Алдархаан сум
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Алдархаан сум
ᠠᠯᠳᠠᠷᠬᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Завхан |
Сумын төв | Алдар |
Газар нутаг | |
• Нийт | 7,300 км2 (2,800 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,969 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Уур амьсгал | BSk |
Алдархаан сум нь Монгол Улсын Завхан аймгийн сум юм. Эдүгээ Алдархаан сум нь Говь-Алтай аймгийн Жаргалан, Завхан аймгийн Яруу, Эрдэнэхайрхан, Отгон, Идэр, Цагаанхайрхан, Дөрвөлжин сумуудтай хиллэн Завхан аймгийн төв хэсэгт оршино. 715828 га нутаг дэвсгэртэй, сумын төв Алдархаан нь аймгийн төвөөс 32 км-т оршино. Аргалант, Алдар, Богдын гол, Чигэстэй, Өгөөмөр, Мандаат гэсэн зургаан баг 1056 өрх, 4281 хүн ам, 106,8 мянган толгой малтай.
Түүх
[засварлах | кодоор засварлах]18-19-р зууны үе
[засварлах | кодоор засварлах]Алдархаан сумын түүх нь нэн өвөрмөц онцлогтой юм. Тус сумын хүн ам бүрэлдэн бий болох эхлэл тэртээ XVIII зууны үед тавигдсан байна. Анх 1733 онд өнөөгийн Чигэстэй ба Богдын голын сав газар Улиастай хотыг үүсгэн байгуулах үед хязгаар дахинд холбоо бүхий чухал хэргийг шийтгэх, дөрвөн аймгийн цэргийн бэлтгэл хэргийг захирах, өртөө харуулыг цагдах үүрэг бүхий Улиастайн жанжины газрыг байгуулж тэрхүү албыг хаалгахаар Халхын олон хошуудаас 200 гаруй өрх цэргийг дайчлан ирүүлсэн байна. Улмаар 1736 онд Улиастайн цэргийн бэлтгэл түмэт морь адуулах мөн үржүүлэх сүргийг адуулах 100 гаруй өрх, 1869 онд Улиастайн салбар цоохор өртөөний 30-н өрх, хавсрага 10-н өрх, газарч 13-н өрх зэрэг нийт 160 орчим өрхийг Халхын олон хошуудаас нүүлгэн авчирч Улиастай хотын орчим суурьшуулсан ажээ. Тэдгээр өрхүүд нь XVIII зууны дунд үеэс 1911 он хүртэл Улиастайн манж, монгол амбан, жанжины газар олон төрлийн алба хашин суух үүрэгтэй байв. Манжийн эрхшээлийн үе (1691-1911 он)-д улсын аливаа алба (Цэргийн, харуулын, өртөөний, цагдаагийн, үржил сүргийн, яам тамгын гэх зургаан алба)-ыг хаалгахдаа халх дөрвөн аймгийн олон хошуудаас ардуудыг татан авчирч жил хоног товлон ээлжлэн суулгаж хаалгадаг байжээ.
19-20-р зууны үе
[засварлах | кодоор засварлах]ХХ зууны эхэн үе гэхэд Улиастайн аливаа албыг хаадаг болон алба дууссан боловч тэр орчим нутаглах ардын тоо нэлээд олширч нэгэн хошууны хэмжээнд хүрч чадсан байна. Албан мэдээгээр 1910 оны үе гэхэд Улиастайд тогтмол 3000 хүн оршин сууж байсан ажээ. 1912 оны I сард Улиастайг Манжийн эрхшээлээс чөлөөлж шинэ тутам байгуулагдсан Богд хаант монгол улсын нэгээхэн хэсэгт хамааруулсаны хойно Улиастай орчимын ардуудыг VIII богд Жавзандамба хутагт их шавьдаа багтаан Дашпунцаглин буюу Яруугийн хийдэд харъяалуулснаар Дашпунцаглин хийдийн зургаан ангийнхан гэгдэх болжээ. Ардын ардчилсан хувьсгал ялсны дараахан ардын засгийн газраас хутагт хувилгаадын шавь нарыг татан буулгах шийдвэр гаргаж энэ шийдвэрийн дагуу 1924 онд шавь нарыг татан буулгах үед Дашпунцаглин хийдийн зургаан ангийхнаар нэгэн хошуу зохион Алдархаан уулын хошуу хэмээн нэрийдэж Цэцэрлэг мандал уулын аймагт харъяалуулсан байна. Хошууны анхны даргаар С.Баатар гэдэг хүн ажиллаж байв. Энэ үед 881-н өрх, 4046-н хүн ам, 88-н арван гэр, Өгөөмөр, Мандаат, Бадрах, Баянзүрх, Баянхайрхан, Рашаант гэсэн 6-н сум, 18-н багтай байсан мэдээ бий. 1928 онд нутаг ойролцоо багавтар хошуудыг хооронд нь нэгтгэхэд Алдархаан уулын хошуу, Отгонхайрхан уулын хошуунд нэгдэн улмаар нэг жилийн дараа буюу 1929 онд Отгонхайрхан уулын хошуу Хантайшир уулын аймагт харъяалагдах болсон байна. Чингээд 1931 онд засаг захиргааны их өөрчлөлтөөр мөн хошууны Баянбулаг, Бадрах сумдыг нэгтгэн Баянбулаг хэмээх сумыг байгуулан Завхан аймагт харьяалуулсан ажээ. Шинэ тутам байгуулагдсан сумын даргаар Цэндмаа хэмээх эмэгтэй, нарийн бичигийн даргаар Готов нар тус тус сонгогдсон байна. Ийнхүү өнөөгийн Алдархаан сум байгуулагдаж, энэхүү сумын хүн ам нь ийнхүү төлөвшин тогтжээ. Харин Алдархаан нэрийдлэгийн тухайд 1932 онд Баянбулаг нэрийг өөрчлөн Алдархаан сум хэмээн нэрийдэгдэн нийт мөн Жавхлант сумаас 2 баг шилжин ирж, арван багтайгаар шинэчлэн зохион байгуулагджээ.
1920-иод оны сүүл үед монгол орон даяар ар араасаа дагалдан байгуулагдсан хамтралууд нь 1932 оны үе гэхэд засгийн газрын буруу бодлогын үр дүн хэмээгдэн тарж харин Алдархаан суманд тэрхүү хамтралын хамтралын суурин дээр 1933 онд “Борхын тариалангийн нэгдэл” хэмээх гол төлөв малын тэжээл, хүнсний ногоо, хадлангийн үйл ажиллагаа явуулдаг нэгдэл байгуулагдсан нь хожмоо БНМАУ-ын ууган нэгдэл “Партизан Чойбалсан” нэгдлийн эх үүсгэл болж өгсөн ажээ. Энэхүү нэгдлийг дагалдан 1934 онд мөн Борход Далхаа даргатай тариалангийн II нэгдэл, 1935 онд тариалангийн III нэгдэл, 1936 онд IX багт хадлангийн нэгдэл, 1937 онд III багт тариалангийн IV нэгдэл, 1938 онд мөн III багт тариалангийн V, VI нэгдэл тус тус байгуулагджээ. Гэхдээ эдгээр нэгдлүүд нь 1954-1992 оны үед оршин байсан нэгдэлтэй огт адилгүй зөвхөн малын тэжээл тариалан бэлтгэх, байгалийн хадлан авах, бага сага хүнсний ногоо тариалахаар л хязгаарлагдаж байснаас биш малаа нийгэмчлэн, хөдөлмөрөө нэгтгэсэн нь хараахан үгүй нутгийн ихэнх хүмүүс хувийн мал аж ахуй эрхэлэн ардын аж ахуйтны байдлаар оршин байсан юм. Дээр өгүүлсэн нэгдлүүд 1939 онд нэгдэн хадлан, тариалангийн үйл ажиллагаа голлон эрхэлэх “Хүрэлдий” хэмээх нэгдлийг байгуулсан байна. 1933 оны анхны нэгдэлээс 1939 онд нэгдэн “Хүрэлдий” хэмээх нэгдэл байгуулах хүртэл нэгдлийн өрхийн тоо гурваас 116 болтлоо өсөн, тариалсан газар нь 600-1000 га, авсан ургац нь 30-320, 505-1955 пүү, борной 2-5, гар хадуур 20-44, төмөр хүрз 15-53, гар тээрэм 1-2, хадсан газар 300-3708 га, хадсан өвс 2700-18515 пүү хүртэл тус тус нэмэгджээ. 1943 онд Борхын “Хүрэлдий” нэгдэл өргөжин Хатанбаатар Магсаржавын нэрэмжит “Партизан” нэгдэл хэмээгдэх болж даргаар П.Бавууг сонгон тариалан, хадлангийн үйл ажиллагаагаа улам өрөгжүүлж эхэлсэн байна. Энэ үеэс хадлан, тариалангийн ажлын зэрэгцээ Улиастай хотод боовны тасаг, гуанз нээн ашиг орлого нэлээд арвин байсан тул, дараа жилээс хонин сүрэг, 1946 оноос адуун сүрэгтэй болж мал аж ахуйн ажил давхар эрхэлэх болжээ. 1948 онд Борход ахин нэг нэгдэл байгуулагдан “Улаан партизан” хэмээн нэрийдэн мөн тариалан, хадлан, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалт, бага сага мал аж ахуй эрхэлэх болсон байна. Эдгээр нэглүүд нь үйл ажиллагаа нь жигдэрсэн ашигтай ажиллаж байсан хэдий ч монгол орны үйлдвэрлэлийн гол цөм болох МАА-г хоршоолж хараахан амжаагүй байсан юм. 1954 оноос Монгол орон даяар ардын аж ахуйтныг хоршоолох үйл явц өрнөн өнөөгийн Алдархаан сумын нутагт (тэр үед Өгөөмөр гэж байсан) “Социализмын зам” нэгдлийг үүсгэн байгуулж мал аж ахуй эрхэлэн амьдарч байсан ардын аж ахуйтныг өөртөө нэгтгэн мал аж ахуй, тариалангийн ажил хавсран эрхэлэх болсон ажээ. Улмаар 1956 онд Жавхлант сумыг Алдархаан суманд нэгтгэсэн, мөн 1960 онд Өгөөмөр, Цогтжаргалант сумдыг татан буулган Алдархаан суманд нэгтгэсэн байна. Ингэснээр нэг сумын гурван нэгдлийг нэгтгэх шаардлага зүй ёсоор урган гарч, мөн онд мөн тэдгээр сумдын 601 өрх 1902 гишүүн, 2,1 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 1,5 сая төгрөгийн орлогтой “Улаан партизан” нэгдэл, 497 өрх, 1599 гишүүн, 1,4 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 1,2 сая төгрөгийн орлоготой “Социализмын зам” нэгдэл, 388 өрх, 575 гишүүн, 0,7 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 0,8 сая төгрөгийн орлоготой “Чойбалсангийн зам” нэгдлүүдийг татан буулган шинэ нэгдэлээ “Партизан Чойбалсан” хэмээн нэрлэжээ. Нэгдлийн даргаар Ж.Далхжав, ня-бо-оор Ч.Сүхээ нарыг баталсан байна. 1963 онд Алдархаан сум өөрийн нэгэн томоохон бригад болох Цогт бригадыг Дөрвөлжин сумын “II таван жил” нэгдэлд шилжүүлэн өгснөөр хүн ам мал сүрэг нь урьдхаасаа нэлээн багассан ажээ. 1960-аад оны сүүл үед “35 жил” нэгдлийг мөн татан буулгаж “Улаан Партизан” нэгдэлд нэгтэгснээр эл нэгдлийн эдийн засгийн хүчин чадал нэлээд нэмэгджээ. Энэ үед Аргалант, Богдын гол, Мандаат, Чигэстэй гэсэн мал аж ахуй, газар тариалангийн 4-н бригад, сумын төвд орших Үйлдвэр бригад гэсэн таван бригадтайгаар оршин байв. Энэ хугацаанд “Партизан Чойбалсан” нэгдэл ажлынхаа амжилт үзүүлэлтээрээ улсад шалгаран 1969 онд “Алтан гадас одон”-оор шагнагдсан байна. Мөн тус нэгдэл өөрийн үйл ажиллагааг өрөгжүүлэн 1961 онд мал эмнэлэгийн их эмчийн салбар нээгдэн, 1976 оноос нягтлан бодох бүртгэлийн тооцооны шинэ систем нэвтрүүлэн, 1980-аад он гэхэд уурхайн худаг 31, өрөмдлөгийн худаг, 42, суурин ванн, газ камер, зохиомол хээлтүүлгийн цэг, цахилгаанаар хонь хяргах, үнээ саах, өндгийг инкубаторт дарах, хүлэмжтэй ногооны талбайд нарийн ногоо тарих гэх зэргээр төрөл бүрийн үйлчилгээ явуулдаг томоохон нэгдэл болон өргөжсөн байна. 1973 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдсан ажээ. 1990-ээд оны үе гэхэд 16 сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 100 гаруй мянган толгой малтай томоохон нэгдэл болжээ. 1992 онд “Партизан Чойбалсан” нэгдлийн мал сүрэг, үндсэн хөрөнгийн ихэнх хэсгийг хувьчлан мөн үлдэгдэл хөрөнгөөр нь хэд хэдэн хувьцаат компани байгуулсан байна. Үүнд 2928,4 мянган төгрөгний үндсэн хөрөнгөтэй “Богдын гол” ХХК, 1660,9 мянган төгрөг, 7018 толгой малтай “Баянбүрд” ХХК, 3400,0 мянган төгрөгний үндсэн хөрөнгө, 2 сая 21,4 мянган төгрөгний 8480 толгой мал бүхий “Баянбүрд” ХХК гэсэн компаниуд болон тарсан ажээ.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Далайн түвшнээс дээш 1654 м дээш өргөгдсөн. Физик газар зүйн хувьд зүүн хойд ба зүүн хэсгээрээ хангайн нурууны салбар уулс, бусад хэсгээрээ ойт хээр, хээр, говийн бүс хослон оршдог нь байгалийн хам бүрдэлтийн онцлог шинжтэй. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод ой мод бүхий тал хээр говь, хангай хосолсон нь мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Хангай говь хосолсон нутагтай. Нутаг дэвсгэрийн 87,7 хувийг нь малын бэлчээр, 4,2 хувийг ой, 0,7 хувийг хадлангийн талбай, 7,4 хувийг гол горхи, төв суурин газар тус тус эзэлдэг байна. Нутгийн зүүн хойд хэсэгт Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул, мөн Хангайн нурууны салбар уулс болох Их Даян, Бага Даян, Хатавч, Хаалга, Алагийн уулс, Биндэр, Тээл, Цуврай, Нарийн, Баруун Шилүүстэй (Баруун хайрхан), Зүүн Шилүүстэй (Зүүн хайрхан), Борх, Бор хайрхан, Улаан хайрхан, Буурал хайрхан, Өлзийт хайрхан, Бэрхийн уулс, Цахир, Мараат, Тэрмэст, Цагдуултай зэрэг уулстай. Богд, Борх, Чигэстэй, Яруу, Цуврай зэрэг гол горхи, Отгон, Хаалга, Рашаант, Бор бургас зэрэг рашаан ус, Хөх нуур, Цагаан нуур, Мөнгөт хясаа, Их Ямаат, Бага Ямаат, Агьт Хангай, Тоглоот, Бичигт, Хужир толгой, Хөшөөт, Мандаат, Алдар толгой, Айргийн өвөр, Донойн хөндий, Доной баяны буурь, Алагийн дөрөлж, Халзан бүрэгтэй, Их Зэст, Бага Зэст, Байц толгой, Баянзүрх, Товцог зэрэг түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудтай. Уур амьсгалийн хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай, зундаа нэмэх 32, өвөлдөө хасах 42 хэмийн хэлбэлзэлтэй энэ бүс нутагт хар мод, хайлаас, тоорой, бургас, улиас, төрөл бүрийн харгана зэрэг модлог ургамал, чихэр өвс, лидэр, дэгд, царван, шар, улаан гоёо, арц, суль, сульхир, вансэмбэрүү, манжингарав, ажигцэрэн, юмдүжин, алтан гагнуур, зэрэг эмийн ургамал, хиаг, агь, таана, ерхөг, шаваг, хүмүүл зэрэг бэлчээрийн ургамал, чацаргана, үхрийн нүд, улаалзгана, тошлой, хад, мөөг, нохойн хошуу зэрэг жимс, буга, согоо, бор гөрөөс, янгир ямаа, аргал, угалз, зэрлэг гахай, ирвэс, шилүүс, үнэг, чоно, тарвага, хярс, мануул, туулай зэрэг хээрийн амьтан, тас, бүргэд, ёл, хойлог зэрэг шувуудтай мөн газрынхаа хэвлийд алт, мөнгө, төмөр, оюу, фосфор, бадмаараг, хаш, мана зэрэг ашигт малтмал цемент, шохойн чулуу, наанга шавар зэрэг байгалийн нөөцтэй. Байгаль цаг уурын ийм нөхцөл байдалд эхнээсээ мал аж ахуй дагнан мөн томоохон гол мөрний хөндийгээр байгалийн хадлан болон хүнсний ногоо тариалж ирсэн бүс нутаг ажээ. Тэр дундаа эртнээс Улиастай хотын хүн амыг мах, сүү, хүнсний ногоо зэргээр хангасаар ирсэн тул энэ уламжлал дээрээ тулгуурласан мах-сүүний чиглэлийн үхэр, хонь зонхилсон МАА-г эрхэлсээр ирсэн байна. Энэ бүс нутагт оршиж байсан Улиастайн зургаан ангийнхан 1733-1920-иод оны үе хүртэл үржлийн мал адгуулах, хүнсний малыг өсгөн мах, сүүгээр хангах мөн багавтархан цэргийн тариалангийн үүргийг гүйцэтгэсээр иржээ. Харин хувьсгалын дараа үеэс бие даасан нэгэн хошуу, сумын зохион байгуулалтанд шилжин энэ бүс нутгийн хүн ард хувийн аж ахуй эрхлэх болсны дээр нэгдсэн зохион байгуулалтанд ч орох болжээ. Гэсэн хэдий ч Улиастай хотын хүн амын хүнсний хэрэгцээг хангах үүрэг нь өөрчлөгдөөгүй юм.
Алдархааны Алдартнууд
[засварлах | кодоор засварлах]Армийн генералБатын Дорж, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан,