Цэрэнпилийн Гомбосүрэн
Цэрэнпилийн Гомбосүрэн (1943 оны 1-р сарын 5-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Уньт” хэмээх газар төрсөн)- Монголын Улсын төрийн зүтгэлтэн, Гадаад явдлын яамны сайд асан, дипломат, нэрт орчуулагч юм.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Цэрэнпилийн Гомбосүрэн 1951-1961 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургууль, 1961-1966 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль, 1974-1976 онд ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуууль, 1978-1979 онд ЗХУ-ын Гадаад явдлын яамны дэргэдэх Дипломат Академид суралцаж тус тус төгссөн.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]1967-1974 онд Улсын хэвлэлийн комбинатад технологич, үйлдвэрийн хэлтсийн дарга,
1976-1982 онд БНМАУ-ын ГЯЯ-нд 1 дүгээр хэлтсийн дарга,
1982-1984 онд БНМАУ-ын ГЯЯ-ны орлогч сайд,
1984-1987 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх,
1987-1988 онд МАХН-ын Төв хороны Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч,
1988-1996 онд БНМАУ-ын ГЯЯ-ны (1991 оноос ГХЯ) сайд,
1990 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн Товчооны гишүүн,
1992-1996 онд УИХ-ын гишүүн зэрэг албан үүрэг гүйцэтгэж байв.
1997-2002 онд Монголын Үндэсний Үнэт Цаасны Үйлдвэрийн Захирлуудын Зөвлөлийн дарга, зөвлөх зэрэг алба хашиж байсан. Ц.Гомбосүрэн Монгол Улсыг социалист дэглэмээс ардчилсан дэглэм рүү шилжих шилжилтийн он жилүүдэд Монгол Улсын гадаад харилцааны бодлого, чиг хандлагыг удирдан залж байсан учир шинэ үеийн ардчилсан, тусгаар Монголын “Гадаад бодлогын тулгын чулууг тавигч” хэмээн үнэлэгддэг.
Гадаад бодлогыг шилжилтийн үед шинэчлэх хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүргийг амжилттай гүйцэтгэж, гадаад бодлогыг үзэл сурталжсан өрөөсгөл хандлагаас ангижруулж, тэргүүлэх чиглэлүүдийг тогтоох, үндэсний эрх ашгаа дээдэлсэн, бие даасан, эвсэлд үл нэгдэх, олон тулгуурт гадаад бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг гардан удирдаж байсан. Монгол Улсын Гадаад бодлогын Үзэл баримтлалыг боловсруулалцаж, батлуулсан.
Бүтээл, туурвил
[засварлах | кодоор засварлах]Ц.Гомбосүрэн нь нэртэй орчуулагч-дуун хөрвүүлэгчдийн нэг юм. ШУА-ын ОУСХ-ийн хүндэт доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн.
Оросын нэрт зохиолч В.Астафьевийн "Хаан загас", А.Рыбаковын "Арбатын хүүхдүүд", "Айдас", "Үнс чандруу", И.Ильф, Е.Петровын "12 сандал", "Алтан тугал", Ф.М.Достоевскийн "Гэм зэм", "Карамазовын хүүхдүүд", "Солиот" зэрэг 20 гаруй оросын сонгодог бүтээлүүдийг эх хэлнээ хөрвүүлжээ. 2015 онд Оросын нэрт зохиолч Юрий Трифоновийн 3 туужийг анх удаа монгол хэл рүү орчуулсан, түүнээс өмнө Ю.Трифоновийн бүтээл Монгол улсад огт хэвлэгдэж байсангүй.
Исламын шашны хөлгөн судар болох "Коран"-ыг анх монгол хэл рүү хөрвүүлсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын санаачилсан "Дэлхийн уран зохиолын 100 шилдэг бүтээл"-ийг эх хэлээрээ хэвлэн түгээх ажилд багтсан. Ц.Гомбосүрэн сонгодог утга зохиолын монгол орчуулгыг шинэ шатанд гаргасан хэмээн үнэлэгддэг.
Төрийн шагнал, одон медаль
[засварлах | кодоор засварлах]"Сүхбаатар", "Алтан гадас" одонгоор шагнуулж байсан. 1991 онд "Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд" дипломат цол хүртсэн. 2005 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.