Гүйлүгийн Мэрсээ
Гүйлүгийн Мэрсээ (ханз. 郭道甫 Гүл Доу Фү; 1894-?) нь Баргын хувьсгалч, Өвөр монголын ардын хувьсгалт намын үүсгэн байгуулагч, удирдагчын нэг, монгол үндэстэн хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Гүйлүгийн Мэрсээ нь 1894 онд төрсөн бөгөөд Хөлөнбуйрын Солон хошууны дэд дарга Гүйлүгийн хөвүүн юм. Мэрсээгийн хятад нэр нь Гүл Доу Фү. Мэрсээгийн эцэг Гүйлү нь Баргын ард олон дунд “Мэн Гальд” хэмээн алдаршсан нэгэн байсан бөгөөд нутаг орондоо эрдэм боловсрол өндөртэй, эд хөрөнгө арвин, амьдрал хангалуун өрх айл байсан байна. Мэрсээ эрдэм боловсролтой гэр бүлд өсч аливаад сэргэлэн авхаалжтай, цэцэн эрдэм ном сурах дуртай авъяаслаг, ухаалаг хүү байсан ажээ.
Мэрсээ 1914 онд Хар мөрөн мужийн Цицикар хотын нэгдүгээр сургуульд орж нэг жил суралцаад дараа нь 1915 онд Бээжин дэх Орос хэлний дээд сургуульд орж суралцан төгссөн байна. Бээжинд суралцаж байхдаа Есүс христийн түүхийг судалж, шинэ хуучин гэрээтэй танилцaж шүтэх болсон. Сургуулиа төгссөн Мэрсээ нутагтаа буцан ирж, нутаг усныхаа хүүхэд залуучуудыг сурган хүмүүжүүлэх, эрдэм боловсролтой болгох ажилд шамдан орсон байна. Мэрсээ 1919 онд хувиасаа нэг мянган юань, 10 толгой үхэр гарган Солон хошууны Мэхээрт суманд бага сургууль байгуулсан бөгөөд энд сургууль байгуулсан явдлыг ард олон дэмжиж, Хөлөнбуйрын амбаныг шахсанаар уг сургуулийг өргөжүүлэх шийдвэрийг тэднээр гаргуулж Хөлөнбуйрын дунд сургууль болгон захирлаар нь Мэрсээг томилуулжээ. Мэрсээ энэ ажлынхаа хажуугаар христийн шашинтны сургууль байгуулах зорилт тавьж, 3000 юань хүртэл бэлдэж, ард олныг христийн шашинд оруулах бэлтгэл ажлыг явуулан, энэ шашин бол Монгол үндэстнийг аврах шашин мөн хэмээн ухуулж байв. Мөн 1922 онд Зөвлөлт Орос Улсын Эрхүү хотоoс Елена, Соня, Буддарь нарын багш нарыг урин аваачиж Баргын хувьсгалчдад орос хэл заалган, “Хувьсгалын онол”-д суралцуулж байсан байна. Энэхүү Орос хэлний сургуулийг байгуулахад Солон хошууны Буянгэрэл (хятад нэр нь Фү Мин Тай) түүний дүү Хуалин нар мөнгөн туслалцаа үзүүлж байсан байна. Энэ сургуульд 1924 онд суралцаж байсан Хайр найрын таван эмэгтэй Нэгдсэн Монгол улсын үндэсний эрх чөлөөний төлөө хувьсгал хийхээр зориг шулуудан Эрхүү, Москва, Ленинград зэрэг хотуудаар суралцахаар явсан байна. Хөлөнбуйрын оюутны зөвлөл 1923-1924 онуудад БНМАУ-ын МАХН-тай улс төрийн талаар хамтран ажиллах гэрээ байгуулж, тэдний зорилт, ажлын арга барил туршлагыг судлан, зөвлөгөөг нь авч оюутны зөвлөлийн нэрээ “Хөлөн-буйрын залуучуудын нам” болгон өөрчилж, Мэрсээ, Буянгэрэл нарыг даргааар нь сонгосон байна. Энэ үед Мэрсээ нь Монгол улсын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн удирдах албан тушаалд сонгогдон ажиллаж байсан ба улмаар ЗХУ-д Монголын ҮЭ-ийн нэрийн өмнөөс төлөөлөгчөөр хүртэл очиж байсан байна.
Мэрсээ нь 1925 онд Өвөр Монголын хувьсгалчидтай холбоо тогтоон Жанчхүү хотноо Өвөр Монголын ардын хувьсгалт намыг байгуулжээ. Энэ үед Мэрсээ нь хятадад Баруун хойд орны хянан шийтгэх түшмэлийн газарт зөвлөхийн албан тушаалд ажиллаж байв.
Гоминдан нам 1926-1927 онуудад коммунистуудтай холбоогоо тасалж, үүний нөлөөгөөр Өвөр Монголын АХН-ыхныг мөрдөн мөшгиж, алан хядаж эхэлжээ. ӨМАХН-ын дотоодод ч бас үзэл бодлын хагарал гарч, намын гишүүн харчин Цэрэндонров Чай Кай Шигийн талд урван орж нөхдөө барьж өгч, өөрөө Гоминданы талаас өндөр шан харамж аваад Тайвань арал руу оргон гарсан байна. Ийнхүү Хөлөнбуйрын Залуучуудын нам төрөлх Солон руугаа дахин буцсан ажээ. Мөн ӨМАХН Жанчхүү хотноо байрлах боломжгүй болсон тул Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо шилжин ирж, МАХН-ын шууд удирдлагын дор ӨМАХН-ынхаа үйл ажиллагааг явуулж эхлэсэн байна. Хөлөнбуйрын Залуучуудын нам 1928 оны зун Баргын баруун өмнө хязгаар Монгол улсын хил болох Сүмбэр хэмээх газар нууцаар намын төлөөлөгчдийн их хурлыг хуралдаж, Хөлөнбуйрын автономит эрхийг сэргээх зэвсэгт тэмцэл хийж тусгаар тогтнолоо тунхаглахаар тогтож, Хайлаар хот, Хянганы нуруу, Манжуур хот зэргийн гурван чиглэлээр давшин орохоор шийдвэр гаргав. Мөн оны 7-р сард Мэрсээгийн удирдлагын дор Залуучуудын намынхан Барга зүүн гарын Шулуун хөх хошууны өмнө хязгаарыг хамгаалах цэргийн анги сууж байсан Хандгайт хэмээх газрыг нууцаар шөнө дайран орж эзэлсэн бөгөөд өөрийн найз Буянгэрэлийг цэргийн зөвлөлийн даргаар томилж, Хөлөнбуйрын ардын цэргийг зохион байгуулж, Хандгайтыг цэргийн гол түшиц газраа болгон, халуун рашааныг эзлэн авч, дараа нь гурван замаар давшин орох төлөвлөгөө зохиосон байна.
Төлөвлөсөний дагуу давшилт хийж Дүн Чин төмөр замыг эзлэн авахаар мордон Хайлаарын баруун талаар Өгийнуурын вокзалын орчмоор давшиж төмөр замыг эвдлэн, галт тэргийг дайран эзлэж авсан байна. Тун удалгүй Цагааны өртөөний орчим дайсны их хүчтэй тулгаран тулалдаж анхны ялагдалаа хүлээжээ. Энэ ялагдлаас болж Хайлаар, Хянган, Манжуурыг эзлэх төлөвлөгөө хэрэгжих боломжгүй болсон байна. Мөн Залуучуудын нам Цэрэг дайны үйл ажиллагаа явуулах, Гоминдантай харилцах асуудал дээр дотроо хоёр хуваагдсанаас болж Мэрсээ Буянгэрэл нар ч гэсэн өөр өөрийн байр сууриа хамгаалж салсан байна. Мэрсээ нь Хятадын зүүн хойд орны захиргааныхантай хэлэлцэн тохиролцож, Хөлөнбуйрын амбан яамны дэргэд түр зөвлөгчийн тэнхимийг байгуулж, намынхаа гишүүдийг ажилд авч, засгийн зардал, цэргийн анги байгуулах зорилтыг дэвшүүлсэн зэрэг нь Буянгэрэл нарт таалагдаагүй учир тэд Монгол улсын нийслэл Улаанбаатар руу явсан байна.
Мэрсээгийн Хятадын зүүн хойд захиргаанд бууж өгсөн явдал бол ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолоос урвасан явдал бус байжээ. 1929 онд Хятадын зүүн хойд орны Монгол хошуудын багшийн сургуулийг Мүгдөн хотод байгуулж захирлаар нь Мэрсээг томилов. Энэ сургуульд Горлос, Дархан, Бо Ван, Уухан, Харчин, Монголжин, Зүүн түмэд, Оннигуд, Байран, Хишигтэн зэрэг хошуудаас оюутнууд элссэн бөгөөд манж-гогийн генерал Гүе Вэн Түн, манж-гогийн түшмэд Эрхэмбаяр, Халх, Хянган мужийн дарга Лин Шөнийн хүү Бадрах, Сүхбаатар нарын 20 гаруй хүн анх элсэн орж байжээ. Мэрсээ сургуульдаа хувьсгалын онол, Монгол үндэсний хэл, түүхийг өөрөө голчлон зааж байв. Японы цэргийн эрхтнүүд Хятадын зүүн хойд хэсгийг 1931 онд эзлэн авсаны дараа Мэрсээ нь өөрийн шавь Бадрах, Сүхбаатар нарыг дагуулан ЗХУ-аас орогнол гуйхаар Манжуур руу явжээ.Тэд нарыг ЗХУ-ын Аюулаас хамгаалах байгууллагынхан Манжуурын өртөөн дээрээс 1931 оны 12-р сард баривчлан мөн сардаа Зөвлөлт Орост хүргэсэн байна. Мэрсээг Монгол улсад үндэсний зэвсэгт бослого хөдөлгөөнд бэлтгэж байсан тагнуул хийсэн гэсэн хэргээр ЗХУ-ын Улс төрийн удирдах ерөнхий газрын коллегийн 1934 оны 3-р сарын 17-ны өдрийн хурлаар буудан алах ял оноосон боловч, уг ялыг өөрчлөн 10 жил хорихоор өөрчилсөн байна. Түүний цаашдын хувь заяа өнөөг болтол тодорхойгүй байгаа юм. Мэрсээд холбогдох хэргийг ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 1-р сарын 16-ны өдрийн зарлигаар цагаатгасан байна.
Үр нөлөө
[засварлах | кодоор засварлах]Мэрсээг дүрвэн явсаны дараа түүний байгуулсан багшийн сургуулийн төгсөгчид Гүн Лиёод хотод Гоминданы намын эсрэг бослого гаргаж, уг хотыг эзлэн авчээ. Тус бослогын удирдагчид болон оролцогсод цөм залуучууд байсан бөгөөд туршлагагүй, асуудалд гэнэн байдлаар хандсан болон Гоминданы хятадууд цэргийн их хүчээр дайран бослого дарагдсан байна. Бослогыг хятадууд цэргийн хүчээр дарсаны дараа бослогын удирдагч Мэрсээгийн шавь Чин Гүэ Жин гэдэг монгол залуу олзлогдоныг хятадууд амьдаар нь нүдийг нь ухаж, зүрхийг нь сугалж цэргийн тугаа тахисан байна. Ингэж Хөлөнбуйрын сэхээтэн залуучууд харамсалтайгаар ялагдалд хүрчээ. Мэрсээ багшийн Монгол үндэстний төлөө багшийн сургууль байгуулж, олон оюутан сурагчдыг сурган хүмүүжүүлж, хувьсгалын онол, үндэстнээ чөлөөлөх үзэл санаатай болгож ажиллаж байсныг дээрх оюутнуудын бослого нотолж байна. Өвөр Монголын ЗГ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Ха Фүнга бол Мэрсээгийн байгуулсан багшийн сургуулийн анхны төгсөгч юм.
Боловсрал, бүтээл
[засварлах | кодоор засварлах]Мэрсээ бол Нармай Монгол буюу Панмонгол үзлийн томоохон номлогч байсан бөгөөд түүний бичсэн “Шинэ Монгол” хэмээх ном нь Монгол улсыг дэлхий дахинд сурталчилсан анхны англи хэл дээрх ном юм. Мэрсээ нь манж, хятад, монгол, япон, орос, англи зэрэг хэл дээр чөлөөтэй ярьж, бичдэг, хүмүүстэй албан ажлын талаар зөвлөлдөн ярилцаж байхдаа нэг гараараа манж бичгээр, нөгөө гараараа хятад, орос, монгол бичгээр эх нооргийг зохион бичлэг зэргээ хийдэг гайхалтай чадамгай, эрдэмтэн хүн байжээ. Монголын эрх чөлөө тусгаар тогтнол эвлэлдэн нэгдэх талаар онолын шинжтэй олон зохиол бичсэний дотор хамгийн гол сор бүтээл нь “Монголын асуудалд” бүтээл. Мэрсээ нь “Өнөөдөр жинхэнэ эрх чөлөөгөө олж байгаа нь Зөвлөлт, Монголын ард түмэн юм. Одоо Зөвлөлт улсад Ленин багш, Монгол улсад Сүхбаатар, Чойбалсан нар хувьсгалыг удирдаж, ард түмний эрх чөлөөг олгохын төлөө тэмцэж байна. Манай Хөлөнбуйрын ард түмэн 30 жилийн дараа эрх чөлөөгөө олж феодалын дарлал нухлалаас ангижран Монгол улс овогтонтойгоо амьдрах болно” хэмээн ухуулдаг байсан байна.