангийн улиралд 36 сая тн, 2004-2005 онд 46 сая тн, 2008-2009 онд 58 сая тн (Европын Холбоо 19 сая тн, Канад 12,6 сая тонн, Хятад 11,5 сая тн) болж байнга өсөж байгаа нь тогтоогджээ. Газрын тосны гаралтай түлшний үнэ нэмэгдсэнээр ургамлын тосон суурьтай (рапсын тос мөн хамаарна) биодизель үйлдвэрлэх нь ашигтай болоод байгаагаас шалтгаалан хүнсний рапсны тариалалтын хэмжээ буурч байгааг дурьдсан байдаг.

Рапс нь балт ургамал юм. Нэг гектараас 50 кг хүртэл зөгийн бал авч болдог. Рапсын бал нь цайвар шаргал өнгөтэй, хамгийн үнэ цэнэ багатай балд тооцогддог ба энэ төрлийн балаар зөгий өвөлжих боломжгүй.

Рапсыг ногоон бордуур байдлаар ашиглах үеийн ашигт чанарыг эндээс үзнэ үү.

Генийн дараалал ба генетик

[засварлах | кодоор засварлах]

Bayer Cropscience (Хятадын BGI-Shenzhen, Нидерландын Keygene N.V., Австралийн Кюинсландийн Их Сургуультай хамтран) B. napus -ийн бүх генийн дарааллыг өөрчилж, B. rapa ба B. oleracea -ийн генээр бүрдүүлсэн болохыг 2009 зарласан. Рапсын амфидиплоид зүйлийн "А" генийн дарааллыг олон улсын Brassica Генийн Төслийн хүрээнд өөрчилсөн.[5]

Генийн өөрчлөлттэй канола
Либертилинк (ген)
Канола
Юу-гийн гурвалжин

  1. Canola Council of Canada. "What is Canola?". Татаж авсан: 2013-10-16.
  2. AgCanada. "Canola was a "calculated" risk". Татаж авсан: 2013-10-16.[permanent dead link]
  3. Beckie, Hugh et al (Autumn 2011) GM Canola: The Canadian Experience Farm Policy Journal, Volume 8 Number 8, Autumn Quarter 2011, Retrieved 20 August 2012
  4. Alford, David (2008). Biocontrol of Oilseed Rape Pests. Oxford: Blackwell Science. ISBN 1-4051-7156-1.
  5. "The www.brassica.info website for the Multinational Brassica Genome Project". Archived from the original on 2013-06-17. Татаж авсан: 2015-09-08.
 Commons: Brassica napus – Викимедиа дуу дүрсний сан
Wikibooks
Wikibooks
Wikibooks: Cookbook:Yu Choy – Сурах бичиг, зааврууд