Jump to content

Оспан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Оспан

Бүтэн нэр Оспан Исламулы
Төрсөн газар Манж Чин улс, Шинжаан, Алтай тойрог, Хөхтэйн район
Нас барсан газар БНХАУ, Өрөмч
Эх орон Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улс
Бүгд Найрамдах Хятад Улс
Албан үүргийн он жилүүд ДТБНУ (19431946, 19491951)
БНХУ (19461949)
Байтаг Богдын хилийн мөргөлдөөн Илийн бослого, Бага хавтагийн хилийн тулгаралт, Мэргэн уулын байлдаан, Хятадын иргэний дайн

Оспа́н Исла́мулы (Монгол: Осман, Осван; хас. Оспан батыр, Ospan batır, وسپان باتىر; Хятад: 烏斯滿·巴圖爾; зарим тохиолдолд Осман баатар гэж дууддаг,[1] 1899 —1951) нь Умард Шинжаан буюу Дорнод Туркестан дахь түрэг Казах үндэстний чөлөөлөх хөдөлгөөний нэг толгойлогч, БНМАУ-ын баруун хилийн орчимд зэвсэгт үйл ажиллагааг зохион байгуулагч, хилийн бүсэд Гоминданы тагнуулын үйл ажиллагаа болон зэвсэгт мөргөлдөөнд оролцож байв.

1940-1950 оны хооронд Монгол, Орос, Хятад түүгээр ч барахгүй Америк улсуудын хооронд Шинжааны газар нутгийн төлөөх тэмцэл өрнөх болов. Шинжаан дахь Хятадын засгийн газраас ард иргэдийн буу зэвсэг, эд хөрөнгийг хурааж эхэлснээс Алтайн казахууд бослого тэмцэл өрнүүлэх болжээ. тэр үед Чойбалсан Шинжаан дахь Монгол угсаатнуудыг Монголд нэгтгэхээр төлөвлөж байсан ба Орос, Америк, Шинжаанд нөлөөгөө тогтоохыг эрмэлзэж байв.

И.Оспан нь Ислам хэмээх казах малчин ардын гэрт 1899 онд айлын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр 40 нас хүртлээ мал маллах, жин тээх, худалдаа наймаа хийх зэргээр амьдарч байжээ. Түүний улс төрийн тэмцэл нь 40 насандаа, 1940 оноос эхэлсэн байна. И.Оспан хятадуудыг Шинжааны нутгаас хөөн гаргаж, казах үндэстний улсыг байгуулах зорьж байв. 1941 онд Шинжааны Засгийн Газраас босогчдод хандан “Байлдахгүйгээр бууж өг. Та нарын шаардаж байгаа зүйлд бүрэн арга хэмжээ авна. Бууж өгсөн хүмүүсийг суллана” хэмээн ухуулга хийхэд Калт нарын хүмүүс бууж өгчээ. Гэвч Шинжааны Засгийн Газар хэлсэн үгэндээ хүрэлгүй бууж өгсөн хүмүүсийг баривчилжээ. Ийнхүү элдэв зүйлээс болж Шинжааныг чөлөөлөх санааг гүйцэлдүүлэхэд хасгуудын хүч дутаж байв. Монголын Засгийн Газраас түүнд буу, зэвсгийн туслалцаа үзүүлж, И.Оспанаар хятадуудыг хөөлгөх, Шинжаан дахь монголчуудтай холбоо тогтоон Хятадын эсрэг хамтран ажиллах бодлого явуулж байв. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Монголын удирдагч Х.Чойбалсанд Сталины зөвшөөрөл, дэмжлэг хэрэгтэй байв. Х.Чойбалсан Баруун хилийн талаар ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.Молотовт уламжилсан байна. Харин В.Молотов Х.Чойбалсанг Оросын элчин сайд Ивановын хамт Москвад яаралтай ир хэмээжээ.

Х.Чойбалсан 1944 оны 01 сарын 15-нд Сталинтай уулзаж ярилцахдаа баруун хилийн тухай хэлсэнд, Сталин “Оспанд туслах хэрэгтэй юм байна. Харин та нар яагаад туслахгүй байгаа юм бэ? Буу сум байдаггүй юм уу?” гэж ихэд гайхсан шинжтэй асуусан байна. Тухайн үед Оросын элчин сайд Иванов И.Оспаны талаарх Монголын бодлогыг мэдсэн байв. Түүгээр ч барахгүй Сталинд баруун хилийн талаар Х.Чойбалсангаас удаа дараа явуулсан мэдээллүүдийг хав дарсан нь илэрчээ. Сталин Х.Чойбалсантай уулзаад армийн генерал А.Антонов, Байгалийн чанад дахь тойргийн командлагч М.Ковалов нарыг дуудаж, И.Оспанаар удирдуулсан босогчдод Монголоор дамжуулан 400 винтов, 200 ширхэг “ППШ” автомат, пулемёт 6, гар пулемёт 30, гранат 2000, винтовын сум 400000, дуран 5 ширхгийг шилжүүлэн өгөхийг даалгасан байна. Үүнээс өмнө Монголын Засгийн газар баруун хилийн талаар тодорхой арга хэмжээг аваад эхэлсэн байна. Энэхүү арга хэмжээ нь нэг талаар Зөвлөлт Холбоот Улсад ярих зүйлтэй байх, нөгөөтэйгүүр өөрийн зорилгодоо нэг алхам дөхсөн хэрэг байв. 1943 оны 06 сарын 30-нд маршал Х.Чойбалсан ба ДЯЯ-ны сайд Шагдаржав нар И.Оспантай холбоо тогтоохоор Б.Дүйнхоржав, Пахомов нарыг баруун хилд томилжээ. Уул тушаалын дагуу 1943 оны 08 сараас 9 сарын 01-ний өдөр хүртэл И.Оспаны байрлалыг тогтоох, холбоо бариулахаар хэд хэдэн групп явуулсан байна. 1943 оны 09 сарын 15-ны өдөр тусгай группийнхэн И.Оспаны төлөөлөгчидтэй уулзжээ.

Х.Чойбалсан ба И.Оспаны уулзалт

[засварлах | кодоор засварлах]
Х.Чойбалсан, И.Оплан хоёр ярьж байна

И.Оспантай уулзах саналыг Монголын талаас хэд хэдэн удаа тавьснаар 1944 оны 10 сарын 05-ны өдөр Монголын хилийн нэгэн заставт уулзжээ. Энэхүү газар нь Ховд аймгийн Булган сумын нутагт байдаг. И.Оспан уулзалтаас татгалзаж байсны шалтгаан нь 1940 онд И.Оспаны босогчид Хятадтай байлдан ухарч Монголын хил Булган голд очиход Монголын хилчид босогчдын эсрэг буудаж Хятадын цэргийн гарт өгсөн явдал ба Монгол улсын хилийг зэвсэглэн халдаж дээрэм тонуул хийж байсантай холбоотой байв. И.Оспантай хийсэн хэлэлцээрээр зөвшөөрөгдсөн асуудал нь:

1. Манай хил хамгаалагч нар ба хасгийн босогчдын хоорондын эв найрамдалтай байх

2. Хэрэв хэрэгтэй цаг тохиолдвоос хасгийн босогчдын гэр бүлийг ба өөрсдийг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр багтаан суулгахыг зөвшөөрсөн

3. Бослогын байгууллагад буу зэвсэг, бараа таваараар хангаж туслах тухай байв.

Уг хэлэлцээр дээр бослогын байгууллагад бэлэг болгон винтов буу 27, мөн сум 2600, И.Оспанд өөрт нь Англи автомат буу 1-ийг 1000 сумтай хамт, 10 маузер бууг тус тус өгчээ. Уул хэлэлцээрийн дараа И.Оспаны босогчид Алтайгаас Хятадыг бүрмөсөн хөөнө хэмээж байв. И.Оспан нь Монголд сайнаар хандаж байсан нь тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө хэмээх халхавчийн цаадах хавхыг олж хараагүй явдал байв. Гэвч Монгол, Оросын бодлогыг эцэстээ мэдсэн нь дамжиггүй.

Монгол, Оросын зүгээс Оспаны бослогыг Алтай дахь бослого хөдөлгөөн хэмээж цэрэг хөдөлгөх болжээ. 1944 оны 06 сарын 16-ны өдөр Х.Чойбалсангаас генерал моёор Дорж, генерал моёор Попов нарт өгсөн үүрэгт: Монголын ба Хятадын талаас эзэлж авсан нутаг дээр Хятадтай тэмцэх зорилгын доор 6-аас 7 мянга, чадваас түүнээс дээш цэргийг шинээр байгуулсугай хэмээсэн байна. Мөн Монгол Улсаас Алтай дахь бослого хөдөлгөөн хэмээх арга хэмжээг өргөжүүлэх үүднээс Булган голд радио станц байгуулжээ. Оросын талаас 1946 оны 06 сарын 30-ны өдөр Зүүн Туркестаны Бүгд Найрамдах Улсын Засгийн толгойлогч маршал Илханы зөвшөөрлөөр 20 машин бүхий 160 хүнийг Оспаны нутаг болох Хөхтохойд буй алт, мөнгө ба ган чулуу элдэв зүйлүүдийг малтаж ашиглуулахаар оруулсан байна. Оспаны зүгээс “Алт, баялгийг ашиглуулахгүй, одоо буцах хэрэгтэй, үгүй бол та нарт буу зэвсгийн хүчээр байлдаж гаргана.” хэмээн өдөр бүр бие хүнийг явуулж байв. Улмаар өөрийн дэргэд 100 тооны цэргийг байлгаж, 15 зэвсэг бүхий цэргүүдээр инженерүүдийг мануулжээ.

И.Оспан Оросын энэхүү бодлогыг няцаах үүднээс Хятадын талаас тусламж гуйлгахаар Хөхтохойн хошууны дотоодыг хамгаалахын дарга Конудбай, Жинтай нарыг 1946 оны 08 сарын 02-ны өдөр Хятадын Өрөмч хотноо төлөөлөгчөөр томилж, Шинжаан мужийн их ерөнхийлөгч ноён У Жу Ши лугаа уулзуулсан байна. Мөн Хятадаас бараа таваар татаж авах, түүнийг аюулгүй тээвэрлүүлэхийн тулд Цэнгэл хошуунаас 300 цэрэг гаргахыг шаарджээ. Энэ үед Шинжаанд Америкийн дэд консул байсан Маккираны тагнуулын ажил И.Оспаны бослоготой холбоотой хэмээх мэдээг Синьхуа агентлагаас цацжээ.

Монголын хилийн байдал хурцадсан нь

[засварлах | кодоор засварлах]

Улмаар энэхүү И.Оспаны олон талт бодлого нь Монгол улсын хилийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хасгийн дээрэмчид Монголын хилийг зөрчин дээрэм тонуул, аллага хийх үйлдэл нь олон давтагдах болжээ. Иймээс Монгол улсын зүгээс И.Оспан болон хасгийн дээрэмчидийг устгах, баруун хилд тайван байдлыг тогтоох арга хэмжээ авахад хүргэсэн юм. Түүнийг устгуулахаар 1949 онд Л.Дандар баатрыг шоронгоос түр гаргаж тусгай групп байгуулан хэд хэдэн удаа явуулсан байна. Л.Дандар баатар И.Оспаны нутаглан буй газрыг олж, түүний гэр рүү хөнгөн пулемётоор шүршээд хүн гарч зугтахгүй болохоор нь үхсэн хэмээн үзэж 1949 оны 04-02-нд Монголдоо ирсэн байна. Гэвч энэ үед Оспан Хятадын эсрэг тэмцлээ өрнүүлэн гэртээ орох завгүй явжээ. Л.Дандар баатар гурван удаа групп толгойлон И.Оспаныг устгахаар яваад цаг үеийн байдлаас шалтгаалан үүргээ биелүүлээгүй буцсан байна.

Оспан өөрөө улс байгуулж удирдагч нь болох хүсэлтэй байсан нь Зүүн Туркестаны Бүгд Найрамдах Улсын уйгарууд давамгайлсан ЗГ-тай зөрчилдөхөд хүргэж улмаар 1946 оноос гоминданы Хятадын талд оржээ. Тэрээр гоминдаанаас авсан даалгаврын дагуу БНМАУ-ын хилийн байнга зөрчин зэвсэгт халдлага хийж байв. 1946-1950 онуудад Оспаны цэргүүд дангаараа болон гоминданыхантай хавсран хил зөрчин зэвсэгт халдлага үйлдсэнээс олон хилийн мөргөлдөөн үүсэж байсан ба үүнээс томоохон нь Байтаг Богдын хилийн мөргөлдөөн, Бага хавтагийн хилийн тулгаралт, Мэргэн уулын байлдаан юм.

И.Оспаныг цаазалж байгаа нь

1949 оноос түүний нөхцөл ихэд муудаж, түүнийг устгах үйлдэл Орос, Монгол, Хятадын зүгээс байнга явагдаж байв. 1949 оны 9 сард Шинжааны засгийн газар Хятадын Коммунист Нам, ХАЧА-д бууж өгөхөө албан ёсоор зарлав. Энэ үеэс эхлэн Шинжаан, Ганьсу мужид гоминдаан, америкийн даалгавраар ажиллаж байсан бүлэглэлүүд Шинжааны төв, Урүмчид сууж байсан америкийн дэд консул Дуглас Маккараны заавраар Оспаныг тойрон нэгдсэн байна. Дараахан нь Маккаран ч өөрөө Оспан дээр хасгийн нөлөө бүхий том эздийн хамт ирж нийлжээ.

Д.Маккаран тэнд 1 сар гаруй хугацаанд байж байгаад Түвдээр дамжин Энэтхэг явсан байна. Оспаныхан 1950 оны 4 сараас эхлэн ХАЧА, Дорнод Туркистаны цэргийн ангиудын цохилтод хэд хэдэн удаа өртөж сарнин бутрав. Оспан 1951 оны 2 сарын сүүлчээр Энэтхэг рүү оргон гарах гэж яваад Хөх нуурын орчим Хайцай гэдэг газар ХАЧА-ийн ангид баригдаж, Өрөмч хотод цаазлагджээ.

Урлагийн бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Босго тотго олон ангит уран сайхны түүхэн кино. МНВ телевизийн бүтээл.2013 он
  • Хил дээр Монголын уран сайхны кино.
  • Ц.Уламбаяр. Дархан хилийн манаа. тууж
  • фантастик продкшны хамтын бүтээл болох маш нууц 2《Байтагбогд》
  1. Modern China's ethnic frontiers: a journey to the west Hsiao-ting Lin, 2011-12-27, Isbn:0-415-58264-4