Александр Сергеевич Пушкин
Александр Сергеевич Пушкин (* 1799 оны 6 сарын 6 [хуучнаар 1799 оны 5 сарын 26] Москвад; † 1837 оны 2 сарын 10 [хуучнаар 1837 оны 1 сарын 29] Санкт-Петербургт) нь Оросын Романтик зохиолч, Оросын хамгийн агуу яруу найрагч бөгөөд Оросын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Александр Пушкины эцэг нь сурвалжит газрын эзэн, язгууртан, эхийнх нь элэнц өвөг эцэг Абрам Петрович Ганнибал нь Их Пётр хаанд бэлэг болж очсон этиоп үндэстэн боол байгаад сүүлд цэргийн инженер, генерал болж дэвшсэн байна.
Эцэг нь Сергей Львович Пушкин (1770—1848) гэж яруу найраг оролддог цэргийн албан хаагч байсан. Эх нь Надежда Осиповна (1775—1836), гэж А.Ганнибалын ач охин байжээ.
Тэрээр Москва-д төрж, Петербургийн орчмын Царское Село (одоогийн Пушкин хот) тосгонд байрлах эзэн хааны лицей сургуульд сурч (1811—1817) байхдаа уншлагын шалгалтан дээр өөрийн зохиосон "Царское Селогийн дурсамж" хэмээх шүлгээ уншсанаар нэр алдар нь ихэд түгж, 1820 онд анхны найраглал болох "Руслан Людмила хоёр"-ыг бичжээ. 1811 онд Петербургийн Хаан сууринд нээгдсэн лицей хэмээх хаалттай сургуульд авга ах, нэлээд нэрд гарсан яруу найрагч Василий Львович Пушкин нь оруулжээ. Тэнд 6 жил суралцаж ерөнхий боловсролыг бүрэн эзэмших ёстой аж. Пушкин сурлага сайнгүй боловч яруу найрагт их дуртай, авъяастайг нь багш нар нь хүлээн зөвшөөрдөг байжээ. 1812 оны Эх орны дайн түүнд эх оронч сэтгэгдлийг гүнзгий төрүүлсэн байна. Хэвлэгдэж уншигчдад анх хүрсэн шүлэг нь 1814 оны “Вестник Европы” сэтгүүлд хэвлэгдсэн “Шүлэгч андаа” шүлэг юм. 1815 онд шалгалтан дээр “Хаан суурин дахь дуртгал” шүлгээ уншиж, оросын яруу найрагч өвгөн Гавриил Державиныг догдлуулж байсан гэдэг. 1817 оны 6-р сарын 9-нд лицей сургуулиа төгсөж Оросын Гадаад яаманд ажиллахаар хуваарилагдсан байна. 1820 онд “Руслан, Людмила хоёр” гэдэг найраглалаа бичиж дуусгасан байна.
А.Пушкин “Эрх чөлөөний магтуу” зэрэг Хаант засгийн эсрэг чиглэсэн шүлэг бичсэний учир I Александр хаан түүнийг Сибирьцөлөх гэсэн боловч Николай Карамзин, Николай Жуковский нар санаа тавин хөөцөлдөж Оросын өмнөд нутагруу анх удаа нутаг заагджээ. Ийнхүү Кишинёвт хоёр жил гаруй нутаг заагдан суусан байна. 1823 он хүртэл тэнд байхдаа Кавказ, Крымын хойгоор аялж, "Кавказад олзлогдогсод", "Бахчисарайн оргилолт булаг" найраглалуудаа бичсэн нь өндөр үнэлэгдэх болсон юм. 1823 онд Одесса руу нүүсэн ч дахин эрх баригчидтай сөргөлдөж, 1824 онд эцэг эхийнхээ амьдарч байсан Умард Оросын Псков мужийн Михайловское тосгон руу цөлөгдөв. 1826 онд I Николай хааны өршөөлд багтаж Петербургт буцаж иржээ. Гэвч 1825 онд гарсан декабристуудын бослогын дараа бий болсон улс төрийн нөхцөл байдлын улмаас Умард Орост байх үедээ бичсэн "Борис Годунов" зэрэг шүлэг найраглалуудаа хэвлүүлэх зөвшөөрөл авч чадалгүй, эрх баригчдын хараа хяналтан дор амьдарч байв.
1823 онд түүнд Одесс боомтод алба хаахыг зөвшөөрсөн байна. Гэвч тэндэхийн амбан захирагч Воронцовтой таарч тохироогүй байжээ. Тэр Пушкиныг авгайтайгаа хардаж, бас өөрт нь зориулж эпиграмм шүлэг бичсэн зэрэг хэрэг үүсгэн хаанд айлтгаж, I Александр хаан Воронцовын гуйснаар Пушкиныг ажлаас нь халж Псков муж дахь Михайловское сууринд нь цагдаагийн харгалзаан дор цөллөгөнд суулгахаар шийдвэрлэсэн ажээ. Михайловское-д Пушкины амьдрал түүнд маш хязгаарлагдмал гунигтай байв. 1814 онд зэргэлдээ сууринд нь байдаг хамаатныдаа зочлох нэрээр Анна Керн хатагтай ирсэн нь Пушкины сэтгэлийг сэргээж онгодыг нь дуудан алдартай "Я помню чудное мгновенье“ гэдэг алдартай шүлгээ Анна Кернд зориулан бичсэн байна.
1824 онд “Цыганууд” гэдэг сүүлчийн романтик найраглалаа бичсэн. 1825 онд Декабристуудын бослого эмгэнэлтэйгээр дарагдаж шинэ хаан I Николай Пушкиныг Москвад дуудан авчирч уулзав. –Петербургт байсан бол 12-р сарын 14-нд аль талд байх байсан бэ? гэж хааныг асуухад, “бослогчдын дунд байх байсан” гэж Пушкин шууд нуулгүй хариулсан байдаг.
Пушкин бослогын үеэр Петербургт нууцаар очхоор завдаж байсан ч удаатай. Гэвч дараа нь 1827 онд Петербургт ирэхийг зөвшөөрсөн бөгөөд 1828 онд Түрктэй байлдаж байсан Оросын цэрэгт явахыг хүсэхэд зөвшөөрөөгүй байна. 1828 оны 12-р сард Москвад Наталья Гончароватай танилцаж эхнэрээ болооч гэж гуйхад Гончарова тодорхой хариу хэлээгүй. Тэгээд Кавказ руу явжээ. Харин Гончарова сүүлд 1830 онд гэрлэхийг зөвшөөрсөн байна. Одесст байх үедээ буюу 1823 оноос эхэлсэн “Евгений Онегин” романаа 1830 онд эцгийнхээ эдлэн Болдино эдлэнд байхдаа 1830 онд дуусгажээ. Энэхүү романыхаа 9-р бүлэг буюу декабристуудад зориулсан бүлгээ шатаасан гэж үздэг. Бас нууц шифрээр бичсэн ч гэдэг. Тэрбээр “Пугачёвын түүх”, “Дубровский”, “Ахмадын охин” зэрэг бүтээлдээ тариачны үймээн бослого, Пугачёвын хөдөлгөөний тухай уран сайхны зохиол бичсэн. “Белкиний туужууд” нь 19-р зууны Оросын хүүрнэл зохиолын эхлэл болсон. 1835 оны намраас “Современник” сэтгүүл гаргах эрх авч, 1836 оны 4-р сард анхны дугаар нь гарчээ.
Түүний амьдралын сүүлчийн жилүүд хүнд байдалд өнгөрсөн. 1834 онд хааны зарлигаар камер–юнкер дэв цол олгосон нь үнэндээ Пушкиныг доромжилсон хэрэг байлаа. Эхнэртээ бичсэн захидлыг хаан нууцаар авч уншдаг байсныг Пушкин мэдсэн байдаг. Пушкин хоёр хүү, хоёр охинтой болсон.
Нидерландын Элч Геккерний өргөмөл хүү гэгддэг Дантес 1836 оны үеэс Пушкины эхнэрийг оролдож, ичүүр сонжуургүй мөшгөдөг болсон тул Пүүшкин түүнийг дуэльд дуудсан. Гэвч Дантес Пушкины авгайн нэг эгч Е.Н.Гончаровтай суусан тул эхний удаа дуэль болоогүй юм. Пушкинд өөрт нь болон танил тал хүмүүст нь “Эхнэртээ араараа тавиулагсадын диплом” гэсэн эзэнгүй захидлыг тарааж байв. Пушкин тэр “диплом” гэгчийг Геккерн тарааж байгаа гэж таамаглаж байсан юм.
Дантес Гончаровагийн эгчтэй хурим хийсэн боловч Наталья Гончароваг мөшгөн хөөсөөр байсан тул дахин дуэль буюу халз тулаанд дуудаж, 1837 оны 1-р сарын 27-нд Петербургийн ойролцоох Хар горхи гэдэг газар Дантестай халз тулаан хийн хүнд шархдаад нас барсан. А.С.Пушкиныг нууцаар оршуулсан байдаг.
1831 онд Наталья Гончарова хэмээх бүсгүйтэй гэрлэж, улмаар хаанаас язгууртны хэргэм хүртэж, хааны ордонд орох эрхтэй болсон боловч Пушкин түүнийг үзэсгэлэн төгс эхнэрийг нь хааны ордонд оруулахын тулд хийсэн алхам хэмээн доромжлол мэтээр хүлээн авчээ. 1837 оны 1 сарын 27-нд тэрээр эхнэрт нь санаархагч франц үндэстэн Жорж Дантес гэгчтэй халз тулаан (дуэль) хийж, уг тулаанд авсан шархаа даалгүй 2 хоногийн дараа амьсгал хураажээ. Дуулианаас айсан Хаант засаг ойр дотныхныг нь л оролцуулсан оршуулгыг нь нууц байдлаар зохион байгуулж, Михайловское тосгоны ойролцоо орших үнэн алдартны Успенскийн сүмийн оршуулгын газарт оршуулсан байна.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Пушкиний бүтээлийг
- Шүлэг,
- Найраглал /12 найраглал бий/,
- Үлгэрүүд /6 үлгэр бий/,
- Жүжгийн зохиолууд /”Борис Годунов”, “Харамч рыцарь”, Моцарт Сальер хоёр”, “Чулуун зочин”, “Тахлын үеэрх найр”, “Русалка”, “Рыцарийн үеийн явдлаас”/,
- Хүүрнэл зохиол, 6.”Евгений Онегин”, “Пугачёвын түүх”, 7.Шүүмж, нийтлэл, 8.Намтарын холбогдолтой тэмдэглэл гэж ангилдаг.
Бүтээлүүдээс
[засварлах | кодоор засварлах]Александр Пушкины бүтээлүүдэд Вольтерын хошигнол, Байрон, Шекспирийн уянгалаг шинж чанарын нөлөө ажиглагддаг гэж судлаачид үздэг. Түүний бүтээлүүдийн заримыг Оросын хөгжмийн зохиолчид дуурь болгосон байдаг. Михаил Глинкагийн "Руслан Людмила хоёр" (1842 он), Пётр Чайковскийн "Евгений Онегин (роман) (1879), "Гилбэрийн хатан" (1890), Модест Мусоргскийн "Борис Годунов" (1874), Николай Римский-Корсаковын "Салтан хааны үлгэр" (1900), "Алтан тахианы үлгэр" (1909) зэргийг дурьдаж болно.
- "Руслан Людмила хоёр"(шүлэг 1820)
- "Кавказад олзлогдогсод"(шүлэг 1822)
- "Бахчисарайн оргилолт булаг"(шүлэг 1824)
- "Цыган"(1827)
- "Полтава"(1829)
- "Бяцхан эмгэнэл"(1830)
- "Борис Годунов"(1831)
- "Салтан хааны үлгэр"(1831)
- "Алтан тахианы үлгэр"(1834)
- "Алтан загасны үлгэр"(1835), Цэндийн Дамдинсүрэнгийн орчуулгаар монголчлогдсон.
- "Евгений Онегин" (роман)(дууль 1825-1832)
- "Зэс морьтой хөшөө"(шүлэг 1833)
- "Гилбэрийн хатан"(1833)
- "Пугачёвын бослогын түүх"(1834)
- "Хурандаагийн охин"(1836)