Jump to content

Үндэсний эрх чөлөөний хувьсгал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнөө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ. Ялалттай болсон эрх чөлөөний тэмцлийг хувьсгал, амжилтгүй болсон бол хөдөлгөөн гэж нэрлэдэг. [1]

Богд хааны ордон дахь энэ ёслолын хаалгыг тусгаар тогтнолоо тунхагласанд зориулж хийжээ

1911 оны цагаагчин гахай жилийн шинийн 9 буюу 12 дугаар сарын 29-ний өдөр 11 цагт Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм.

Хувьсгалаас өмнөх Ар Монголын байдал

[засварлах | кодоор засварлах]

Энэхүү “Шинэ засгийн бодлого” нь Монгол нутагт хятадуудыг үй олноор нь шилжүүлэн суурьшуулах, Монголын хүн амыг хятадчилах, байгалийн баялгийг их гүрнүүдтэй нийлэн цөлмөх, Монголыг Манжийн (Хятадын) засаг захиргааны шууд нэг хэсэг, дотоод муж болгон хувиргах зэрэгт чиглэгдэж байв.[2]

Сандо амбанг хөөв

[засварлах | кодоор засварлах]
Чин улсын Ар Монгол 1911.

Манжаас тусгаар болохын тулд эхлээд Хүрээнд байсан манжийн Сандо амбанг зайлуулах шаардлагатай болсон юм. Тиймээс халхын нутаг бүрээс сайн дурын цэрэг эрсийг цуглуулж, үүнээс зүрх алдан айсан Сандо зугтан Хүрээн дахь Оросын консулын газар хоргодон, 1911 оны 12 дугаар сарын 4-д орос цэргээр хамгаалуулан Хиагтаар дамжин Монгол нутгаас зугтан гарсан юм.

Олноо Өргөгдсөн Монгол Улсын яам нь 5 яамдаас бүрдэж байв. Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам Чин ван Минжиддоржийн Ханддорж /Одоогийн Гадаад хэргийн яам/, Цэргийн яам Эрдэнэ далай ван Ваанчигийн Гомбосүрэн /Одоогийн Батлан хамгаалах яам/, Сангийн яам Түшээ гүн Гадинбалын Чагдаржав / Одоогийн Сангийн яам/, Шүүх яам Эрдэнэ ван Мижиддоржийн Намсрай, Дотоод явдлын яам Да лам Цэрэнчимэд /одоогийн Хууль зүй, дотоод хэргийн яам/ нарын сайдтайгаар байгуулагдав. Эдгээр сайд нарын эрх мэдлийн зөрчилдөөний улмаас тэдний дээр ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг тавьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой”-г тэмдэглэх тухай Зарлиг 2008 оны 12 дугаар сарын 28-нд гаргаж Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний 100 жилийн ойг 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр /Үндэсний эрх чөлөөний өдөр/ орон даяар тэмдэглэхээр болсон.[3]

  1. Gilbert, Mark (2003), "Coxhill, Lol", Oxford Music Online, Oxford University Press, ISBN 978-1-56159-263-0, Татаж авсан: 2024-09-15
  2. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АНХДУГААР ХУВЬСГАЛ
  3. [1][permanent dead link]
  • Н.Магсаржав Монгол Улсын шинэ түүхээс УБ, 1994