Jump to content

Их Монгол улсын их хааны тамга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гүюг хааны «Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил булха иргэн дор хүрвээс бүширтүгэй, аюутугай» гэсэн үсэгтэй төрийн тамга.

Их Монгол улсын их хааны тамга нь Чингис хааны зарлигаар анх бүтээгдсэн. Уг тамга нь Монголын Их хааны эрх мэдэл, захирах эрх зүйн хэм хэмжээг нийтэд тунхаглан зарлаж, баталгаажуулсан чухал бүтээл юм.

Их Монгол улсын хааны тамганы түүх

[засварлах | кодоор засварлах]

Хаан хүн төрийн тамга хэрэглэх ёс нь Найман аймгийг эзэлсэн үеэс Монгол төрийн уламжлал болж, Хубилай хааны үе хүртэл их хааны тамгыг хэрэглэж байжээ. Хубилай хаан ширээнд сууснаасаа хойш өөрийн гэсэн шинэ тамгыг цутган хэрэглэх болсон бөгөөд энэ үеэс Чингис хааны тамга сураг тасарсан. 1271 онд улсынхаа нэрийг сольж, Их Юань улс хэмээх болсон ба энэ үеэс Пагва ламын зохиогдсон дөрвөлжин үсгээр бичсэн бичээс бүхий шинэ тамга хэрэглэх болжээ. XVII зууны монголын түүхийн эх сурвалжууд болох "Лувсанданзангийн Алтан Товч", "Асрагч нэртийн түүх", "Шар тууж", "Эрдэнийн товч" зэрэгт Тогоонтөмөр хаан нийслэл хотоос зугтахдаа хасбуу тамгыг аваад Монголд ирсэн гэж өгүүлдэг.

Эдгээр сурвалж бичгийн гол алдаа нь Монгол төрийн тамганы тухай үнэн зөвийг сайтар нягтлалгүйгээр домог, аман ярианд шууд үндэслэн бичсэн явдал юм. Тухайлбал, Тогоонтөмөр хааны авч гарсан тамгыг Чингис хааны тамга, Юань гүрний хааны тамга хоёрыг нэг зүйл гэж үзэн, улмаар хятадын эзэн хаадын хаш тамганы домог аман яриатай хольсон нь хасбуу тамганы хувь заяаны талаар олон домог зохиогдсон нь Ухаант хааны хасбуу тамга алдаршхад хүрсэн юм.

Есөнтөмөр хааны тамганы дардастай зарлиг бичиг

1276 онд өмнөд Сүн улсын эзэн хаан, төрийн түшмэд, хас эрдэнийн тамга сэлтийг олзлон авсан. Энэ үеэс нанхиадын төрт улсын хаадын олон тамга хэрэглэх дүрмийг хэрэглэж эхэлсэн байдаг. Юань улсын хаад бүрийн тамга зарим үед солигдсоор ирсэн. Тогоонтөмөр хаан, монгол нутагт ухарч ирэхдээ хасбуу тамга ханцуйлж гарсан ч, Юань улсын их хааны тамга нь 1412 онд Буяншир хааныг Ойрадын Батула чинсан хөнөөсний дараах улс төрийн тэмцэл дунд алга болжээ. Нэлээд хожуу XVI зууны сүүл хагаст Ордосын Бошигт жонон, Буян сэцэн хаан нарын хүмүүс дахин оллоо гэж цуу тараасан нь эдүгээ домог болж үлдсэн. Буян сэцэн хааны тэрхүү шинэ тамга нь 1634 онд Манжийн Абахай сэцэн хааны гарт орсон нь Өмнөд Монголын 16 аймаг, Хожуу Алтан улсад дагаар орсоноор тэр тамга нь Мүгдэн хотноо байдаг.

Юань улсын үед их хааны хэрэглэх 8 зүйлийн тамга байжээ. Үүнд:

  1. Зарлигийн тамга
  2. Төрийн сүлд тамга
  3. Тэнгэрлэг эзний тамга
  4. Хааны албаны тамга
  5. Тэнгэрлэг эзний итгэмжийн тамга
  6. Хааны итгэмжийн тамга[1] зэрэг тамга хамаарч байсан. Үүнээс гадна хааны ургийн ихэс язгууртан бүр тамга хэрэглэж байсан. Тухайлбал хааны хатан эхийн эрдэнийн тамга, хааны их хатны хаш тамга, хунтайжийн алтан тамга, ван ноёдын 6 төрлийн тамга зэргийг дурдаж болно.

Монголын эзэнт гүрний бусад улсуудын хааны тамга

[засварлах | кодоор засварлах]
Өлзийт Ил ханаас Францын Филипп ванд илгээсэн захиа дээрх дардас (1305 он)
Аргун ханы захидал болон тамганы дардас

Чингис хааны анхны төрийн тамга хэмжээний хувьд хааш хаашаагаа нэг төө тэг дөрвөлжин хэлбэртэй байсныг түүний дараачийн үеийн хаадаас Францын ван, Ромын пап ламд илгээсэн тулган шаардах бичиг, албан захидал дээр үлдсэн монгол үсэгтэй тамгын дардсаар нотолж болно. Тамгыг нэг төө хэмжээтэй хийсэн нь зүгээр нэг тохиолдлын хэрэг төдий зүйл биш. Ер нь эртний монголчуудын хэрэглэж байсан хэмжүүр нь ахуйн хэрэглээнээс үүдэлтэй бөгөөд цаад утгыг сөхөн үзвэл орчин цагийн хэрэглэж байгаа хэмжигдэхүүний нэгжүүд (см, метр, км) тэр үед хэрэглэгдэж байгаагүй нь хэн хүнд ойлгомжтой юм. Аливаа зүйлийн урт өргөнийг хүний биеийн хэмжээгээр илэрхийлдэг байсан нь одоо ч уламжлал болон хэрэглэгдэж байгаа. Эдгээр хэмжигдэхүүний нэгжүүдийг авч үзвэл хуруу (1,5 см орчим), алга дарам (5 хуруу), сөөм (эрхий хурууны үзүүрээс долоовор хурууны дунд үе хүртэл), төө (эрхий хурууны үзүүрээс дунд хурууны үзүүр хүртэл), тохой (3 төө), алд (6 төө), алд дэлэм 9 төө) юм.

Хаад ноёдын тамга нь зэрэг дэвээсээ хамааран өөр өөр хэмжээтэй байсан тухай баримт ч үлдсэн байдаг юм.

  1. Төө тамгыг эзэн хаан
  2. Сөөм тамгыг төрийн түшмэд, засаг ноёд
  3. 4 хуруу тамгыг хошуу ноёд, ван, гүн, бэйл нар (Чин улсын үед)
  4. 3 хуруу тамгыг яамдын сайд, цэргийн ноёд (Чин улсын үед) барьдаг байсан нь зарим сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.

Харин 1 хуруу буюу эрхий дарамыг хиюур гэдэг байсан, үүнийг бичгийн бага тушаалын хүмүүс түүнчлэн доорд ардууд өөрсдийн таних тэмдэг болгон хэрэглэдэг байв.

Хийгдсэн материал

[засварлах | кодоор засварлах]

Нөгөө талаар судлаачдын дунд хаан төрийн тамгыг чухам ямар эдээр хийсэн бэ гэдэг асуудал маргаантай хэвээр байгаа. Энэ талаар хийгдсэн судалгааны зохиолуудад Чингисийн төрийн тамгыг хаш чулуугаар хийсэн гэх таамаглалыг дэвшүүлсэн байдаг. Судлаач М.Энхпүрэв нь "Хаш чулууг монголчууд эрдэнийн чулуу гэж нэрлэдэггүй, харин эртний Хятад улсад бэлгэдлийн чулуу гэж дэлхий дахинд зарласаар ирсэн"[2] гээд Чингис хаан алтан тамга хэрэглэж байсныг нотлох баримтуудыг гаргаж ирэх оролдлого хийжээ. Монголчууд алтыг шунал дагуулсан үхэл сүүдэртэй металл гэж хэзээнээс нааш үзэж ирсэн учир алтаар тамга хийж байсан гэдэг ихэд эргэлзээ төрүүлсэн асуудал юм.

Одоогийн Санктпетрбургийн Эрмитажид дэлхийн улс орнуудын тамга хадгалагдан үлдсэн хийгээд тэдгээрийн дотор нэг ч алтан тамга байдаггүйг нэгэн эрдэмтэн дурсамж номдоо бичиж үлдээсэн байна. Харин ган, хаш, мөнгө зэрэг үнэт эрдэнэсийн зүйлсээр тамга хийдэг, тэдгээрийг ялгаа заагтай хэрэглэдэг байсан тухай бичгийн сурвалжид дурдсан бий.

  1. Ган тамгыг ял шийтгэл, хууль цаазтай холбоотой зарлигт,
  2. Хаш тамгыг баяр ёслол нийтэд дагах ёстой зарлигт,
  3. Мөнгөн тамгыг бичгийн хэрэгтэй холбоотой гарсан зарлигт дардаг байсан аж.

Тамга хэрэглэх ёс

[засварлах | кодоор засварлах]

Тамга нь тухайн албан бичгийг батлах баталгаа болдог тул тамга дарах байрлал нь нарийн журамтай байсан.

  1. Хүлээн авагчын нэрийг бичсэн хэсгийг дайруулан дарж, баталгаажуулахын хамтаар засвар оруулахаас сэргийлнэ.
  2. Хэрэв захидал юмуу зарлиг тогтоомжид цаас залгасан бол залгаасан дээр дарна. Энэ нь уг цаас бол дараагийн хуудас гэсэн үг юм.
  3. Албан бичгийн төгсгөлд дарна. Энэ бол хүчин төгөлдөр болгож байгаа гол баталгаа юм. Тодруулбал Юань улсын үед дөрвөлжин бичгээр төгсгөлд байгаа "[газрын нэр] бичивэй" гэсэн 3 мөр дээр дайруулж дарна. Тамганы дээд талыг он гэсэн үг дээр дайруулж тамгална. Энэ нь Сүн улсын бичгийн уламжлалаас авсан зүйл юм.[3]

XX зууны үед тамга хэрэглэх ёсны талаар "залуу жанжин" хэмээн түүхэнд үлдсэн цэргийн нэрт зүтгэлтэн Ж.Лхагвасүрэн агсан өөрийн дурдатгалд "Тамгыг гурван давхар хайрцагт хадгална. Гурав дахь хайрцаг /доторх/ нь мөнгөн хайрцаг байна. Тамга хоймрын ширээн дээр байх бөгөөд хэрэглэх үед урд нь сөхөрч суугаад адис авч байж задална" гэж бичсэнээс харж болно. Энд тамганаас адис авах гэх мэт бурхан шашны зан үйлийн юм байгаа боловч төрийн тамга тэмдэг гэдэг ямар их утга учиртай болгодог, хэрэв тамга л дарсан байвал түүнийг дагаж мөрдөх зайлшгүй биелүүлэх бас нэгэн нотолгоо болж байсан байна. Тамга дарах ч бас нарийн ёс журамтай, хазгай муруй дарсан хүнийг сарын цалингаар торгож баалдаг, хэрэв дахин давтан үйлдвэл албаны ёс журамд тэнцэхгүй гэж ажлаас хүртэл халдаг хатуу журамтай байжээ.

Түүнчлэн тамгыг хайрцгаас нь гарган бичиг бүхий хэсгийг наран зүгт харуулан тавьж, ноёд түшмэд цай идээ барьж хүндэтгэл үзүүлдэг байсан уламжлалтай. Yүнийг тамга амраах ёс гэж нэрлэдэг бөгөөд намрын дунд сарын шинийн арван долоонд унагаа тамгалж, тамгаа сүүнд дүрээд хадганд ороож хадгалдаг нь дээр өгүүлсэн тамга амраах ёсноос улбаатай. Мөн Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн амны хадны зурагт тамганы хайрцаг бүхий эмээлтэй морь дүрслэгдсэн нь тамгыг алс хол аянд авч явахдаа тусгай эмээл хүртэл хэрэглэж байсны нотолгоо юм.

Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]
  1. "Монголчууд дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн (XIII-XVIII зуун)" УБ., 2016. тал 171
  2. М.Энхпүрэв "Мөнх тэнгэрийн хасбуу" УБ., 2012
  3. "Монголчууд дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн (XIII-XVIII зуун)" УБ., 2016. тал 171