Jump to content

Баримал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Берлин хотын бэлгэдэл баавгайн баримал

Уран баримал гэдэг нь дүрслэх урлаг-ийн нэгэн төрөл бөгөөд гурван хэмжээст орон зайны бодит болон хийсвэр биетийг дүрсэлхийг хэлдэг. Уран баримал нь хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгд чулуу, мод зэрэг хатуу биетээс "илүү" хэсгийг сийлэн авч уралдаг. Хоёрт шавар зэрэг зөөлөн зуурмаг эдээр "барьж" уралдаг байна. Нэг талаас хоёулаа урлагийн бүтээлийг (мөн уран зураг гэж бас нэрлэдэг) нэрлэх ч, нөгөө талаас энэ хоёр нь уран баримал-д ордог урлагийн төрөл болно.

Баримлыг сийлэх болон зүсэн бүтээх бол, хуванцар бүтээлийг бүтээхийн тулд материалыг түрхэx болон загвар гарган хийдэг.

Баримал гэж дүрслэх урлагт гурван тэнхлэгийн хэмжээс бүхий бодит биетийг нэрлэдэг. Хүний бие сэтгэлийн хамгийн сайн сайхныг тэр дундаа эрүүл чийрэг, хүч чадал, гоо үзэсгэлэн, ариун ёс энгийн байдлыг нэгдмэл байдлаар хослуулан хэрэгжүүлж тухайн цогцолборыг буй болгож байгаа урлаг юм. Дүрээ илэрхийлэх арга нь орон зайн тодорхой хэмжээсэнд барьж, сийлж, цоолж бүтээнэ. Уран баримал тодорхой биет материалаар бодит байдлыг дүрсэлнэ. Дүрслэлийн объектын хувьд ихэвчлэн хүн болон амьтан дүрсэлнэ. Өгүүлэмж маш товчхон, зохиомж нь нарийн, үүгээрээ уран зурагтай төстэй. Гэхдээ уран баримал, уран зураг хоёр нь дүрслэлийн элементээрээ, дүрээ илэрхийлэх аргаараа ялгаатай байдаг. Уран баримлыг чулуун цоолбор, мод, яс, чулуу, ган, сийлбэр, цаасан шуумал, зэс, гуулин, хөөмөл, ган цутгамал, гөлтгөнө, цемент, гантиг, боржин, хүрлээс эхлээд хатуу зөөлөн янз бүрийн материалыг чадварлаг ашиглан урлагийн энэ салбарт шинийг бүтээж байна.

Уран баримлыг зориулалтаар нь суурь ба сүрлэг том (монументаль) гэж хуваадаг. Суурь баримал нь үзвэрийн зориулалттай байдаг бол сүрлэг том баримлыг уран барилгатай зохицуулан орд харш, сүм хийд, цэцэрлэгт хүрээлэнтэй цогцолбор болгон урласан байдаг. Баримлын урлагийг дотор нь зохиомжтой ингэмэл (товгор) баримал болон уран баримлын чимэглэл гэж ангилдаг.

Монументаль уран баримал бол сүрлэг, бадрангуй чанарыг илэрхийлнэ. Голчлон хөшөө дурсгалуудад сүрлэг том баримлыг уран барилгатай зохицуулан орд харш, сүм хийд, цэцэрлэгт хүрээлэнтэй цогцолбор болгон урласан нь олон байдаг.

Сэдэвчилсэн уран баримал нь уран сайхны агуулга бүхий зохиомжит бүтээлүүд болно.

Хөрөг баримал нь түүхэн болоод алдар суут хүмүүсийн дүр дүрслэл бүхий уран бүтээлүүдийг энд хамаарна.

Ингэмэл баримал нь хавтгай дээр товойлгон ихэвчлэн барилгын гоёл чимэглэлд зориулагдаж байснаа хожим XVIII зууны үед уран баримлын тусгай төрөл болсон. Ингэмэл нь уран баримлын биет болон эзлэхүүнт чанарыг уран зургийн дүрслэлтэй хосолдгоороо онцлог.

Монголын уран барималд хамаарагдах нэн эрт үеийн дурсгалуудад манай орны Алтай, Хангай нутгаар элбэг байдаг буган чулуу, хүн чулуу, бичигт юм. Монгол гүрний үед холбогдох уран баримлын зүйлс ховор боловч хүн чулуу, бичигт пайлуур, уран барилгын чимэглэл, чулуун цоолтвор баримлын зүйлс бий.

Буган чулуун хөшөө

[засварлах | кодоор засварлах]

Буган чулуун хөшөөг эрдэмтэд хүрэл зэвсгийн сүүл буюу төмөр зэвсгийн түрүү үед хамруулан үздэг боловч нарийвчилсан он цагийн хувьд ялгаатай талууд бий. Нийлээд судлаачдын гаргасан он цагийн судалгааг нэгтгээд буган чулуу хөшөөг үндсэндээ МЭӨVIII-III зуунд холбогдуулан түүнийг хүрэл зэвсгийн эцэст нь зарим нь бүр төмөр зэвсгийн түрүү үед үүссэн гэж тодорхойлж байгаа юм. Ази, Европ хоёр тивийн хээр талын бүс нутагт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед өргөн тархсан түүх соёлын гайхамшигт дурсгал болох буган хөшөөг эрдэмтэд 100 орчим жилийн тэртээгээс судалж энэ  завсар 700 орчим буган чулуун хөшөөг олж илрүүлжээ. Үүнд Монгол улсын нутгаас 500 орчим, уулын Алтайгаас 60 орчим Казакстан, дундад Азиас 20 орчим, баруун тийш Оренбург муж, Кавказ, Украйн, Эльба гол хүртэл нийт 12 олджээ. Буган хөшөөг эрдэмтэд судалж хэлбэр төрхийн хувьд гурван төрөлд хуваан үзжээ.

1.    Монгол- Өвөр байгалийн бугын загварчилсан дүрст бүхий буган хөшөө

2.    Саян – Алтайн амьтны (бодит) дүрст буган хөшөө

3.    Ази-Европийн амьтны дүрсгүй буган хөшөө хэмээн үзэх болжээ.

Монгол-Өвөрбайгалийн бугын загварчилсан дүрст бүхий буган хөшөө

[засварлах | кодоор засварлах]

1.Монгол-Өвөрбайгалийн бугын загварчилсан дүрст бүхий буган хөшөө. Энэ төрлийн буган хөшөө тооны хувьд хамгийн олон бөгөөд Монгол Улсын Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Булган, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Ховд, Увс, Баян-өлгий аймгийн нутагт олдоод байгаа боловч гол шигүү тархан төв нь Хангайн, Хэнтий, Соёны уулсын орчин тойрны нутаг юм. Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын нутаг Хануй багийн /хуучин сум/ төвөөс зүүн тийш Ханхуйн голын хойт дэнжит олон жижиг 2-3м голчтой дугуй далангаас бүтсэн том дөрвөлжин дугуй хэлбэрийн тахилын байгууламжууд хиригсүүр, том дөрвөлжин хашлага болон бусад байгууламж арван буган хөшөө бүхий ёслол оршуулгын цогцолборыг бүтээжээ. Энд буй бүх хөшөөнөө бугыг загварчилан дүрсэлсэн бөгөөд нар, сар, зэр зэвсэг, гоёл чимэглэлийг сийлжээ.  Хөшөөг 2.5 м өндөр, 0,48м өргөн, 0,2 м зузаан саарал өнгийн боржин чулуугаар үйлджээ. Хөшөөний орой ташуу нүүрэн талын дээд оройн хэсэгт том жижиг хоёр онги (нар, сар), дунд хэсэгт арван бугын дүрсийг загварчлан урласны дотор гурван бугын цээжин хэсэг, нэг эх бие бусад нь бүтэн буга байна. Бугануудын дүрсний дунд хир нэг дугираг дүрсийг (толийг) бүх талбайгаар нь хонхойлон цоолборложээ. Бугануудыг хоншоороор нь хөшөөний зүүн дээд тал руу жишүүдүү хандуулж дүрсэлсэн ба харин хамгийн зүүн доод өнцгийн зайд дүрсэлсэн жижиг бугыг хөшөөний хажуу ирмэг рүү хоншоороор нь хандуулан эврийг эгц дээш босгон салаалуулжээ. Эдгээр буганы доогуур 6 см өргөн бүс татаж нэгэн жижиг зууван эдлэлийг зүүжээ. Бүснээс доош нэг бүтэн бүтэн буга, хоёр дахь бугын цээжин бие, гурав дахь бугын эврийн хэсэг бий. Хөшөөний баруун хажуугийн дээд оройн хэсэгт дүрс урлаагүй ба харин дунд хэсэгт долоон бугын дүрсийг урласнаас хоншоорыг зүүн дээш жишүүдүү хандуулан дүрсэлсэн дөрвөн бүтэн буга, нэг бугын цээжин хэсэг, нэг бугын эх бие, өөр нэг бугын бөгсөн бие (нүүрэн талд буй бугын) байна. Тэдгээрийн доогуур өргөн бүс татаж бөгтөр мөртэй хүрэл хутга, билүү зүүжээ. Хөшөөний өргөн ар талын дээд оройн хэсэгт том жижиг хоёр онги ( нар, сар ) дүрслээд доогуур нь нэг эгнээ олон хонхор гаргаж зааглан дунд хэсэгт есөн бугыг дүрсэлсний дотор хөшөөний орой руу хоншоороор нь жишүүдүү хандуулсан зургаан бугыг хос хосоор нь зэрэгцүүлж, хоёр бугын цээжин хэсэг нэг бугын эх биеийг дүрсэлжээ. Бугануудын зайд нум сум. Тэдний доогуур өргөн бүс татаж, байлдааны алхан зээтүү, чинжаал, хоромсог зэргийг зүүснээр дүрсэлжээ.

Саян-Алтайн амьтдын (бодит) дүрст буган хөшөө

[засварлах | кодоор засварлах]

2. Саян-Алтайн амьтдын (бодит) дүрст буган хөшөө. Энэ төрлийн буган хөшөө Монгол улсын баруун талын Увс, Хөвсгөл, Ховд, Баян-өлгий аймгуудын нутагт илүү тархсан байдаг. Энэ төрлийн буган хөшөөний жишээ болгон Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын нутаг Дөрвөлжийн амны өргөн хөндийд том хиргисүүрийн дунд дөрвөн буган хөшөө байдаг. Хөшөөг цайвар саарал өнгийн боржин чулуугаар хийсэн. 3 м өндөр, 0,4 м өргөн хэмжээтэй бөгөөд түүний оройн хэсэгт төвгөр хэсэг гарган малгай мэт зүйлийг дүрсэлсэн ба хөшөөний оройн хэсгийг эргэн тойрон нэг эгнээ олон хонхор гаргаж доод талаар нь нарийвтар бүс татаж гурав загалсан байна. Хөшөөний баруун хажуугийн дээд оройн хэсэгт хоёр ташуу зураас , бүснээс зүүсэн хоёр үзүүр нь дээш тахийж этийсэн эдлэл, нүүрэн өргөн талын дээд хэсэгт онги (нар), дунд хэсэгт дөрвөн бугын нэгийг нь хөндлөн, гурвыг нь хөшөөний орой руу хандуулан цувуулж бодит байдлаар дүрсэлжээ.

Европ-Азийн амьтны дүрсгүй буган хөшөө

[засварлах | кодоор засварлах]

3. Европ-Азийн амьтны дүрсгүй буган хөшөө. Буган хөшөөний нэгэн өвөрмөц төрөл болох буга болон амьтдын дүрсгүй, харин нар сар/ ээмэг , зэр зэвсэг, бүс зэргийг дүрсэлсэн хөшөө Монгол улсын баруун аймгуудын нутгаар цөөвтөр боловч тархсан байдаг. Увс аймгийн Түргэн сумын Дэлгэр мөрөн багийн төвд 1.1 м өндөр, 0,4 м өргөн, 0,25 м зузаан хөшөө. Хөшөөний дээд хэсгээр нарийн ховилон хонхор тойруулан татаад нүүрэн ба ар талын дээд хэсэгт тус бүр нэг онги, хажуу нарийн талд ташуу гурван зураас зуржээ. Хөшөөний дунд хэсгийн урд талд алхан зээтүү, дунд талд тахир эдлэл, арын өргөн талд саадганд буй нум дүрсэлжээ. Мөн сумын Бурхутайн өвөрт 0,4 м өндөр, 0,2 м өргөн, 0,2 м зузаан хөшөөг дээд хэсгийн ар өвөр талд тус бүр нэг онги дүрсэлж доогуур нь нарийн зураасан бүс татжээ. Мөн аймгийн Улаангом хотын хойт талаар урсах Хархираагийн голын Цагаан сайд 0,9 м өндөр, 0,3 м өргөн, 0,35 м зузаан нэгэн хөшөө буйн оройг нь хүний хүзүү мэт нарийсган засаж, өргөн талд нь олон зэрэгцээ хонхорыг хоёр эгнээ доош ташуу дүрсэлсэн ба хажуугийн нарийн талын дээд хэсгээр нэг эгнээ олон хонхор, түүний арай доохнуур ганц нарийн ховилон зураас татжээ.

Хүн чулуу, бичигт хөшөө

[засварлах | кодоор засварлах]

Хүн чулуу буюу хүн чулуун хөшөө нь хүн дүрстэйгээр хийсэн чулуун хөшөө дурсгалууд юм. Хүн төрөлхтөн хүн чулуун дурсгалыг  МЭӨ 4000 жилийн үеэс буюу түрүү хүрэл зэвсгийн үеэс дундад зууны үе хүртэл бүтээж байсан гэж үздэг. Хүн чулууны дурсгалуудын эртнийх нь Иран хэлний бүлгийн нүүдэлчид болох Скифүүдтэй холбоотой байдаг бол дунд үе нь Түрэгүүдтэй холбоотой. Дэлхийд Монгол, Төв Ази, Өмнөд Орос, Украйн ба Пруссийн нутагт олон тооны хүн чулуу тогтоогдоод байна. Хүн чулууг төр улс, овог аймгийн тэргүүн буюу цэрэг дайны алдар гавъяатан зэрэг нэр цуут хүний дурсгалд зориулсан тахилын онгоны бүрэлдэхүүнд оруулан тавьсан байдаг. Хүн чулуу нь эртний хүмүүсийн шүтлэг бишрэл, нийгмийн харилцаа, соёл урлагийн түвшин, угсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж сэргээн судлах шинжлэх ухааны нэн үнэтэй сурвалж болдог. Эдгээрийг урлан бүтээхдээ байгалийн чулууг засаж янзлан хүний биеийн хэлбэр оруулж хийсэн байх ба ур хийцийн хувьд ч харилцан адилгүй. Хүн чулуу нь түүхэн тодорхой цаг үед амьдарч байсан бодит хүнийг дууриалган хийсний хувьд тэр үеийн хүний хувцас өмсгөл, гэзэг үс, зэр зэвсэг, гоёл чимэглэл, зарим эд зүйлсийг бодитойгоор дүрслэн гаргасан байдгаараа шинжлэх ухааны ач холбогдолтой.

Хэмцэгийн археологийн соёлд хамаарах хүн чулууд

[засварлах | кодоор засварлах]

Монголын хүрэл зэвсгийн үеийн Хэмцэгийн археологийн соёлд хамаарах хүн чулууд

Алтайн нуруу дагасан Хэмцэгийн соёлын дурсгалууд Монгол улс, БНХАУ, Казахстан ба ОХУ-д тархсан байна. Монгол улсын нутагт Ховд ба Баян-Өлгий аймгийн Ягшийн Хөдөө, Хэвийн ам, Авын Хөх уул, Баян-Өндөр, Улаан худаг, Халзан үзүүр, Баян-Энгэр, зэрэг арав орчим газарт 20 гаруй булш оршуулгын байгууламж, тахилгын байгууламжийг малтан судалжээ. Түүнчлэн Хэмцэгийн соёлын хадны зургийн дурсгалуудыг Шинжааны Дунд Булаг, Монголын Цагаан Салаа/Бага Ойгор зэрэг дурсгалд илрүүлжээ. Одоогоор Хэмцэгийн соёлын 70 гаруй хүн чулууд илэрснээс Монголд зөвхөн 2 ширхэг судлагдаад байна. Эдгээр нь Төв Азид илэрсэн хамгийн эртний хүн чулууд болохын хувьд соёл-түүхийн өндөр ач холбогдолтой.

Хэмцэгийн соёлыг анх 1962 онд Хятадын археологичид Шинжаанд нээжээ. Үүнээс хойш нэг хэсэг уг соёлын судалгаа орхигдож явсаар 1990-ээд оны үеэс Оросын археологичид сонирхон судлах болсон. Энэ үеэс А.В.Варёнов, А.А.Ковалев, А.А.Тишкин нар уг соёлыг идэвхтэй судалж байна. Монголын хувьд 2003 оноос уг соёлын булш оршуулга ба хүн чулууг Д.Эрдэнэбаатар, А.А.Ковалев нар Ховд, Баян-Өлгий аймгийн нутагт судалж эхэлсэн байна. 2012 онд Ц.Төрбат нар Хэмцэгийн соёлын булшийг мөн Ховд аймгийн нутагт Авын Хөх уул, Баян-Өндөрт малтан судалжээ.

Хэмцэгийн соёлын хүн чулууд ихэвчлэн булш оршуулгатай хамтдаа нэгэн цогцолбор болон оршдог. Ингэхдээ булшны зүүн талд нүүрээрээ дорно зүгт харан байрладаг байна. Хүн хөшөөд нь хүнийхээ нүүрийг өвөрмөцөөр загварчлан дүрслэхийн зэрэгцээ гар болон бусад эрхтнийг хүртэл дүрслэх явдал бий. Түүнчлэн их биеийн дээр бух, хүн зэрэг дүрслэлүүд тохиолддог нь он цагийг тогтоох чухал баримжаа болдог. Гарт нь нум, таяг зэрэг эд зүйлсийг бариулан дүрсэлсэн цөөн хүн чулууд бас бий. Эдгээр хүн чулуудыг таних гол тэмдгүүд нь товойлгон дүрсэлсэн бүлтгэр дугуй нүд, хагас нуман хөмсөг, хацрыг дүрсэлсэн гурвалжин товгор, амны доороос эрүүний үзүүр хүртэл холбосон шулуун зураас, хүзүүнд дүрсэлдэг хөмөргөн гурвалжин унжлагууд зэрэг дүрслэлүүд болно.

Хэмцэгийн соёлын булш оршуулга нь Өмнөд Сибирийн Афанасьевийн соёл, Караколийн соёл, Окуневийн соёл, Елунины соёлтой холбоотой. Хүн чулууд нь ч дүрслэл, утга агуулгын хувьд Окуневийн чулуун хөшөөд ба Караколийн дүрслэх урлагийн дурсгалуудтай холбогдох нь илэрхий. Харин гарал үүслийн асуудал нь бүрхэг хэвээр байна. Зарим судлаачид Баруун Европын хожуу неолит-түрүү хүрлийн үеийн археологийн соёлуудтай холбож тайлбарладаг бол зарим нь Умард Кавказ-Украин-Ижил мөрний сав нутгийн түрүү хүрлийн Нүхэн булшны соёлын хүн чулуутай харьцуулан үзсэн байдаг. Ямар боловч эдгээр хүн чулууд Төв Азийн хүрээнд хамгийн эртний хүн чулууд болохын хувьд бусад хожуу үеийн хүн чулуудын өвөг, эх загвар болох учиртай. Нөгөө талаар урлаг ба гоо зүйн хувьд өндөр түвшинд бүтээсэн эдгээр хүн чулууд Монголын эртний түүх соёлын нандин өв болдог. (Ц.Төрбат)

Ховд аймгийн Булган сумын нутагт Авын Хөх уулын ар хормойд хиргисүүд, хөшөө чулуу, чулуун овоололт булш зэрэг олон үед холбогдох дурсгалууд цогцолбор байдлаар орших бөгөөд тэдгээрийн төв хэсэгт зүүнээс баруун тийш цувран байрлах дугуй дараастай хойд талд нэгэн хүн чулуу бий. Уг хүн чулуу нүүрээрээ зүүн өмнө зүгт хандсан байх бөгөөд түүнийг нарийн ширхэгтэй гөлгөр хөх өнгөтэй чулуугаар маш ур дүй гарган хийсэн байна. Хөшөөний нүүрэн талыг сайтар өнгөлж баруун гартаа нум барьж, зүүн гараа цээжин дээрээ тавин зогсож буй эр хүнийг дүрсэлжээ. Ингэхдээ хоёр гарыг тохойн үеэр нугалж, зүүн гарын эрхий хурууг гозойлгон бусад дөрвөн хурууг тэнийлгэн цээжин газарт буюу баруун гарын бугалга дээр тавьсан байна. Хүнийг дугуйрсан урт хөмсөг бүхий зууван дүрлэгэр том нүдтэй унжуу урт хамартай, ооч сахалтай болов уу гэмээр зузаан уруулаа жимийсэн байдалтай өргөн гонзгой царайтай байгаа нь сүрлэг догшин бүртэй харагдуулна.толгойн орой дугуй бөгөөд духан дээгүүр малгайн хөвөө мэдэгдэхгүй байгаагаас малгайгүй бололтой. Биенд ямар нэгэн хувцас огт мэдэгдэхгүй. Хөшөөний өндөр 137 см ажээ. Харин өмнөх булшнаас холгүй орших Ягшийн хөдөө хэмээх газарт буй баруунаас зүүн тийш чиглэлтэй тэгш дөрвөлжин хэлбэрийн том чулуун хайрцаг бүхий булшны зүүн талд цайвар өнгийн цул боржин чулуугаар хөшөө босгосон байжээ. Уг хөшөөг цоолборлон хийсэн бөгөөд хөшөөнд магнай дээрээ хоёр гүвгэр шулуун зураа бүхий дугуй царайтай, хөмсөг, сахалтай хүнийг дүрслэхдээ булчинлаг цээж, баруун гартаа ут нарийн зүйл, зүүн гартаа нум барьж байгаагаар дүрсэлсэн байна.

Монгол Алтайгаас шинээр илэрч олдсон эдгээр хүн чулууд нь дүрслэлийн арга барил, хэв загвар, дүрсэлж гаргасан эд юмсын төрөл зүйл хийгээд дэргэд орших оршуулгын байгууламж, түүний чулуун авс ба хүн чулууг бүтээсэн чулууны сонголт зэрэг олон шинж тэмдгээрээ Евро Азийн өөр бүс нутгийн түрүү төмөрлөгийн үеийн хүн чулуудтай ижил төстэйгөөс гадна энэ үеийн өөр ямар нэгэн хүн чулуунд огт тохиолдож байгаагүй өвөрмөц онцлогийг өөртөө агуулж байгаа билээ.

Хүрэл зэвсгийн эхэн үед хамаарагдах Хээмцэгийн булш оршуулгын дурсгалтай нэгэн цогцолбор болон орших хүн чулуун хөшөө, тухайн үеийн дунд, төгсгөл үеийн сонгодог дурсгал болох буган хөшөөн дэх хүний нүүрний дүрслэл нь манай улсад одоогоор мэдэгдээд байгаа хүн дүрст чулуун хөшөөний хамгийн эртний дурсгал хэмээн үзэж болно.

Түрэгийн угсаатан ард түний үлдээсэн хүн чулуун хөшөө

[засварлах | кодоор засварлах]

Түрэгийн угсаатан ард түний үлдээсэн хүн чулуун хөшөө нь Евро Азийн нутагт өрөн тархсан бөгөөд одоогоор Монгол, Өмнөд Сибирь, Уулын Алтай, Тува , Казахстан, Шинжаан зэрэг газарт илрүүлэн олдоод байна. Монгол улсын нутаг дэвсгэр дээр нийт 21 аймгийн 114 сумын нутгаас нийт 785 хүн чулуу бүртгэгдээд байгаа билээ. Энэ үеийн хүн чулуун хөшөө нь гол мөрний сав хөндий, тэдгээрийн ойр орчмын тэгш тал зэрэг хүний нүдэнд тусахуйц байгалийн үзэмжит газар тахил шүтээний байгууламжийн бүрэлдэхүүнд орж байрладаг. Эдгээр нь нэг дор буюу нэг цогцолбор дурсгалын бүрэлдэхүүнд ганц нэгээрээ байхаас гадна ихэвчлэн нэг дор хоёр буюу түүнээс дээш тоогоор нэг цогцолборт хамт байх ба ямар нэгэн алдар цуут, язгууртан, баатар эрсэд зориулан босгосон том онгонуудад хэдэн арваараа хамт байх тохиолдол ч бий. Түрэгийн үед холбогдох хүн чулууг зориуд зассан хавтан чулууг дөрвөлжлүүлэн хийсэн хашлаганы зүүн өмнө талд нүүрээр нь нар мандах зүүн зүгт хандуулан босгосон байдаг. Энэхүү хүн чулуун өмнөөс урагш олон тоотой чулууг нэг эгнээгээр цэгцтэй цувуулан зоож тавьсныг “балбал” буюу “зэл чулуу” хэмээн нэрлэнэ.

Хүн чулуу нь ганц нэгээрээ байх тохиолдолд хашлага чулуу болон зэл чулуутай байх бол ихэс язгууртанд зориулсан онгонд тахилын сүм, эзэн ноёны болон бараа бологч нарын чулуун хөрөг, чулуун хонь, арслан зэрэг адгуус амьтны дүрсийг тодорхой дэс дарааллын дагуу тавьдаг байна. Энэ үеийн хүн чулууг суурилуулан тогтоохдоо:

1.    газар ухан нүдэнд суутгах,

2.    доод талд нь тусгай тавцан гаргаж суурийн доод талыг хавтгайлж засаад газрын хөрсөнд сул тавих

3.    тусгай бэлдсэн голдоо нүхтэй хавтгай чулуун сууринд бэхэлж суулгах гэсэн үндсэн арга байдаг. Монгол орны хувьд хүн чулуудыг суурилуулахдаа эхний хоёр аргыг зонхилон ашиглаж байжээ.Түрэгийн хүн чулууг хийц загвараар нь:

·       Бүрэн  дүрслэлтэй

·       Заримдаг дүрслэлтэй

·       Тойм дүрслэлтэй хэмээн үндсэн 3 хэсэгт хуваан авч үздэг.

Түрэгийн хүн чулууны олдворуудын ихэнхийнх нь толгойг хуга цохин хагалснаар олддог. Хамгийн уран чамин хийцтэй хөшөө, өөрөөр хэлбэл уг цогцолборын эзэн хүний хөрөг дүрсийг илүүтэй эвдэн сүйтгэсэн байдаг. Харин болхи хийцтэй, зарц нарыг хөшөөг бага эвдсэн байдаг бол бүр муу хийцтэй хөшөөг хэвээр нь үлдээсэн айдаг байна. Үүнийг судлаачид Түрэгийн хаант улсыг дарсан Уйгарчууд эвдэн сүйтгэсэн гэж үздэг байна. Түрэгийн сүйтгэгдээгүй хадгалагдаж үлдсэн хүн чулуун хөшөөнөөс харахад нүүр царайг бодитой урлаж аль болох ойртуулж товгор байдлаар цоолборлон хоёр хөмсгийг хооронд нь нийлүүлэн түүний уулзвараас хамрын зураасыг доош гарган нэгэн үргэлж байдлаар дүрслэх нь элбэг байсан байна.

Орхоны хөндийн дурсгал

[засварлах | кодоор засварлах]

Орхоны хөндий нь нүүдэлчдийн түүхийн олон үеийн археологийн дурсгалуудаар онцгой, баян түүхт нутаг бөгөөд Чулуун зэвсгийн үеэс эхлээд XIII-XIV зуун хүртэлх үеийн булш, бунхан, тахилгын цогцолбор газрууд болон хот суурин гэх мэт олон тооны дурсгалууд бий. Тэдгээрийн нэг нь Хөшөө Цайдамын урд 3 км зайтай Шивээт толгойн орой дээр орших чулуун байгууламж болно Малталтаас олдсон хүн чулуу нь хөлөөс толгой хүртэл 160 см өндөр, газарт суулгах хэсэг нь 50 см урт бөгөөд доод хэсгийг зөвхөн нарийсгах төдийхнөөр засаж янзалжээ. Хүн чулууг зүүн гараа өвдөг дээрээ тавьж, баруун гараараа цээжиндээ хундага атган, завилан суугаа байдалтай дүрсэлжээ. Хүн чулууны толгой буюу нүүрний төрх нь ихээхэн бодит байдалтай бөгөөд дөлгөөн, ихэмсэг харцтай, сахалгүй, жавжиндаа инээмсэглэл тодруулсан монгол төрхтэйгөөр дүрсэлсэн байна.

Хүн чулууны дээлийг Түрэгийн томоохон дурсгалуудад түгээмэл ажиглагддаг цэцгэн хээгээр чимэглэсэн байх бөгөөд ханцуй, зах, дотуур цамц, дээлийн энгэр, зах гэх мэтийг маш нарийн урлажээ. Олон тоногтой, найман унжлага бүхий агсарга бүс зүүсэн байх бөгөөд баруун ташаанд нь хавтага, зүүн ташаанд мөн хавтага мэт ямар нэг зүйлийг зүүлгэжээ. Гутал нь нүүдэлчдийн хэв загвар бүхий ээтэн хоншоортой арьсан гутал бололтой. Харин малгай нь нилээд сонирхолтой зулай хэсэг нь нам, ар тал нь өндөр бөгөөд хятад мэтийн дорно зүгийн улс орны хаад, түшмэдийн өмсдөг малгайтай төстэй харагдаж байна. Хөшөө нар салхи, бороо усанд элэгдэж хэмхрээгүй, маш сайн хадгалагдсанаас үзвэл хүн чулуун хөшөөг урласнаас төдий л удалгүй  чулуун байгууламжид дарагдан хадгалагдсан бололтой. Уг хүн чулууг урлан бүтээсэн арга барилын хувьд сонирхолтой нэг зүйл нь баруун суганд болон зүүн ташаанд нь гар бие хоёрыг салсан ховилыг дүрслэн гаргасан байдаг. Энэ нь суугаа байдалтай дүрсэлсэн хөшөө чулуунд ажиглагддаг арга барил бөгөөд мөн Түрэгийн үеийн томоохон цогцолбор байгууламж болох “Баян даваа, Хуц Ухнатай, Их хөшөөт, Тоглохын тал зэрэг газарт нэг нэг хүн чулуунд байх ажээ. /Д.Баяр, 1997/” Энэ бүхнээс үзвэл Шивээт толгойн хүн чулуун хөшөө нь газарзүйн байрлалын хувьд уулын орой дээр, том чулуун байгууламжийн хөшөө дурсгал хэлбэрээр зориулагдан босгосон. Мөн хөшөө чулууны хийц урлалын хувьд бусад томоохон дурсгалтай адил суугаа байдлаар хийгдсэн нь тухайн хөшөөг олбог сэнтийдээ залран байгаа хаад, язгууртан хүнийг илтгэж байна. Хэрэглэгдэхүүнээс үзвэл хүн чулуудыг завилсан, сөхөрсөн, бохирсон болон зогсоо байдлаар дүрсэлсэн байх бөгөөд нийт судлагдсан хүн чулуудаас завилан суусан байдлаар хийсэн 30 гаруй хүн чулуу олдсоны 20 нь монголд бүртгэгджээ [Баяр, 1997:26]. Энэхүү завилан суусан хүн чулуудын ихэнх нь Налайх дахь Тонъюкук, Онгийн голын дурсгал болон Орхоны сав дахь орших Хөшөө Цайдам, Шивээт Улаан гэх зэрэг томоохон алдартай цогцолбор дурсгалын бүрэлдэхүүнд багтаж байгаа нь тэдгээрийг түрэгийн хаад, сурвалжтанууд болохыг дам зааж буйн нэг илрэл хэмээн үзэж болох юм.

Түрэгүүдээс хойш монголын бөө, лам нар хүн чулууг “уушхай” хэмээн нэрлэж, тахин шүтсээр иржээ. Хүн чулууг урласан байдал нь янз бүр, зарим хэсэг нь нэлээд нарийн ажиллагаатай бол зарим нь ихэд ерөнхийлсөн эсвэл ингэмэл маягтай байдаг. Хүн чулууг нэр төр бүхий баатарлаг дайчдад зориулдаг байсан гэж болохоор.  Учир нь, босоо, суугаа байдалтай гол төлөв дүрслэгдсэн эдгээр хүн хөшөөнүүд цээжиндээ салаалсан захтай, урт дээл өмсөж, баруун гараа урдаа авсан байх бөгөөд ихэнх тохиолдолд хундага барьсан байна. Тэд шовгор тоорцог маягийн малгайтай, эс бөгөөс толгой нүцгэн байх ба сүрлэг сахал нь баатарлаг шинжийг илтгэнэ. Хүн чулуунуудын бүс, түүнд зүүсэн хутга сэлт нь цэрэг эр гэх сэтгэгдлийг төрүүлэх агаад урт дээлийн хормой хөлийг тагласан байдгаас ихэд биеэрхүү сүрлэг харагддаг.

Түрэгийн монументаль баримлын урлагийг Уйгурууд уламжлан үргэлжлүүлсэн гэж үзэх бүрэн үндэстэйг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс олдсон хүн чулуун хөшөөнүүд гэрчилнэ. Тухайлбал: Ямаат улаан хэмээх газраас Ногоон нуур сумын төвд авчирсан хөшөө  нь цайвар саарал өнгийн боржингоор урласан босоо хүний дүр юм. Энд өргөн нүүр, шувтан шовх эрүүтэй, шулуун урт хамар, жижигхэн ам, дүрлэгэр том нүдтэй, сахалгүй эрийг бариу таган малгайтай дүрсэлжээ. Түүний нүүрний малгайны хэв загвар, нүдний аньсага, жирэвгэр хөмсөг, цагираг унжлагатай ээмэг зүүсэн чих зэргийг маш тодорхой үзүүлсний дээр цээжин тушаа барьсан жижиг цүндгэр ваар барьсан гарын хуруунуудыг ихэд нарийн тоочин үзүүлсэн байна. Түүний хувцасны эд ангиуд тодорхой бус ч хувцасны ханцуйг нь илт ялган харах боломжтой. Хөшөөний нүүрэн тал болон хоёр хажуу маш нарийн нийцтэй ч арыг нь төдийлөн сайн янзлаагүйгээс үзэхэд ямар нэгэн хананд нуруугаар нь тулгаж байрлуулах зориулалттай бүтээсэн гэмээр. Хөрөг хөшөөний газарт ил байрлах өндөр нь 1,74 метр, толгойн өргөн 0,58 метр, цээжний өргөн 0,59 метр, харин зузаан нь 0,38 метр юм. Түүний дэргэд байрлах улбар шар өнгийн боржингоор урласан хөшөө нь түрүүчийн хөшөөний хийцтэй тун адил боловч цээжний байдлаараа эмэгтэй хүний дүрс болох нь тодорхойн дээр “бие”-ээр ч жижиг (өндөр нь 1,40 м.) юм.

Булган аймгийн Ингэт толгой хэмээх жижиг толгодын өвөрт орших хүн чулууг нутгийнхан “Далха Вандад” хэмээн өргөмжилснийг эрдэмтэд Киданы урлагт хамруулсан билээ. Учир нь хэмжээ, хийцийн хувьд Монголын нутаг дэвсгэрээс олдсон олон хүн хөшөөнүүдээс эрс ялгаатайн дээр бусад улсад хадгалагдан үлдсэн Киданы дурсгалуудтай ижил төстэй аж. Өргөн ханцуйтай, газар шүргэсэн өргөн хормойтой, халхгар том дээлийн өвөр хормой нь хана хээгээр чимэглэсэн байна. Орой дээрээ овгортой бариу малгайтай түүний нүүр нь өргөн, чих нь том, нүд нь дүрлэгэр, 220х70х30 см-ийн хэмжээтэй, улбар бор өнгийн элсэрхэг чулуун уг хүн хөшөөг эрдэмтд Нангиад хуврагийн дүр хэмээн дүгнэсэн байдаг.  

Зөвлөлтийн  эрдэмтэн  Л.Л.Викторова  Дорнод  Монголын талд судалгаа хийж, Дорнод аймгийн нутаг Шонх Таван толгой гэдэг газар байдаг хүн чулууг судлаад "Хувцас хунарын байдал дундад зууны монголчуудынх байгаа учраас энэхүү хүн чулууд нь Түрэгийнх биш дундад зууны монголчуудын дурсгал байна." гэж үзсэнээр Их Монгол Улсын үеийн хүн чулуудыг тусад нь ялгаж судлах эхлэл тавигдсан байна. Их Монгол Улсын үед хамаарах хүн чулуудын ерөнхий төрх нь баруун гартаа хундага сав барьж, түшлэгтэй сандалд суусан эр хүний дүрс зонхилдог, Түрэгийн хүн чулуунд байдаг шиг зэл чулуу байдаггүй. Тухайн үеийн монгол эрчүүдийн гэзэг үсний хэлбэр нь хоёр чихний араар багцлан боож унжуулсан үс, мөн дух руу унжуулсан гөхөл бөгөөд тэр үед Монголд ирж байсан гадны элч төлөөлөгчдийн тэмдэглэн бичсэн тэмдэглэлтэй яг тохирдог байна. Мөн урт нарийн ханцуйтай, зөв тийш дарсан ташуу энгэртэй халхгар дээлтэй байдаг нь тэр үеийн уран зургийн дурсгалтай ч тохирдог байна. Гутлын хэлбэр дүрс нь ч дундад зууны монголчуудын гутал ямар байсныг тодорхой харуулдаг байна. Их Монголын үед холбогдох эдгээр хүн чулуунуудыг хамгийн олноор агуулдаг газар бол Сүхбаатар аймгийн нутаг юм.

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд байдаг хүн чулуунуудыг урьдах үеийн баримлуудтай харьцуулбал малгай хувцас, зүүлт чимэг, түшлэг тохойвчтой сандал дээр сандайлж суулгасан зохиомж зэргээс нь сүүлийн үед хамруулан үздэг. Санкт Петербургийн Эрмитажид байгаа Чингисийн чулуу,  Монгол улсын Үндэсний түүхийн музейд байгаа Мөнх хаанд зориулсан гэрэлт хөшөө нь Монгол бичиг сийлсэн нэн ховор дурсгалууд бөгөөд Хархоринд байгаа алдарт чулуун мэлхий ч тийм пайлуурт зориулсан суурь юм.

Баян балгасын орчмоос олдсон, одоо Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй чулуун эр, эм хоёр арслангийн  дүр амьтны сүр хүчийг тод томруун ерөнхий дүрслэлээр гаргаж өгсөн гайхамшигтай өвөрмөц хийцийн талаар гэрчилж өгдөг. Хойд хөл дээрээ суусан арслангуудыг нарийн тоочин үзүүлээгүй ч ерөнхий хэв шинжээр нь сүрлэг хүчтэй араатан болохыг түвэггүй таньж болно. Урчууд араатан амьтад, малыг дүрслэх дуртай байсныг модоор урласан шатрын дүрсүүд харуулдаг. Жижиг хэмжээтэй ч тухайн амьтныхаа донж төрийг үнэхээр мэргэн оновчтой, сүрлэг хэллэгтэй үзүүлж чаддаг нь энэ үеийн урчуудын бүтээх арга ажиллагааны онцлог юм.

Уйгурууд Түрэгийн соёлоос олон зүйл уламжлан авч үлдсэний тоонд гэрэлт хөшөө зүй ёсоор орно. Монгол дахь Түрэгийн хүн чулуудаас хамгийн алдартай нь Орхоны Хөшөө цайдамын Билгэ хаан ба жанжин Күлтегинын цогцолбор болон Налайхын Тоньюкукийн дурсгалууд болно.

Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар иржээ. 1958 онд Монгол-Чехословакийн хамтарсан судалгааны баг бүхэлд нь малтан судалсан байна. Элтерэс хааны хүү Билгэ бол Түрэг улсын сүүлчийн хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан юм. Түүний дүү Культегин нь ухаалаг, авьяаслаг цэргийн жанжин байгаад 731 онд 49 насандаа таалал төгсчээ. Культегин ах Билгэг хаан ширээнд суухад тууштай дэмжиж түүний төлөө хүчин зүтгэсэн түүхтэй. Билгэ хаан дүүгийнхээ дурсгалд зориулан тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 оны 8 дугаар сарын 1-нд босгуулжээ. Цогцолборын урт 67 метр, өргөн 29 метр, 1 метр зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн, хэрмийн доторх сул зайг бүхэлд нь 32 х 32 х 6 см хэмжээтэй тоосгоор бүрсэн байжээ. Цогцолборын голд наран ургах зүгт харуулан Культегины гэрэлт хөшөөг байрлуулсан бөгөөд мэлхий чулуун суурийн хамт өндөр нь 383 см, өргөн нь 132 см, зузаан нь 46 см юм. Хөшөөний дээд хэсэгт эвхэрсэн хоёр лууг чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрс,  гурван талд нь нийт 68 мөрөнд 10 мянган үсэг зурлага бүхий руни бичээсийг сийлжээ. Судлаачид 1-13 дугаар мөрийг бага бичээс, 14-68 дугаар мөрийг их бичээс гэж нэрлэдэг. Эл бичээсийг Культегины хөшөө ач хүү Йолуг Тегин 20 хоног сийлж, Түрэг төрт улсаа хэрхэн байгуулсан, Культегин 16 настайгаасаа улсын хэрэгт оролцож ямар овог аймаг, улс орныг байлдан эзэлсэн, хэрхэн тулалдсан, ямар зүсмийн морьд унадаг байсан, өдөр шөнийг үл хайхран улсынхаа төлөө хэрхэн зүтгэж,  ядуусыг баян, өнчнийг өнөр болгож, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөн хаан төрийг байгуулалцаж, наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэлх өргөн уудам газар нутгийг захиран дээд тэнгэрээс дарах аюулгүй, доод газраас цөмрөх айдасгүй амар жимэр болгон хүчирхэг улсыг байгуулсан тухай, Культегинийг оршуулах үед ах Билгэ яаж эмгэнэн гашуудаж байсан тухай, түүний оршуулгын ёслолд гадаадаас ирж оролцсон зочдыг хүртэл дурдан өгүүлжээ. Хөшөөний мэлхий чулуун сууринд мөн адил түрэг бичээс байх бөгөөд 1979 онд Б.Базылхан судалсан боловч зарим бичээс маш бүдгэрсэн тул бүрэн тайлж чадаагүй байна.

Бичээсийн агуулга

[засварлах | кодоор засварлах]

Тэнгэрээс ивээлт тэнгэрлэг түрэг Билгэ хаан. Үг ману: Дээр хөх тэнгэр, доор бараан дэлхий үүдсэний завсарт хүний хөвгүүд буй болсон ажгу. Эстими хаан хэмээн алдаршсан миний дээд өвөг Буман хаан хүний хөвгүүдийг эзлэн сууж эл улсаа тэтгэн засаг төрийг бататгавай. Дөрвөн зовхисын олон аймгийг хүчээр дагуулан номхотгоод толгойтныг бөхийлгөн тойгтныг сөгтгөвэй. Зүүнш Хадарганы хөвч, баруунш Төмөр хапаг хүртэл улсаа нутаглуулах, энэ хоёрын завсар сурвалжтан улс үгүй Хөх Түрэг удтал нутаглан суужээ. Өвөг Буман мэргэн хаан бөлгөө, баатар хаан бөлгөө. Түүний сайд нь мэргэн, баатар бэхи нар болоод албат олон цөм шударга тул эл улсыг удтал тэтгэн төрийг бататгажээ. Насан эцэслэсэнд наран мандах зүгийн бүхэл талын аймгийн хүмүүн Нанхиад, Төвд, Парфурум, Хиргис, Уч, Хуриган, Отус, Татар, Хятан, Татаби зэрэг өчнөөн олон улсын хүн ирж хүйлэн хайлан гашуудан уйлав. Тийм алдарт хаан агсан ажгу. Түүний сүүлд дүү нь хаан болов. Хөвгүүн нь хаан суув. Дүү нар нь ахас лугаа адилгүй. Хөвгүүд эцэг лүгээ адилгүй болсон учир будангуй хаад ширээг залгамжлан уйлхай хаад төрийг барьж сайд нь будангуй, уйлхай бэхи болоод албат олон шударга батгүй, нанхиадуудын хутган эвдрүүлж хөнөөсөнд дүү нар нь ах нар лугаа эвдрэлцэн муудалцаж, бэхи нар албат олон лугаа харшлан хөнөөлцсөн тул Түрэг улс эрхэм болсон эл улс юугаа эвдэж, эзэн болсон хаад юугаа тэвчлүгээ. Хүчирхэг хөвгүүд нь нанхиадын боол боллоо, ариун охид нь нанхиадын шивэгчин боллоо. Түрэг бэхи нар түрэг цолоо гээж нанхиад бэхи нарын адил нанхиад цол хүлээн зүүж нанхиад хааныг дагаж тавин жилийн турш сэтгэл хүчээ өгч, зүүн тийш наран мандах зүг Бүгли хаан хүртэл баруун тийш Төмөр хапаг хүртэл тэдэн лүгээ яван нанхиад хаанд эл улс эрх мэдлээ өгөв.

Хамаг Түрэгийн харц иргэн өгүүлрүүн: Эл улс минь хаана байнам. Хэнд улсуудыг дагуулнам билээ би. Хаантай улс билээ би. Хаан мину хаана буй. Ямар хаанд сэтгэл хүчээ өгнөм билээ би. Тийн хэмээгээд нанхиад хаанд дайсан болж хуучин нутагтаа хүчин тэжээсүгэй хэмээн нүүн ачаалав. Эд нар сэтгэл хүчээ өгөхийг бодохгүй болбоос Түрэг улсыг хядан алж үрийг тэжээсүгэй хэмээн нанхиадууд хэдэн удаа цэрэг явууллаа.

Дээрээс Түрэгийн тэнгэр, доороос ариун дэлхий ус, Түрэг улс үл сөнөх болтугай, өнөд орштугай хэмээн миний эцэг Элтерес хаан, эх Элбилгэ хатан зулайгаас өргөн дэвшүүлэв. Миний эцэг хаан агсан хорин долоон эрийн хамт мордлоо. Түүний захад явсныг хот дахь хүмүүс сонсоод хотоос гарч, уулан дахь хүмүүс уулнаас угтан бууж бүгд нийлж далан эр болов. Тэнгэрээс ивээн тэтгэснээр хаан эцгийн цэрэг чоно мэт харш дайсан нь хонь мэт болж зүүнш баруунш явсаар хүчийг бүртгэн хүнийг ятган бүгд долоон зуун эр боллоо. Цэргийн тоо долоон зуу хүрсэнд биеэ хаанд үзэн, тус тусын улс мэт бологсод, бусдын боол бологсод, тайлаш, тардус аймгийг улсын олон аймгийн дотор байваас зохих байрыг заан тогтоож ягбу, шадтай болговой.

Өмнө зүгээс нанхиад улс, умраас тогус огусын хаан дайсагнан харшлалдаж хиргис, хуриган отус, татар, хятан татаби нар цөм довтлолдов. Миний эцэг хаан энэ олон улс лугаа байлдахаар дөчин долоон удаа цэрэглэж хорин удаа хутгалдан байлдав. Тэнгэр ивээн тэтгэсэн тул эл улсыг бататган хаан төрийг засаж дайсныг номхотгон тойгтныг сөгтгөв, толгойтныг бөхийлгөв. Эцэг хаан минь төрийг төвшитгөн засаж халилаа. Хаан эцгийн хүүрт хааны балбалыг тэргүүн болгон тавив. Хаан наснаас нөгчсөн цагт би найман наст бөлгөө. Миний авга хаан суугаад Түрэг улсыг засан тэнхрүүлж үгээгүй баялаг, өнчнийг өнөр болгов. Авга хаан ширээнээ суухад би тегин бөлгөө. Тэнгэрийн ивээлээр би хорин дөрвөн насандаа Тардуш улсын шад боллоо. Хаан авгын хамт зүүнш Шандун газрын Ногоон голын тал хүртэл, баруунш Төмөр хапаг хүртэл аялан явж Хөгмэнийг даван Хиргисийн нутаг хүрлээ. Бүгд гучин таван удаа цэрэглэн аялж, хорин гурван удаа байлдаад эл улсыг бататган хаан төрийг тэтгэн, тойгтныг сөгтгөлөө, толгойтныг бөхийлгөлөө. Түргэшийн хаан угаас миний албат түрэг хүн бөлгөө. Ухваргүй тул хэрэг алдаж ял олоод үхэв. Түүний хойно сайн бэхи нар цөм үхэв. Түүнийг дагасан улс иргэн цөм зовлонг олов. Манай өвгөдийн энэ газар ус эзэнгүй аху нь зохихгүй тул Ас улсыг зохиов. Барс бэхид хаан цол өгч дүү гүнжийг эм болгон өглөө. Түүний бие ял олоод үхэж улс иргэн нь боол шивэгчин боллоо. Хөгмэний газар ус эзэнгүй аху нь зохихгүй тул би Ас, Хиргис улсыг зохион засав. Зүүнш Хадарган хөвч хүртэл дагасан улсыг суулган засаж баруунш Гэнгү тарман хүртэл Түрэгийн нэгэн хэсэг улсыг суулган заслаа. Тэр цагт манай боол өөрснөө боолтой, манай шивэгчин өөрсдөө шивэгчинтэй бөлгөө. Дүү нар нь ахсыг чирэгдүүлэхгүй, хөвгүүд нь эцэгсийг чирэгдүүлэхгүй бөлгөө. Эл улс засаг төрөө энэ мэт бататгавай. Огус түрэгийн бэхи болоод албат олон та бүхэн сонсогтун. Дээр аху тэнгэрээс дарах, доор аху газраас цөмрөх аюулгүй агсан Түрэг улс. Эл улс төр засгийг хэн дэлгэрүүллээ. Чи язгуураас шударга түрэг улс бөлгөө. Гэмшин гэмшигтүн. Чиний шударга журамтайд мандсан Билгэ хааны хөгжүүлсэн сайхан эл улсын өмнө гэм алдал үйлдэж уйлхайлан умдгайдав чи. Чамайг сарниулсан байлдааны аюул хаанаас гарлаа? Чамайг дагуулсан хатгалдах санаа хаанаас гарлаа? Өтгөн хөвчийн улс чинь нүүн явж нэгэн хэсэг чинь зүүнд одлоо. Нэгэн хэсэг чинь баруунд одлоо. Одсон газар бүхэнд сайныг олсон чинь ганц цусаа ус мэт урсгаж, ясаа уул мэт овоолон хүчтэн хөвгүүнээ боол болгож, ариун охидоо шивэгчин болголоо. Чиний ухваргүй уйлхайн учраас хаан авга халив. Хөшөөний тэргүүнд би Хиргис хааны балбалыг босгов. Түрэг улсын нэр алдар үл сөнөх болтугай хэмээн хаан эцэг, хатан эхийн өргөмжилсөн улсыг заяагч тэнгэрээс Түрэг улсын алдар нэр үл сөнөх болтугай хэмээж миний биеийг хаан болгов. Би эд малаар баян улсын хаан болсонгүй, аманд хоолгүй, мөрөнд хувцасгүй буурай ядуу улсын хаан боллоо.

Дүү Культегин бид хоёр хоёул шад бөлгөө. Өвөг дээдсийн мандуулсан улсын алдар нэр мөхөн сөнөвөөс зохихгүй хэмээн хэлэлцэж Түрэг улсын учир шөнө үл унтан, өдөр сул үл суун дүү Культегин бид хоёр шад үхэн цуцтал зүтгэн оролдож улсыг их болголоо. Ийнхүү зүтгэн байлдахад улсыг гал, ус үл болгон, сарнин тархаж цуцан ядуурагсад хуран чуулсныг тэнхрүүлэхийн учир умраад Огус, зүүнш Хятан, Татаби өмнөдөд Нанхиадыг байлдахаар аялж хорин хоёр удаа байлдвай. Тэнгэрээс ивээж өлзий хутаг соёрхсонд би мөхөхөд хүрсэн улсыг өргөн тэнхрүүлж нүцгэн улсыг хувцастай, ядуу улсыг баян, өнчин улсыг өнөр болгож, эл улсын элдэв зүйлсийг засан хаан алдрыг бататгавай. Дөрвөн зүгийн улсыг хүчээр номхотговой. Миний олон хаад намайг харшлах сэтгэлгүй дагажээ.

Эртний Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон нэгэн дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойно оршино. Тоньюкукийн бунхант булш дурсгал нь Түрэгийн язгууртны нэрд гарсан иж бүрэн дурсгалын нэг бөгөөд түүнд багтах гэрэлт хөшөөний Орхон, Енисейн бичээс дэлхийд нэрд гарсан цөөн тооны бичиг дурсгалын нэгд тооцогддог. Гэрэлт хөшөө нь хоёр чулуун дээр нийт найман талд нь 62 мөр бичсэн бичээстэй бөгөөд тухайн үеийн Түрэгийн нийгмийн байдлыг Тоньюкукийн намтартай холбогдуулан бичсэн агуулгатай юм.

Булган аймгийн Сайхан сумын нутаг Хиргисийн хөндийд Уйгурын үеийн хосгүй дурсгал болох Моюн-чур хааны гэрэлт хөшөө  бий. Энэ нь 3,8 метр гулдмай чулууны эргэн тойронд 6750 орчим үсэг зурлага сийлсэн бичигт хөшөө юм. 744-750 оны Уйгурын түүхээс Орхоны түрэг бичгээр өгүүлсэн энэхүү баримтад хаан эцгийн халааг залгамжилсан Моюн-чур дайснаа хэрхэн дарсан хийгээд түүнд дагаар орсон улсуудын тухай болон тэрээр улс орныхоо хил хязгаарыг тогтоон, нийслэл хотоо байгуулсан зэрэг түүхэн үйл явдлыг дурдсан байдаг. Хөшөөг анх яст мэлхийн дүрс бүхий чулуун суурин дээр байрлуулсан боловч сууринаасаа унаснаас голоороо хугарчээ.

Уйгарууд согдын уламжлал дээр түшиглэн өөрсдийн бичгийн соёлыг буй болгосон нь монгол цагаан толгойн өвөг болсон билээ. Увс аймгийн Улаангом хотын музейд буй уйгур бичээст хөшөө нь Долойдойн хиргисүүрийн булшны дөрвөн хөшөөний нэг нь юм. Хоёр метр өндөртэй улаан боржин чулуун дээр найман мөр бүхий 57 үгээр Богаз-Тегин хэмээх залуу баатар эрийн аян дайны баатарлаг гавьяаг мөнхөлжээ. Тэрээр 17 настайдаа нэгэн цэргийн хамт 1000 адуу олзолж байсан, 19 нас ч хүрээгүй байхдаа олон газрын аян дайнд орж, Түвд хүртэлх газар нутгийг эзэлж, улмаар 21-тэйдээ далайн эрэгт хүрсэн тухай эндээс уншиж болно. Уг булшны хөшөөнүүд үг түрэг, уйгур бичгээр төдийгүй түрэг нэртэй залууд зориулагдсанаараа Уйгурын хаанчлалын үеийг тодотгож байна. Хөшөөний бичгийг эрдэмтэд хэлбэр дүрс, бичилтээрээ согд-уйгурын буюу согдоос уйгурт шилжиж байсан үеийн бичиг хэмээн тодорхойлсон буй.

XVI зууны хоёрдугаар хагасаас Монголд хүчтэй дэлгэрсэн буддын шашин, сүм хийд, бурхан дүрслэл Монголын уран баримлын төрөл салбарлан хөгжихөд ихээхэн нөлөө үзүүлжээ. Өнгөрсөн зууны монголын соёл, түүхийн томоохон дурсгалын нэг болох "Их Бурхант" цогцолбор нь Дорнод аймгийн Халх гол сумын төв Сүмбэрээс хойш 35 км-т, Халх голын баруун эргийн тохойн 35 градусын налуу энгэрт оршино. Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жун ван Бат-Очирын Тогтох төрийн /То-Ван/ /1797-1868/ санаачлага, удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн энэ дурсгал "Их шүтээн", "Их бурхант" хэмээн олноо алдаршжээ. Найман аюулаас аврагч Жанрайсиг /Жигжид-жав/ бурханы дүр эл шүтээнийг То ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж аймаг, хошуу нутгийнхны хандив хөрөнгөөр зуу шахам гар урчуудыг оролцуулж урлан бүтээсэн байна. 90 тохой буюу 30 метр уг бурханыг их, бага хоёр хүрээн дотор цогцлуулжээ. Нутгийнхан “найман аюулаас аврагч Аръяабал” гэж нэрлэх нь ч байдаг. Түүний найман мутарт арслан, заан, могой, гал, ус, гав, гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан бэлгэдэл атгаастай байдаг. Тухайн үед нутаг хошууны ихэс дээдэс, лам харгүй энэ шүтээнд хөрөнгө хандивлан, газарт суурилуулах талбайг тэгшилж засах ажилд 40 хүн оролцож 1-3 метр гүнтэйгээр ухаж бэлджээ. 1000 үхэр тэргээр чулуу зөөж, 180 шахам урчууд нийлж 90 тохой буюу 30 метр урттайгаар урласан байна.  Гадуур том хүрээ нь 220 х 97 метр, түүний дотор талд 165 х 110 сантиметр хэмжээтэй 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэж, бага хүрээн дотор 200 х 110 сантиметр хэмжээтэй 12 ширхэг суварга, “Их Бурхант”-ыг тойруулан 20 гаруй жижиг бурханг бүтээсэн нь хосгүй нандин дурсгал болсон юм.

Томоохон хөшөө дурсгал

[засварлах | кодоор засварлах]

Дэлхий дээр Жанрайсаг бурханыг том хэмжээгээр бүтээсэн нь гурав байдаг бөгөөд түүний нэг нь Халхгол нутаг дахь Их бурхантын дурсгал юм. Хамгийн сонирхолтой нь Жанрайсаг бурханыг тойрон хүрээлэх бусад бурхадын дүрийг бүтээхдээ чулууг хайлуулж хийсэн мэт байдаг боловч үүний нарийн учрыг одоо болтол тайлж чадаагүй байна. Халхгол нутгийн урчууд бул хар чулууг цалин цагаан мөнгө урлаж буй мэт уран нарийн сийлбэрлэж бүтээсэн нь гайхамшигтай ажээ. Гэвч энэхүү гайхамшигт дурсгал нь ХХ зууны эхэн үеэр сүйтгэгдэж байснаас гадна шашин соёлоо ид гадуурхан хавчиж байсан 1930-40 оны үед бүр ч ихээр эвдэрчээ. Монголчууд өөрсдөө чулууг нь малын хашаа саравч барих, барилгын суурь зэрэгт хэрэглэхээр зөөж сүйтгэж байсан ч Халхголыг гатлан ирсэн Япончууд энэхүү дурсгалыг хөндөж зүрхлээгүй гэдэг. Тэр цагаас хойш Жанрайсиг бурханыг 1990 онд хуучин байдлаар нь сэргээх оролдлого хийж 1997 онд дахин аравнайлсан байна.

Их Бурхантын талаар академич Ш.Нацагдорж, Х.Пэрлээ болон Оросын эрдэмтэн А.П.Окладников, В.Казакевич нар зохиол бүтээлдээ дурдаж байжээ. А.П.Окладников 1949 онд Халх голын сав нутгаар судалгааны ажлаар явах далимдаа "Их Бурхант"-ыг үзээд гайхан биширч энэ дурсгал бол уг газар нутагт оршин тогтнож байсан хүчирхэг гүрний бүтээл болов уу. Энэ нь Х-ХI зуунд холбогдох байх хэмээн үзсэнийг нэрт эрдэмтэн, археологич Х.Пэрлээ залруулж XIX зуунд бүтээгдсэн болохыг баримтаар нотолжээ.

Монголчуудын төвөд хэлээр бичсэн олон зуун боть зохиолын дотор дүрслэх урлагийн төрлөөр монгол эрдэмтэн лам нарын зохиосон олон арван бүтээлүүд бий. Тэдгээрийн дотроос уран бүтээлээрээ тодорч, Монголын шашны сонгодог урлагийн дэг сургуулийг үндэслэгч Халхын түшээт хан Гомбодоржийн хүү Занабазар (1635-1723) юм. Өндөр гэгээн Г. Занабазар “Номын их хүрээ” (одоогийн Улаанбаатар), “Баруун хүрээ”, “Төвхөн” зэрэг Төв халхын олон хийдүүдийг үндэслэн байгуулж, Монголын “соёмбон бичиг” зохиож, хэл, уран зохиол, дүрслэх урлагийн хэд хэдэн төрлийн бүтээл туурвисан шашин-төрийн нэрт зүтгэлтэн байв. Занабазар урлагийн олон төрөл дотроос уран баримал дээр онцгой тодорч, 1680-аад оны үед Их Хүрээний гол шүтээн “Очирдарь”, “Язгуурын таван бурхан”, “Хорин нэгэн дарь эх”, том хэмжээний “Цэвэгмид” тэргүүтэн алтан цутгамал олныг бүтээсэн. Их Хүрээний таван нандин гэж алдаршсан эхийн “Зуу” (будда), “Аюуш”, “Намсрай”, “Манал”, “Барайшир” (Сосорбарам), Эрдэнэзуу хийдэд байсан магнай дээрээ хумсны толионы дайтай сувд шигтгээтэй “Очирдарь”, баруун Хүрээний гол сахиус “Махгал”, гурван настай хүүхдийн дайтай “Хажид”, Гантэгчинлэн хийдийн гол шүтээн Занабазарын бүтээсэн “Очирдарь” зэрэг халх даяар цуутай олон бүтээл байна.

Хорин нэгэн дарь эх. Өндөр гэгээний хорин нэгэн дарь эх бурхан эдүгээ Богд хааны ордон музейн Лаврин-д хадгалагдаж байна. Ард олны дунд энэ зууны эхээр яригдаж байсан нэгэн хууч ярианд: “Занабазартай хамт амьдарч байсан Хүүхэн ноён хэмээх эмэгтэйг таалал болоход түүнд зориулж бүтээсэн” гэдэг. Харин хорин нэгэн дарь эх нь өөр өөр байдгаас Ногоон дарь эх голлож томоор бусдыг нь ижил хэмжээнд бүтээсэн байж болох ажээ. Хорин нэгэн дарь эх баримлуудыг харьцуулахад Ногоон дарь эхийг гурван янзын цутгавраар бүтээсэн гэж тайлбарладаг. Жишээ нь: Ралджигма баруун хөлөө буулгаж, зүүн хөлөө эвхэж суусан байх ба баруун мутартаа бумба барьж, эзэн мутартаа дигуг барьсан, Одсэржамаа хоёр хөлөө очироор завилж, зуун мутраа өвдгөндөө аваачиж, алгаа дэлгэж, баруун мутартаа цэцэг барьсан байна. Эндээс нэгэн зүйлийн ялгаа гарч буй нь Ралджигма, Ногоон дарь эх хоёрын хөлийн байрлал зөрж байхад, Ногоон дарь эх, Одсэржмаа хоёрын гарын байрлал зөрж, тэгснээрээ өвөрмөц нэгдмэл нэгэн хэмнэл бүрэлдүүлж байна. Ралджигмаагын 2 мөрөн дээр цэцэг байхгүй, Одсэржамаагийн баруун мөрөн дээр цэцэг дэлбээгээ нээж, Ногоон дарь эхийн баруун, зүүн 2 талд удвал цэцэг дэлгэрч байгаагаас үзэхэд эдгээр гурван бурхан хоорондоо давтагдаагүйн жишээ болох бөгөөд бусад нь буюу үлдсэн 18 нь нэг хэвэнд цутгажээ. Тэдгээрээс арай өвөрмөц нь зүүн хөлөө буулгасан Нурвамбу, догшин харц, мэлмий бүхий Чогдарма нар болно.

Цагаан дарь эх: Цагаан дарь эх бурхныг арван зургаан настай охины биетэй бүтээдэг учир цэвэр ариуны билэгдэл гэдэг. Занабазарын бүтээсэн Цагаан Дарь эх нь бага залуу монгол эмэгтэй хүний гоо сайхныг харуулсан, лянхуа суултаар сууж, баруун мөрөнд нь удвал цэцэг дэлбээгээ нээжээ. Дух болон хоёр мутар нь билгийн нүд нээгдсэн ийм Дарь эхийг Долоон мэлмийт Цагаан дарь эх гэдэг билээ.

Ногоон дарь эх. Ногоон дарь эхийг анхны үүссэн дарь эх гэх ба Занабазарын уран бүтээлийн оргил энэ бүтээл үзэгч олны сэтгэлийг булаах нууц нь уг баримлын биеийн хэлбэрийг аль ч талаас нь тойруулан харахад зохицсон уран гоё хийцэнд нь байдаг байна. Бэлхүүсээрээ бага зэрэг хазайсан хирнээ тэргүүн нь суултын төвтэйгээ тэнцсэн нь тус зохиомжын нэгэн нууц увидас юм. Хэрвээ Ногоон Дарь Эхийн суурь лянхуаг байхгүй болгоод сэтгэлдээ ургуулан бодвол дарь эхийн бүжиглэж байгаа дүрийг олж харах бөгөөд эмэгтэй хүний суултын донжинд бүжгийн хөдөлгөөнийг ингэж шингээсэн бүтээл дэлхийн урлагт өөр бий болов уу. Хоёр мутар нь хүртэл бүжигт оролцож байгаа бөгөөд удвал бариад бүжиглэж байх шиг сэтгэгдлийг олж харсан хэн ч түүний увидсанд аяндаа автана. Монголын урчууд ногоон дарь эхийн баримлыг янз бүрийн материалаар асар ихээр бүтээж байсан боловч Занабазарын бүтээл шиг бүжиглэл илэрхийлсэн хүний сэтгэлд амьд жавхаатайгаараа тод томруун харагдах, уран сайхны ийм өвөрмөц шийдлийг бүтээж чадсан нь байхгүй болой.

Дуган, сүмд байх гол бурхан шүтээн, дөрвөн Махаража зэргийг гол төлөв муутуу цаас хольж биежүүлсэн шавраар шаваж бариад, гадаргууг цардаж өнгө будгаар ялган будаж, заримыг нь алтадсан байдаг. Шавар урлагийн талаар бол томоохон хийд, хүрээнд нөлөөтэй том лам, хутагт хувилгаад жижиг багц бурханыг олноор хийж, өөрийн шавь нар, өглөгийн эздэд тараадаг байсан нь монголын бага хэлбэрийн баримлын урлагийг ихэд баяжуулжээ. 1-10 см хэмжээний дугираг, гонзгой хэлбэрийн талбай дээр догшин дүртэй Чойжин сахиус, насны гурван бурхадын ингэмэл медальонуудыг жижиг гуунд хийж хүзүүнд зүүхэд зориулагдаж байсан эдгээр гуулинд хэвлэн дарж олшруулсан ингэмлүүдийг өнгөөр ялгаж, заримыг нь алтадсан байх нь том бүтээлүүдээс ялгагдахгүй биеэ даасан урлагийн төрөл байв.

Уран баримлын бас нэг томоохон төрөл бол цаасан шуумал том жижиг бүтэн баримал, ингэмэл мөн цамын баг юм. Нэг иж бүрэн цам хийхэд Чойжин сахиус голлосон зуугаад бурхан, амьтадын баг шаардагдана. Аливаа хүрээ хийд цамтай болохдоо нутаг хошууныхаа зураач, барималч, наамалч, урчууд, үйлч, оёдолчдыг цуглуулж, мэргэжлийн хүнээр удирдуулж хамтын хүчээр тэдгээр баг, хувцас, зүүлт чимгийг бүтээдэг байв. Одоогоос зуугаад жилийн өмнө хүрээ цамын хувцас хэрэгслийг шинэтгэх ажлыг нэртэй зураач, барималч Пунцаг-Осор чамбон удирдаж байжээ. Хүрээ цамын багууд дотроос Тавхай Борын урласан Жамсрангийн (Бэгзийн) багийг цаасаар шууж, гадуур нь нүүрний мах булчингийн ширхэг дагуу том жижиг улаан шүрээр битүү шигтгэж урласан нь хосгүй урлаг болсон бөгөөд иймэрхүү хэд хэдэн баг одоо Улаанбаатарын гол музейнүүдэд хадгалагдаж байна.

Дүрслэх урлагийн музейд байдаг Намсрай, Лүнтэн гэдэг өнгөлсөн тунгалаг хар чулуун нүдтэй Сэндмийн (арслангийн) баг, инээлгэн баясгагч, урт наст монгол царайтай Цагаан өвгөн, уулын эзэн, соёо нь зөрсөн Хөх өвгөн, цоохор буга, өглөгийн эзэн малигар өвгөн, түүний хүүхдүүд зэрэг нь манай уран баримлын сайхан бүтээлүүдийн нэг юм. Шүрэн шуумал нь цаасан шуумал, бөс шуумал дээр том жижиг шүр шигтгээлэн шууж урласныг ”шүрэн шуумал” гэдэг. Мөн цамын дүрийг илэрхийлэх багыг цаасан шуумлын аргаар хийдэг байна. Энэ дурсгал Монгол Улсад хоёрхон ширхэг байдаг Завханы музейд хадгалагдаж буй улаан сахиусны шүрэн баг Жамсран харин нөгөөх нь Чойжин ламын сүм музейд Монгол Улсын хосгүй үнэт өв болох шүрэн баг, иж бүрэн өмсгөлийн хамт  хадгалагддаг юм. Энэ бүтээлийг XIX зууны үед хүрээний алдарт барималч Пунцаг-Осор цаасан шуумлын аргаар урлаж, алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин зэрэг эрдэнэсийн чулуугаар чимэглэжээ. Улаан Жамсрангийн цамын багийг бүтээхдээ бурхны хилэнт дүр төрхийг 6000 гаруй цэвэр улаан шүрээр чамин хийцээр шигтгэж урласан байна. Цамын баг нь дангаараа 30 кг жинтэй бөгөөд өмсгөлтэйгөө нийлээд 70 кг жинтэй аж.  Улаан Жамсран бурхны өмсгөлд шүрэн баг, дээл, жавдар, хиур, рүжин буюу ясан чимэг, мядаг буюу хормогч, цээживч, тэтэжад буюу Жамсран бурхны дагуул нөхдийн шүр, үлбэн чимэглэлтэй цаасан шуумал цамын баг зэрэг 18 зүйл багтдаг байна.  Улаан Жамсран бурхны шүрэн багийг Монгол улсын Засгийн газрын 1995 оны 241 тоот тогтоолоор хосгүй үнэт өвд бүртгэжээ. Харин 2013 онд  Монгол Улсын Засгийн газрын 227 тоот тогтоолоор бүрэн өмсгөлийг нь хосгүй үнэт өвд бүртгэсэн байна.

Шашны уран барималд холбогдох нэг төрөл бол тосон баримлын урлаг юм. Шарын шашны бурхан сахиусанд өргөдөг гурилан балин дээр тосоор хийсэн цэцэг, навч, эрдэнэ, хүн амьтны дүрсийг дагнаасаар алаглуулан нааж, хажуу ирсэгээр нь бадарч байгаа галыг мөнгө өнгө алаглуулан нааж гоёмсог баримал урлаг болгодог байв. Ардын гар урлалын зарим төрөл зүйлс нь баримлын төрөл зүйлд ордог.

"Гэр"  монголчуудын байгаль орчныг танин мэдэх олон зуун жилийн бүтээлч үйл ажиллагааны  дүнд үүссэн байна. Гэр нь зөвхөн хүний амьдран суух оромж байрнаас гадна амьдралынхаа хэв маяг, заншил байгалийн өвөрмөц шинжтэй зохицох явцдаа монгол сийлбэрийн урлагийг хөгжүүлж иржээ. Өнө эртнээс монголын дүрслэх урлаг хөгжсөөр ирсэн баримт нь манай орны нутаг дэвсгэрээс олдож байгаа археологийн зүйлсийн дотроос сийлбэрийн төрлийн холбогдолтой эд өлгийн зүйлс нэлээд байдаг. Жишээ нь: Норовлингийн Неолитын үеийн булшны гар урлалын зүйлс эртний хүмүүс энэ аргыг эзэмшиж эхэлснийг харуулна. Дорнод аймгийн Булган сумын нутагт Норовлин уулын баруун суганд оршино. Анх 1972 онд энэхүү дурсгалт газрыг Монгол-Зөвлөлтийн геологийн экспедицийн геологич В.П.Дергач анх илрүүлсэн. Улмаар тэр жилдээ Н.Сэр-Оджав, В.В.Волков нар малтан судалсан байна. Тухайн дурсгалт газарт 1974 онд археологич Н.Сэр-Оджав, В.В.Волков нар дахин судалгаа хийсэн боловч ганц тахилгын байгууламжаас өөр дурсгал илрүүлээгүй байна. Булшны тал хэсэг эвдэрсэн байсан ба малтлагын дүнд 1,6 м-ийн гүнд өвдгөөр нь атийлгаж, суугаа байдлаар, монгол төрхийн хүнийг оршуулсан байсан нь тогтоогдсон юм.Түүний толгой хавьд нь 1,5-2 мм голдоч бүхий 3000 орчим сондор байсан нь уг хүний дээл малгайд хадаж байсан бололтой. Мөн оршуулгад хүний нүүрний дүрс бүхий цайвар өнгийн чулуугаар хийсэн 22,5 см урт чулуун онго, 43 см урт хоёр талдаа зуулга чулуун иртэй ясан хутга, гахай, тарвага, хүдрийн соёогоор хийсэн ясан зүүлт, гахай, зарааны дүрстэй танан чимэг, дугуй ба сар хэлбэрийн гоёл чимэглэлийн зүйл, ясан бугуйвч, 10,5 см урт захыг нь ирлээгүй хос хутган ялтас, хоёр захыг нь сэлтлэн ирлэж зассан 6 ш жижиг хутган ялтас зэргийг дагалдуулан тавьсан байжээ.

Монголчууд сайхан морь, хурдан хүлэг, таван төрлийн эцэг малыг сийлүүлж гэртээ тавих дуртай. Сийлбэрч, барималчид нь ч мал амьтны анатоми, үе мөчний харьцаа хурдан, жороо морины хэлбэр, галбир, гоо сайхны бүх шинж төрхийг сайн мэддэг, чадварлаг гаргасан нь бий. Дүрслэх урлагийн музейд байдаг гаанс, тамхиа барьж суугаа ноён, эрхээ эргүүлж суугаа догшин дүртэй хатан, хөнгөмсөг зантай чинээлэг эхнэр, ажилсаг цагаан сэтгэлтэй эхнэр, сүм хийдийн дуулгавартай банди зэрэг нийгмийн янз бүрийн хүмүүсийн зан төрх, хэлбэр донжийг нь олж ёгт үнэн байдлаар дүрсэлсэн баримлууд бий. Тийм төрлийн нэг жишээ баримт бол Эрдэнэ бандид ламын гэгээний хүрээнд жил бүр тосон хүүхэлдэйн баяр тэмцээн болж, цул зандангаар цогцолсон цогчин дуганы нь гадна дотно, дээвэр туургагүй ямааны өөхөн тосоор хийж өнгө өнгийн будгаар ширдсэн элдэв янзын амьтны дүрс ирийж, дуганд тусхайлан зассан хүүхэлдэйн бяцхан тавцан дээр гэвхий лам нарын хатуу ширүүн, манж хятадын худалдаачны ховдог шунахайг шүүмжилсэн хүүхэлдэйн жүжиг гардаг байсан гэдэг.

Ардын жижиг баримлын төрөлд айл бүхэнд байдаг монгол шатар зонхилох байр эзэлдэг. Ноён, бэрс, (арслан, барс) тэмээ, тэрэг, морьдыг хичнээн жижиг байдаг ч ерөнхий тойм дүрсийг ямар ч хөшөө дурсгалын баримлаас дутахгүйгээр хийсэн байдаг. Нэр нь үл мэдэгдэх ардын урчууд, барималчдын тэдгээр бүтээл ямар ч тиг, хэвшилд баригдаагүй, бүтээлчийн хувьд монгол хүний оюун сэтгэлгээг шингээсний хувьд манай уран баримлын үндэс суурь болсон сонгодог урлагийн нэг гэж хэлж болно.Вангийн хошуунд хөгжиж асан ган сийлбэрийн арга барилаар бүтээгдсэн бүтээл бол Ц.Сумъяагийн “12 түлхүүртэй цоож” 12 жилийн амьтдын дүрстэй 12 түлхүүртэй бөгөөд уг түлхүүрүүдийг 12 жилийн дэс дарааллаар нэг нэгээр нь цувуулан хийсний Монгол түмэн ардын гар урлалын арвин их өвтэй бөгөөд 1950-иад оноос тухайн үеийн төр засгаас арга хэмжээ авч, гар урчуудын нэгдэл, артель байгуулж хөхүүлэн дэмжиж байснаар манай урчуудын залгамж халаа тасралгүй үргэлжилсээр өдгөө бидний үед иржээ.

Уран Зургийн Галерейн сийлбэрийн сан хөмрөгт нийт 460 орчим бүтээлүүд хадгалагдах агаад мод, яс, чулуу, төмөр зэрэг бүхий л төрлийн материалаар урласан хосгүй үнэт бүтээлүүд байдаг.

Дэлхийд ховордож, улаан номд орсон зааны соёогоор урласан цөөн тооны бүтээлүүд урлагдсан байдгаас Монгол улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн С.Сэнгээгийн “Бөхийж үзээгүй туг”, “1921 оны ялалт”, “Халх голын ялалт”, “Хавар адууны бригад”, “Үхэр хөсгийн цуваа”, “Сүхбаатарын хөшөө”, “Гурван давхар бөмбөлөг”, Ардын зураач, УГЗүтгэлтэн Л.Чуваамид “Энхийн төлөө”, “Дэвшил соёмбо”, “Их жанжин Д.Сүхбаатар”, “Лениний хөрөг” зэрэг бүтээлүүд тус галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж иржээ. Амьд зааны соёог агнаж авахыг дэлхий нийтээр хориглосон өнөө цагт эдгээр үзмэрүүд нь цаг ирэх тусам уран сайхны үнэ цэнэ нь нэмэгдэх болно. Ялангуяа олноо “Уран” хэмээн алдаршсан С.Сэнгээ агсны “Гурван давхар бөмбөлөг”, “Бөхийж үзээгүй далбаа” үзмэрүүд нь зохиомж, хийц, ур чадвар, гүйцэтгэлийн хувьд хэзээ ч давтагдашгүй, сонгодог бүтээлүүд юм. Түүнчлэн Монгол дарханы уламжлалт арга барилыг шингээн урласан уран дархан Д.Дамдины “Ган хөөрөг”, Ц.Сумъяа “12 түлхүүртэй цоож”, цутгуурын аргаар урласан М.Мижирийн “Хурдан морь” зэрэг бүтээлүүд тус галерейн сийлбэрийн сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Дамдины “Ган хөөрөг” нь хуучин Халхын Далай Чойнхор эцэст сая цоожийг нээдгээр хийсэн ур хийц, оньс түгжээний хувьд гайхалтай цогц шийдэл болж чаджээ. Монголчууд “Дархан хүмүүн Бурхан ухаантай” хэмээн хэзээнээс нааш урчууд, дархчуулынхаа ур, ухааныг гайхан магтдаг нь үүний нотолгоо ажээ.

Монгол гар урчуудын их өвийг үргэлжлүүлж явсан уран сийлбэрч Р.Төртулгын урласан “Хуучир нум” хөгжим, Үйлдвэр хоршооны гар урчуудын бүтээсэн “Гоёлын толь” бүтээлүүд нь ур хийц, чимэг тоноглол, хээ угалзны хувьд ахин давтагдашгүй үлгэр жишээ болохуйц бүтээлүүд билээ. 1930-1940 -өөд оны эхээр уран баримлын нэг төрөл болох сийлбэрийн урлаг хөгжиж эхэлжээ. 1931 онд хуучны ламын гэгээний нутгаас Өвөрмонголд дүрвэж, 1945 онд Дорноговь аймагт буцаж ирсэн лам Цэрэннадмид гэдэг уран сийлбэрчний сийлсэн морин хуур хөгжмийн толгой, чимэглэлийн сийлбэр үнэхээр хосгүй бөгөөд хуурдахад нь мориных ь чих, нүд хөдөлдөг байсан гэлцдэг. Уран сийлбэрч Цэрэннадмидын сийлсэн модон шатар одоо Дүрслэх урлагийн музейд бий. Хэнтий аймгийн нэр нь үл мэдэгдэх сийлбэрч савхны толгойд 4-5мм-ийн хэмжээнд 12 жилийг багтаан уран чадмаг сийлснийг зөвхөн өсгөдөг шилээр л үзэж болдог ажээ.

ХХ зууны Монголд өрнийн соёлын нөлөө хүчтэй ор ирж нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санаа, соёлын амьдралд өөрчлөлтүүд гарсан нь уран баримлын уламжлал шинэчлэлд гүнзгий ул мөрөө үлдээсэн юм. 1930-аад оноос бурхан шашны чиглэлтэй уран баримлууд соёлын хэрэгцээнээс үндсэндээ хасагдаж, түүх хувьсгалын сэдэвтэй хөшөө дурсгалууд зонхилох байр суурьтай болж байв.

1929 онд Улаанбаатар хотод хуучнаар Намын дээд сургуулийн өмнөх талбайд жанжин Д. Сүхбаатарын хөшөөг босгосон нь шинэ цагийн анхны хөшөөний эхлэл болжээ. Дэлхийн II дайны дараа манай улсад нэг хүнийг тахин шүтэх Зөвлөлтийн загвар суртал ноёрхсоноор К.Маркс, Ф.Энгельс, В.И.Ленин, И.В.Сталин, Д. Сүхбаатар, Х.Чойбалсан нарын том, жижиг хөргийг гипсээр цутган улаан булан, хурлын танхим, албан тасалгаанд байрлуулах нь хэвшил болж байлаа. 1940-өөд онд хөдөөгийн ахуй амьдрал, малчдын сэдвээр хэд хэдэн бүтээл туурвисан бөгөөд Нийслэлийн I дунд сургуулийн барилгын гаднах нүүрэн хэсэгт улсын сүлд, Монгол-Зөвлөлтийн удирдагчдын хөргийг хуучны уламжлалт ингэмэл баримлаар урлажээ.

1946 онд зураг урлалын газрын дэргэд уран баримлын урлан байгуулагдсан нь тухайн төрлийн урлаг цаашид амжилттай хөгжихөд чухал түлхэц болсон юм. Тэнд С.Чоймбол, Б.Чимэд нарын уран барималчид ажиллаж байсан бөгөөд С. Чоймол Зөвлөлтийн нэрт барималч С. Д. Меркуровын урланд мэргэжил дээшлүүлэн суралцсан нь дэлхийн уран баримлын урлагтай танилцахад чухал алхам болсон байна. Москва хотын “Арабатын” метро буудлын усан оргилуурын мэлхийн хүрэл баримлыг С.Чоймбол дадлагын ажлаараа урлан бүтээжээ.

Д.Сүхбаатарын хөшөө

[засварлах | кодоор засварлах]

Лам байсан залуу авьяастан С. Чоймбол 1930-аад оны сүүлчээр цэцэрлэгт талбайд цэрэг эх орон, биеийн тамирын сэдэвт бүтээлүүд бүтээж эхэлсэн нь шинэ үеийн уран баримлын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох болов. Уран барималч С.Чоймбол 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор өөрийн загвараараа залуу барималч Н.Жамбаа, Д. Дамдимаа нарын хамт жанжин Сүхбаатарын морьт хөшөөг Улаанбаатар хотын төв талбайд босгосон байна. Сүхбаатар болон түүний унасан морийг эрчимт хөдөлгөөнтэй, сүр жавхлантай харагдахаар зохиомжилж чулуун сууринаас дээш 4м өндөр, хөшөөний эргэн тойрон арслангуудыг гинжээр холбосон хамгаалалт нь ард түмний нэгдэл нягтрал бэлгэдэн илэрхийлсэн, хөшөөний суурийн хоёр талд ардын хувьсгалын төлөө тэмцэж байгаа цэргүүдийн зоримог дайралт болон хувьсгалаа тунхаглан зарлаж байгааг хагас товгор баримлын аргаар дүрслэн үзүүлсэн. Энэ бүтээлээрээ 1946 онд төрийн шагнал хүртсэн. 2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, Д.Сүхбаатарын морьтой хөшөөг хүрэлджээ. Хөшөөний урт 4.1 метр, өргөн 1.85 метр, өндөр 10.62 метр, морьтой хөшөөний өндөр 4 метр.

1946 онд С.Чоймбол МУИС-ийн төв байрны өмнө, 1948 онд Дорнод аймагт Х.Чойбалсангийн хөшөө, 1945 онд Д.Сүхбаатарын дурсгалын хөшөө босгох даалгавар авч 14х18м-ийн үелсэн шат бүхий суурийн төвд 8м өндөр чулуун дээр хөшөөг босгохоор зураг гаргасан. Түүний Сурчид, Бөхийн гараа, Эсгүүрчин Нямжав, Ж.Самбуу баримлууд, ард кино театр, Барилгачдын соёлын ордон, Улсын төв музейн хана, туурга, багана, шалны чимэглэлийг урлажээ.

1940-1950-аад онуудад нийслэлийн барилга байшин, цэцэрлэг, гудамж талбай, амралт сувиллуудын газарт малчид, ажилчдын сэдэвт баримлуудыг бетон, хиймэл чулуугаар бүтээж байсан Жнь: Н. Жамбаагийн “Эмгэг сургагч”, “Саальчин” (1949), “Анчин” (1951), мөн түүхт хүмүүсийн хөрөг дүрс баримлуудыг бүтээж байлаа.

1956 онд хүрэл цутгуурын тасаг байгуулагдсанаар барималчид бүтээлээ хүрлээр цутгах болсон. Үүнд: уран барималч Л. Махбалын “Партизан”, С.Дамдинжавын “Аавын малгай”, Н.Жамбаагийн “Айраг” зэрэг бүтээлүүд болно.

Уран барималч Л.Дашдэлэгийн Өвөрхангай аймгийн төвд улсын баатар Л.Аюушийн хөшөө, Дорнод аймгийн Зөвлөлтийн дайчдын хөшөө, Булган аймагт Хатанбаатар Магсаржавын бунхант хөшөө, Ховдод Тэгшээгийн хөшөөг тус тус босгосон бол Л. Махгал 1963 онд Улаанбаатар хотод их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг босгожээ.

Уран бармалын зэрэгцээ чулуу, яс, модон сийлбэрээр Д.Гэвшээхүү, Д.Дорж, С.Сэнгээ, Л.Чуваамид, Б.Жамъяншарав, Н.Лувсанцэрэн, Т. Жамбал зэрэг алдартай сийлбэрчид ажиллаж байсан бөгөөд С.Сэнгээ, Л.Чуваамид нарын зааны ясаар сийлсэн алдартай бүтээлүүдээс уран зургийн галерей дахь ганц нэг бүтээлийг эс тооцвол ихэнх нь гадаадын зочид төлөөлөгчдийн бэлэг дурсгалд гарч байсан нэн харамсалтай. Барималч Д.Даваацэрэн, С.Доржпалам нар хүүхдийн паркийн чимэглэл бармалууд, Ерэн баатрын хөшөө, Халх голын Монгол Зөвлөлтийн дайчдын хөшөөг бүтээжээ.

1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Зайсан толгой дээрх Зөвлөлтийн дайчдын уран барилга, баримлын цогц байгууламжийг Зөвлөлтийн Беларусын хөшөөний хэлбэр дүрслэлээр үлгэр авч хийсэн бөгөөд уран барималчдаас Ц.Доржсүрэн оролцсон байна.

Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор бий. Халхын голын байлдаанд эрэлхгээр байлдаж амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгож барьсан уг цогцолборыг 1969 онд архитектор А.Хишигтээр ахлуулсан уран барилгачид барьж эхэлсэн бөгөөд 1971 он буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор нээлтээ хийсэн. Цогцолборын доод ханан дээр “Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” гэсэн үгийг сийлжээ. Орой өөд 600 гаруй гишгүүр бүхий 300 метр урт шатаар өгсөж Зөвлөлтийн цэрэг эрийн хөшөө бүхий дугуй ханаар хүрээлэгдсэн талбайд хүрнэ. Талбайн төв дунд 3 метрийн голчтой мөнхийн гал буюу тулга байдаг бөгөөд амь үрэгдсэн дайчдын гэгээн дурсгалыг үүрд дурсан санахыг бэлгэдсэн байдаг. Дугуй хананы тойрог урт нь 60 метр бөгөөд төмөр бетоноор цутгаж хийжээ. Хананы гадна талаар Монгол Зөвлөлтийн гавьяаны одонгуудыг товойлгон сийлж Монгол үндэсний хээ угалзаар чимсэн байдаг бол хананы дотор талд шилэн шигтгэмлийн аргаар урласан хоёр орны ард түмний найрамдалт харилцааг он дарааллаар илэрхийлсэн зураглал бий.

Г.К.Жуковын хөшөө

[засварлах | кодоор засварлах]

Барималч С.Доржпалам Увсад Ю.Цэдэнбалын хөшөө, Улаанбаатарт маршал Г.К.Жуковын хөшөө, Л. Дашдэлэг Завханд Элдэв-Очир, Эрдэнэтэд маршал К.К.Рокоссовскийн хөшөөг, Ц. Амгалан Дорнодод Зөвлөлтийн барималчидтай хамтран Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөө, Р.Энхтайван Говь-Алтайд холбоочин Жанчивын хөшөөг, мөн Монгол- Зөвлөлтийн нисэгчдийн дурсгалд зориулсан цогцолборыг босгов.

1980-аад оны эхээр Монументаль чимэглэлийн газар байгуулагдсанаар хотын цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт чимэглэлийн баримлууд баригдах болсон. Үүнд:

  • барималч Р.Энхтайваны “Баавгай”, “Өвөө, эмээ хоёр”, “Энхийн мод”,
  • С.Бадралын “Тэмээ”, Д.Батжаргалын “Савлууртай баавгай”,
  • Д.Баяраагийн “Ямаа”, Х.Болдын “Олон бөхтэй тэмээ”,
  • А.Даваацэрэнгийн Хүүхдийн паркийн “Үлгэрийн баатарууд”,

1981 онд монгол хүн сансарт ниссэнтэй холбогдуулан энэ сэдвээр Ц.Доржсүрэн, Ц.Амгалан нар олон бүтээл хийжээ.

Монголын нууц товчооны хөшөөнүүд

[засварлах | кодоор засварлах]

Монголын нууц товчооны” 750 жилийн ойд зориулж Г.Сэрээтэрийн “Хөрөг”, С. Бадралын “Жирэмсэн Бөртэ”, Н.Аргайсүхийн “Чингис”, Ч.Угтаабаярын “Миний Монгол” зэрэг бүтээлүүд үзэсгэлэнд тавигдаж үзэгч судлаачдаас өндөр үнэлэлт авсан байна. Мөн тус ойд зориулж Засгийн газраас ивээн тэтгэж, боржин чулуугаар 3м өндөр хөшөөг Хэрлэнгийн хөдөө аралд босгов. Хөшөөнд Чингис хааны дүр, овог аймгийн тамгын дүрс, монгол бичгийг сийлжээ.

1990 оноос хойш уран барималч Л. Болд хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөг Үндэсний түүхийн музейн өмнөх талбайд, Зураг урлалын компаниас мэлхий чулууны дурсгалыг нийслэл хотын шавь тавьсан газар Төв цэцэрлэгт, уран барималч Б. Хийморь Булган аймагт Чин ван Ханддорж, Архангайд Вандан аваргын хөшөө, Улаанбаатарт ерөнхий сайд Цэрэндоржийн суугаа баримал, С.Саранцацрал “Эх” боржин чулуун баримал тус тус бүтээжээ.

Мэгжиджанрайсэг

[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн  II дайны үеэр зөвлөлтийн цэргүүд өндөр Жанрайсигийг буулгаж хойш нь их бууны хонгио хийх  зорилгоор зэсийг нь  зөөсөн гэдэг. Манай барималчид 1994 онд аварга том Мэгжиджанрайсэг бурхныг хуучин байснаар нь шинээр зэсээр хөөж гагнан алтдаж, эрдэнийн чулуугаар шигтгээ хийж бүтээсэн том хэмжээний уран баримал болно. Мигжэджанрайсиг шүтээнд зориулж нэг түмэн Аюуш бурхан нэг мянгаад зэс барын Жадамба хөлгөн судар, найман суварга тэргүүтнийг дагалдуулан бүтээн цогцлоосон бөгөөд энэ нүсэр их ажлыг хоёрхон жилийн дотор багтаан гүйцэлдүүлсэн нь гайхалтай.

1995 онд баригдсан зураач, барималчдын урлан нь уран бүтээлчдэд бие даан бүтээлээ туурвих сайхан боломж олгожээ. Мөн”Ногоон морь”, “Модерн арт”, шинэ урлагийн төв, шашны дээд сургуулийн урлахуйн ухааны тэнхим, үндэсний урлагийн “Агула” төв зэрэг уламжлалт тигийг сэргээх болон орчин үеийн урлагийг хөгжүүлж байна.

Зөвлөлтийн дайчдын хөшөөний цогцолборын нэг хэсэгт Берлин хүрсэн Танкийн хөшөө багтана. Монголын ард түмний хандивын хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цувааг байгуулж 1943 онд Зөвлөлтийн армид бэлэглэж байсан түүхтэй бөгөөд энэхүү танк нь Берлин хүртэл аялан гарамгай гавьяа байгуулж БНМАУ, ЗХУ-ын есөн одонгоор шагнагджээ. Хөшөөг байгуулахдаа налуу өндөрлөг төмөр бетон суурин дээр танкийг баруун зүг харуулан байрлуулж, суурийн зүүн хананд түүний явсан замыг сийлж, баруун хананд нь гавьяаны одонгуудыг нь товойлгон хийсэн байна. 2003 онд хотын төв болон Зайсангийн хоорондох замын уулзвараас нүүлгэж зайсанд аваачсан байна.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан замын уулзварт “Торгоны зам” нэртэй баримлыг нохойгоо дагуулсан морьтой хүн, жингийн 9 тэмээ цувран алхаж яваа орон зайн баримал баригджээ.  Тэмээн жин бүхий цогцолбор баримлын өндөр нь 350, урт нь 520, өргөн нь  260 см хэмжээтэй юм. Жингийн цуваанд яваа тэмээдийг өөр өөрийн онцлог бүхий хөдөлгөөнөөр алхаж байгаагаар дүрслэх бөгөөд уран барималч Ё.Далх-Очир урласан ажээ. Торгоны зам бүхий тэмээн жингийн цуваа Нийслэлийн төв рүү алхаж байгаа нь эд баялгийг эх орондоо авч ирж буйн бэлгэдэл ажээ. Түүнчлэн хүч тэнхээ ихтэй, холын замд тэсвэртэй таван хошуу малын нэг тэмээг онцгойлон цогцолборын төв болгосон нь эх орны хөгжил дэвшил, түүхэн соёлыг харуулах зорилготой ажээ. [1]

 Commons: Баримал – Викимедиа дуу дүрсний сан
  1. Л.Хэрлэн "Монголын урлагийн түүхээс" 2019 он