Jump to content

Зөвлөлтийн 1991 оны төрийн эргэлт хийх оролдлого

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

1991 оны Зөвлөлтийн төрийн эргэлт хийх оролдлого (1991 оны 8 сарын 19 - 21) нь Зөвлөлт Холбоот Улс задрахын өмнөхөн гарсан, амжилтгүй болсон төрийн эргэлт юм. 8-р сарын төрийн эргэлт гэж бас нэрлэдэг. Энэ төрийн эргэлт нь ЗХУ-ын Засгийн газрын бүлэг гишүүд ЗХУ-ын ерөнхийлөгч Михаил Горбачёваас төрийн эрхийг булаан авах гэсэн оролдлого байсан юм. Эргэлтийн толгойлогчид нь ЗХУ-ын Коммунист намын хатуу чиг шугам баримтлагчид байсан бөгөөд тэд, Горбачевын өөрчлөн байгуулалтын хөтөлбөр нь хэт буруу тийш хэлбийсэн, мөн тухайн үед хэлэлцүүлж эхэлсэн байсан шинэ холбооны гэрээ нь төв засгийн газрын эрх мэдлийг ихээр сулруулж, ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Улсуудад (БНУ) илүү их эрх мэдэл өгөх гэж байна гэж буруутгасан байна. Хэдийгээр төрийн эргэлт 3 хоногийн дотор дуусаж, Горбачев буцаж төрийн тэргүүнээр ирсэн ч энэ үйл явдал нь ЗХУ-ын дотоод нөхцөл байдлыг улам тогтворгүй болгож, улмаар ЗХУ болон Коммунист нам богно хугацаанд нурж унах эхлэл болсон.

1985 онд эрх мэдэл авснаасаа хойш Горбачев хоёр үндсэн чиг шугам: "өөрчлөлт байгуулалт", "ил тод байдлыг" хэрэгжүүлж эхэлсэн байна. Эдгээр нь ЗХУ-ын улс төр/эдийн засаг, ил тод, нээлттэй байдлыг дахин бүтэцжүүлэн сэргээн босгох ажил байсан юм. Эдгээр алхмууд нь Коммунист намын гишүүдийн зүгээс ихээхэн үл итгэх үзэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан. Энэ алхам нь Горбачевын тооцоолж байгаагүй үйл явдлуудыг эхлүүлсэн байна. Ялангуяа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан жижиг үндэстэн, угсаатнуудын үндсэрхэг үзлийг ил гаргаж эхлэв. Үүнээс үүдээд ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг бүх, эсвэл зарим нэг үндэстнүүд салан тусгаарлах вий гэсэн айдас коммунистуудын дунд төрж байлаа. 1991 онд ЗХУ эдийн засаг, улс төрийн гүнзгий хямралд орсон байна. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, хүмүүс ердийн өргөн хэрэглээний бараа авах гэж маш урт дараалалд зогсож байв.

Энэ үед Эстони, Латви, Литва болон Гүрж зэрэг БНУ-ууд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч өөрсдийн тусгаар тогтнолоо зарлаж эхлэв. 1991 оны 1-р сард Литвийг цэргийн хүчээр ЗХУ-д буцаан оруулах гэсэн оролдого үүсэв. Үүнээс долоо хоногийн дараа хууль ёсоор байгуулагдсан Латвийн засгийн газрыг Зөвлөлтийг дэмжигч хүчнүүд түлхэн унагах оролдлого мөн гарсан байна. Мөн Зөвлөлтөөс салан тусгаарлах гэсэн үзлээс болон Уулын Карабах болон Өмнөд Осетид зэвсэгт мөргөлдөөн бий болов.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс (ЗСБНХОУ, энэ улс нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 БНУ-ын нэг, одоогийн ОХУ юм) улс 1990 оны 6 сарын 12-нд өөрийн бүрэн эрхийг тунхагласан бөгөөд өмнөх ЗХУ-ын хуулиуд, ялангуяа санхүү, эдийн засгийн холбогдолтой хуулиудын Оросын газар нутагт үйлчлэх хэм хэмжээг хязгаарласан байна. БНСОУ-ын Дээд зөвлөлөөс баталсан хуулиуд нь ЗХУ-ын хуулиудтай зөрчилдөж эхэлсэн энэ үеийг "хуулийн дайны үе" гэж нэрлэдэг байна.

1991 оны 3 сарын 17-нд ЗХУ даяар санал асуулга явуулахад Балтын улсууд, Армени, Гүрж, Молдавын иргэд санал асуулгад оролцохоос татгалзсан байна. Харин бусад улсуудын иргэдийн дийлэнхи шинэчлэгдсэн ЗХУ-ын бүрэлдэхүүнийг хадгалан үлдэх сонирхолтой байгаагаа мэдэгджээ. Хэлэлцээрүүдийн дараагаас нийт есөн БНУ-ын найм нь (Украинаас бусад) Шинэ Холбооны Гэрээг зарим нэг нөхцөл тавин хүлээн зөвшөөрсөн байна. Энэ гэрээний дагуу ЗХУ нь, нэг ерөнхийлөгчтэй, нэг гадаад бодлоготой, нэг армитай БНУ-уудын холбоо болох байв. Орос, Казахстан, Узбекистан уг гэрээнд 1991 оны 8 сарын 20-нд Москвад гарын үсэг зурах гэж байлаа.

1990 оны 12 сарын 11-нд ЗХУ-ын Аюулаас хамгаалах газрын (АХГ, оросоор КГБ) дарга Владимир Крючков Москвад "дэг журам тогтоох" хэрэгцээтэй байгаа тухай уриалгыг Төв телевизээр (Централ ТВ) үг хэлэхдээ мэдэгдсэн байна[1]. Тэр өдрөө тэрээр мөн АХГ-ын хоёр офицерт, хэрвээ ЗХУ-д онц байдал зарласан тохиолдолд ямар арга хэмжээнүүдийг авах тухай төлөвлөгөө бэлдэх даалгавар өгчээ[2]. Дараа нь Крючков ЗХУ-ын БХЯ-ны Сайд Дмитрий Язов, Дотоод хэргийн яамны сайд Борис Пуго, Ерөнхий сайд Валентин Павлов, Дэд ерөнхийлөгч Геннадий Янаев, ЗХУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн орлогч дарга Олег Бакланов, Горбачевын нарийн бичгийн албаны дарга Валерий Болдин, ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Олег Шенин нартай төрийн эргэлт хийх талаар ярилцаж тохиролцсон байна[3][4].

Хуйвалдагчид ерөнхийлөгч Михайл Горбачевыг ятган онц байдал зарлуулаад, үүний дараа "дэг журмыг" сэргээх арга хэмжээ авч болох байх гэж тооцож байв.

1991 оны 7 сарын 29-нд Горбачев, шинээр Оросын ерөнхийлөгч болсон Борис Ельцин, Казахстаны ерөнхийлөгч Нурсультан Назарбаев нартай ярилцсан яриаг АХГ нууцаар сонссон байна. Уг яриа нь Павлов, Язов, Крючков, Пуго нарын хатуу чиг шугам баримтлагчдыг албан тушаалаас нь зайлуулан, илүү либерал үзэлтэй төрийн зүтгэлтнүүдээр солих талаар байжээ. Дээрхи мэдээллийг АХГ Владимир Крючковт мэдэгдэв[5]. Крючков хэдэн сарын өмнөөс Субьект-110 хэмээн тодорхойлон, Горбачевыг нарийн тагнаж эхэлсэн байжээ[6][7].

1991 оны 8 сарын 4-нд Горбачев Крымын Форост байдаг зуслангийн байр руугаа амрахаар явав. Тэрээр 1991 оны 8 сарын 20-нд шинэ холбооны гэрээнд гарын үсэг зурахаар Москвад эргэж ирэх байсан байна.

8 сарын 17-нд хуйвалдагчид АХГ-ын Москва дахь зочид буудалд уулзацгаав. Тэд шинэ холбооны гэрээг уншиж танилцан, хэрвээ гэрээ байгуулагдвал ЗХУ задрах нь гарцаагүй, хөдлөх цаг болсон гэсэн шийдвэрт хүрсэн байна. 8 сарын 18-нд Олег Бакланов, Валерий Болдин, Олег Шенин, ЗХУ-ын БХЯ-ны орлогч сайд генерал Валентин Варенников нар Крым руу нисэж Горбачевтай уулзав. Энэ үед Форос зуслангийн бүх харилцаа холбоог (АХГ хянадаг байв) таслан, хэнийг ч уг зуслангаас гаргахгүй байх үүрэг авсан нэмэлт АХГ-ын ажилтнуудыг байрлуулжээ. Бахланов, Болдин, Шенин, Варенников нар Горбачевыг нэг бол онц байдал зарла, эсвэл огцорч өөрийн орлогч дэд ерөнхийлөгч Геннадий Янаевыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарла гэж тулгав[4][8][9].

Горбачев өөрөө энэхүү тулган шаардалтыг эрс эсэргүүцэж, хүлээж авахаас татгалзсан гэж баталдаг[8][10]. Варенников мэдүүлгэндээ, Горбачев "Юу хэрэгцээтэйгээ хий, хараал ид" гэж хэлсэн гэдэг байна. Юутай ч уг зуслангийн байранд байгсдын нотолж байгаагаар Бакланов, Болдин, Шенин, Варенников нар Горбачевтай уулзсаныхаа дараа маш сэтгэл дундуур, ихээхэн бухимдацгаасан байна[8].

Хуйвалдагчид Псковын үйлдвэрт 250 мянган хос гав захиалан, 300 мянган баривчлах маягт хэвлэв. Крючков бүх АХГ-ын ажилтнуудын цалинг 2 дахин нэмэх тушаал гарган, амралтнаас нь дуудаж, бэлэн байдалд орууллаа. Хоригдлуудыг хүлээн авахад бэлтгэн Лефортовогийн шоронг хоослон бэлтгэв[6].

Наймдугаар сарын оролдлого

[засварлах | кодоор засварлах]
Улаан талбай дээрхи танк. 1991 оны төрийн эргэлт хийх оролдлогын үе

Тэднийг Крымээс буцаж ирсний дараа хуйвалдагчид Кремльд дахин уулзалдав. Геннады Янаев, Валентин Павлов, Олег Бахланов нар "Зөвлөлтийн Удирдлагын Тунхаглал"-д гарын үсэг зурлаа. Үүнд: "ЗХУ-ын зарим нутаг дэвсгэрт (үүнийгээ яг тодорхой өгүүлээгүй) онц байдал зарлаж, улс орныг удирдаж, онц байдлын дэглэмийг хангахын тулд Онц Байдлын Хороог (ОБХ) байгуулж байна" гэж мэдэгдсэн байв.

ОБХ-нд дараах гишүүд орсон байв:

-Геннадий Янавеев -Валентин Павлов -Владимир Крючков -Дмитрий Язов -Борис Пуго -Олег Бакланов -Василий Стародубцев, ЗХУ-ын Тариачдын Холбооны тэргүүн -Александр Тизяков, Улсын Аж үйлдвэрүүд болон Үйлдвэр, Тээвэр, Харилцааны Конгломератуудын холбооны ерөнхийлөгч[11][9]

Ерөнхийлөгч Горбачев "өвчний учир" үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон гээд, Геннады Янаев уг зарлигт ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувиар гарын үсэг зурсан байна[11]. Дээрхи нэр бүхий найм хүнийг хожим "Наймын бүлэг" гэж нэрлэжээ.

ОБХ Москвад коммунистуудын эрхэлэн гаргадаг 9 сониноос бусад бүх сонин хэвлэлийг хориглож[11], "Зөвлөлтийн хүний нэр төр, бахархлыг сэргээх ёстой", "Холбооны шинэ гэрээг бүх ард түмнээр хэлэлцүүлнэ", "Хотуудын гудамжыг гэмт хэргээс цэвэрлэнэ", мөн "Хүнсний хомсдлын асуудлыг шийдвэрлэхээр ажиллах болно" гэх мэт мэдэгдлүүдийг хийж байв. Үүнийхээ хамт "Жинхэнэ ардчилсан процессыг дэмжих болно", "хувийн хэвшлийг" дэмжих болно гэж мэдэгджээ[11].

Улаан талбай дээрхи танк, 1991 оны 8 сар

Янаевын гарын үсэг зурсан "Зөвлөлтийн Удирдлагуудын Тунхаглал" болон ОБХ-ын баримт бичгүүдийг өглөөний 7 цагаас эхлэн улсын радио, телевизээр цацаж эхэлсэн байна. ЗСБНХОУ-ын удирдлагуудын хяналтан дор байсан "Радио Россий" станц, "Телевидение Россий" суваг, мөн "Эхо Москвы" хэмээх чөлөөт, улс төрийн радиог хаалаа[12]. Таманскийн моторжуулсан явган цэргийн дивиз, Кантемировскийн танкын дивизыг Москвад оуулав. Десантын анги нэгтгэлийг мөн уг үйл ажиллагаанд татан оролцуулжээ. ЗСБНХОУ-ын ерөнхийлөгчийн 4 орлогчийг "онц аюултай" гэсэн шалтгаанаар АХГ-ынхан баривчлан Москвагийн ойролцоо цэргийн баазад тусгаарлав[3]. Хуйвалдагчид мөн ЗСБНХОУ-ын ерөнхийлөгч (хожим шинээр үүссэн ОХУ-ын ерөнхийлөгч) Борис Ельцинг 8 сарын 17-нд Казахстанаас ирэхэд нь, эсвэл дараа нь зуслангийн байрнаас нь баривчлана гэж төлөвлөж байсан ч, тодорхойгүй шалтгаанаар баривчлаагүй байна[3][13][14]. Борис Ельцин ЗСБНХОУ-ын Парламентын байр болох Цагаан Ордонд 19-ны өглөөний 9 цагт, ЗСБНХОУ-ын Ерөнхий Сайд Иван Силаев, Дээд Зөвлөлийн дарга Руслан Хасбулатов нартай цуг Үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт болсныг мэдэгдэв. Мөн цэргийнхнийг төрийн эргэлтэнд оролцохгүй байхыг, дээр нь Михайл Горбачевт ард түмэнд хандаж үг хэлэх боломж олгохыг шаардан, бүх нийтийн ажил хаялт зарлахыг уриаллаа[15]. Энэ мэдэгдэл, уриалгыг нь брошур, плакат, тараах материал хэлбэрээр Москва даяар түгээв.

Үдээс хойш Москвагийн иргэд цуглан Парламентийн ордонг хамгаалан саад хаалт босгож эхлэсэн байна[15]. Үдээс хойш 4 цагт, Геннадий Янаев Москва хотод онц байдал зарлан[11][9], 5 цагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр Горбачев амарч байгаа гэж мэдэгдэв. Гэвч түүний энэ мэдэгдэл төдийлөн итгэл үнэмшил төрүүлээгүй байна[9].

Энэ үед Парламентын ордонг хамгаалах үүрэг авсан Таманскийн моторжуулсан явган цэргийн дивизийн командлагч хошууч Евдокимов ЗСБНХОУ-ын удирдлагуудын тушаалыг дагахаа мэдэгдэв[15][16]. Энэ үед Ельцин нэгэн танкан дээр гарч олон нийтэд хандаж үг хэлснийг, оройн мэдээгээр улсын ТВ-ээр дамжуулжээ[17].

Улаан талбай дээрхи танк, 1991 оны 8 сар

Үд дунд Янаевын томилсон, Москвагийн цэргийн дүүргийн командлагч генерал Калинин оройн 11 цагаас өглөөний 5 цагийн хооронд Москва хотод хөл хорио тогтоож байгааг зарлав[15][4][12]. Уг хөл хорио нь удахгүй Парламентийн Ордон руу цэргийн хүчээр дайралт хийх гэж байна гэж ойлгогдож байв.

Парламентын ордныг хамгаалагчид бэлтгэж эхлэв. Хамгаалагчдын зарим нь зэвсэгтэй байсан ч, ихэнх нь сайн дурынхан, тэд ямар ч зэвсэггүй байлаа. ЗСБНХОУ-ын удирдлагуудад үнэнч гэдгээ илэрхийлж байсан хошууч Евдикомовын захиргаанд байсан танкууд тэр орой парламентийн ордныг орхин явжээ[18][9]. Уг ордныг хамгаалах штабыг ЗСБНХОУ-ын Ардын депутат, генерал Константин Кобец толгойлов. Түүний мэдэлд сайн дураар ордонг хамгаалахаар нилээн хэдэн тооны генералууд, ахлах офицерууд ирсний зарим нь тэтгэвэртээ гарсан хөгшчүүд байлаа[18][19].

8 сарын 20-ны үдээс хойш Крючков, Язов, Пуго нар Парламентын ордон руу дайрах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг ОБХ-ны гишүүд дэмжив. Крючковын орлогч АХГ-ын генерал Агеев, Язовын орлогч армийн генерал Ачалов нарын төлөвлөсөн дайралтын ажиллагааг "Аянга" гэж нэрлэсэн байна. Уг ажиллагаанд Альфа болон Вимпел Групп, АХГ-ын тусгай тасаг, Москвагийн цагдаагийн тусгай тасаг, Дотоодын цэргийн Дзержинскийн дивиз, танк болон нисдэг тэрэг оролцохоор төлөвлсөн байна. Уг ажиллагааг гардан гүйцэтгэх Альфа группын командлагч генерал Виктор Карпухин, Вимпел группийн командлагч хурандаа Бесков нар, нөхцөл байдлыг газар дээр нь тандан үзсэнийхээ дараа, их хэмжээний цус урсах учраас уг операцыг хохирол багатай хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байна гэж Агеевыг ятгасан байна[3][4][5][20]. Мөн энэ үед Александр Лебедь агаарын цэргийн командлагч Павел Грачевтай зөвшилцөн, Парламентын ордонд нууцаар очин Хамгаалах штабынханд, дайралт шөнийн 02 цагт эхлэнэ гэдгийг мэдэгдэв[5][20].

Шөнийн 01 цагийн орчимд Парламентийн ордноос холгүй газар Таманскийн моторжуулсан явган цэргийн дивизийн хуягтуудын явах замыг иргэд, троллейбус болон хот цэвэрлэх машинуудаар хаасан байна. Хуягтны харах цонхыг халхлах гэж оролдсон Дмитрий Комар (энгийн иргэн) буудуулж нас барав. Түүнд туслахаар очсон Владимир Усав, мөн Илья Кричевский нар буудуулж нас нөгчив. Дээр нь хэд хэдэн хүмүүс шархдав. Иргэд хуягтад гал тавьж шатаасан ч цэрэг алагдсангүй[21][19][9].

Альфа болон Вимпел бүлгүүд төлөвлөж байсныхаа дагуу Парламентын ордон руу дайрсангүй. Язов цэргүүдийг Москвагаас гаргах тушаал өгөв.

Өглөөний 8 цагт цэргүүд Москвагаас гарч эхэллээ. ОБХ-ын гишүүд БХЯ-нд цуглан цаашид яахаа хэлэлцсэн ч, тодорхой шийдэлд хүрсэнгүй, зөвхөн Михайль Горабчевтай дахин хэлэлцээ хийхээр Крым рүү төлөөлөгчид илгээх шийдвэр гаргажээ. Владимир Крючков, Дмитрий Язов, Олег Бакланов, Александер Тизяков, ЗХУ-ын Дээд зөвлөлийн Анатолий Лукьянов, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Владимир Ивашко нар Крымь рүү нисэв. Гэвч Горбачев тэднийг хүлээж авахаас татгалзсан байна. Зуслангийн холбоо харилцааг сэргээсний дараа Горбачев ОБХ-ын бүх шийдвэрийг хүчингүй болгож, гишүүдийг нь төрийн албан тушаалаас нь зайлуулав. ЗХУ-ын Ерөнхий Прокурорын алба төрийн эргэлт хийх гэсэн уг оролдлогыг мөрдөн байцааж эхэллээ[5][15].

Кристофер Андрью "Зөвхөн Ерөнхийлөгчийн Нүдэнд" (For the President's Eyes Only) хэмээх номондоо, энэхүү төрийн эргэлт хийх оролдлогын үеэр АНУ шийдвэрлэх үүрэгтэй оролцсон тухай, нууцын зэрэглэлд байсан мэдээллүүдийн тухай өгүүлсэн байдаг. АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг (ҮАБА), Крючков, Язов нарын ЗХУ-ын цэргийн өндөр албан тушаалтнуудтай ярьсан яриаг нууцаар чагнасан тайлангаа ерөнхийлөгч Жорж Бушд мэдэгдсэн байна. Уг тайлангаас үзвэл цэргийнхэн төрийн эргэлтийг төдийлөн дэмжихгүй байв. Зарим нь бүр Москвагаас дуудлага хүлээж авахаасаа ч татгалзаж байсан байна. Буш энэ тухай мэдээллийг Оросын ерөнхийлөгч Борис Ельцинд хүргүүлэх хэрэгтэй гэсэн шийдвэр гарган, Москва дахь АНУ-ын элчин сайдын яамны холбоо харилцааны мэргэжилтнүүдэд АНУ-ын цэргийн удирдлагуудыг Ельцинтэй шууд холбогдох боломж гаргах даалгавар өгөв. Дээрхи мэдээллийг Ельцинтэй хуваалцсанаар, Оросын цэргийн холбоог цаашид үр дүнтэй тагнах боломжоо алдана гэж АНУ-ын ҮАБА Бушийн шийдвэрийг эсэргүүцсэн ч, ерөнхийлөгч төрийн эргэлтийг зогсоох нь юу юунаас илүү чухал гэж үзсэн гэдэг.

Үйл явдлын үр дагавар

[засварлах | кодоор засварлах]

Михайл Горбачев Москвад нисч ирэв. Крючков, Язов, Александер Тизяков нарыг Москвад 8 сарын 22-ны үүрээр Москвад эргэж ирэхэд нь нисэх буудал дээр, 8 сарын 22-нд Пугог, 23-нд Павлов, Василий Стародубцев нарыг баривчлав. Олег Бакланов, Валерий Болдин, Олег Шенин нарыг 8 сарын 24-нд баривчилсан байна[5].

Нилээд олон мужийн дарга нар, гүйцэтгэх хороодын дарга нар ОБХ-г дэмжиж байсан тул 8 сарын 21-нд ЗСБНХОУ-ын Дээд зөвлөлөөс №1626 тоот тогтоол гарган, хэдийгээр тэр үед хүчин төгөлдөр байсан ЗСБНХОУ-ын үндсэн хуулинд харшилж байсан ч ерөнхийлөгч Борис Ельцинд мужийн захирагч нарыг шинээр томилох эрх мэдэл олгожээ[22].

8 сарын 22-нд ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөлийн №1627/1-1 тоот тогтоолоор, ЗХУ-ын далбааг хэрэглэхээс татгалзан, Оросын уламжлалт цагаан-цэнхэр-улаан далбааг албан ёсны төрийн далбаа болгох шийд гаргалаа.

8 сарын 23-24-нд шилжих шөнө КГБ-ын байшингийн өмнөх талбай дахь ЗХУ-ын нууц албаны анхны толгойлогч Феликс Дзержинскийн хөшөөг бууулгав.

8 сарын 24-нд Москвагийн олон мянган хүн талийгаач Дмитрий Комар, Владимир Усов, Илъя Кричевский нарын оршуулах ёслолд оролцов. Тэдэнд ЗХУ-ын Баатар цолыг нөхөн олгосон байна.

Коммунист намын төгсгөл

[засварлах | кодоор засварлах]

8 сарын 24-нд Михайл Горбачев Коммунист Намын ЕНБД-ын ажлаас чөлөөлөгөн[5], түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр Владимир Ивашко 8 сарын 29 хүртэл ажиллажээ.

8 сарын 24-нд Оросын Ерөнхийлөгч Борис Ельцины 83 тоот зарлигаар Коммунист намын архивыг улсын архивт, 8 сарын 25-ны 90 тоот зарлигаар уг намын өмчийг төрийн мэдэлд шилжүүлэв[22].

11 сарын 6-нд гарсан Борис Ельцин №169 тоот зарлигаар Коммунист намыг Орос улсад хориглосон байна[22].

8 сарын 24-нд Украины Дээд зөвлөл Украин Улсын Тусгаар Тогтнолын тунхагийг баталж, тунхагийг дэмжих талаар санал асуулга явуулах шийд гаргав.

8 сарын 27-нд Молдавын Дээд зөвлөл Молдав улс ЗХУ-аас гарч, тусгаар тогтнолоо тунхаглаж байгаагаа, 8 сарын 30, 31-нд Азербайжаны Дээд зөвлөл, Киргизийн Дээд зөвлөл мөн тусгаар тогтнолоо зарлав.

9 сарын 5-нд Ардын депутатуудын конгресс "шилжилтийн үе дэх ЗХУ-ын бүрэн эрхийн асуудал" хэмээх №2392-1 хуулийг батлав. Үүгээр ЗХУ-ын Дээд Зөвлөлийг баталлаа. 9 сарын 6-нд шинээр байгуулагдсан Дээд Зөвлөл Эстони, Латви, Литвын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв[23].

9 сарын 9-нд Тажикистаны Дээд Зөвлөл ЗХУ-аас гарч тусгаар тогтнож байгаагаа зарлав.

9-р сард Арменид тусгаар тогтнолын тухай нийтийн санал асуулга явагдав. Оролцогчдын 99 гаруй хувь нь тусгаар тогтнолыг дэмжсэнээр тус улс 9 сарын 21-нд бүрэн эрх, тусгаар тогтнолоо зарлав.

10 сарын 27-нд Туркменистаны дээд зөвлөл ЗХУ-аас тусгаар улс болж байгаагаа тунхаглав.

Үүний дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд ердөө Орос, Беларусь, Казах, Узбек дөрөв үлдсэн байв.

12 сарын 1-нд Украинд санал асуулга явуулахад иргэдийн 90 гаруй хувь нь Украйны тусгаар Тогтнолын Актыг дэмжиж саналаа өгөв.

12 сарын 8-нд Орос, Украин, Беларусийн удирдагч нар Тусгаар Улсуудын Хамтын нөхөрлөл (ТУХН)-д гарын үсэг зуран, ЗХУ-ыг байгуулсан 1922 оны Холбооны улсын гэрээг хүчингүй болгов. Төв Азийн 5 Бүгд Найрамдах Улс болон Армени, Азербайжан уг нөхөрлөлд нэгдэх ёслол 1992 оны 1 сарын 21-нд болов. Гүрж 1993 он хүртэл ТУХН элсээгүй. Харин Балтын 3 улс уг нөхөрлөлд нэгдээгүй болно.

1991 оны 12 сарын 25-нд Горбачев ЗХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч байгаагаа зарласны дараа Кремльд байсан алх, хадуур бүхий улаан тугийг буулгав. Ийнхүү ЗХУ оршин тогтнохоо болилоо.

Хуйвалдагчдыг шүүх ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

ОБХ-ны гишүүд болон хамсаатнуудыг төрийн эрх булаахаар санаархсан гэсэн үндэслэлээр төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж ял тулгажээ. Уг хэргийг шүүх Оросын Дээд шүүхийн Цэргийн Танхимын шүүх хурал 1993 оны 4 сарын 14-нд эхэлжээ[24].

1994 оны 2-р сарын 23-нд Оросын Төрийн Дум, ОБХ-ны гишүүд болон тэдний хамсаатнууд, мөн 1993 оны 10 сарын үйл явдалд оролцогчдод өршөөл үзүүлж буйгаа зарлав. Хуйвалдагчид өршөөлийг хүлээн авсан байна. Ганцхан генерал Валентин Варенников шүүхийг цааш нь үргэлжлүүлэхийг шаарджээ. 1994 оны 8 сарын 11-ны шүүх хурлаар түүнийг буруугүй хэмээн цагаатгасан байна[5].

Парламентын комисс

[засварлах | кодоор засварлах]

1991 онд Лев Пономарёваар ахлуулсан төрийн эргэлтийн учир шалтгааныг шалган тогтоох парламентын комисс байгуулагдсан ч, 1992 онд Руслан Хасбулатовын шаардлагаар уг комиссын ажиллагааг зогсоож, тараасан байна.

  1. Yevgenia Albats and Catherine A. Fitzpatrick. The State Within a State: The KGB and Its Hold on Russia - Past, Present, and Future. 1994. ISBN 0-374-52738-5, pages 276-293.
  2. KGB Maj. Gen. Vyacheslav Zhizhin and KGB Col. Alexei Yegorov, The State within a state, p. 276-277.
  3. 3.0 3.1 3.2 3.3 (Орос хэл) September 1991 internal KGB report on the involvement of KGB in the coup
  4. 4.0 4.1 4.2 4.3 (Орос хэл) "Novaya Gazeta" No. 51 of 23 July 2001 (Memento 15. Хоёрдугаар сар 2012 цахим архивт) (extracts from the indictment of the conspirators)
  5. 5.0 5.1 5.2 5.3 5.4 5.5 5.6 (Орос хэл) Timeline of the events (Memento 27. Арваннэгдүгээр сар 2007 цахим архивт), by Artem Krechnikov, Moscow BBC correspondent
  6. 6.0 6.1 Christopher Andrew and Vasili Mitrokhin (2000). The Mitrokhin Archive: The KGB in Europe and the West. Gardners Books. ISBN 0-14-028487-7, pages 513-514.
  7. The KGB surveillance logbook included every move of Gorbachev and his wife Raisa Gorbacheva, Subject 111, such as "18:30. 111 is in the bathtub."The State within a state, page 276-277
  8. 8.0 8.1 8.2 (Орос хэл) "Novaya Gazeta" No. 59 of 20 August 2001 (extracts from the indictment of the conspirators)
  9. 9.0 9.1 9.2 9.3 9.4 9.5 (Орос хэл) "Kommersant" (Memento 7. Нэгдүгээр сар 2008 цахим архивт), 18 August 2006
  10. Gorbachev's interview to the Russian Service of BBC of 16 August 2001 (Орос хэл)[1]
  11. 11.0 11.1 11.2 11.3 11.4 (Орос хэл) GKChP documents
  12. 12.0 12.1 (Орос хэл) another "Kommersant" article (Memento 7. Нэгдүгээр сар 2008 цахим архивт), 18 August 2006
  13. (Орос хэл) "Novaya Gazeta" No. 55 of 6 August 2001 (extracts from the indictment of the conspirators)
  14. (Орос хэл) "Novaya Gazeta" No. 57 of 13 August 2001 (extracts from the indictment of the conspirators)
  15. 15.0 15.1 15.2 15.3 15.4 "A Russian book on August 1991 events". Archived from the original on 2011-05-22. Татаж авсан: 2009-03-11.
  16. "Izvestia", 18 August 2006 (Орос хэл)[2]
  17. "Moskovskie Novosty", 2001, No.33 (Орос хэл)Archive copy (Memento 27. Арваннэгдүгээр сар 2007 цахим архивт)
  18. 18.0 18.1 (Орос хэл) "Nezavisimoe Voiennoye Obozrenie", 18 August 2006
  19. 19.0 19.1 Russian site on Heroes of the Soviet Union
  20. 20.0 20.1 "Argumenty i Facty"[permanent dead link], 15 August 2001
  21. A Russian site on Ilya Krichevskiy[3]
  22. 22.0 22.1 22.2 Konsultant+ (Russian legal database)
  23. Site of RIA-Novosti (Russian news agency)[4]
  24. "Vzgliad", 18 August 2006 (Орос хэл)Archive copy (Memento 7. Дөрөвдүгээр сар 2011 цахим архивт)