Хөлбөмбөгийн спорт Монголд
Хөлбөмбөг нь Монгол Улсад хамгийн түгээмэл хөгжсөн, олон нийтийн сонирхлыг хамгийн ихээр татдаг спортын төрлийн нэг юм. Хөлбөмбөг идэвхтэй тоглодог, сонирхдог янз бүрийн насны хүмүүсийн тоо хэдэн арван мянгад хүрнэ. Хөлбөмбөгийн үндэсний лиг 1996 онд нээгдсэнээс хойш тогтмолжиж, одоо хэд хэдэн лигийн тэмцээн, мөн улс, бүсийн янз бүрийн түвшний, өсвөрийн, залуучуудын, эмэгтэйчүүдийн гэх зэрэг олон ангиллын тэмцээнүүд, талбайн, танхимын хэлбэрээр явагдаж буй. Анх 1957 онд байгуулагдсан Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) 1998 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд (ОУХБХ) элссэн бөгөөд Монгол улсад хөлбөмбөгийг түгээн дэлгэрүүлэх, хөгжлийн дэлхийн стандартыг нэвтрүүлэх, арилжааны орчныг бүрдүүлэх, тэмцээн уралдааныг төрөлжүүлж олшруулах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Монгол улсын ерөнхийлөгч хөлбөмбөгийн спортыг идэвхтэй дэмжигч бөгөөд 2050 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулахыг уриалж, 2011 онд Швейцарт айлчлах үедээ, энэ уриалгыг ажил хэрэг болгох зорилготой мөрөөдлийн гэрээг ОУХБХ-ны ерөнхийлөгчтэй байгуулсан юм.[1]
Хөгжлийн эхэн
[засварлах | кодоор засварлах]Монгол оронд Ардын хувьсгал ялсны дараагаас эхлэн ЗХУ, Франц, Герман улсуудад явж, эрдэм боловсрол эзэмшсэн Монголын анхны сэхээтэн залуус, мөн ЗХУ-аас уригдан ирж ажиллаж байсан мэргэжилтнүүд, орчин үеийн спортын төрлүүдийн нэг болох хөлбөмбөгийн спорт үүсч хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Гадаад орнуудад суралцаж байсан оюутан, сэхээтнүүд нь төрөл бүрийн спортоор сонирхон хичээллэхийн зэрэгцээ, амралтаараа болон төгсөж ирэхдээ, спортын хэрэглэл материалууд болох бөмбөг, тор, тэшүүр, цана зэргийг бололцоогоороо авчирч, улмаар үе тэнгийнхэндээ заан сургаж, үлгэрлэдэг байжээ. Тухайлбал, Эрхүүгийн Рабфак болон бусад сургуульд цэргийн ба энгийн мэргэжлээр, түүнчлэн биеийн тамирын багшийн мэргэжлээр суралцаж ирсэн Н.Лувсандорж (Монголын хөлбөмбөгийн холбоог үндэслэн байгуулагч, анхны дарга), Аварзэд, Дүгэрсүрэн (Гадаад явдлын яамны асан), Доржбат, Чүлтэм, Гончигжамбаа, Сумхүү (Урлагийн гавъяат зүтгэлтэн), Бавуу, Жадамбаа нарын хүмүүсийг нэрлэж болно.[2] Улаанбаатар хотын Нисэх бааз, Цэргийн Ерөнхий сургууль, Офицерийн сургууль, Дотоод явдлын яамны Төв сургууль, Баянтүмэн, Матадад байрлаж байсан цэргийн ангиуд, Аж үйлдвэрийн комбинат, Налайхын уурхайд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд, тухайлбал, Дотоод явдлын яамны Төв сургуулийн сургагч Рахимов, Цэргийн Ерөнхий сургуулийн сургагч Полищук, Налайхын эмч Козлов зэрэг олон мэргэжилтэн хөлбөмбөгийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн нөлөөлж, манай анхны хөлбөмбөгчдөд хөлбөмбөгийн цагаан толгойг зааж сургаж байжээ.[2]
1930-аад он
[засварлах | кодоор засварлах]1930-аад оны үед МХЗЭ-ийн Төв хорооны дэргэдэх Биеийн тамирыг сайжруулах хэлтэс өөрийн орны тэргүүний сэхээтнүүд болон ЗХУ-ын мэргэжилтнүүдийн санал санаачлага, туслалцаанд түшиглэн, хүүхэд залуучуудыг орчин үеийн спортын төрлүүд болох хөлбөмбөг, волейбол, цана, тэшүүр, гимнастикийн спортод сургах зорилгоор янз бүрийн дугуйлан ажиллуулж байсан байна.[2] 1931 оны наймдугаар сарын есөнд “Биеийн тамирыг сайжруулах стадион”-д (Голын цэнгэлдэх) хөлбөмбөгийн дугуйлангийнхан хоёр баг зохион байгуулан тоглож, хотынхонд сонирхуулан сурталчилсан нь ихээхэн ач тусаа өгчээ. Үүнээс хойш Улаанбаатар хотын сургуулиуд, цэргийн ангиуд, үйлдвэр зэрэг залуучууд олноор цугларсан газруудад хөлбөмбөгийн дугуйлангууд бий болов. Энэ үеийн дугуйлангуудыг багийн “капитан” (ахлагч) хошуучилж байсан байна. Тэр үед багш дасгалжуулагч гэж байхгүй, дугуйлангууд нь зохион байгуулалт тааруухан, зөвхөн сайн дураараа, сонирхлоороо нэгдсэн, урсгал шинжтэй байжээ. 1930-аад оны дунд үе гэхэд Улаанбаатарт хөлбөмбөгийн дөрвөн баг бий болж, 50 орчим тамирчинтай болсон байна.[2] 1936 оны наймдугаар сарын 31-нд Налайхын уурхайн дугуйлангийнхан, Козлов нарын Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн багтай анхны албан ёсны уулзалт тоглолтыг зохион байгуулжээ. Сонирхолтой нь тухайн үед хөлбөмбөгийг монголчууд “хаалга гаргах тэмцээн” гэдэг байв.[3] 1930-аад оны эцсээр манай улсын зүүн хязгаарт япончууд хилийн будилаан үүсгэж, улмаар Халхын голын дайн болж, Европт Дэлхийн II дайн эхэлсэн зэрэг нь Монгол улсын хөгжил цэцэглэлт, тэр дундаа спортын хөгжилтөд ихээхэн саад бэрхшээл учруулсан байна.[2]
1940-50-иад он
[засварлах | кодоор засварлах]Хөлбөмбөгийн түүхийн зарим эх сурвалжид, Монголын баг 1942 онд Японы багтай хоёр удаа тоглосон гэх баттай бус мэдээ бий.[4] Түүхийн нөхцөл байдлын үүднээс нь авч үзвэл энэ нь тухайн үеийн БНМАУ-тай хамаарахгүй нь мэдээж бөгөөд Манжуур, Хойд Хятадад ноёрхлоо тогтоогоод байсан Японы арми, тэр дундаа Японы Хойд Хятад дахь армийн (北支那方面軍) бүлэглэлд багтаж байсан Монголын гарнизон (駐蒙軍) хэмээх тусгай нэгтгэлийн монгол цэргүүд болон тус армийн япон цэргүүдийн хооронд ийм тэмцээн зохион байгуулж байсан байж болох юм.
БНМАУ-д болсон хөлбөмбөгийн анхны томоохон тэмцээн 1946 оны зургадугаар сард “Бүх цэргийн спортын тоглолт” нэртэй зохион байгуулагдаж хуягт бригад, нисэх зэрэг цэргийн анги нэгтгэлийн есөн баг оролцон, Нисэхийн Л.Сандагдорж ахлагчтай баг түрүүлж байжээ.[5] Үүний дараа 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяраар, байгуулагдаад удаагүй "Цэрэг", "Соёл", "Ард", "Хөдөлмөр" зэрэг спортын сайн дурын нийгэмлэгүүд оролцож улсын чанартай анхны хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулагдахад "Хилчин" нийгэмлэгийн баг түрүүлэн "Чемпион", тамирчид нь "Рекордч" цол хүртэж байв.[6] Улмаар 1947-1950 онуудад улсын наадмын спартакиадын хөлбөмбөгийн тэмцээнд “хар” хэмээх Жадамба ахлагчтай баг "Хилчин" баг чемпион цолоо хадгалж байсан байна.[7] Харин 1951 онд баяр наадмын VI спартакиадын хөлбөмбөгийн тэмцээнд, “Цэрэг” нийгэмлэгийн Ц.Отгон ахлагчтай баг түрүүлж, “Хилчин” нийгэмлэгийнхний эзэгнэж байсан “Чемпион” цол, цомын эзэн болж, тамирчид нь ”Рекордч” цол хүртжээ.[8]
1953 оны 11 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хот, 18 аймгийн Биеийн тамир, спортын хороодын дарга нар, улсын шилдэг тэргүүний тамирчдын төлөөлөгчид оролцсон Улсын зөвлөгөөн Улаанбаатар хотод болж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооноос “Манай улсын дотор хөгжиж байгаа биеийн тамир, спортын хөгжлийн тухай” илтгэл хэлэлцүүлжээ. Тус зөвлөгөөнөөс “Биеийн тамир, спортын ажлыг өрнүүлэн хөгжүүлэх талаар” Монголын бүх тамирчид, залуучуудад хандаж уриалга гаргасан нь хөлбөмбөгийн спортын цаашдын хөгжилтөд эергээр нөлөөлжээ.
Улмаар 1955 оны 7-8 дугаар сард Хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах анхны тэмцээн болж таван баг оролцон тойргоор тоглоход, “Соёл” нийгэмлэгийн А.Болд ахлагчтай баг нэгдүгээр байрт орж алтан медаль, “Хөдөлмөр” нийгэмлэгийн Н.Дамдинжав ахлагчтай баг хоёрдугаар байрт орж мөнгөн медаль хүртжээ. Мөн оны есдүгээр сарын таванд улсын аварга “Соёл” нийгэмлэгийн шигшээ баг, Улаанбаатар хотын ойролцоо байрлаж байсан Зөвлөлтийн 17 дугаар армийн багтай нөхөрсөг тоглолт хийж, багийн ахлагч А.Болд нэг гоол оруулан, тэмцээн улсын аварга багийн ялалтаар өндөрлөжээ. Үүний дараа есдүгээр сарын дундуур, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн анх удаа болов.
1956 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны даргаар Монгол улсын домогт жанжин, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн томилогдсон байна. Энэ оноос тус хороон дэргэд Монгол улсын шигшээ багууд байгуулагдаж эхэлсэн бөгөөд хөлбөмбөгийн шигшээ багийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, дасгалжуулагч, тамирчдыг цалин, хувцас хэрэглэлээр хангаж эхэлсэн байна. Тухайн үед улсын наадмын нийтийн гимнастикийн тоглолтыг бэлтгэх ажлыг удирдахаар ЗХУ-аас мэргэжилтнүүд уригдан ирж, монгол мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан ба Ардын хувьсгалын 35 жилийн ойн баяр наадмын дараа ЗХУ-ын спортын гавъяат мастер Павел Александрович Севастьяновыг хөлбөмбөгийн мэргэжилтнээр урин ирүүлсэн байна.[2] Түүний шууд удирдлагын дор Монгол улсын хөлбөмбөгийн анхны шигшээ багийг байгуулав.
Зөвлөлтийн мэргэжилтэн ирснээр Монголын шилдэг тамирчдын хамт оюутан сурагчдын хөлбөмбөгийн дугуйланд хэсэг тамирчдыг сонгон бэлтгэл хийлгэж эхэлжээ. Тэд Голын цэнгэлдэхэд хаалганы хоёр тор нэгтгэн холбоод, мэргэн өшиглөж сургах, ханан хаалга босгож, 20-иод бөмбөгтэйгээр, бэлтгэлийг долоо хоногт зургаан удаа хийлгэж байв. Мөн оны ес, 10 дугаар сард анх удаа ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнийг, бага, дунд, ахлах ангиар нь ялган явуулж, дараа нь гурван насны ангиллын дугуйланг ажиллуулж, байнгын бэлтгэл хийлгэх болжээ.[2]
1956 онд Өвөр Монголын Хөх хот, Жинин, 1957 онд Улаанбаатар хотуудад Монгол-Хятадын хөлбөмбөгийн шигшээ багийнхны нөхөрсөг уулзалт тэмцээн зохиосноор гадаад арга хэмжээний эхлэл тавигдав. 1957 онд Улаанбаатар хотын АШТ-ий дараа хөлбөмбөгчдөд анх удаа спортын зэрэг цол олгож эхэлсэн бөгөөд уг тэмцээнд түрүүлсэн “Замчин” багийн тамирчид спортын I зэрэг, “Хөдөлмөр” багийн тамирчид II зэрэг, “Соёл” багийн тамирчид III зэрэг хүртсэн бол удалгүй шүүгчдийг мөн зэрэглэж, Ч.Нэргүй, Л.Сандагдорж, Г.Банзрагч, В.Долгормаа нарт шүүгчийн II зэрэг, Ц.Дамбажанцан, Ц.Бадрах, С.Батнасан нарын хүмүүст III зэрэг олгосон байна.[2] 1959 оны 10 сарын 30-нд Монголын хөлбөмбөгийн холбоо, шигшээ багийн тамирчдын санаачлагаар анх байгуулагдан дарга, нарийн бичгийн дарга, дасгалжуулагч-шүүгчдийн зөвлөл, хүүхэд-залуучууд, сурталчилгаа, техникийн комисс зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн байна. Холбооны анхны тэргүүн нь Н.Лувсандорж байв.
Монгол улсын хөлбөмбөгийн анхны шигшээ баг
[засварлах | кодоор засварлах]1956 онд БТСХЭХ-ны дарга Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар байгуулагдсан хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд, дасгалжуулагчаар ЗХУ-ын спортын гавъяат мастер П.А.Севастьянов; орчуулагч, туслах дасгалжуулагчаар, тухайн үеийн нэрт тамирчин, багш Н.Лувсандорж ажиллаж байжээ. Багийн бүрэлдэхүүн:[2]
Хаалгачид
[засварлах | кодоор засварлах]
Тоглогчид[засварлах | кодоор засварлах]
|
|
Олон улсад
[засварлах | кодоор засварлах]Монголын хөлбөмбөгчид түүхэндээ хилийн чанадад анх удаа тоглосон нь 1956 он юм. Мөн оны есдүгээр сард Монголын хөлбөмбөгчдийг төлөөлж, “Замчин” нийгэмлэгийн тамирчид БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот, Жинин хотуудын төмөр замчдын багтай нөхөрсөг уулзалт тоглолт хийж, нэг хожиж, нэг тэнцэн, нэг хожигдсон дүнтэй нутагтаа иржээ. Харин 1958 онд улсын шигшээ баг хилийн чанадад анх удаа тоглохдоо, БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шанхай хотуудаар явж, 45 хоногийн бэлтгэл сургуулилт хийгээд, эдгээр хотуудын багтай долоон удаа тоглохдоо хоёр хожиж, нэг тэнцэн, дөрөв хожигдсон байна.[2] Шигшээ баг мөн ондоо ЗХУ, БНУАУ, БНАСАУ-ын багуудтай хэд хэдэн удаа тогложээ. Үүнд, Улаан-Үдийн “Локомотив” багтай 2:2, “Шахтер” багтай 1:1-ээр тэнцсэн бол Ардчилсан Солонгосын шигшээ багтай хийсэн эхний тоглолтдоо 1:1-ээр тэнцээд, дараагийн тоглолтод 0:1-ээр хожигдсон юм. Ардчилсан Солонгосын энэ баг 1966 оны ДАШТ-ий шөвгийн наймд шалгарчээ.[9]
Монголын шигшээ багийн оролцсон анхны олон улсын тэмцээн нь 1960 онд тухайн үеийн Хойд Вьетнамын нийслэл Ханой хотод болсон Азийн социалист орны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн юм. Социалист дөрвөн орон оролцсон энэ тэмцээнд Монголын баг Вьетнамд 1:4-өөр, Ардчилсан Солонгост 1:4-өөр, Хятадад 1:6-аар хожигджээ.
Монголын шигшээ баг 1959 оноос 1973 оны хооронд Зөвлөлтийн Өвөр Байгалийн цэргийн тойргийн багтай харилцан зочилж нөхөрсөг тоглолт хийдэг байсан бөгөөд нутагтаа болсон тоглолтод хэд хэдэн удаа хожиж байжээ.
“Бидний хожих, хожигдох гол нь биш. Гол нь өөрсдийн идэвхийг үзүүлж, хөлбөмбөгчдийн нөхөрлөлийг бэхжүүлэхэд байгаа юм” 1960 онд Вьетнамын нийслэл Ханой хотод болсон Азийн социалист орны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үеэр Монголын шигшээ багийн хаалгач Ц.Чомбуугийн Вьетнамын төв хэвлэл “Нян Зань” сонинд өгсөн ярилцлагаас.[10]
1960-70-аад он
[засварлах | кодоор засварлах]1961, 1963 онуудад Монголын Бүх ард түмний спартакиад, 1964 оноос хоёр жил тутам УАШТ, жил бүр Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болон "Ардын хувьсгалын ойн", "Залуучуудын үнэн", "Хөдөлмөр", "Улаан-од", Улаанбаатарын мэдээ" сонины нэрэмжит тэмцээнүүд тогтмолжсоноос гадна улс хоорондын нөхөрсөг уулзалт тэмцээнүүдийг зохион байгуулдаг болов.[11] 1990-ээд оны эхэн үе хүртэлх хугацаанд төр засгаас хөлбөмбөгийн хөгжилд төдийлэн анхаараагүйгээс болж энэ спортын хөгжилд дорвитой ахиц гараагүй хэдий ч Улсын аварга шалгаруулах тэмцээн, Оюутны УАШТ, Өсвөр үеийн УАШТ, Улаанбаатар хотын АШТ, Сансрын нисэгчдийн нэрэмжит “Од” тэмцээн, Сэлэнгэ аймгийн цомын АШТ, “Залуучуудын үнэн", "Хөдөлмөр", "Улаан-од", Улаанбаатарын мэдээ" сонины төвийн сонинуудын нэрэмжит, томоохон ойн нэрэмжит зэрэг улс, бүсийн чанартай том жижиг тэмцээнүүд янз бүрийн давтамжтайгаар зохиогдож иржээ. Харин гадаад оронд тэмцээн уралдаанд оролцох нь багассан, төрийн байгууллагын зүгээс хөлбөмбөгт тавих анхаарал буурсны улмаас шигшээ багийг 1961 онд татан буулгасан байна.
1990-ээд он
[засварлах | кодоор засварлах]1992 онд Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг дахин байгуулагдсанаар анхны тэмцээн болох Зүүн Азийн анхдугаар наадамд удаах жил нь оролцов. Энэ тэмцээнд Монголын баг БНХАУ-д 1:6, БНАСАУ-д 0:7, БНСУ-д 0:10, Японд 0:9-өөр хожигдож, хамгийн сүүлд Макаогийн багийг 4:3-ын харьцаагаар хожсон юм.[12] Улмаар 1996 онд Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн анхны тэмцээн болж, удаах жил нь Монголын хөлбөмбөгийн холбоо шинээр байгуулагдан Азийн хөлбөмбөгийн холбоо (AFF), улмаар Олон улсын хөлбөмбөгийн холбоонд элссэнээр Монголын хөлбөмбөгийн хөгжлийн шинэ үе эхэлжээ.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ http://www.mnb.mn/v/30795
- ↑ 2.00 2.01 2.02 2.03 2.04 2.05 2.06 2.07 2.08 2.09 news.mn: Монголын хөлбөмбөгийн холбоо, нийтлэгдсэн: 2011 оны 3 сарын 14, хандсан 2016 оны 08 сарын 15
- ↑ "Archive copy". Archived from the original on 2016-08-27. Татаж авсан: 2016-08-15.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ http://www.11v11.com/teams/mongolia/tab/matches/season/1943/
- ↑ http://footballfanat.miniih.com/index.php/home/post/1[permanent dead link]
- ↑ http://footballfanat.miniih.com/index.php/home/post/1[permanent dead link]
- ↑ "Archive copy". Archived from the original on 2016-08-27. Татаж авсан: 2016-08-15.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Archived from the original on 2017-03-28. Татаж авсан: 2016-08-15.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ өдрийн сонин.мн: Л.Сандагдорж: Нуруу урт, хөл майга, тэсвэр, тэвчээртэй учраас монгол хүн хөлбөмбөг гаргуун тоглож чадна[permanent dead link] , нийтлэгдсэн: 2014.07.23
- ↑ http://mglradio.com: Ц.Чомбуу: "Азийн хар муур" хочит хаалгач Чомбуу[permanent dead link], нийтлэгдсэн: 2016.06.05
- ↑ http://ts_0247.blog.gogo.mn/?label=11119[permanent dead link]
- ↑ "Archive copy". Archived from the original on 2016-09-21. Татаж авсан: 2016-08-15.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link)